

НҮБ гишүүн орнууддадаа хүн амын тооллогыг 0 болон 5-аар төгссөн онуудад тогтмол давтамжтайгаар явуулахыг зөвлөдөг. Энэ дагуу Монгол Улс өнгөрсөн 2025 онд Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулсан. 2025 оны тооллогод анх удаа төрийн мэдээллийн “ХУР” системийг ашиглан мэдээллийг цуглуулжээ. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ээр дамжуулан иргэд өөрийн тооллогын мэдээллийг нягтлах, баталгаажуулах боломжийг олгосон нь онцлог байжээ.
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор Монгол Улсын харьяат хүн ам 3 589 826 болсон нь 2020 оны ээлжит тооллогоос хойш жилд дунджаар 1.4%-иар өсчээ. Харьяат хүн амаас 201 350 хүн гадаадад 6 ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо 3 423 940 хүрсэн бөгөөд үүнээс Монгол Улсын харьяат хүн ам 3 388 476, Монгол Улсад 6 ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат иргэд 35 446, харьяалалгүй 18 хүн байна.
Монгол Улсын хүн амын тоо нь зөвхөн тоон үзүүлэлт бус, харин түүхэн үйл явц, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр дүнг илэрхийлдэг. Монгол Улс 1918 онд хүн амын анхны тооллогыг зохион байгуулснаас хойш нийт 11 удаагийн үндсэн тооллого, 2 удаагийн завсрын тооллогыг явуулсан байна. Эдгээр тооллогын үр дүнгээс харахад сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам даруй зургаа дахин өсчээ. Монгол Улсын хүн амын өсөлтийн хурд тооллого хооронд харилцан адилгүй байсан бөгөөд зарим онд өсөлтийн хурд өндөр, зарим онд хурд удааширсан байна.
Хүн амын тооны өөрчлөлтийг цэвэр өсөлт (төрөлт, нас баралтын зөрүү) болон механик өсөлт (цэвэр шилжилт хөдөлгөөн)-өөр тодорхойлдог.
Хүн ам 2010-2020 оны хооронд 542.2 мянган хүнээр буюу жилд дунджаар 2.2%-иар, 2020-2025 оны хооронд 292.9 мянган хүнээр буюу жилд дунджаар 1.4%-иар тус тус өсчээ.
1990-ээд оны эхэн үеэс хойш төрөлтийн түвшин буурч байгаад 2006 оноос төрөлт нэмэгдэн 2014 онд 82 839 хүүхэд шинээр мэндэлсэн нь төрөлтийн хамгийн өндөр түвшинд хүрсэн он байжээ. Тооллого хоорондын жилийн дундаж өсөлт 2.2-1.4-д хүрсэн нь 2020-2025 онд нөхөн үржихүйн насны хүн амын эзлэх хувь бага байсан буюу 1989-2000 оны хооронд төрөлт буурсантай холбоотой.
Сүүлийн 10 жилийн хүн амын тооны өөрчлөлт нь Монгол орны газар зүйн хүрээ, бүс нутгийн онцлогоос хамааран ялгаатай байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт хүн амын жилийн дундаж өсөлт 2.5% байгаа нь бусад аймагтай харьцуулахад өндөр өсөлт юм. 2020 оны тооллоготой харьцуулахад Архангай, Завхан, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгуудын хүн амын тоо буурсан байна.
Хүн амын хүйсийн харьцаа (100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо)-ны түүхэн өөрчлөлт нь тухайн цаг үеийн нийгмийн байдал, эрүүл мэндийн нөхцөл, хөдөлмөрийн зах зээл, дайн, соёлын хувьсгал зэрэг олон хүчин зүйлийн тусгал юм.
Хүн амын анхны тооллого болсон 1918 онд эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс илүү буюу хүйсийн харьцаа 104.1 байв. Харин 1944 оны тооллогоор энэ тоо огцом буурч 95.7 болжээ.
Хүйсийн харьцаа 1956-1979 оны хооронд аажмаар сэргэж, 1979 онд харьцангуй тэнцвэртэй түвшинд буюу 100.4-т хүрч, эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс бага зэрэг давсан байна. Гэвч энэхүү “тэнцвэрт” байдал удаан хадгалагдаагүй буюу 1989 оны тооллогоос хойш хүйсийн харьцаа тасралтгүй буурч эхэлжээ.
2025 онд Монгол Улсад 100 эмэгтэйд 96.0 эрэгтэй ногдож байгаа нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хүйсийн харьцаа эмэгтэйчүүд давамгайлсан бүтэц рүү шилжиж байгаагийн тод илрэл юм.
Хүн амын насны бүтцэд гарч буй өөрчлөлтийн улмаас 1989 онд 0-14 насныхан нийт хүн амын 41.9%-ийг эзэлж байсан бол 2025 онд 30.6% болж буурсан байна. Харин хөдөлмөрийн нас буюу 15-64 насны хүн амын эзлэх хувь 1989 онд 54.1% байсан бол 2010 онд 69.0% хүрч өсөөд, 2025 онд 63.7% болж буурсан нь Монгол Улс залуу хүн амтай орон хэвээр байгаа хэдий ч хүн амын хөгшрөлтийн анхны шинж тэмдэг илэрч байгааг харуулж байна.
Нийт хүн амд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь өндөр байх үеийг “Хүн амын цонх” үе гэдэг. Хөдөлмөрийн нас (15-64)-ны хүн амын эзлэх хувь 2020 онд 64.4% байсан бол 2025 онд 63.7% болсон нь хөдөлмөрийн насны хүн амын тоо буурч, хүн амын насжилт гүнзгийрч байгаагийн дохио юм.
Цаашид 0-14 насны болон 65 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь аажмаар өсөх хандлага бий болсноор хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын тогтолцоо, эдийн засгийн өсөлтийн боломжид тодорхой сорилт учрах эрсдэлтэй. Ийм нөхцөлд ажиллах хүчний бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чанарыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого илүү чухал ач холбогдолтой болохыг Үндэсний Статистикийн хорооны судалгааны тайланд дурджээ.
Монгол Улсын хүн амын өсөлтийн 100 жилийн түүх
Монгол Улсын хүн амын тооны 100 гаруй жилийн өөрчлөлтийн хандлагыг тооллого хооронд авч үзвэл:
1918-1956: Тогтмол боловч удаан өсөлт
1918-1935 оны хооронд хүн ам 90 мянгаар, 1935-1944 онд ердөө 20 мянгаар, 1944-1956 онд 86 мянгаар нэмэгджээ. Энэ нь тухайн үеийн нийгмийн нөхцөл, өвчлөл, эрүүл мэндийн үйлчилгээний хомс байдал, нийгмийн тогтворгүй байдлын тусгал юм. Хүн амын жилийн дундаж өсөлт 0.3-0.9% орчимд хэлбэлзэж байв.
1956-1989: Огцом өсөлтийн үе
1963 онд хүн амын тоо анх удаа 1 саяыг давж, 1989 он гэхэд 2.0 саяд хүрэв. Энэ үеийн хүн амын өсөлт нь хүн амын эрүүл мэндийн тогтолцооны хөгжил, халамжийн бодлого, төрөлтийн өндөр түвшинтэй холбоотой. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.5-2.9% буюу оргил үедээ хүрсэн.
1989-2010: Шилжилтийн үеийн удаашрал
1989-2010 онд хүн амын өсөлт эрс удааширч, жилийн дундаж өсөлт 1.4-1.5%-д хүрсэн. Энэ нь зах зээлийн эдийн засагт шилжих явцад үүссэн эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал, хотжилт, төрөлт буурсан зэрэгтэй холбоотой.
2010-2020: Сэргэлтийн үе
2000-2010 онд хүн ам 2.4 саяас 2.8 саяд хүрч, 2020 онд 3.3 сая болсон. Төрөлтийн түвшин 2006 оноос дахин өсч, 2014 онд оргил түвшиндээ хүрсэн нь хүн амын өсөлтөд хүчтэй нөлөөлсөн. 2010 оноос хойш хүн амын жилийн дундаж өсөлт 2.0% болсон нь хүн амын өсөлтөд сэргэлтийн шинэ үе эхэлснийг илтгэнэ.
2020-2025: Хүн амын өсөлтийн удаашрах хандлага
2010 оноос хойш сэргэж эхэлсэн хүн амын өсөлт 2020 оноос хойш дахин саарч эхлэв. 2020-2025 онд хүн амын жилийн дундаж өсөлт 1.4% хүрлээ. Энэ нь төрөлтийн түвшин буурсан, нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн тоо харьцангуй багассан болон нийгмийн хөгжилтэй уялдан гарч буй үзэгдэл юм.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.