НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Зеленскийн довтолгоо Трампын бухимдал
АНАЛИЗ

Зеленскийн довтолгоо Трампын бухимдал

1 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бямба гаригт Володимир Зеленскийгээ солихыг Украинд уриалж, Украины Оросын газрын тосны дэд бүтэц рүү хийж буй халдлагыг хүчтэй шүүмжлэв. Энэ нь Оростой дизель түлш нийлүүлэх хэлэлцээр байгуулсны дараах өдөр болсон бөгөөд уг хэлэлцээрийг Зеленский баасан гаригт эрс буруушаасан юм.

Reuters (2026-10-10)

Зеленский Цагаан ордны шийдвэрийг шүүмжлэхдээ АНУ нь Оросын дизель түлшний эсрэг хоригийг цуцалсныг Бямба гаригт Оросоос Украины Запорожье хотод хийсэн халдлагатай холбон тайлбарлажээ. Энэ халдлагын улмаас 3 хүүхэд зэрэг нийт 20 хүний амь нас хохирсон байна.

Хоёрдугаар сард эхэлсэн Ираны дайнаас хойш дэлхийн зах зээл дээрх дизель түлшний үнэ огцом өссөн нь ирэх сард болох конгрессын завсрын сонгуулийн өмнө Трампын Бүгд Найрамдах Намын хувьд улс төрийн томоохон дарамт болоод байгаа билээ. Уг сонгуулиар сөрөг хүчин болох Ардчилсан нам Конгрессын нэг эсвэл хоёр танхимын хяналтыг авч магадгүй юм.

Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлэхдээ "Украин шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь болсон гэж би бодож байна" хэмээгээд, Зеленский Оросын боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгснөөр дэлхийн дизель түлшний нийлүүлэлтэд хохирол учруулсан гэж мэдэгдэв.

"Орос улс дэлхий даяарх дизель түлшний ихэнх хэсгийг нийлүүлдэг, тиймээс тэр манай тариаланчид, фермерүүдэд дизель түлшний асуудлаар төвөг удахыг хүсэж байна".

Баасан гаригт Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дизель түлшний хэлэлцээр байгуулснаа зарласан нь Москваг улам зоригжууллаа гэж Зеленский мэдэгджээ. Үүний оронд 4 жил хагас үргэлжилж буй дайныг дуусгах хэлэлцээрт Москваг шахаж шаардахыг Киев Вашингтонд уриалж байсан юм.

"Дизель түлшний экспортын хоригийг цуцалсанд талархаж буйгаа Орос улс өнөөдөр Запорожье хотын орон сууцны барилгууд дээр таван бөмбөг хаяж илэрхийллээ" гэж Зеленский хэлэв.

Украины өмнөд хэсгийн Запорожье хот нь Оросын бөмбөгдөлтөд тогтмол өртдөг бөгөөд сүүлийн хэдэн сард цохилтууд улам эрчимжсэн юм.

Бямба гаригт Запорожье хотод цохилт өгөх үеэр амиа алдагсдын дунд 6 настай охин байсан бөгөөд цохилтын улмаас орон сууцны нэг хэсэг нурж сүйрчээ. Аврагчид түүний цогцсыг нуранги дороос гаргаж ирэн, цагаан уутанд хийж газарт тавьсны дараа түүний өвөө Анатолий Чумний охиныхоо цогцосны дэргэд зогсон нулимс дуслуулж байв.

"Энэ сарын сүүлээр түүний төрсөн өдөр болох байсан юм" гэж тэрбээр асгаруулан ярьжээ.

Энэ нь сүүлийн долоо хоногт Украинд болсон олон хүний амь насыг хохироосон гурав дахь халдлага байв.

Лхагва болон Пүрэв гаригт хийсэн цохилтын улмаас 80 орчим энгийн иргэн амиа алдсаны дотор зүүн нутгийн стратегийн тулгуур хот болох Краматорскод бөмбөгдөлтийн улмаас доод тал нь 30 хүн, мөн Киевээс зүүн тийш 130 км зайд орших Прилуки хотод пуужингийн цохилтоор 22 хүн амиа алджээ.

Дизель түлшний хэлэлцээрийг АНУ-ын хууль тогтоогчид, түүний дотор Трампын Бүгд найрамдах намын гишүүн Дон Бэкон ч шүүмжилж, Конгрессоос саяхан баталсан хориг арга хэмжээг цуцлах биш, харин улам чангаруулах цаг болсон гэж мэдэгдэв.

Шинжээчдийн үзэж байгаагаар уг хэлэлцээр нь түлшний үнийг тогтвортой бууруулахад хүргэх магадлал багатай бөгөөд учир нь энэ нийлүүлэлтийн хэмжээ нь Оросын боловсруулах үйлдвэрүүд халдлагад өртөөгүй байх үед экспортолдог байсан хэмжээнээс нэлээд бага байгаа юм.

Их Британийн Ерөнхий сайд Энди Бөрнхэм Бямба гаригт Зеленскийтэй утсаар ярихдаа Их Британи Оросын эсрэг авах хориг арга хэмжээгээ чангаруулна гэснийг Даунинг стритийн төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд хоёр удирдагч ойрын өдрүүдэд биечлэн уулзана гэж нэмж хэлэв.

Сүүлийн цохилтууд нь Баасан гаригт Майамид Украин болон Европын албан тушаалтнууд АНУ-ын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын дараа болсон бөгөөд уг уулзалт нь дайныг дуусгах хамтын санал боловсруулахад чиглэгдсэн байсан гэж яриа хэлэлцээний талаарх мэдээллийн эх сурвалж дурджээ.

Уг хэлэлцээ үргэлжилж байх үед Трамп дизель түлшний хэлэлцээрийг зарласан нь Киевийн хувьд гэнэтийн зүйл болсон гэж Зеленский хэлсэн байна.

Украины төлөөлөгчид бямба гаригт нутаг буцсан тухай "Интерфакс Украина" агентлаг мэдээлэв.

Путин Баасан гаригт Трамптай ярьсныхаа дараа Москва руу Украины дрон халдлага хийснийг дурдаж, “энхийн хэлэлцээг нэн даруй сэргээх боломжгүй” гэж мэдэгджээ.

АНУ-ын хэлэлцээрийн төлөөлөгчид болох Стив Виткофф, Жаред Кушнер нар хоёр долоо хоногийн дотор Москвад зочилж магадгүй гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг Бямба гаригт мэдээлэв.

Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Трамп Зеленскийг энхийн хэлэлцээр хийгээгүй хэмээн шүүмжилж, Украиныг Оросын эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөө зогсоохыг шаарджээ.

"Би түүнд юу дуртайгаа хий. Боловсруулах үйлдвэрүүдэд битгий цохилт өг. Өөр олон бай байгаа. Нефть боловсруулах үйлдвэрүүдийг битгий цохиорой' гэж хэлсэн. Гэтэл тэр цохилт өгчихлөө" гэж Трамп хэлэв. "Тэр үүнийгээ нэн даруй зогсоосон нь дээр".

"Тэр олон хэлэлцээр хийж болох байсан ч яагаад ч юм хэзээ ч хийдэггүй тул хэлэлцээр хийж чадах шинэ удирдагчтай болохыг би тэдэнд зөвлөж байна" гэж тэрбээр нэмж хэлэв.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

АН-ын бүлэг: Х.Тэмүүжинг МоАХ, Б.Түвшинг АСХ дэмжиж байна

АН-ын бүлэг: Х.Тэмүүжинг МоАХ, Б.Түвшинг АСХ дэмжиж байна

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл давхар дээлээ тайлж, бүлгийн даргаа өгөхөө мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар тус намын бүлэг хуралдаж, дүрэмд зааснаар бүх гишүүдийг байлцуулан бүлгийн даргаа сонгохоор шийдсэн.

Oct 12, 2026

Goldman Sachs: $500 саяыг тараана

Goldman Sachs: $500 саяыг тараана

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Ч.Номингийн дараагийн мөнгө угаах төсөл буюу “Ногоон дата”-г тойрсон болгоомжлол

Ч.Номингийн дараагийн мөнгө угаах төсөл буюу “Ногоон дата”-г тойрсон болгоомжлол