

2004 он:
БНХАУ-ын иргэн Ли Шаоминг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Төмөртэй гэх уурхайг авахаар хөөцөлдөж байсан боловч бүтэлгүйтжээ.
2006 оны 5 дугаар сар:
Ли Шаомингий авахаар санаархаж байсан төмрийн ордын наахна талд Болдтөмөр Ерөө Гол гэх компани (хувьцааг 100% эзэмшигч нь Монтай Майнз компани бөгөөд түүний эзэн нь Б.Дэлгэрсайхан) уурхайг эзэмшиж, олборлолт-тээвэрлэлт явуулан үйл ажиллагаа эрхэлж байв. Ли Шаомин тухайн компанийг дангаараа эзэмшиж байсан Монгол Улсын иргэн Б.Дэлгэрсайханд хандаж “Би танай компанид хөрөнгө оруулж, хамтаръя” гэх саналыг тавьсан байна. Ингээд машинаар зөөдөг байсан төмрийн хүдрийг вагоноор зөөх саналыг гаргаснаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, хариуд нь компанийн 50%-ийн хувьцааг эзэмшихээр болжээ. Энэ шийдвэрийг 2006 оны 5 дугаар сард компанийн хурлаар гаргасан байна.
2006 оны 11 дүгээр сар:
Төмрийн хүдрийг вагоноор зөөхөд шаардлагатай төмөр замын хөрөнгө оруулалтыг олохын тулд Ли Шаоминг нь компанийн хувьцаанд давуу хувь авахгүй бол болохгүй байгаа талаар санал гаргажээ. Түүний хүсэлтийн дагуу, шаардлагатай санхүүжилт татаж авахын тулд компанийн хувьцааны эзэмшлийг 53/47 болгосон байна. Мөн гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэх учраас Групп компани үүсгэн байгуулж, тухайн Болдтөмөр Ерөө Гол компанийн төмрийн хүдрийн борлуулалтыг Ли Шаомин компанийхаа нэр дээр авчээ. Борлуулалтыг өсгөх замаар хоёр тал нэмэлт хөрөнгө оруулалт хийж Болдтөмөр Ерөө Гол компанийн нийт экспортыг дэмжих зарчмаар 2009 онд 2003 вагон, 12 зүтгүүрийг гаалиар оруулж иржээ. Эдгээр вагоныг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглах боломжтой (царигийн зөрүүний улмаас хятадад ашиглах боломжгүй), Болдтөмөр Ерөө Гол компанид зориулан хийсэн байлаа. Вагоныг үйлдвэрлэгч Чичихар Рэйлвэй Роллинг Сток компани нь вагонуудыг Болдтөмөр Ерөө Гол компанид хүлээлгэн өгсөн учир тус компани 16 жилийн хугацаанд засвар, үйлчилгээг хариуцан ажилласан байна. Өөрөөр хэлбэл, энэ вагон Болдтөмөр Ерөө Гол компанийн эзэмшлийнх гэсэн үг.
2007-2014 он:
Энэ хугацаанд Болдтөмөр Ерөө Гол компани нийт 12,8 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Ингэхдээ зөвхөн Ли Шаомингийн эзэмшлийн компаниудад тонн тутмыг нь 52,8 ам.доллараар экспортолсон байдаг. Үүнийг Ли Шаоминг нь 120-150 ам.доллараар цааш дамжуулан Бугатын гангийн үйлдвэр болон бусад үйлдвэрт борлуулдаг байв. Энэ тохиролцоо нь Ли Шаоминий оруулсан вагон төмөр замын хөрөнгө оруулалтыг нөхөх зорилготой байлаа. Энгийн бизнесийн зарчим гэсэн үг ээ. Энэ зарчмаар Ли Шаоминг нь 1,2 тэрбум ам.долларын цэвэр ашгийг хүртсэн байна. Монгол төгрөг рүү хөрвүүлвэл 4,3 их наяд төгрөг болно. Энэ нь Ли Шаомингийн тухайн үйлдвэрүүдтэй байгуулсан гэрээгээр нотлогдоно. Харин Ли Шаомингийн Болдтөмөр Ерөө Гол уурхайд оруулсан хөрөнгө оруулалт нь зөвхөн 154,2 сая ам.доллар болдог.

Зургийн эх сурвалж: Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчдийн хийсэн санхүүгийн шинжилгээнээс
2009-2012 он:
Болдтөмөр Ерөө Гол уурхайд хөрөнгө оруулахаар Ли Шаоминг гэгч нь БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 175 сая ам.доллар, Экспорт-Импортын банкнаас 200 сая ам.доллар, мөн Хятадын хөрөнгө оруулалтын корпорациас 700 сая долларыг зээлээр авч чаджээ. Энэхүү зээлийг авахдаа Монгол Улсын баялаг буюу Болдтөмөр Ерөө Гол компанийн ашигт малтмалын лицензийг барьцаалж босгосон байна. Харамсалтай нь, дээрх банкуудаас зээлсэн 1 тэрбум гаруй америк доллараас Монгол Улсад хөрөнгө оруулалт болж мөнгө ороогүй. Үүнийг монголын хууль хүчний байгууллага болон БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссоор тогтоосон байдаг.

БНХАУ-ын талаас Монгол Улсын Засгийн газарт “Лунмин компанийн (Ли Шаомингий компани) Хятад улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл нь гэрээ зөрчсөн, хүүтэйгээ нийлээд 2 тэрбум орчим доллар болж байгаа тул анхаарч өгнө үү” гэх хүсэлтийг тавьж байжээ. Улмаар хууль шүүхтэй тусгаар улсын хувьд Монгол Улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас хэрэг нээж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчид санхүүгийн шинжилгээ хийж, аудитын дүгнэлтийг гаргасан байна. Уг дүгнэлтээр дээр дурьдсан хүүтэйгээ нийлсэн 2 тэрбум орчим доллараас Монгол Улсын аль нэг банк руу мөнгө шилжиж ороогүй болохыг тогтоожээ.
Тэгвэл энэ их мөнгө хаачсан бэ?
Ли Шаоминг гэгч этгээд нь өөртөө тансаг хаус, хувийн онгоц худалдан авч, Бээжин хотод амьтны хүрээлэн хүртэл байгуулж, монголын баялгийг барьцаанд тавьж авсан зээлээ үргүй зарцуулсан байна.
2018 он:
Хонконгийн онцгой бүсийн Дээд Шүүх дээр нэгэн дампуурлын хэрэг хэлэлцэгдэв. Энэ бол өнөөх Ли Шаоминг гэгч этгээдийн тухай байсан бөгөөд энэ үйл явдлаас энэ этгээд нь зөвхөн хятаддаа төдийгүй Хонконгод ч алдартай “залилагч” байж болзошгүйг харж болно. Хонконгийн шүүхэд Камбожийн уурхайд төлөх ёстой 5 сая доллароо төлж чадаагүйн улмаас тус уурхайг эрхлэгч компани гомдол гаргаж, Ли Шаоминийг шүүхэд өгсөн хэрэг байв.

Энэ шүүх хуралд өдгөө Монгол орон даяар аавыгаа гэмгүй нэгэн байсан мэт захиалгат нэвтрүүлэг хийж цацуулаад байгаа Ли Бо гэгч эмэгтэйн талаар ч дурьдсан байдаг.

Гэх мэт маш олон баримтаар Ли Шаоминг гэгч хятадын иргэнийг илчлэх боломжтой. Үүнээс гадна шүүхийн хашаанд байгаа гэж нэвтрүүлгээр ярьсан вагоны тухай ч дурьдах нь зүйтэй. Товчхондоо бол, энэ этгээдүүд монголын иргэн В.Баяр, С.Энхбаатар нартай хуйвалдаж, Хөх хотын төмөр замын дунд шатны шүүхэд худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бичиг үйлдсэн гэх тусдаа эрүүгийн хэргүүд ч яригдах юм.
Яагаад энэ этгээдийн охин Ли Бо гэгч нь монголын сэтгүүлчид захиалга өгч, гүтгэлэгт нэвтрүүлэг хийлгэж байгаа вэ гэдэг асуулт танд төрөх нь лав. Тэгвэл Ли Бо болон түүний аав Ли Шаоминг нар нь хятадын банк санхүүгийн байгууллагуудаас авсан 2 тэрбум орчим долларыг (зээлийн хүүтэйгээ нийлсэн) өөрсдөө төлөхгүй, харин барьцаа болгож тавьсан Болдтөмөр Ерөө Гол компаниар төлүүлэх, монголын баялгийг хятадын санхүүгийн байгууллагат тушаах зорилгыг агуулж буй юм. Үр дүнд нь, залилагч этгээдүүд гэм хоргүй мэт болж, монголчууд хохирч болзошгүй байгаа билээ.
Харин урт хугацаанд үргэлжилж буй энэ маргааныг компанийхаа хүрээнд зохицуулахаар өнөөдрийг хүртэл ажин түжин ажиллаж буй Болдтөмөр Ерөө Гол компанийн удирдлагууд монголынхоо баялгийг авч үлдэхийн тулд тасралтгүй олон улсын шүүхээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь сайшаалтай.
Болдтөмөр Ерөө Гол компани нь сум орон нутгийн иргэдийн 60 хувийг ажлын байраар хангаж, 2000 гаруй монгол хүнийг ажиллуулдаг, Монгол Улсын төсөвт 1 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлж, нийт 1,6 их наяд төгрөгийг Улаанбаатар төмөр зам компанид тээврийн зардал хэлбэрээр төлсөн компани юм.
У.НЭРГҮЙ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.