2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25


Өнгөрөгч Бямба гаригт Улаанбаатар марафон болж, найман настай балчираас 80 настай ахмадууд хүртэл гүйцгээв.
Арван нэгэн жилийн түүхтэй хотын марафоноос энэ удаад хотын захиргаа багагүй ашиг олжээ. Энэ талаар Нийслэлийн орлогч дарга А.Амартүвшингийн өгсөн мэдээлэл нь “Улаанбаатар марафоныг зохион байгуулахад НЗДТГ-аас ₮900 саяын зарцуулж, ₮1.2 тэрбумын орлого олсон” гэх үг. Гэвчиг эндээс хоёр асуулт тавигдаж байна. Нэгд, хот ашгийн байгууллага мөн үү. Хоёрт, хэрвээ хот ашгийн төлөө хувийн хэвшилтэй өрсөлдөх юм бол иргэд татвар, хураамж төлөх шаардлагатай юу?!
-Нэг-
Үндсэн хуульдаа ардчилсан, чөлөөт зах зээлтэй улс гэж суулгаж өгсөн ч Монголд төвлөрсөн том төсөвтэй төрийн байгууллагууд хувийн хэвшлийн гол өрсөлдөгч болж хувирсан. Товчхондоо, Монголоос социализм явсан ч, монголчууд социализмаасааа салаагүй. Жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрийн гол өрсөлдөгч нь “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд “Энержи ресурс” болсон. Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газрын үед төрийн дайснууд нь үндэсний компаниуд байв.
Төрч өмчтэй байх тусмаа тэр нь ард түмний биш авлигачдын өмч болж дуусдаг. Жишээ нь, “Эрдэнэт” дээр нүүрлэсэн ган бөмбөлгийн цавчаа, “Эрдэнэс Тавантолгой” дээр үүрлэсэн нүүрсний хулгай. Нэмээд нийслэл хотод, Х.Нямбаатарын үед дарга нарын хулгай улаан цагаандаа гарсан. Хяналт тавьсан, хариуцлага нэхсэн иргэдээ зандарч, загнаж байгаад хулгайлдаг байлаа.
Ямар сайндаа л НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар гэж нөхөр “Нийслэлийн төлөөлөгч хүн нийслэлийн тендерт орж болохгүй гэсэн хууль байхгүй” гэж эргүүтээд зогсож байх жишээний. Ийм хууль Монголд бий, тэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль юм.
Уг хуульд, Нийтийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэж зааж өгсөн. Мөн хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг, ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөхийг хэлнэ гээд цагаан дээр хараар бичээд баталчихсан юм.
Тиймээс эрх зүйт төртэй улсад үүнийг авлига, албан тушаалын хэрэг гэж үздэг. Бээжинд хулгай хийсэн, авлига авсан нь баригдвал толгойгоо авхуулж, БНСУ-д нэг насаараа шоронд сууж, Японд олон жилийн ял авч, АНУ-д асар өндөр торгуульд унаж, авлигажсан хөрөнгөө хураалгадаг. Харин Монголд авлига авсан дарга ард түмний баатар болдог.
Хуулийн засаглалтай улсад төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт” төслөөс ₮200 гаруй тэрбумын тендер авсныхаа төлөө шоронд суух ялтай. Адаглаад л Хангарьд ордноос аль хэзээний хөөгдчихсөн байх "гэм"-тэй хүн.
Мэдээлэлд ойр эрх мэдлээ урвуулан ашигласан, үүнийх нь ард нь авлига, хулгай байж болзошгүй, эрүүгийн энэ мэт гэмт хэргийн шинжтэй асуудалд нэр холбогдсон атлаа ёс суртахууны бүү хэл хуулийн хариуцлагаас мултардаг жишиг Монголд хэдийнэ тогтсон. Атал Авлигатай тэмцэх үүрэг бүхий АТГ нь том махчин загаснуудыг биш жижигхээн жараахай нарыг ангуучилдаг бичигдээгүй хуультай. Чухамдаа 100 тэрбумыг хулгайлсан Б.Сэргэлэнбаатар гэмгүй үлдэж, 100 мянгыг авлигад авсан цагдаа ял авдаг даабль стандарт "дарга ангид" үйлчилдэг.
А.Амартүвшингийн өгсөн мэдээлэл үндсэндээ ганц марафоны тухай яриа биш. Хот гэж юу вэ, хотын үндсэн үүрэг юу вэ гэх асуудлыг хөндөж буй юм.
Хариулт нь хот бизнесийн байгууллага мэдээж биш. Татвар төлөгчдийн мөнгөөр нийтийн үйлчилгээ үзүүлдэг институци. Тиймээс хотын ажлыг цэвэр ашиг, алдагдлын тоогоор хэмжих ёсгүй гэсэн үг. "Х.Нямбаатар нийслэлийг ₮2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өглөө" гэх мэдээ жинхэнээсээ элэг хөшөөм эзэнтэй хийгээд ичгүүртэй онигоо. Тэрхүү ₮2.5 их наяд нийслэлийн иргэдийн татвар, торгууль, хураамжийн мөнгө. Х.Нямбаатар бизнес хийгээд олчихсон мөнгө биш юм.
Хотын дарга нарын хувьд нийслэлийн төсвийг зөв зарцуулсан уу, буруугаар зарцуулсан уу, нийтэд нь зарцуулсан уу, хувьдаа хулгайлсан уу гэх ганцхан асуулт тавигдах ёстой. Жишээ нь, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар шиг хувьдаа ашиг хонжоо хийж болохгүй гэсэн үг. Хотын төсөв хотын дарга асны хонгор шар нохойн хоол болсон уу гэдэг ч байх ёсны хардлага мөн.
-Хоёр-
Нийслэлийн орлогч А.Амартүвшингийн awareness-ээр харвал хүүхдийн тоглоомын талбай алдагдалтай, нийслэлийн тохижуулалт ашиггүй, ногоон байгууламж орлого олохгүй учраас хэрэггүй бололтой. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй хотууд яг ийм ашиггүй бүтээн байгуулалтад хамгийн их хөрөнгө оруулдаг. Учир нь хотын үнэт зүйл нь мөнгө биш амьдрах орчин юм. Цементэн хана биш ногоон байгууламж байдаг.
Нөгөө талдаа марафон нь зүгээр нэг спортын арга хэмжээ гэвэл хямдхан ойлголт болно. Нью-Йорк, Берлин, Токио, Бостоны марафонууд хотын эдийн засагтаа асар их нөлөө үзүүлдэг. Зочид буудал нь дүүрдэг, ресторануудынх нь орлого өсдөг, аялал жуулчлал нь идэвхждэг, хотын нэр хүнд дэлхийд түгдэг.
Тэд марафоныг төсөвт төлөх тасалбарын ашгаар биш, хувийн хэвшилд үзүүлэх урт хугацааны өгөөжөөр хэмждэг.
Тиймээс юуны өмнө Улаанбаатар марафонд нийслэлчүүдийн татварын мөнгөнөөс санхүүжсэн ₮900 сая юунд зарцуулсан бэ гэх тайлангаа хотын дарга нар иргэддээ тайлагнах шаардлагатай. Мөн ₮1.2 тэрбумын орлого яг юунаас бүрдсэнийг иргэд мэдэх эрхтэй. Ивээн тэтгэгчдийн хувь хэд байсан бэ, энэ мөнгийг цаашид юунд үрэхээр төлөвлөж байгаагаа ч ил тод, шилэн болгох ёстой. Марафоны ашиг нийслэлийн хэн нэгэн даргын халаасанд орох бас нэгэн халааснаас гарах зардал болохгүй гэсэн баталгаа бий юу. Учир нь, Хүүхдийн төлөө фондын мөнгө яалаа, “Рио Тинто”-гийн $20 сая юу боллоо, бас Гөлгөө яалаа, үеэлүүд яав! ₮900 саяын санхүүжилттэй Улаанбаатар марафон хувийн бизнесүүдэд ямар нөлөө үзүүлсэн бэ?! Аялал жуулчлалын бодит өгөөж гарсан эсэхээр л арга хэмжээний үр ашгийг тооцох учиртай юм.
НЗДТГ нийслэлчүүдийн төлсөн татварыг замаас нь хулгайлахгүйгээр нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хөрөнгө зарцуулах, бодлого төлөвлөх, шийдэл гаргах үүрэгтэй төрийн институци. Зарцуулсан зарим хөрөнгө оруулалт шууд мөнгө болж эргэж ирэхгүй ч хотын соёл, эрүүл мэнд, үнэ цэн болж үлддэг. Аль ч улсын хотын хөгжлийг ашгийн тайлангаар биш, иргэдийн амьдрах чанараар хэмждэг.
Иймээс хотын шинэ дарга нарт зөвлөхөд хот ашгийн төлөөх хувийн компани биш, хотын дарга нар CEO бүр биш!
Улаанбаатарын шинэ захирагч Д.Пүрэвдагва тамга авахдаа хэлсэн “Хот хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Хувийн хэвшлийн хийж чадах ажлыг төр булаахгүй” гэх үгэндээ л харин ямагт эзэн болоорой доо!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25