
Америкийн алдартай "Breaking Bad" драма цувралд хар тамхины бүлэглэлийн толгойлогч Уолтер Уайтын эрэмгий зоригт хүүгийн дүрийг бүтээж олноо танигдсан жүжигчин РЖ Митт (RJ Mitte) 34 насандаа таалал төгсчээ.
BBC (2026-10-13)
Түүний төлөөлөгч “BBC” агентлагт өгсөн мэдэгдэлдээ "Хүмүүсийн хайртай жүжигчин, хүмүүнлэгийн үйлстэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч РЖ Митт зуурдаар таалал төгссөнд гүнээ харамсаж байна" гэж мэдэгдсэн байна.
Тэрээр Техас мужийн Браунсвилл хотод амьсгал хураасан бөгөөд нас барсан шалтгааныг албан ёсоор зарлаагүй байна. (Сүүлд ирсэн зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг амиа хорлосон гэсэн байна).

Бодит амьдрал дээр тархины саажилттай амьдарч байсан Митт өөрийн туулсан амьдралын туршлагад үндэслэн Брайан Крэнстон, Аарон Пол нарын тоглосон, Эммигийн шагналт уг цувралд Уолтер Уайт Жүүниорын дүрийг бүтээсэн юм. Тэрээр уг дүрээрээ 2014 онд Кино жүжигчдийн холбооны (SAG) шагнал хүртэж байжээ.
Түүний менежер Шон Рейли "Митт энэ дүрийг маш бодитой амилуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх, тэдний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх томоохон индэрийг бий болгосон" хэмээн дурджээ. Митт нь тархины саажилттай иргэдийн нэгдсэн холбоо болон "Shriners Children's" эмнэлгийн элч төлөөлөгчөөр ажилладаг байв. Түүнчлэн тэрээр хэвшмэл ойлголтыг эвдэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд "Митт Сан"-г (The Mitte Foundation) үүсгэн байгуулж, хүмүүнлэгийн үйлсэд зориулж байжээ.
Браунсвилл хотын Цагдаагийн газар жүжигчний үхлийг баталж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн гадны нөлөө, гэмт хэргийн шинж чанартай зүйл илрээгүй гэв. Түүнийг 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ нас барсан байдалтай олсон бөгөөд шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж.
"Breaking Bad" цуврал нь АНУ-ын "AMC" кабелийн сувгаар 2008-2013 оны хооронд 5 улирлын турш гарсан бөгөөд түүхэн дэх хамгийн шилдэг цувралуудын нэгт тооцогддог. Винс Гиллиганы бүтээсэн уг драм нь Примтайм Эммигийн шагналд 58 удаа нэр дэвшиж, 16 удаа ялалт байгуулж байснаас 2013 болон 2014 онуудад "Шилдэг драма цуврал" шагналыг хүртэж байв.
Кинонд Брайан Крэнстоны бүтээсэн ахлах сургуулийн химийн багш хорт хавдар туссанаа мэдээд, гэр бүлээ тэжээхийн тулд “метафетамин” үйлдвэрлэж, гэмт хэргийн ертөнц рүү гүн ордог. Тэрбээр гэмт хэрэгт гүнзгийрэх тусам өөрийн хүү Уолт Жүүниороосоо улам бүр хөндийрдөг бөгөөд хүү нь эцгийнхээ үйлдэлд дургүйцэж буйгаа цувралын туршид илэрхийлдэг.
Хүүгийнх нь дүрд тоглосон залуу таалал төгссөн мэдээг сонсоод Брайан Крэнстон Инстаграм хуудсандаа гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр "Би түүнийг анх 14 настай байхад нь Уолтер Уайт Жүүниорын дүрд сонгогдоход уулзаж байлаа. Тэр дүрээ маш их баяр баясгалан, урам зоригтойгоор бүтээсэн. 2007 оны 2 дугаар сард анхны зураг авалтаа эхэлж байхад тэр хүү туршлагагүй байсан ч яваандаа үнэхээр чадварлаг жүжигчин болж өөрчлөгдөхийг бид харсан" гэж бичжээ. Мөн Крэнстон түүнийг тархины саажилттай гэдгээ хэзээ ч ямар нэгэн зүйлд шалтаг болгож байгаагүйг дурдаад "Би түүнийг маш их хайрладаг байсан, цувралын үеэр болон дараа нь ч түүнтэй хамт байх үнэхээр сайхан байдаг байв. Хүү минь, би чамайг санах болно" хэмээн эмгэнэл илэрхийлсэн байна.
Цувралын өөр нэгэн гол дүр болох Жесси Пинкмэний дүрийг бүтээсэн Аарон Пол The Hollywood Reporter сэтгүүлд өгсөн мэдэгдэлдээ "РЖ, найз минь би чамд хайртай. Чамайг маш их үгүйлж санах болно" гэжээ. Мөн түүний авга ах Хэнк Шрейдерийн дүрийг бүтээсэн Дин Норрис "РЖ бодитоор миний зээ дүү байгаагүй ч би зураг авалтын талбай дээр түүнийг үргэлж дүү шигээ халамжилдаг байсан. Тэр маш сайхан сэтгэлтэй залуу байсан бөгөөд түүнийг үүрд үгүйлж санах болно" гэж бичжээ.

Кино жүжигчдийн холбооны (SAG) шагнал гардуулах ёслолын үеэрх "Breaking Bad" цувралын жүжигчдийн баг бүрэлдэхүүн. 2014 он
Нэр алдарт хүрснийхээ дараа Митт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дүрийг кино урлагт илүү бодитой харуулахын төлөө тууштай зүтгэж ирсэн юм. Тэрээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт нийгэмд нэмэгдэж байгааг харах сайхан байгаа ч заримдаа энэ нь тууштай биш хэсэгхэн хугацааны л үзэгдэл болон өнгөрч байна" гэж 2021 онд ярьж байжээ.
РЖ Митт нь "Breaking Bad"-аас гадна "Hannah Montana", "Switched at Birth", "Westhampton" болон энэ оны эхээр нээлтээ хийсэн түүний хамгийн сүүлийн бүтээл болох "Talking to Strangers" зэрэг кинонуудад тоглосон билээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.