НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа
АНАЛИЗ

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

9 цагийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

НАТО-гийн Европ дахь Холбоотны хүчний дээд командлагч, Генерал Алексус Гринкевич

Түрэмгийллийг хаах, саармагжуулах, няцаах АНУ-ын Генерал Гринкевичийн стратеги нь Дональд Трамп Москватай түлшний талаар ярьсны дараа гарч ирэв.

The Wall Street Journal (2026-10-12)

НАТО-гийн цэргийн дээд командлагч Даваа гаригт тус холбооны цэргийн шинэ төлөвлөгөөг танилцуулж, түгшүүртэй байгаа Европыг тайвшруулахыг зорив. Уг төлөвлөгөө нь Украины дайны сургамжид үндэслэн галын хүч, автоматжуулсан (робот) систем болон мэдрэгчүүдийг хослуулан, зүүн жигүүрийн дагуу өрнөж болзошгүй Оросын довтолгоог таслан зогсоох зорилготой юм.

Генерал Алексус Гринкевичийн Хойд Атлантын гэрээний байгууллагын (НАТО) "ялалтын онол"-ын талаар хэлсэн үгэндээ анхны халдлагыг хаах, хэрэв түрэмгийлэл үргэлжилбэл дайсны цэргээ удирдах, дэмжлэг үзүүлэх чадварыг нь тасдах цуврал алхмуудыг тусгажээ.

Үүний гол зорилго нь дайсныг бүрмөсөн устгахаас татгалзах замаар ердийн болон цөмийн зэвсгийн мөргөлдөөн даамжрах эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж, түрэмгийллийг эхний шатанд нь шууд зогсоох явдал юм.

Варшавын аюулгүй байдлын форумын үеэр хэлсэн үгнийхээ дараа Гринкевич нэмж хэлэхдээ энэхүү стратегийг Оросын түрэмгийлэлд сандарч буй Европчуудыг тайвшруулах, мөн "хэрэв хэн нэгэн манай газар нутаг руу халдах тэнэг алхам хийхийг оролдвол" анхааруулга өгөх зорилгоор танилцуулсан гэв.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал Гринкевич нь Европ дахь Америкийн цэргийн хүчний дарга бөгөөд тус холбооны ерөнхий командлагчийн албыг давхар хашдаг. Тэрбээр энэхүү илтгэлээ Украины мөргөлдөөн тав дахь жилдээ орж байгаа энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Европын эсрэг төлөвлөгөөнд улам бүр санаа зовох болсон АНУ-ын ойрын холбоотон Польш улсад тавьсан юм.

НАТО-гийн сургуулилтын үеэр Хамтарсан ажиллагаа, тагнуулын мэдээллийн төвд ажиллаж буй АНУ-ын цэргийн албан хаагчид.

Энэ оны эхээр зохион байгуулагдсан "Эрх чөлөөний бамбай 2026" (Freedom Shield 2026) сургуулилтад оролцож буй Германы цэргийн албан хаагчид.

Гринкевич илтгэлдээ Москвагийн нэрийг шууд дурдаагүй ч далд утгаар анхааруулга өгч байх үед, Ерөнхийлөгч Трампын амралтын өдрүүдээр хийсэн гэнэтийн мэдэгдлүүд Европын холбоотнууд болон АНУ-ын хууль тогтоогчдыг цочролд оруулав. Трамп Оросоос дизель түлш импортлох хэлэлцээр хийснээ зарласны дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсөөр байгааг нь буруутган шүүмжилж, улмаар хоёр орны хооронд эрчим хүчний гал зогсоох хэлэлцээр байгуулснаа зарласан юм. Трампын Москватай хийсэн энэхүү гэнэтийн дипломат харилцаа НАТО-гийн ерөнхий командлагчийн илтгэлийг бүдгэрүүлэх аюулд оруулав.

"Цэргийн төлөвлөгөөг боловсруулах нь чухал боловч үүнийг хүн бүрийн санааг зовоож буй Трампын гэнэтийн шийдвэрүүд, Оросын Украины эсрэг дайн, Европын аюулгүй байдалд заналхийлж буй байдал, мөн АНУ Европын газар нутгаас цэргээ их хэмжээгээр татах уу гэх мэт асуултуудаас салгаж ойлгож болохгүй" гэж АНУ-оос НАТО-д суугаа элчин сайд асан, Трампын анхны засаглалын үед Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч байсан Курт Волкер хэлэв.

Бүгд найрамдах намын зарим хууль тогтоогчид дизель түлшний хэлэлцээртэй холбогдуулан Трампыг шүүмжилж, энэ нь Москвад нэн шаардлагатай байгаа санхүүгийн дэмжлэгийг олгож байгаа бөгөөд АНУ-ын дотоод дахь эрчим хүчний үнийг бууруулахад нөлөө үзүүлэхгүй гэж анхааруулав. Трампыг Орос, Украины хооронд эрчим хүчний гал зогсоох хэлэлцээр зарласнаас хойш удалгүй Оросын цэргүүд Украины Харьков хотын цахилгаан станц руу халдсан байна.

Гринкевичийн энэхүү тайвшруулах мэдэгдэл шаардлагатай болсон нь Хүйтэн дайнд ялж, энх тайвны үр шимийг хүртэж байна гэж нэгэнтээ итгэж байсан тус холбооны хувьд эргэлтийн цэг болж байна. НАТО өдгөө Украин руу довтолж, Барууны агаарын орон зайд дрон нэвтрүүлж, Европ дахь дэд бүтэц, цэргийн техник, батлан хамгаалах компаниудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж сэжиглэгдэж буй, хүчирхэгжиж буй Орос улстай нүүр тулж байна.

Германы тагнуулын өндөр албан тушаалтны саяхан нэрлэснээр "Сүүдрийн дайн" нь Барууны албаны хүмүүсийг сандаргаж байна. Тэд Оросын гибрид дайныг таслан зогсоох үр дүнтэй стратеги боловсруулахаар тэмцэж байгаа бөгөөд НАТО-гийн гишүүн Балтийн орнууд болон зүүн хил рүү чиглэсэн илүү томоохон хэмжээний халдлагаас хамгаалахад бэлтгэж байна.

Барууны албаны хүмүүс Украины мөргөлдөөн дууссаны дараа Орос улс Холбоотнуудын газар нутаг руу томоохон хэмжээний довтолгоо хийхэд хангалттай цэрэг, зэвсэг дайчлахаас өмнө НАТО-д хэдэн жилийн хугацаа олдоно гэж таамаглаж байсан юм.

Гэвч Путин Европын орнуудыг Киевт үзүүлж буй цэргийн тусламжаа зогсоохыг шаардаж, Германы албаны хүмүүсийн мэдээлснээр Лайпциг хотын нисэх онгоцны буудал руу тэсрэх бодис бүхий дрон илгээх зэргээр шахалт үзүүлж байгаа тул тус холбоо хамгаалалтаа улам бэхжүүлэх байдалд шуурхай ороод байна.

Гринкевичийн хэлснээр, түүний төлөвлөгөөний нууц хувилбар гурван сарын өмнө эцэслэгдсэн бөгөөд үүнд НАТО-гийн нарийн төвөгтэй зэвсгийн арсеналыг нөхөх зорилгоор Украины үр дүнтэй ашиглаж байгаа харьцангуй хямд дронуудыг буюу "хямд өртөгтэй олон тооны зэвсэг"-т хөрөнгө оруулахыг тусгажээ.

Хэрэв Орос халдвал, холбоотнуудын хамгийн эхний зорилго бол анхны довтолгоог хааж, цаашид даамжрахаас сэргийлэх явдал юм.

"Шаардлагатай бол бид дайсны цэргийн хүч болон манай эсрэг чиглэсэн байлдааны ажиллагааны системийг нь тасдан хаях болно. Дайсны бүрэлдэхүүнүүд нэмэлт хангамжгүй болж, дайсны командлагчид цэргээ удирдах чадваргүй болно. Дайсны цэргийн хүч, дэмжлэг үзүүлэх чадварыг сааруулж, устгах болно" гэж тэрбээр нэмж хэлэв.

Ийм стратеги хэрэгжүүлэхдээ НАТО-гийн командлагч тус холбоо Орос улсыг бүрмөсөн дарах эсвэл засгийн газрыг нь унагахыг зориогүй гэдгийг тэмдэглэв.

"Бид өрсөлдөгчдөө стратегийн ялагдал хүлээлгэхийг зориогүй. Харин ч бид аливаа халдлагыг эхний шатанд нь шууд зогсоохыг л зорьж байна" гэлээ.

Гэвч Гринкевич Ираны дайнаас үүдэлтэй зэвсэг, сумны хомсдолын нөхцөл байдалд тодорхой хугацааг зааж өгсөнгүй.

АНУ нь Ирантай холбоотой Ойрхи Дорнодын мөргөлдөөнд зэвсэг голдуу хэрэгслээ нийлүүлж байгаагийн улмаас Европ дахь Америкийн PAC-3 "Патриот" агаарын довтолгооноос хамгаалах пуужин болон "Atacms" газраас газарт ангиллын пуужингийн нөөц хомсдсон цаг үед НАТО-гийн энэхүү үйл ажиллагаа өрнөж байна.

Мөн Пентагон Европ дахь АНУ-ын цэргийн байршил, бүтцийг бүхэлд нь эргэн харж, хяналт шалгалт хийж дуусч байгаа бөгөөд үүний дүнд Европ дахь Америкийн цэргийн хүчийг цөөлж болзошгүй байна.

2025 оны Европын улс орнуудын батлан хамгаалахын зардал (ДНБ-д эзлэх хувиар), улс тус бүрээр

НАТО-гийн энэхүү "ялалтын онол" нь Европ дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагч асан, тус холбооны Хуурай замын цэргийн командлалын дарга байсан бэлтгэл генерал Крис Донахьюгийн хичээл зүтгэлд үндэслэсэн юм. Түүнийг Батлан хамгаалахын сайд Пит Хегсет албан тушаалынх нь зэрэглэлийг бууруулсны улмаас өнгөрсөн 7 дугаар сард албаа өгөхөөс аргагүйд хүрсэн байна.

Энэхүү тактикийг газар зүйн давуу тал болон батлан хамгаалахын асар том аж үйлдвэрийн хүчин чадлаа ашиглан НАТО-г хүчтэй хариу арга хэмжээ авч амжихаас өмнө Балтийн орнууд, Польш болон бусад холбоотнуудын эсрэг цэргийн хүчээ зузаатгах чадвартай Оросын түрэмгийллийг хаах зорилгоор боловсруулсан юм.

Уг стратегийн дагуу өргөн хүрээний "автоматжуулсан бүс" байгуулах бөгөөд ингэснээр дрон болон газрын роботууд Оросын дайралтыг сааруулж, няцаах боломжтой болно.

Үүний зэрэгцээ, холын тусгалтай пуужингуудаар Калининград (Оросын тусгаарлагдсан газар нутаг), Санкт-Петербург хотын ойролцоо болон Беларусь дахь Оросын цэргийн командлалын байр, агаарын довтолгооноос хамгаалах системүүдэд цохилт өгөх аж. Энэ нь Оросын агаарт давамгайлах оролдлогыг таслан зогсоож, АНУ-ын Хуурай замын цэргийн 5 дугаар корпус болон НАТО-гийн бусад хуурай замын хүчин сөрөг довтолгоо хийх боломжийг бүрдүүлнэ.

НАТО-гийн Агаарын цэргийн хүчин нь Оросын нэмэлт хүчийг саатуулах, мөн ар талын бусад байгууламжуудад цохилт өгөхөөр шуурхай хөдлөх юм.

НАТО-гийн эдгээр цохилтуудыг холбоотнуудын дунд үүлэн технологиор дамжуулан нууцлалтай байнуудын мэдээллийг хормын дотор хуваалцах систем буюу "өгөгдлийн гол тулгуур" дэмжих аж. Уг сүлжээний зарим элементүүдийг АНУ Ирантай сөргөлдөх үеэр Ойрхи Дорнодод аль хэдийн туршсан байна.

Энэхүү хандлагыг "Зүүн жигүүрийн тогтоон барих санаачилга" гэж нэрлэсэн бөгөөд АНУ-ын цэргийн албан тушаалтнуудын хэлснээр, үүний эцсийн зорилго нь Путиныг НАТО-гийн хамгаалалт руу харах бүртээ халдлага үйлдэх бодлоосоо ухарч, "өнөөдөр л лав биш" гэх дүгнэлтэд хүргэх явдал юм. Үүнийг бататгахын тулд холбоотнуудын хүчин бэлэн байдлаа турших, харуулах зорилгоор тасралтгүй сургуулилт хийж байна.

Гринкевичийг Варшавт үг хэлж байх үед НАТО-гийн 20,000 гаруй цэргийн албан хаагч "Тууштай дуэль" нэртэй 10 хоногийн стратегийн тоглолтод оролцож байв. Уг сургуулилтаар холбоотны 1 сая орчим цэрэг зүүн зүгээс ижил хэмжээний цэргийн хүчээр довтлох түрэмгийллийг няцааж буй хувилбарыг загварчилсан бөгөөд улс төрийн эмзэг байдлаас шалтгаалан уг дайсныг "Орос" гэж шууд нэрлээгүй байна.

Германы Бригадын генерал Томас Ловин The Wall Street Journal сонинд өгсөн ярилцлагадаа, энэхүү сургуулилт нь Гринкевичийн "ялалтын онол"-той "100 хувь яв цав нийцэж байна" гээд, ХБНГУ-ын Висбаден хот дахь АНУ-ын Европын цэргийн командлалын төв байранд болж буй уг сургуулилтын явцыг ажиглажээ.

Хамтарсан цэргийн сургуулилтын үеэрх Польш болон Литвийн цэргийн албан хаагчид.

Энэхүү сургуулилтын гол түлхүүр нь "өгөгдөлд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх дижитал системүүдийг ашиглаж, шийдвэрийг илүү хурдан гаргах, холбоог илүү үр дүнтэй хамгаалах" явдал юм гэж Ловин тэмдэглэв.

Сургуулилтын өөр нэг оролцогч тэмдэглэхдээ, бусад дасгал сургуулилтаар газраас газарт ангиллын пуужингуудыг ашиглан дайсны командлалын байруудыг устгах цохилтуудыг мөн загварчилсан гэжээ.

Гринкевич Москвагийн талаар дурдахдаа "Тэдний гол зорилгын нэг бол Барууны орнуудын Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх хүсэл зоригийг мохоох явдал юм. Тиймээс тэдний энэ бодлыг няцаах хамгийн шилдэг хариулт бол PURL хөтөлбөрт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлж, тэдний буруу гэдгийг нотлох явдал юм" гэлээ.

PURL гэдэг нь "Украины нэн тэргүүний шаардлагатай хэрэгцээний жагсаалт" (Prioritized Ukraine Requirements List) бөгөөд Киевт зэвсэг худалдан авахад зориулж санхүүгийн хандив цуглуулах НАТО-гийн систем юм.

Зарим туршлагатай албан тушаалтнууд НАТО стратегийг шинэчилж байгааг сайшааж байгаа ч холбоотнуудын гол шалгуур нь энэхүү төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө нөөцийг бодитоор гаргаж өгөх явдал юм гэдгийг сануулж байна.

Обамагийн засаглалын үед Европ болон НАТО-гийн асуудал эрхэлсэн Батлан хамгаалахын сайдын орлогчийн туслахаар ажиллаж байсан Жим Таунсенд "НАТО энэхүү шинэчлэлийг хийж байгаа нь маш сайн хэрэг, гэхдээ тэд яарах хэрэгтэй. Улс орнууд үүнийг хэрэгжүүлэх мөнгө санхүү, улс төрийн зориг гаргах ёстой. НАТО байгууллагын хувьд төлөвлөлтийг хийж чадах ч гишүүн орнууд нь өөрсдөө гэртээ хариад мөнгөө зарцуулж, цэргээ сургах шаардлагатай болно" гэв.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

АН-ын бүлэг: Х.Тэмүүжинг МоАХ, Б.Түвшинг АСХ дэмжиж байна

АН-ын бүлэг: Х.Тэмүүжинг МоАХ, Б.Түвшинг АСХ дэмжиж байна

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл давхар дээлээ тайлж, бүлгийн даргаа өгөхөө мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар тус намын бүлэг хуралдаж, дүрэмд зааснаар бүх гишүүдийг байлцуулан бүлгийн даргаа сонгохоор шийдсэн.

Oct 12, 2026

Зеленскийн довтолгоо Трампын бухимдал

Зеленскийн довтолгоо Трампын бухимдал

Goldman Sachs: $500 саяыг тараана

Goldman Sachs: $500 саяыг тараана

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо