2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цэргийн тусгай ажиллагаа явуулж, Николас Мадурог баривчилсан нь дэлхийн улс орнуудын 2026 оны улс төр-эдийн засгийн бодлогыг бүхэлд нь эвдэж байна. Энэ бол монголчуудын телевизээр үздэг Холливудын кино биш бодит байдал.
Вашингтоны шөнийн ажиллагаа монголчуудын хувьд баруун хагас бөмбөрцгийн явдал мэт хол боловч Монголын хоёр хөрш болох Орос, Хятадын эдийн засагт сөргөөр тусна. Монголын эдийн засагт эрвээхэйн нөлөө үзүүлнэ.
Эрвээхэйн эффектэд Монгол Улс бэлдэх ёстой. Гэвч өнөөдрийн хувьд Монгол Улсад Butterfly effect-ийг давах бэлээхэн жор алга. Мэдээж, төр засгийн удирдлагууд эдийн засагт ирэх сөрөг нөлөөллийг тооцон, хямралыг давах төлөвлөгөөгөө зурж суугаа гэж найдъя.
Венесуэлийн 303 тэрбум баррель газрын тосны батлагдсан нөөцийг ашиглахаар олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн Хятадын хувьд эдийн засгийн том шаталт амсаж мэдэхээр байгаа юм. Гадны шинжээчдийн таамаглалд дурдсанчлан Венесуэлийн шинэ Засгийн газар Хятадтай хийсэн Мадурогийн хөрөнгө оруулалтын гэрээг хууль бус гэж үзвэл байдал улам төвөгтэй нөхцөлд шилжиж магадгүй. Венесуэлийн газрын тосны номер нэг хэрэглэгч бол Бээжин агаад жил бүр Каракасын нефтийн 80 гаруй хувийг Хятад руу экспортлодог.
Трамп Хятадад Венесуэлийн газрын тосыг үргэлжлүүлэн нийлүүлнэ гэж мэдэгдсэн ч Мадурогийн баривчилгааны гол агуулга нь Бээжин, Моксвад эдийн засгийн дарамт өгөх зорилготой. Бээжин ч тэр, Москва ч мөн адил эдийн засгийн хямралд орох нь тэднээс экспорт, импортын хараат Монголын хувьд таатай зүйл биш билээ.
ОХУ Мадуротой $30 тэрбумын хэлэлцээ хийж, нефтийг нь зэвсгээр бартердаж байсан. Тиймээс Венесуэль дэх геополитикийн хяналтаа алдах нь Оросод маш муу үйл явдал.
ОХУ-ын дотоодын нефтийн салбар ч Украины дроны довтолгооны улмаас доголдож эхэлсэн. Украины дрон Оросын нефтийн үйлдвэрлэл, нөөцийн агуулахын 30 гаруй хувийг доголдолд хүргэсний улмаас хойд хөршийн дотоодын зах зээл шатахууны гүнзгий хомсдолд нэрвэгдэж байна.
Кремлийн дайны санхүүжилт хомсдолд орж, үүнийг нөхөхийн тулд ОХУ-ын Засгийн газар аж ахуйн нэгж, айл өрхүүдийн албан татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах болсон байна. Татвар дарамт нийт эдийн засагт нь хямрал дагуулах болсон юм. Оросын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрснээр Москвад банкны дампуурал нүүрлэж, эдийн засгаа татан унагааж магадгүй гэсэн болгоомжлол ч барууны хэвлэлээр харагдах болсон.
Трампын шөнийн операци Оросын дотоодын хомсдол дээр гадаад хямрал нэмэх нь гарцаагүй.
Монгол далайд гарцгүй, хоёр том хөрштэй, жижиг улс. Эрчим хүч, шатахууны хувьд Кремлиэс хамааралтай амьдардаг. Жилийн шатахууны хэрэглээнийхээ 90 хувийг ОХУ-аас импортлодог. Дотоодын шатахууны хэрэглээ жил бүрэн өсөн нэмэгдсээр, 2024 онд ОХУ-тай 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай худалдаа хийсэн нь шатахууны хувьд бүрэн хамааралтайг харуулсан статистик үзүүлэлт юм.
Салбарын яамнаас 2026 оны нэгдүгээр сард Оросоос 136470 тонн АИ92 болон АИ95 бензин захиалсан нь өнгөрсөн сарынхнаас 60 орчим хувиар нэмэгдсэн үг болохыг тайлбарлаж буй. Гэсэн хэдий ч дотоодын зах зээлд шатахууны хомсдол цаашид үргэжлэх гадаад эрсдэл бодитоор нүүрлэж эхэлсэн.
Бодит эрсдлээс хамгаалах, шатахууны хомсдлоос гарах гарц гаргалгааг хайх, дараагийн “b,d,c” төлөвлөгөөгөө импортлогчид болон салбарын яам хамтдаа суугаад боловсруулах шаардлагатай болж байна.
Шинэ оны өмнөхөн Монголд цөөнгүй хоног шатахууны хомсдол нүүрлэсэн бий. Иймээс Уул уурхайн сайд Г.Дамдинням Оросын шатахууны хараат байдлаас гарахын тулд Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг хамгийн багадаа 20 хувь хүргэнэ гэж тооцож суусан юм. Монгол Улс нийт шатахууны хэрэглээний 5%-ийг Хятадаас нийлүүлдэг. Урд хөршөөс оруулж ирдэг, евростандартын шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр Оросын 90 хувийн хамаарлаа бага зэрэг бууруулахаар төлөвлөж байсан билээ. Гэвч энэ төлөвлөгөөг өөрчлөх, таамаглаагүй нөхцөл нэгэнт үүссэн. Иймээс дараагийн хувилбартаа шилжих буюу шатахууны тусгай зөвшөөрөл болон үнийг чөлөөлөх, 3-6 сарын нөөцийн агуулах барих ажлуудыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй.
Улсын инфляци болон Улаанбаатарын инфляцид сөргөөр нөлөөлдөг хоёр хүчин зүйлс нь шатахуун ба мах. Дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд Монголын малын тоо, толгой 90 саяд хүрч байв. Харин өнгөрсөн 2025 онд 40 саяар буурч 51 сая толгой мал тоолуулсан нь зах зээлд махны үнэ нэмэгдэх нэг бодит шалтгаан болсон.
Малын тоо толгой буурсныг хэд, хэдэн хүчин зүйлстэй холбон тайлбарлаж болно. Нэгдүгээрт, малчид малын тоо толгойноос илүү амьдралын чанартаа анхаарч эхэлснийх юм. Хоёрдугаарт, "Шинэ хоршоо" аяны хүрээнд малчдад 50 сая хүртлэх зээл олгосон нь эргээд махны үнэд сөргөөр нөлөөлж байна. Гуравдугаарт, махны экспорт нэмэгдсэн. Монголчууд 2025 онд 58 мянган тонн мах гадагшаа гаргажээ.
Төр засгийн популист бодлогын уршиг ч дотоодын зах зээлд сөрөг нөлөөлөл үзүүлсэн хэвээр, үүн дээр их гүрнүүдийн эдийн засгийн дайнд Монгол Улс тодорхой хэмжээгээр нэрвэгдэх нь дамжиггүй. Тэгэхээр айсуй хямралаас "нуугдах" бус бодитоор дүгнэж байж асуудлыг шийдвэрлэж чадна.
Монголын экспорт, импорт Эрээн, Баяннуураас багагүй хамааралтай. Дэлхийн 159 оронтой худалдаа, наймаа хийдэг ч экспортын 90%, импортын 36.8%-ийг Хятад эзэлдэг.
Нэн ялангуяа улсын төсвийн 40 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч бол Бээжин. Бээжин найтаахад Монгол хатгаа тусна гэх үгийг хэн нэгэн санамсаргүй зохиочихоогүй юм.
Урд хөршийн үл хөдлөх хөрөнгийн салбарт тулгарч буй сорилтууд, худалдааны бодлогын тодорхойгүй байдлын улмаас дотоодын эдийн засаг нь өсөлт багатай хэвээр байгаа аж. Дэлхийн банкны тайланд “Ирэх жилүүдэд Хятадын өсөлт дотоодын эрэлтээс ихээхэн шалтгаалах"-ыг онцолсон нь Монголд давхар анхааруулга болох ёстой.
Шинэ оны өмнөхөн Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы хуралдаанд оролцож, АН-ын бүлгийн асуулгад хариулахдаа “2026 онд эдийн засаг улам хүндэрнэ” гэсэн нь муу ёрлосон гэхээсээ илүү бодит нөхцлөө харсан гоёчлоогүй таамаглал байх. Харин түүний огтоос таамаглаагүй үйл явдал бол Венесуэльд дэг журам сахиулсан Вашингтоны ажиллагаа. Тэгэхээр энэ онд Монголын эдийн засгийн байдал тун таагүй байх дүр зураг харагдаж байна. Хэдийгээр Монгол Улсын валютын нөөц $7 тэрбумд хүрсэн гэх эерэг мэдээг Төв банкны өгч байгаа ч үүнд тайвшрах хэрэггүй.
Хямрал хойно үлдээгүй, урд нүүрлэж байна!
Долларын нөөцөө шавхчихалгүй, аривжуулах ямар төсөл хөтөлбөр байна, тэр болгоныг хэрэгжүүлж байж л их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөнийг хохирол багатай давахыг Ерөнхий сайд асан М.Энхсайхан зөвлөж сууна. Ингэхийн тулд үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх нь Засгийн газрын 2026 оны гол шийдэл байх учиртай. Тэгэхээр Монголын төр стратегийн орд, Баялгийн сан, 34 хувь, хавтгайрсан халамж, төрийн өмчийг нэмэгдүүлэх гэх мэт яриагаа нэг хэсэгтээ л мартаж таарах нь.
“Оюутолгойд хувь эзэмшихээс илүү өсөн нэмэгдэх АМНАТ-ыг авах ёстой" гэж Засгийн газрын тэргүүн байр сууриа илэрхийлсэн. Олон жилийн хэрүүл, маргаанаа эцэслэхгүйгээр “Оюутолгой” дээр олон салаа улс төр хийвэл Монгол хямрал дээрээ гарз амсаж мэднэ. "Оюутолгой"-н хувь заяатай холбоотой асуудал Москвад ч, Бээжинд ч хөндөгдөж эхэлсэн.
Эрх баригчид юун түрүүнд “Рио Тинто”-той хэлэлцээ хийхэд бэлтгэх нь чухал. Нэмээд уран, газрын ховор элемент, нүүрсний шинэ ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, их мөнгө олох төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх ёстой. Хямралын ямар ч цохилтыг даадаг, улам хэрсүүждэг, борогшуу эдийн засагтай болохоос өөр сонголтгүйг Ерөнхий сайд асан М.Энхсайхан онцолсныг энэ дашрамд дуулгахад буруудахгүй болов уу!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16