

Орос-Украины дайн монголчуудад олон сануулга, сэрэмжлүүлэг өгч буй. Газрын тосны хувьд ганц зах зээлээс хэт хамааралтайн эрсдэлийг өнөөдөр улсаараа туулж, мэдэрч яваа бол энэ сарын 8-11-ний хооронд Төв Азид болсон явдал технологийн эрин үеийн хөшигний ар дахь гашуун үнэнийг ил болгов.
Украины дронууд Оросын “Яндекс” компанийн Сасово, Калуга, Владимир муж дахь гурван дата төвийг дараалан бөмбөгдсөн нь Төв Азийн орнуудыг гэнэтийн хямралд оруулсан байна.
Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг орнуудын хотын тээвэр, логистикийн систем ганцхан компаниас хэт хамааралтай байснаас болж, Орос дахь физик дата төв унахад бүс нутгийн эдийн засаг тэг зогсолт хийхэд хүрчээ. Тодруулбал, зам дээр таксинууд хаа хүрэхээ мэдэхгүй зогсож, хүргэлтийн сүлжээ саатаж, төв Азийн орнуудын өдөр тутмын амьдрал “гацсан” байна.
ДАТА ХАДГАЛАЛТ ГЭХ ХУУРАМЧ ТУСГААР ТОГТНОЛ
Төв Азийн орнууд болох Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан сүүлийн жилүүдэд дижитал шилжилтийг бодлогын түвшинд эрчимтэй хийх болсон ч дэд бүтэц, үүлэн технологийн хараат байдал нь хэвээр байгааг Украины дроны довтолгоо харууллаа.
“Яндекс” нь Оросын төдийгүй зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн дижитал зах зээлд хамгийн том байр суурь эзэлдэг, технологийн олон талт экосистем бүхий компани юм. Тус компанийг Оросын “Google” гэх нь бий. Яндекс нь Төв Азийн орнууд Казахстан, Узбекистан, Киргиз болон бусад улс оронд такси үйлчилгээ, хоол хүргэлт, логистикийн зах зээлд монополь шахам байр суурьтай ажилладаг. Харамсалтай нь, Украины дроны хадлагаас болж, Яндексийн шууд хохирол нь $50 саяас давж, Төв Азийн орнуудын олон зуун жижиг, дунд компаниуд багагүй хохирол амсчээ.
Мэдээллийг дотооддоо хадгалж, вэб хаягийг ".kz" эсвэл ".mn" болгон өөрчлөх нь тусгаар тогтнол биш бололтой.
Системийн үндсэн тооцоолон бодох хүчин чадал болон үүлэн технологийн тархи нь гадаад улсад байгаа цагт дижитал эрсдэл үргэлж отож байдгийн том сургамж болж байна. Товчхондоо, Төв Азийн орнууд датагаа өөрсдөө эзэмшиж байсан ч технологийн уураг тархиа оросуудад даатгачихсан байж.
Дижитал дэд бүтцийнхээ эмзэг байдлыг бодитоор мэдэрсэн Төв Азийн улсууд үндэсний аюулгүй байдлаа хамгаалах чиглэлд системтэй бөгөөд яаралтай гарц эрэлхийлэхэд хүрсэн байна. Жишээлбэл, дотоодын болон олон улсын стандартад нийцсэн дата төвүүдийг төрийн дэмжлэгтэйгээр өргөжүүлж, гадаад серверийн гэнэтийн уналтаас үл хамаарах бие даасан клоуд орчныг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Казахстан болон бусад орнууд Каспийн тэнгисийн ёроолоор дамжин Европ-Азийг холбох "Digital Silk Way" шилэн кабелийн төслийг хурдасгаж, транзит урсгалаа олон эх үүсвэртэй болгохыг зорьж байна. Мөн хил орчмын эрсдэлээс хамгаалах зорилгоор бага тойрог замын хиймэл дагуулын интернетийн (Starlink гэх мэт) хууль эрх зүйн болон технологийн туршилтуудаа эрчимжүүлж эхэлжээ.
МОНОПОЛИД ДОНТСОН ЭДИЙН ЗАСАГ БА ГУРАВДАГЧ ХӨРШ
Монгол Улс "Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч, багагүй үр дүнд хүрч буй.
Нэгдүгээрт, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор 100 гаруй байгууллагын хэдэн зуун үйлчилгээг нэг дор төвлөрүүлж чадсан нь том амжилт юм. Хоёрдугаарт, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон бусад эрх зүйн шинэчлэлтийг хийсэн. Гуравдугаарт, банк санхүүгийн салбарын цахим шилжилт өндөр түвшинд хөгжсөн. Иргэд өдөр тутмын гүйлгээ, зээл авах үйл ажиллагааг цахимаар бүрэн шийддэг болсон.
Гэсэн хэдий ч Төв Азийн орнуудад тохиолдсон гашуун сургамж Монгол Улсын хувьд том эрсдэл нүүрлэж буйн сэрэмжлүүлэг болов. Манай харилцаа холбоо, интернетийн транзит урсгал газарзүйн байршлын хувьд хоёр хөршөөс шууд хамаардаг. Физик кабелийн шугам эсвэл бүс нутгийн дэд бүтцэд саатал гарахад Монголын дотоод сүлжээ бүхэлдээ доголдох эрсдэлтэй.
Нийтийн тээвэр, такси, логистик, цаашлаад санхүүгийн салбар нь гадаадын нэг зангилаа сүлжээнээс хамааралтай байгаа нь тухайн улс дотоод аюулгүй байдлаа бусдын гарт тушаасантай адил юм.
Украины дрон Оросын физик дата төвийг дэлбэлэхэд л Төв Азийн эдийн засаг дагаж сүйрч байгаа нь бидэнд томоохон анхааруулга болов. Хийсвэр мэт санагдах "Cloud" технологи нь үнэн хэрэгтээ бетон, төмөр, тогоор тэжээгддэг физик дата төв дээр байрладаг.
Иймээс үндэсний аюулгүй байдалд хамаарах чухал системүүдийн тооцоолон бодох хүчин чадлыг олон улсын стандартад нийцсэн Үндэсний дата төвүүдэд байршуулж, уураг тархиа дотооддоо авч үлдэх ёстой болж байна.
Өөрөөр хэлбэл, физик дэд бүтцийн эрсдэл эсвэл бүс нутгийн геополитикийн мөргөлдөөний үед харилцаа холбоогоо таслахгүйн тулд сүлжээний гарцаа яаралтай төрөлжүүлэх цаг нь болжээ.
Цахим эрин үед тусгаар тогтнол гэдэг нь зөвхөн хилийн өргөст тороор хязгаарлагддагүй болохыг Төв Азийн орнуудад тохиосон дата хямралаас харж болно. "Яндекс"-ийн дата төвүүдийн сүйрэл дижитал хараат байдлаас гарах, үндэсний технологийн экосистемээ хамгаалах том дохио өглөө.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.