
Хөндөх сэдэв: Монголын нийгмийн АРХАГ ТҮГШҮҮР!
Сэтгэцийн эрүүл мэнд нь хувь хүний сайн сайхан байдал төдийгүй нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн бүтээмж, улс төрийн итгэлцэлтэй салшгүй холбоотой ойлголт юм. Монгол Улс сүүлийн гучин жилд нийгэм, эдийн засгийн огцом шилжилт, зах зээлийн эдийн засагт дасан зохицох үйл явц, хотжилт, орлогын тэгш бус байдал, мэдээллийн орчны хэт ачаалал зэрэг олон хүчин зүйлийг зэрэг туулж ирсэн нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд удаан хугацааны дарамт үзүүлсэн. Ийм нөхцөлд сэтгэцийн эмгэгийг зөвхөн хувь хүний сул тал, эсвэл эмнэл зүйн асуудал гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд тэдгээрийг нийгэм, улс төрийн орчны огтлолцолд шинжлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.





















