
Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!
Ардчилсан намын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан сэтгүүлчдийн асуултад “Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичигт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн бүх гишүүн гарын үсэг зурсан” гэв. Түүний мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үгүйсгэж, “Би зураагүй, зурахгүй” гэж товчхон хариулт нүүр номоороо өгчээ. Тэгэхээр нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн “АН-ын бүлгийн гишүүд бүгд гарын үсэг зурсан” гэдэг нь худал үг болох нь ийнхүү нотлогдов. Хоёрдугаарт, Б.Жаргалан сөрөг хүчний бүлгийг бүхэлд нь төлөөлөх эрх бүхий субьект мөн үү гэдэг нь зүй ёсны асуулт. Товчхондоо, Б.Жаргалан АН-ын бүлгийн нэг л гишүүн, түүний үг сөрөг хүчний байр суурь мэдээж биш. Гэхдээ мэдээж, ямар нэгэн зорилгогүйгээр амнаасаа санамсаргүй унагаасан үг бас биш. Ард нь хэн нэгэн чиглэл өгсөн гэдэг нь ч нэн ойлгомжтой.





















