2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26


Die Tageszeitung
Путины стратеги нэгэн цагт Европыг Оросын газрын тос, байгалийн хийнээс хараат болгоход чиглэж байсан юм. Гэвч түүний төлөвлөгөө бүтэлгүйтсэн нь Кремлийн эзнээс өөрөөс нь шалтгаалсан хэрэг. Украины эсрэг эхлүүлсэн түүний түрэмгий дайн нь Орост тооцоолоогүй хатуу хориг арга хэмжээнүүдийг дагуулсан юм. Ялангуяа Оросын байгалийн хийн импортыг Европынхон 2027 оны 9-р сарын эцэс гэхэд бүрмөсөн зогсоох болсон нь Москвагийн эдийн засагт асар том асуудал болж байна.
Европыг өөрийн хараат болгохоор том амбицад автаж явсан Путин өдгөө өөрөө БНХАУ-аас бүрэн хамааралтай болжээ. Тэрбээр зүүн хөрш рүүгээ байгалийн хийгээ асар их хөнгөлөлттэй үнээр шахан борлуулахаас өөр аргагүй байдалд орсон. Энэ хамаарлыг нь ашиглан Ши Жиньпин Оросыг яг л нимбэг шиг шахаж байна. Путинд үүнийг эсэргүүцэх чадал бараг алга. Учир нь, Кремлийн сан хөмрөг хоосорч байна.
“Ганхашгүй харилцаа“. БНХАУ-ын Төрийн болон Намын тэргүүн Си Жиньпин хөрш зэргэлдээх асар том гүрэн болох Оростой тогтоосон харилцаагаа ийнхүү нэрлэсэн. Гэсэн хэдий ч Бээжин хотноо зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр улсын "ганхашгүй нөхөрлөл", стратегийн түншлэлээ дэлхий дахинд дахин тунхаглан зарлав. Гэвч энэхүү уулзалтын уур амьсгал, дипломат протокол болон хөшигний ард өрнөсөн эдийн засгийн хэлэлцээрүүд нь хоёр гүрний харилцаанд хүчний тэнцвэр Бээжингийн талд бүрмөсөн хазайсаныг бэлхнээ гэрчилж байна. Путин одоо Ши Жиньпиний энэхүү хавчилгаа шахалтаас мултарч чадахааргүй болсон. Хятадын суудлын автомашин, ачааны тэрэг, автобусны худалдаа хэдийнэ Оросын шинэ автомашины борлуулалтыг давж, үндэсний үйлдвэрүүдийг дампуурлын ирмэгт аваачсан. Оросын бусад салбарт ч байдал үүнтэй төстэй болсон. Энэ бол хоёр талын яриад байгаа "эдийн засгийн эрчимжсэн хамтын ажиллагаа" гэдгээс хамаагүй том, хамгийн эмзэг асуудал болжээ.
Олон улсын ажиглагчдын хувьд Бээжингийн нисэх онгоцны буудалд өрнөсөн үйл явдал цаг хугацааны ухралт мэт сэтгэгдэл төрүүлж байв. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "Air Force One" хөлөг бууж байсан тэрхүү зурваст Владимир Путины "Ильюшин" хөлөг газардав. Хоёр удирдагчийг хоёуланг нь туг далбаа барьсан хятад оюутнууд болон Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд угтан авсан юм. Гэвч Оросын Ерөнхийлөгчийг угтахаар Ерөнхий сайдын орлогч Хань Жөн бус, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд бөгөөд Ши Жиньпиний баруун гар гэгддэг Ван И биечлэн ирсэн нь Бээжингийн зүгээс ОХУ-д үзүүлж буй дипломат эрэмбэ, хандлагын илэрхийлэл байлаа.
Путин гүрнийхээ баруун хязгаарт хийж буй газар нутгаа тэлэх гэсэн амбицаа зөвхөн Бээжин түүнд үзүүлэх дэмжлэгээ зогсоохгүй байх тохиолдолд л үргэлжлүүлж чадна. Хэрэв Бээжин Орост нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ зогсоовол Москва Украины дайнаа зогсоохоос өөр аргагүйд хүрнэ.
Нөгөө талдаа Хятад улсын дипломат нөлөө өнөөдөр дэлхийн тавцанд асар хурдацтай өсөж байна. Бээжин хот олон улсын томоохон гүрнүүдийн дипломат харилцааны төв цэг болон хувирчээ. АИХ-ын ордны өмнө Ши Жиньпин өөрийн "хуучин анд" Путиныг хүлээн авах үед хоёр удирдагч өмнө нь 40 гаруй удаа уулзаж байсан түүх хөндөгдөв. Хятад улс нь сүүлийн 16 жилийн турш ОХУ-ын хамгийн чухал, том худалдааны түнш байсаар ирсэн юм.
Уулзалтын эхэнд хийсэн мэдэгдлүүд уламжлал ёсоор найрсаг дулаан уур амьсгалтай байлаа. Владимир Путин хоёр улсын хоёр талт харилцааг өндрөөр үнэлж, "урьд хожид үзэгдээгүй өндөр түвшинд" хүрсэн бөгөөд "олон улсын тавцан дахь хамгийн чухал тогтворжуулагч хүчин зүйл" хэмээн сайшаав. Үүний эсрэгээр Ши Жиньпиний мэдэгдэл илүү прагматик, нухацтай байлаа. Тэрбээр үймээн самуун, тогтворгүй байдлаар тодорхойлогдож буй олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Орос хоёр улс иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа урагшлуулах шаардлагатайг тэмдэглэсэн юм.
Энэхүү уулзалтаар Бээжингийн дэлхий нийтэд илгээхийг хүссэн гол мессеж нь Орос улстай шууд хамааралгүй байв. Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн сурталчилж буйгаар, Бээжин бол олон улсын дипломат харилцааны шинэ төв цэг болж буйг онцлов. Эрчтэй мандаж буй энэхүү супер гүрэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлогын улмаас дэлхийн тавцанд үүссэн геополитикийн орон зайг (вакуум) өөрийн нөлөөгөөр нөхөхийг зорьж байна.

УКРАИНЫ ДАЙН БА ХЯТАДЫН ПРАГМАТИК ТООЦООЛОЛ
Европын холбоо болон Өрнөдийн орнуудын зүгээс Хятад улс өөрийн нөлөөг ашиглан Оросыг Украины дайныг зогсоохыг шаардана гэсэн хүлээлт, итгэл найдвар талаар болов. Ши Жиньпин үг хэлэхдээ гал зогсоох иж бүрэн энхийн хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх шаардлагатайг дурдсан боловч энэ нь Украины мөргөлдөөнд бус, Ойрхи Дорнодын хямралд хамааралтай байсан юм.
Хятадын удирдлага Оросын Украинд хийсэн түрэмгийллийг өнөөдрийг хүртэл олон нийтийн өмнө нэг ч удаа шүүмжлээгүй бөгөөд зөвхөн Орос улсын "аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхол"-ыг хүндэтгэх ёстой гэсэн байр суурийг хамгаалсаар ирсэн. Үүний зэрэгцээ Бээжин Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг "давхар зориулалттай" (dual-use) бараа бүтээгдэхүүн, техник хэрэгслээр далд хэлбэрээр тасралтгүй хангаж байна.
Энэхүү шууд бус дэмжлэг нь үзэл суртлын ижилсэл дээр бус, цэвэр прагматик тооцоолол, наймаачны ашиг хонжоон дээр үндэслэж байгаа юм. Ши Жиньпиний алсын зорилго бол өрнөдийн улс төрийн нөлөөг сулруулж, өөрийн гол өрсөлдөгч болох Вашингтоны цэрэг, эдийн засгийн нөөц бололцоог Украины фронтод барьж саатуулах явдал юм. Энэ утгаараа Украины дайн нь Бээжингийн зүгээс өөрсдөө өдөөгөөгүй, анхнаасаа хүсээгүй мөргөлдөөн байсан ч өнөөдөр Хятадын геополитикт маш хэрэгцээтэй ашиг сонирхол болон үйлчилж байна.
Хятадын Ардын чөлөөлөх армийн бэлтгэл генерал Жоу Бо Хятадын төрийн төв телевизэд өгсөн ярилцлагадаа нөхцөл байдлыг дараах байдлаар тайлбарлав. "Өрнөдийн орнуудын өнцгөөс харахад Орос, Хятадын энэхүү дотно харилцаа үнэхээр таагүй, сэтгэл түгшээм зүйл байх нь аргагүй. Гэвч хэрэв та өөрийгөө Хятад, Оросын байранд тавиад үзвэл энэ холбоо нь туйлын зүй ёсны, байх ёстой үзэгдэл гэдэг нь харагдана. Эцсийн эцэст бид дэлхийн хамгийн том хөрш орнууд шүү дээ".
Жоу Богийн эдгээр үгс нь илэн далангүй бөгөөд олон талын агуулгатай мэт боловч үүнийг Хятадын албан ёсны бодлогын бодит түүхий илэрхийлэл гэж андуурах хэрэггүй. Тэрбээр энэхүү ярилцлагыг олон улсын үзэгчдэд зориулсан англи хэл дээрх CGTN сувгаар өгсөн юм. Хятад улс Өрнөдийн орнууд болон Дэлхийн Өмнөд (Global South)-ийн бүс нутагт өөрийгөө зуучлагч, төвийг сахисан энхийг эрхэмлэгч гүрэн гэж харагдуулах дипломат тактикийг тууштай баримталж байна.
Гэсэн хэдий ч Хятадын дотоод засаглалын хүрээнд Путины сунжирсан дайнд сэтгэл дундуур байх явдал чимээгүйхэн өсөж байж болзошгүй юм. "Financial Times" (FT) сонинд гарсан нэгэн мэдээлэл Бээжинд багагүй сандрал үүсгэв. Тус мэдээлэлд дурдсанаар, Ши Жиньпин Бээжинд хийсэн хаалттай уулзалтын үеэр Трамптай ярилцахдаа "Владимир Путин Украинд хийсэн түрэмгийлэлдээ хэзээ нэгэн цагт харамсах болно" гэж хэлсэн хэмээн АНУ-ын засгийн газрын эх сурвалжуудыг үндэслэн мэдээлсэн байна. Гэвч Хятадын Гадаад хэргийн яам энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж, худал цуу яриа хэмээн мэдэгдсэн билээ.

"СИБИРИЙН ХҮЧ 2" ТӨСЛИЙН ГАЦАА
Путины Бээжинд хийсэн айлчлал амжилттай болсон эсэхийг эцэслэн дүгнэхэд эрт байна. Хоёр улсын удирдагчид худалдаа, технологийн салбарт 20 гаруй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, "Олон туйлт дэлхийн дэг журам"-ын тухай тунхаглалд гарын үсэг зурсан. Гэвч ОХУ-ын хувьд эдийн засгийн хамгийн амин чухал асуудал болох байгалийн хийн "Сибирийн хүч 2" (Power of Siberia 2) дамжуулах хоолойн барилгын гэрээг баталгаажуулж чадсангүй.
Орос улсын олон жилийн турш идэвхтэй лоббидож буй энэхүү дэд бүтцийн төсөл нь хоёр хөршийн хоорондын харилцан хамаарал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах тод жишээ юм. Бээжин "хуучин анд"-аасаа эрчим хүчний хувьд хэт хараат болохыг хүсэхгүй байна. Түүнчлэн Хятадын тал Оросын өнөөгийн сул тал, эдийн засгийн мухардлыг ашиглан түүхий эдийн үнийг хамгийн доод түвшинд хүртэл буулгахаар шахалт үзүүлж байгаа юм.
Владимир Путины хувьд Оросын байгалийн хийг Хятадын зах зээлд нийлүүлэх шинэ хоолой барих 20 жилийн хүчин чармайлт нь Бээжингийн уулзалтаар дахин үр дүнгүй хоцров. Төслийн үндсэн чиглэл тохиролцсон гэх боловч хэрэгжүүлэх тодорхой хугацаа, санхүүжилтийн гэрээ байгуулагдаагүйг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, "тодруулах дутуу зүйлс байгаа" хэмээн тайлбарлав.
Европын hолбоо 2027 оны эцэс гэхэд Оросын байгалийн хийнээс бүрэн хараат бус болох зорилт тавин ажиллаж байна. Украины дайн болон Өрнөдийн эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнүүд нь Путиныг Хятадаас туйлын хараат байдалд оруулсан тул Бээжин Оросыг өөрийн нэгэн "зах хязгаар муж" мэт үзэж, нөхцөлөө тулгах болов. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятадын тал импортоор авах хийн үнийг Оросын дотоодын үнэтэй ижил түвшинд байлгахыг шаарджээ. ОХУ-ын дотоодод хийн үнэ асар их татаастай байдаг бөгөөд 1000 шоо метр нь ойролцоогоор $50 байдаг.
Путин айлчлалынхаа өмнөхөн Хятадад нийлүүлэх хийн үнийг сүүлийн зургаан жилийн хамгийн доод түвшинд хүргэж, 14%-иар бууруулан 1000 шоо метрийг $223.9 болгосон байв. Харьцуулбал, Европын үлдсэн худалдан авагчид нууцын гэрээний улмаас тодорхой тоо хэлдэггүй ч 350 орчим ам.доллар төлж байгаа юм.
Оросын төрийн мэдээллийн агентлагууд болон Газпром (Gazprom) компанид хугацаа туйлын давчуу байна. Барууны зах зээлээс алдсан асар их орлогыг нөхөх шинэ худалдан авагч Орост яаралтай хэрэгтэй. Өдгөө Европын Холбоонд зөвхөн Унгар, Словак улсууд Оросын хийг авч байгаа бөгөөд энэ нь ЕХ-ны 20 дахь хориг арга хэмжээний дагуу 2027 оны 9-р сарын 30 гэхэд бүрмөсөн хориглоно. Оросын Эдийн засгийн яамны мэдээлснээр, ТУХН-ийн орнуудаас гаднах хийн экспорт энэ жил 75 тэрбум шоо метр хүртэл буурах бөгөөд энэ нь дайны өмнөх үеийн тал хувьд ч хүрэхгүй, 1985 оноос хойших хамгийн муу үзүүлэлт юм.
Москвагийн банкны шинжээчдийн тооцоолсноор, "Сибирийн хүч-2" хоолойн барилга нь Оросын талд олон тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгаа ч гадаад валютын урсгалыг тогтвортой барих цорын ганц гарц учраас Путин үүнийг яаравчлан бариулахыг хүсэж байна. Тус хоолойн өртөг нь Балтын тэнгисийн "Nord Stream" хоолойноос даруй арав дахин их буюу $110 тэрбумд хүрэхээр байгаа ч барилгын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй хэвээр байна.
ОРОС УЛС БЭЭЖИНГИЙН ВАССАЛ БОЛСОН НЬ
Европыг Оросын нефть, хийнээс хараат болгох гэсэн Путины геополитикийн стратеги Кремлийн тэнэг алдаанаас болж бүрмөсөн сүйрсэн.
Өнөөдөр Оросын төрийн сан хөмрөг хоосорч, дэд бүтцийн төслүүддээ Хятадаас их хэмжээний зээл гуйж байна. Цаашилбал, Оросын цэргийн салбар, тэр дундаа Украины дайнд ашиглагдаж буй дронуудын шилэн кабель, өндөр технологийн эд ангиуд нь бараг бүхэлдээ "Made in China" гэсэн шошготой байна. Оросын нийт импортын 36%-ийг өдгөө Хятад улс дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд Оросын автомашины зах зээлийг Хятадын брэндүүд бүрэн эзэлж, дотоодын үйлдвэрүүдийг нь дампуурахад хүргэв.
Хэрэв Бээжингийн зүгээс ОХУ-д нийлүүлж буй технологийн болон эдийн засгийн дэмжлэгээ зогсоовол Москва Украины дайныг шууд зогсоохоос өөр аргагүйд хүрнэ. Хятад улс үүнийхээ төлөө асар өндөр төлбөр шаардаж байгаа агаад одоо Оросын дотоодын үнэтэй адил хэмжээний хийн үнийг нэхэж байна. Оросын Алс Дорнодод урьд нь бараг хүн амьдардаггүй байсан бүс нутагт хятад иргэд олноор шилжин суурьшиж байна. Хятадын компаниуд байгаль орчныг үл хайхран Сибирийн онгон ой тайгыг устгаж байна. Путин өөрийн империалист бодлогоороо энэхүү аварга гүрнийг Хятадын нэгэн муж улс болгон хувиргаж, өөрөө Бээжинг царай алдсан гуйлгачин дарга болсон байна.
Путины эзэнт гүрнээ сэргээх гэсэн амбиц нь Орос улсыг Хятадын эдийн засгийн "вассал" муж улс болгон хувиргалаа.
Гэвч үүнд Өрнөдийн орнууд баярлах боломжгүй юм. Хятад улс Мао Зэдуны үед гол өрсөлдөгч нь байсан Оросыг өөрийн эрхшээлд оруулснаар АНУ болон Европын холбоонд өөрийн асар их хүч чадлыг харуулав. Хятад улс дэлхийн ховор элементүүдийн зах зээлийг монопольчилж байгаа дээрээ нэмээд Оросын хямд түүхий эд, эрчим хүчний нөөцийг бүрэн сорж, дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөгөө улам бүр зузаатгасаар байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26