

Улс төрийн сонгууль, улсын наадам хоёр угтаа адилхан. Наадам ч тэр, сонгууль ч тэр олон нийтэд цэнгэл ба сонголт өгдөг ч цаана нь асар том хөрөнгө, эрх мэдлийн хуваарилалтын төлөөх хуйвалдаан, тэмцэл, найраа, нанчилдаан өрнөж байдаг.
Нөгөөтэйгүүр, Монголын улс төрийн сонгууль уламжлалт баяр хоёр сэтгэлгээний хувьд хоорондоо гүн, гүнзгий холбоотой. Монголчуудын нутгархаг үзэл нь улс төр, баяр наадмын гол феномен байдаг. Үндсэндээ, монгол хүний нутгархаг сэтгэлгээ хамгийн ил тодоор харагддаг хоёрхон талбар бий. Нэг нь, үндэсний баяр наадам, нөгөө нь улс төрийн сонгууль. Наадамд хаанахын морь, бөх төрүүлэхээс улс төрийн сонгуулийн дүр төрх харагддаг гэх уламжлалт ойлголт ч бий.
Дараа жилийн наадам ч, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль ч даанч ойрхон иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч нь улс орон даяар хамгийн олон сонгогчийн шууд саналаар сонгогддог, бүх ард түмний мандаттай ганц албан тушаалтан. Монголд өөр ямар ч албан тушаалтан бүх ард түмнээс шууд санал авч сонгогддоггүй. Гадаадад улсаа бүрэн төлөөлөх эрхтэй, ҮАБЗ-ийг даргалдаг, бүх цэргийн ерөнхий командлагч.
Бэлгэдэл төдий албан тушаалтан бишийн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд аль нам, бүлэглэл, хэн ялалт байгуулахаас улс орны эдийн засаг, гадаад харилцаа, дотоодын улс төр шууд хамаардаг.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн тав нам парламентад суудал авсан нь өнөөдрийн үйл явдлаас эргэж харвал Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан хурдан морины уралдааны хуучин арга заль болох “Алсын хараа 2027” байж ч мэдэх юм.
Өнөөдрийн улс төрд өрнөж буй үйл явдлаас дүгнэхэд Монголын долоо дахь Төрийн тэргүүнийг сонгох ес дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн улс төрийн намуудын дунд биш фракц бүлэглэлүүдийн дунд өрнөх төлөвтэй. Улс төрийн бусад сонгуулиас ялгаатай нь Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн намуудын дунд биш бүлэг фракцуудын дунд өрнөдөг онцлогтой.
Нэг.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ одоогоор МАН-аас Г.Занданшатар, АН-аас Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар албан ёсоор зарласан. Ерөнхий сайд асан Г.Занданшатар орон даяар “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа албан ёсоор зарласан нь чухамдаа Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан сурталчилгаагаа албан бусаар эхлүүлж байгаа нь энэ юм. Тэрбээр МАН-аас нэр дэвшихээр горилж буй кандитатуудын жагсаалтыг тэргүүлж яваа ч одооогоор хэнийг нэр дэвшүүлэхийг намын дарга Н.Учрал ганцаараа шийдэхгүй. Намын Их хурал, Бага хурлаараа нэр дэвшигчээ тодруулах МАН дүрэм бий ч чухамдаа хөшигний арын фракц бүлэглэлүүдийн тохироо л шийднэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс орны гадаад болон дотоод аюулгүй байдлыг хамгаалагч байх ёстой. Ийм манлайлагчийн чадвар, удирдагчийн арга барилыг хослуулсан хүн гэвэл Монголд У.Хүрэлсүхийн хэмжээнд яригдах лидер одоогоор алга. Тэр утгаараа дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн өрсөлдөхөд одоогийн Ерөнхийлөгч нөлөөлөх хэмжээнд оролцох нь ойлгомжтой.
Лидерийг тогтолцоо нь төрүүлэх нь ч бий. Хувь хүний характер, харизм ч манлайлалд хүргэдэг. Манай улсын хувьд тогтолцооноос илүү хувь хүний өөрийнх нь манлайлах ур чадвар, ухаан хийгээд эр зоригтой лидер болгон төлөвшүүлдэг. Бас хувь тавилан гэж бий. Наадамд хэний морь түрүүлэхийг тэр өдрийн тэнгэр мэддэг шиг сонгуульд хэн ялагч болохыг аз хийгээд хувь тавилан ч шийднэ.
Парламентад суудалтай таван намаас нэр дэвшихээр горилж яваа дарга-улстөрч цөөнгүй ч, манлайлах харизмтай нь цөөн. Тэр тусмаа манлайлагч хэзээ ухарч, хэзээ довтлохоо сайтар тооцдог. Ухарч чаддаггүй манлайлагч тулаанд мөхдөг. Довтолж чаддаггүй манлайлагч дайнд ялагддаг нь жам юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхий зарлаагүй ч УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан, Хууль зүйн сайд асан С.Амарсайхан, хотын дарга асан Д.Сумъяабазар нар бие халаалтдаа хэдийнэ орцгоосон. Ардчилсан намаас О.Цогтгэрэл, Д.Пүрэвдорж нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит кандитатуудын дунд ч бичигдэж буй. ХҮН намаас “Алтан дорнод Монгол”-ын Т.Ганболд, ИЗНН-аас намын дарга Б.Батбаатар нэр дэвшихээр горилж яваа. Харин Үндэсний эвслийн Н.Номтойбаяр одоохондоо хөзрийн модоо нуух маягтай.
Хоёр.
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн МАН, АН хоёрын дунд болно гэж харах нь өрөөсгөл дүгнэлт. Ялангуяа таван нэр дэвшигчтэй Ерөнхийлөгчийн сонгуулийг урьдчилсан таамаглахад бэрх. Судалгаанаас харахад горилогчдын дунд рейтингээрээ тасарсан манлайлагч бараг алга.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нарын дунд таамаглаагүй ширүүн өрсөлдөөн өрнөж, хоёр шаттай сонгууль явагдсан. Хоёрдугаар шатанд цагаан сонголт ялахад ердөө 5-хан мянган санал дутсаны улмаас Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болж байв. 2021 оны сонгуулиар Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэнгүй гэж АН-ынхан С.Эрдэнийнхээ эсрэг ажилласан. Санал хураалтын дүнгээр У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж, АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ цагаан сонголтоос чүд илүү, 5.9%-ийн санал цуглуулж, ХҮН намаас нэр дэвшсэн Д.Энхбатад 247 мянган сонгогч саналаа өгснөөс харвал хоёр том намын нэр дэвшигч өвдөг шороодох эрсдэлтэй.
Парламентад олон суудалтай хоёр том намын хувьд МАН-д ч, АН-д ч горилогч олон. Тэтгэвэртээ хэдийнэ суусан Ц.Нямдорж хүртэл нэр дэвших бодолтой яваа нь цуу яриа биш нь мэдээж.
Горилогчдыг шинжилбэл, Г.Занданшатар, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар МАН-ын нэг фракц. С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёр нам дамжсан нэг уяаны морьд.
Аравдугаар сарын 2-нд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөсөн С.Амарсайхан болоод өдөр бүхэн бэлтгэл хийж буйгаа сошиалд цацах болсон Д.Сумъяабазар нар МАН-аас нэр дэвших боломж бага. Гэсэн хэдий ч тэд бие халаалтаа эхлүүлсэн нь өөр зорилготой, өөр даалгавартай ч байх магадлалтай. Д.Сумъяабазар, С.Амарсайхан ч нар өөр намаас нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн гэдэг нь хамгийн байж болох хувилбар. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдах нь эрх баригч нам дахь эсрэг бүлэглэлийнхний хүсэл агаад зорилго. Иймээс ч тэд МАН-ын эсрэг сүүлчийн сумаа тавина.
ИЗНН-аас Б.Батбаатарын оронд Д.Сумъяабазар нэр дэвшихэд гайхах хэрэггүй. ИЗНН угтаа Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын ХХК болсноо хэдийнэ таниулсан. Хотын дарга асан Д.Сумъяабазарын хувьд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нартай хэл амаа ололцож чадна. Тэр тусмаа Х.Нямбаатар нь Д.Сумъяабазарын улс төрийн хуурай ганц дүү. Төрсөн дүү Д.Дагвадорж нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын бас нэг хуурай дүү.
Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр өөрийг нь намаас хөөж явсан Д.Амарбаясгалангийн улс төрд ил цагаан үйлчлэх болсон. Тиймээс түүний намаас С.Амарсайханыг нэр дэвшүүлэх нь бодит яриа, тохироо байж мэднэ. С.Амарсайхан нь Д.Амарбаясгалангийн гарын хүн. Н.Номтойбаяр ч түүний Шадар сайдын суудлыг залгамжилсан нь аливаа асуудлыг нуух учир жанцантай томилгоо гэж хардах үндэслэлтэй. Хариуд нь С.Амарсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа МАК компанийн ШШГЕГ-т төлөх ёстой 53 тэрбумыг өрийг нам дарсан байх талтай юм.
Л.Гантөмөр, О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг гурав Увс фракц. Гурвуулаа улс төрийн хувьд МАН+Женко бүлэглэлтэй ихээхэн ойр дотно харилцаатай хүмүүс. Л.Гантөмөр Ерөнхийлөгч болохоор 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө Л.Оюун-Эрдэнэтэй тохирч, АН-ын ялалтыг 8 сайдаар наймаалцсан гэх хардлага нам дотор нь бий. Мэдээж, овоо босгосон учраас шаазгай шагширч таарна. Н.Алтанхуяг засгийг нь заналтайгаар огцруулсан Х.Баттулгынхаа баруун гар шахуу нь явсан. Тэгвэл өнгөрсөн хавраас хойших О.Цогтгэрэлийн улс төр ерөнхийдөө Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талдаа гэж уншигдаж буй. Ингээд харвал өөр, өөр намаас нэр дэвшсэн өрсөлдөгч мэт боловч үндсэндээ нэг уяаны олон морь уралдуулах нь "гол уяач"-ийн ялалтынх нь тактик байж болно. Хэн ч яллаа гэсэн ялгаагүй нэг л уяаны морьд.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.