НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оюутолгойн ногдол ашиг: Алаагүй баавгайн арьсыг хуваана
АНАЛИЗ

Оюутолгойн ногдол ашиг: Алаагүй баавгайн арьсыг хуваана

2 цагийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

2027 оны төсөв 10 их наядаар тэлсэн, үүнийг 3 их наяд нь Оюутолгойгоос авах ногдол ашиг, гэхдээ Рио Тинто ногдол ашиг хуваарилна гэж яг таг хэлээгүй.

2026 он дуусахад хоёр сар хагасын хугацаа үлдээд байна. Энэ үлдсэн хоёр сар хагасад зориулсан төсвийн тодотголыг УИХ энэ долоо хоногт батална. Өнгөрсөн 8-р сард шуурхай горимоор өргөн барьсан 2026 оны төсвийн тодотгол ийнхүү бараг хоёр сарын дараа л батлагдах нь. Хоржоонтой нь 2026 оны төсвийн тодотголтой зэрэгцэн 2027 оны төсвийн хэлэлцүүлэг УИХ-д үргэлжилж байна. Тухайн оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл хоёр парламентад зэрэгцэн хэлэлцэж байсан тохиолдлыг өмнө нь харж байгаагүй.

2027 оны төсөв бол 10 их наяд төгрөгөөр огцом тэлсэн төсөв. Тиймээс ч ирэх оны төсвийг сонгуульд зориулагдсан төсөв гэсэн шүүмжлэл хаа сайгүй сонсогдож байна. Монгол Улсын төсвийн хэмжээг харахад сонгуулийн өмнөх болон сонгуулийн жил нэмэгдэж ирсэн зүй тогтол харагддаг учраас энэ шүүмж оргүй биш.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн зарлага нь 2026 оны тодотголоос 9.6 их наяд, 2026 оны 5-р сарын 29-нд УИХ баталсан төсвийн хүрээний мэдэгдлээс 7.1 их наяд төгрөгөөр тэлжээ. Тэлэлтийн гол эх үүсвэр нь 6.71 их наяд төгрөгийн нэг удаагийн ногдол ашиг бөгөөд үүгээр урсгал зардлыг 28.9%-иар өсгөж, ДНБ-ий 29.1%-д (хуулийн хязгаар 30%) хүргэхээр төлөвлөсөн.

Ирэх оны төсвийн орлогод Монголын Засгийн газар анх удаа Оюутолгойгоос авах ногдол ашгийг оруулсанаа зарласан бөгөөд ногдол ашгийн хэмжээг хамгийн багадаа 3 их наяд төгрөг байхаар тусгасан.

Энэхүү 3 их наяд төгрөгийг дараах байдлаар хуваарилах юм:

• 2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, нийгэм, эдийн засаг болон дэд бүтцийн төслүүдэд зарцуулна,

• 1 их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдэд хүртээнэ.

Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалтад зориулсан нэг удаагийн үйлчлэлтэй Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг төсвийг дагалдуулан өргөн барьсан.

Энэхүү нэг удаагийн үйлчлэлтэй хууль нь эдийн засагт сөрөг үр дагавартай гэсэн байр суурийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ) болон Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл илэрхийлсэн.

Тухайлбал, “Дэд бүтцийг санхүүжүүлэхээр төлөвлөж буй Оюутолгойн ногдол ашиг, уул уурхайн бүтээгдэхүүний орлого нь дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнийн хэлбэлзэл, компаниудын бодит ашигт ажиллагаанаас шууд хамааралтай, тогтворгүй шинж чанартай. Энэхүү түүхий эдийн үнийн өсөлт, нэг удаагийн ногдол ашгийн хүлээлтэд тулгуурлан зарлагыг огцом тэлэх нь дараа дараагийн жилүүдийн төсвийн суурь зардлыг хиймлээр өсгөж, улсын төсөвт ирээдүйд маш том санхүүгийн ачаалал, өрийн эрсдэл бий болгоно гэдгийг хатуу анхааруулж байна” хэмээн ТТБЗ-ийн дүгнэлтэд дурдсан бол Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл Оюутолгойгоос авах ногдол ашгийн орлогыг бүрэн баталгаажсаны дараа төсөвт тусгах, эс бөгөөс ирэх оны төсвийн төслөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэж байна.

Оюутолгойгоос авах ногдол ашгийн 2 их наяд төгрөгөөр дэд бүтцийн 51 төслийг санхүүжүүлэхээр Засгийн газар тооцоолжээ.

Монголын Засгийн газрын эзэмшдэг 34%-д ногдох ногдол ашгийг “Оюутолгой” компани ирэх онд хуваарилна гэдгээ баттай хэлээгүй, зөвхөн хуваарилахыг бодолцоно гэсэн утгатай үг хэлсэнийг сануулъя.

Өнгөрсөн 9-р сарын эхээр Монголын Засгийн газар болон Рио Тинто групп Оюутолгой төслийн зээлийн хүү болон менежмэнтийн төлбөрийг бууруулах түүхэн хэлэлцээрийг баталгаажуулсан. Рио Тинто группын захирал Саймон Тротт энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахаар Улаанбаатарт ирсэн. Гарын үсэг зурсаныхаа дараа хэлсэн үгэндээ “Бид өнөөдөр мөн Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ” хэмээснийг эшилье.

Одоогоор Саймон Троттын хэлсэн эцсийн шийдэлд хүрээгүй байгаа. Тэгэхээр бид алаагүй баавгайн арьсыг нь хэрхэн хуваах талаар мөрөөдөцгөөж байна л гэсэн үг.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

АН-ын бүлэг: Х.Тэмүүжинг МоАХ, Б.Түвшинг АСХ дэмжиж байна

АН-ын бүлэг: Х.Тэмүүжинг МоАХ, Б.Түвшинг АСХ дэмжиж байна

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл давхар дээлээ тайлж, бүлгийн даргаа өгөхөө мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар тус намын бүлэг хуралдаж, дүрэмд зааснаар бүх гишүүдийг байлцуулан бүлгийн даргаа сонгохоор шийдсэн.

Oct 12, 2026

Goldman Sachs: $500 саяыг тараана

Goldman Sachs: $500 саяыг тараана

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Ч.Номингийн дараагийн мөнгө угаах төсөл буюу “Ногоон дата”-г тойрсон болгоомжлол

Ч.Номингийн дараагийн мөнгө угаах төсөл буюу “Ногоон дата”-г тойрсон болгоомжлол