НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна
АНАЛИЗ

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

8 цагийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

8 дугаар сарын 15-нд тохиосон Талибанчууд засгийн эрхийг эргүүлэн авсны 5 жилийн ойн үеэр Кабул хотын гудамжинд өрнөсөн баярын үйл ажиллагаа.

Афганистан дахь хүний эрхийн нөхцөл байдлыг эрс зэмлэн буруушаадаг Европын орнууд дүрвэгсдийг буцаан албадан гаргах асуудлаар Талибаны засгийн газраас тусламж хүсэх болов.

The New York Times (2026-10-12)

Европын засгийн газрууд охид, эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчдөг шалтгаанаар Талибанчуудаас удаан хугацаанд зайгаа барьж ирсэн юм. Тэгвэл өдгөө цагаачлалын эсрэг илүү хатуу байр суурьтай харагдах улс төрийн шахалтад орсон тэд дүрвэгсдийг Афганистан руу албадан гаргаж эхэлсэн бөгөөд сүүлийн саруудад энэхүү ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Талибаны засаг захиргаатай хэлэлцээ хийж байна.

Өнгөрөгч 6-р сарын сүүлээр Брюссель хотноо болсон уулзалтад Европын 20 гаруй төлөөлөгч Талибаны 5 төлөөлөгчтэй уулзаж, албадан гаргах асуудлыг хэлэлцсэн нь Европын холбоо нь тус бүлэглэлтэй хэлэлцээ хийхийг хориглодог байсан саадыг эвдсэн явдал болов.

Уулзалтад оролцсон болон энэ талаар мэдээлэл авсан нийт 6 албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, Европын тал уулзалтын үеэр Талибанчуудын үйлдсэн хүний эрхийн зөрчлийн талаар огт дурдаагүй байна.

Энэхүү уулзалтын нарийн ширийн мэдээлэл ийнхүү анх удаа нийтэд ил болж байгаа юм. Уг нийтлэлийг Германы Гадаад хэргийн яамны мэдээлэл болон нэрээ нууцлахыг хүссэн Европын орнуудын 5 дипломат, Афганистаны засгийн газрын 2 албан тушаалтан зэрэг нийт 7 хүнтэй хийсэн ярилцлагад үндэслэн бэлтгэв.

Афганистан улс нь олон жилийн турш Европ руу чиглэсэн хууль бус цагаачдын гол урсгалын нэг байсаар ирсэн бөгөөд Талибантай хэлэлцээ хийж буй Европын засгийн газрууд үүнийг цэвэр техникийн шинжтэй бөгөөд зөвхөн дүрвэгсдийг буцаах асуудлаар хязгаарлагдаж байгаа хэмээн тайлбарлаж байна. Гэвч хүний эрхийн олон байгууллагууд энэхүү албадан гаргах ажиллагаа нь Афганистанд эргэж очсон иргэдэд тулгарах эрсдэлийг үл тоомсорлож байна гэж үзэж байна.

Human Rights Watch байгууллагын Афганистан хариуцсан судлаач Ферешта Аббаси "Европын холбоо нэг талаар Талибанчуудын системтэй хэлмэгдүүлэлтийг буруушааж, нөгөө талаар афганчуудыг яг тэрхүү эсэргүүцээд байгаа дарангуйлал руу нь буцаахаар тохиролцож байгаа нь ямар ч логикгүй үйлдэл юм" хэмээн мэдэгджээ.

8 дугаар сард Кабул хотноо.

Талибаны дэглэмийг дипломат түвшинд бүрэн хүлээн зөвшөөрөх асуудал хаалттай хэвээр байна. Дэлхийн улс орнуудаас одоогоор зөвхөн ОХУ л тус бүлэглэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Гэвч Талибанчуудын хувьд, засгийн эрхийг эргүүлэн авснаас хойш таван жилийн дараа ийнхүү албадан гаргах асуудлаар тогтвортой харилцаа тогтоож байгаагаа өөрсдийн засаглалыг хүлээн зөвшөөрүүлэх гүүр хэмээн харж байна. Европын зарим дипломатууд ч энэ дүгнэлтийг үнэн болохыг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Герман улс Талибаны төлөөлөгчдөд Берлин болон Бонн хот дахь Афганистаны дипломат төлөөлөгчийн газруудыг хариуцахыг зөвшөөрсөн бөгөөд Германы албаны хүмүүс үүнийг Талибаныг хууль ёсны засгийн газар гэж “де-факто” хүлээн зөвшөөрч буй алхам гэж тодорхойлж байна. Франц улс ч Парис хотод ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Мөн Европын өөр 15 орны төлөөлөгчид 6-р сард Брюссельд Талибаны төлөөлөгчидтэй уулзсан байна.

Талибанчууд үүсээд буй байдлыг өөрт ашигтай давуу тал болгохыг хичээж байна. Түүнчлэн тэд Европын засгийн газруудаас Европ дахь Афганистаны төлөөлөгчийн газруудад илүү өргөн эрх мэдэлтэй болох, мөн буцаж ирж буй афганчуудыг нийгэмшүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг шаарджээ. Тэд эдийн засгийн илүү өргөн хүрээний тусламж хүсэж байгаа бөгөөд энэ нь тусламжаа зөвхөн хүмүүнлэгийн хүрээнд хязгаарлаж байгаа Европын засгийн газруудын хувьд "улаан шугам" юм. Хөгжлийн тусламж үзүүлэх нь эцсийн дүндээ Талибаны засгийн газрыг санхүүжүүлж, тэдний засаглалыг улам бэхжүүлэх бөгөөд олон улсын хоригт байгаа албан тушаалтнуудад ашигтайгаар тусах эрсдэлтэй.

Германы Бонн хотын Мөргөлдөөн судлалын олон улсын төвийн захирал Конрад Шеттер "Талибанчуудад бодит хөшүүрэг байгаа бөгөөд Европын холбоо энэ тал дээр нэлээд хүчгүй байна. Европын орнууд улс төрийн маш их шахалтад байгаа тул гэмт хэрэг үйлдсэн дүрвэгсдийг гаргахын тулд бараг ямар ч тохиролцоо хийхэд бэлэн байна" гэв.

7 дугаар сард Кабул хотын захын тоосгоны үйлдвэрт. Ядуурал болон хавчлага хэлмэгдүүлэлтээс дайжсан олон зуун мянган афганчууд Европ руу цагаачилжээ.

Герман улс үүд хаалгаа нээв
Германы төв-барууны үзэл баримтлалтай канцлерын удирдаж буй засгийн газар гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг эрс шийдэмгий албадан гаргана гэх амлалтаа биелүүлэхийн тулд Афганчуудыг гаргах ажиллагааг эрчимжүүлж байна. “Депортаци” хийх хурдац нь үндэсний хэмжээний санал асуулгыг тэргүүлж буй, сая цагаачдыг албадан гаргахаа амласан хэт барууны үзэлтэй "Германы төлөөх альтернатив" (AfD) намын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Өнгөрсөн оны сүүлчээр Германы албаны хүмүүс Талибаны засгийн газартай тохиролцоонд хүрч, хууль бус афган цагаачдыг гуравдагч орноор дамжуулахгүйгээр шууд Афганистан руу албадан гаргах боломжийг бүрдүүлсэн.

Германд 500,000 гаруй афган иргэн амьдардаг бөгөөд тэдний дийлэнх нь хууль ёсны дагуу оршин суудаг. Тус улсад орогнол хүсэгчдийн 20 хувийг афганчууд эзэлж байна.

Өнгөрөгч 2-р сард Германы шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон Афганистаны 20 иргэнийг тээвэрлэсэн захиалгат нислэг Лейпциг хотоос Кабул руу хөөрсөн нь шинэ хэлэлцээрийн дагуу хийгдсэн анхны албадан гаргалт байв.

Талибантай байгуулсан энэхүү гэрээ нь "Афганистан руу шууд бөгөөд байнгын албадан гаргах үйл ажиллагааны үндэс суурийг тавьж байна" гэж Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт мэдэгдэлдээ дурджээ.

Германы Дотоод хэргийн яамны мэдээлэлд дурдсанаар, Канцлер Фридрих Мерцийн удирдлага дор Герман улс өнгөрсөн оны 5-р сараас хойш Афганистаны 263 иргэнийг албадан гаргаад байна.

Мужийн болон холбооны албаны хүмүүс энэхүү үйл ажиллагааг хурдасгахыг шаардаж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдээгүй Афганы цагаач эрчүүдийг ч мөн албадан гаргаж эхэлжээ.

Энэхүү албадан гаргах ажиллагаанаас эмэгтэйчүүд харьцангуй ангид үлдэж байна. Засгийн газрын статистик мэдээллээс үзвэл, Германд энэ оны эхний хагаст афган эмэгтэйчүүдийн 95 орчим хувьд нь орогнол олгожээ.

Туркийн Эргийн хамгаалалтын албаныхан аварсан Афганистаны эмэгтэйчүүд, хүүхдүүд болон тэднийг тээвэрлэж явсан резинэн завь. Эгейн тэнгис. 2021 он

Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш албадан гаргах ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Талибаны цөөн хэдэн дипломат Герман улсад ажиллаж эхэлсэн байна.

Германы засгийн газар албадан гаргах ажиллагаагаа эрчимжүүлж эхлэх үед Талибаны тал үйл ажиллагааг гардан гүйцэтгүүлэхээр нэмж гурван албан тушаалтныг илгээжээ. Тэдгээр гурван төлөөлөгч Берлин болон Бонн хотод нэг сарын хугацаатай томилолтоор ажиллаж байгааг Германы Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн сард мэдэгдэв.

Европын холбооны орнууд дундаас Талибантай харилцаа тогтоохоос хамгийн их татгалзаж байсан Франц улс ч мөн адил ийм зам руу шилжих асуудлыг хэлэлцэж байгааг уг хэлэлцээнд оролцсон Европын болон Афганистаны дөрвөн дипломат баталж байна.

Францын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Паскаль Конфаврё пүрэв гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр эдгээр хэлэлцээ нь "тус улсад хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй Афганистаны иргэдийг албадан гаргах ажиллагааг хөнгөвчлөх" зорилготой хэмээн тайлбарлав.

Албаны хүмүүс нь Кабулд тогтмол айлчилдаг Их Британи улс Европын холбоонд өрнөж буй үйл явцыг анхааралтай ажиглаж байгааг гурван эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн Европын өөр хэд хэдэн орон Талибантай шууд хэлэлцээр байгуулах асуудлыг судалж байгааг Талибаны тал болон хоёр дипломат баталж байна.

АНУ-ын хувьд Афганистаны иргэдийг гуравдагч орнууд руу албадан гаргаж байгаа бөгөөд Катар дахь АНУ-ын цэргийн баазад гацаад буй зарим афганчуудыг эх орондоо сайн дураараа буцахыг шаардаж байна. Гэхдээ афганчуудыг Афганистан руу шууд буцааж байгаагаа нийтэд ил тод зарлаагүй байна.

Талибанаас Катар улсад суугаа элчин сайд Сухайл Шахин Европын дипломатуудад хандан “Талибантай илүү нээлттэй харилцаа тогтоож, Афганистанд эдийн засгийн тусламж үзүүлэх ёстой” гэдгийг хэлдэг хэмээв.

Хэрэв ингэж чадахгүй бол Европ руу чиглэх афган цагаачдын урсгал улам л нэмэгдэнэ гэдгийг тэрбээр анхааруулаад "Хэрэв Афганистанд ажилгүйдэл, эдийн засгийн хямрал нүүрлэвэл афганчууд Европ руу үер мэт цутгах болно" гэж мэдэгджээ.

Грекийн Лесбос аралд бичиг баримтаа хүлээж буй Афганистан гэр бүл. Афганистан улс нь олон жилийн турш Европ руу чиглэсэн хууль бус цагаачдын гол эх үүсвэрийн нэг байсаар ирсэн. 2015 он

Талибантай хийсэн нууц уулзалт
Европын дипломатууд Доха болон Стамбул хотноо Талибаны албан тушаалтнуудтай тогтмол уулздаг бөгөөд Европын холбооны газар нутаг дээр Талибантай хэлэлцээ хийхгүй гэх хориг өнгөрөгч 6 дугаар сарын 23-нд ийнхүү эвдэгдсэн байна.

Стамбулаас Брюссельд нисэн ирсэн Талибаны таван албан тушаалтныг Бельгийн энгийн хувцастай цагдаагийн ажилтнууд хар өнгийн фургон машинаар хамгаалан, олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох "Novotel" зочид буудалд хүргэсэн бөгөөд тэнд Европын 20 гаруй албаны хүн хүлээж байжээ.

Хоёр тал афганчуудыг буцаах асуудлаар хэрхэн хамтран ажиллахыг хэлэлцсэн бөгөөд Талибаны зүгээс эдийн засгийн тусламж үзүүлэх болон Европ дахь дипломат төлөөллөө бэхжүүлэх хүсэлт тавьсан байна.

Брюссельд хийх гэж байсан энэхүү айлчлал нь тухайн үедээ хүний эрхийн байгууллагууд болон Европын улс төрчдийн дунд маш том эсэргүүцэл, шуугиан тарьсан тул уулзалт болох газрыг эхлэхээс нь хэдхэн цагийн өмнө хүртэл нууцалж байжээ.

Уг уулзалтыг Шведийн тал болон Европын холбооны гүйцэтгэх засаглал болох Европын Комисс хамтран зохион байгуулсан байна. Афганистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Кахар Балхи тус улсын Гадаад болон Дотоод хэргийн яамны дөрвөн албан тушаалтны хамтаар төлөөлөгчдийг ахалж оролцжээ.

Европын холбооны хэвлэлийн төлөөлөгчид хэлэхдээ –“тус холбоо нь гишүүн орнуудын хүсэлтээр 6 дугаар сарын уулзалтыг зохион байгуулахад тусалсан бөгөөд гол зорилго нь хүнд гэмт хэрэг үйлдсэн болон аюулгүй байдалд заналхийлж буй хүмүүсийг албадан гаргахад чиглэсэн” гэж мэдэгдэв.

Германы Пассау хот дахь дүрвэгсдийг хүлээн авах төвд байгаа Афганистаны дүрвэгсэд. 2015 он

Уулзалтад Грек, Австри, Польш, Норвеги зэрэг Европын 15 орны төлөөлөгчид оролцсон байна.

Брюссель дэх өргөн бүрэлдэхүүнтэй уулзалтын дараа Талибаны төлөөлөгчид Швед зэрэг Европын дор хаяж дөрвөн оронтой хоёр талын уулзалт хийсэн гэж оролцогчид мэдээллээ.

Шведийн Цагаачлалын сайдын хэвлэлийн төлөөлөгч Анастасия Софла хэлэхдээ засгийн газрын агентлагууд Шведэд гэмт хэрэг үйлдсэн Афганистаны 200 иргэнийг албадан гаргахаар Талибаны засгийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү харилцаа нь "цэвэр техникийн түвшинд" өрнөж байгааг тэмдэглэв.

Гэсэн хэдий ч Европын болон Афганистаны засгийн газруудын харилцаа харилцан үл итгэлцлээр дүүрэн хэвээр байна.

Брюссель дэх уулзалтын өмнө Афганистаны таван төлөөлөгч Бельгийн засгийн газар виз олгохдоо олон сараар хугацаа алдсаныг өөрсдийг нь үл хүндэтгэсэн хэрэг гэж үзжээ. Тиймээс Талибанчууд 6 дугаар сарын 23-нд Европын дипломатуудтай хийх үдийн хоолноос татгалзаж, бойкот зарласан байна.

Талибаны албан тушаалтнууд ердөө нэг өдрийн визтэй байсан тул Европын түншүүдтэйгээ таван цаг гаруй уулзсаны эцэст тухайн өдрийнхөө үдээс хойш буцжээ.

 

Газни мужид байрлах, Норвегийн Афганистаны хорооны харьяа нөхөн сэргээх төв. Афганистаны газар нутгийн гуравны хоёр нь тэсрэх бодисоор бохирдсон.

Талибантай харилцах нь
Европын зарим нөлөө бүхий ашгийн бус байгууллагууд болон шинжээчид Талибантай илүү өргөн хүрээнд харилцахыг дэмжиж байна.

Норвегийн Дүрвэгсдийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ян Эгеланд улс орнуудын засгийн газарт хандан дипломатуудаа Афганистан руу буцааж илгээхийг уриалжээ. Тус улсад өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллага болох Норвегийн Афганистаны хорооноос Европын орнуудыг Афганистаны ард түмэн болон институцудэд үзүүлэх тусламжаа өргөжүүлэхийг уриалсан байна.

Европын холбооны гишүүн бус Норвеги улсад Талибаны дипломатууд олон жилийн турш чимээгүйхэн үйл ажиллагаа явуулж ирсэн юм.

Одоогийн байдлаар Норвеги, Германд байгаа Талибаны дипломатууд Европын засгийн газрууд тэдний байр сууринд дурамжхан хандаж буй байдлыг хүндэтгэж, хүлээцтэй хандаж байна. Осло, Берлин дэх элчин сайдын яамдын гадна Талибаны туг намирдаггүй бөгөөд тэдний засгийн газрын албан ёсны нэр болох "Афганистаны Исламын Эмират Улс" гэсэн хаяг, самбар байдаггүй аж.

Европын нэгэн дипломатын хэлснээр, Европын засгийн газрууд тус бүлэглэлд буулт хийх зам руу улам бүр орж байна. Дипломатын дүгнэснээр, Талибанчууд хэдийнээ давуу талыг гартаа авсан бөгөөд Европын дотоодод нь цагаачдыг албадан гаргахыг шаардах олон нийтийн шахалт дарамт улам бүр нэмэгдсээр байна.

Өнгөрсөн онд Афганистаны Кандагар хот дахь Норвегийн Дүрвэгсдийн зөвлөлийн Олон нийтийн төвд тусламж эрж дарааллаа хүлээж буй Афганистаны эх орондоо албадан буцаагдсан иргэд.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

АН-ын бүлэг: Х.Тэмүүжинг МоАХ, Б.Түвшинг АСХ дэмжиж байна

АН-ын бүлэг: Х.Тэмүүжинг МоАХ, Б.Түвшинг АСХ дэмжиж байна

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл давхар дээлээ тайлж, бүлгийн даргаа өгөхөө мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар тус намын бүлэг хуралдаж, дүрэмд зааснаар бүх гишүүдийг байлцуулан бүлгийн даргаа сонгохоор шийдсэн.

Oct 12, 2026

Зеленскийн довтолгоо Трампын бухимдал

Зеленскийн довтолгоо Трампын бухимдал

Goldman Sachs: $500 саяыг тараана

Goldman Sachs: $500 саяыг тараана

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо