НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж
АНАЛИЗ

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

1 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Балбын Девигхат тосгонд. 2026-08-28

Асар том хөрсний гулгалт болон мөсөн голын нуралтын улмаас үер буусан байж болзошгүй байна. 3,000 гаруй хүн сураггүй алга болжээ.

The New York Times (2026-08-30)

Балба болон Хятадын Төвдийн өндөрлөгийн Гималайн хөндийгөөр үерийн ус, шавар бургилан орж ирсний улмаас 3,000 гаруй хүн сураггүй болоод байна.

Лхагва гарагт асар том ус, шавар, чулуу болон мөсний аюулт урсгал тосгонуудыг хамж, Балбад доод тал нь 781, Төвдөд 16 хүний амь насыг авч одсон тухай эрх баригчид мэдээлэв. Балбын Гамшгийн удирдлагын газраас тус улсад 2,500 гаруй хүн сураггүй байгааг мэдэгдлээ. Төвдийн Жиронг (Gyirong) хошуунд 546 хүн сураггүй хэвээр байгааг Хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.

Балбын Гадаад хэргийн сайд Шисир Ханал Пүрэв гарагт хэлэхдээ, уг үер нь "Хамгийн томоохон байгалийн гамшгуудын нэг" боллоо гэжээ. Тэрээр "Хэдхэн цагийн дотор олон хот, тосгон газрын хөрснөөс бүрэн арчигдлаа" гэж нэмж хэлэв.

Аюулт урсгал Төвд болон Балбын Расува дүүргийн хил дамнасан огцом уулсаар хүрээлэгдсэн Тришули голын хөндийг дайран өнгөрчээ.

Гамшгийн зураглалаас үерийн аймшигт хүч болон хурдыг харж болно. “The New York Times” сониноос баталгаажуулсан хяналтын камерын бичлэгт Жиронг хилийн боомт дээр асар их ус барилга, тээврийн хэрэгслийг хаман урсгахаас өмнөх олон хүмүүсийн зугтаж байгааг харуулжээ.

Хятадын төрийн мэдээллийн "Шинхуа" агентлаг Жиронг хошуунд "үлэмж хэмжээний" хохирол амссан тухай мэдээлсэн бөгөөд Хятадын төрийн хэвлэлээс гаргасан бусад бичлэгт давалгаалан ирэх ус болон шавар нь барилга байгууламжийг сүйтгэж, моддыг үндсээр нь сугалан, замыг зорчих боломжгүй болгосон байв.

Балбаас ирсэн бичлэг, зураглалуудад хог хаягдлаар дүүрсэн гол нь гүүрүүдийг нураан, тосгонууд шаварт даруулсан байдалтай харагдаж байв. Балбын албаны хүмүүсийн мэдээлснээр хэдэн арван миль урт замууд болон 40 гаруй гүүр сүйрч, хэд хэдэн усан цахилгаан станцын төсөл томоохон хохирол амсжээ.

Расува дүүргийн засаг дарга Нарендра Париярын мэдээлснээр аадар бороо ороогүй тул албаны хүмүүс энэ гамшигт огт бэлтгэлгүй байжээ.

Дагуулын зураг болон газар хөдлөлтийн мэдээлэлд шинжилгээ хийсэн эрдэмтэд өндөр уулын бүсэд хөрсний гулгалт болон мөсөн голын нуралт нэгэн дор тохиосон нь үер буух гол шалтгаан болсон гэж үзэж байна. Зураглалаас харахад Балба, Төвдийн хил орчмын Лангтанг Лирунг уулын хойд нүүрэн дэх мөс, хадан суурь ойролцоогоор 17,000 фут (5,180 метр) өндрөөс нуржээ.

"Мөсөн гол тогтож байсан хадан суурь бүхэлдээ нурсан" гэж Францын Гренобль Альпийн Их сургуулийн геоморфологч Кристен Кук хэлэв. Эдгээр давхацсан үзэгдлийн улмаас олон сая тонн хад чулуу, мөс хөндий рүү нуран унажээ.

Энэхүү үйл явдал маш хүчтэй байсан тул АНУ-ын Геологийн алба үүнийг 5.2 магнитудын газар хөдлөлт гэж бүртгэж авсан байна.

Хадан чулуу болон мөс уулын уруу буухдаа ус, тунадасыг хамж, голын хөндий болон цутгалуудаар хэдэн арван миль зайд урссан асар том шавар, усны аюулт урсгал болон хувирчээ.

Сураггүй бологсдын дунд зуу зуун аялагчид байна. Балбын Гамшгийн удирдлагын газраас мэдээлснээр тус улсад сураггүй байгаа 2,500 гаруй хүний дунд зуу зуун гадаадын жуулчид байгаа юм. Алга болсон жуулчдын дунд Австрали, Их Британи, Малайз, АНУ-ын иргэд байна.

Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Балбад алга болсон хүмүүсийн дунд Хятадын 100 орчим иргэн байгаа аж. Төвдөд сураггүй болсон 546 хүний 260 орчим нь гадаадын иргэд байгааг Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлэв. Тэдгээрийн дунд Балбын 104, Энэтхэгийн 49, Латвийн 33, АНУ-ын 18 иргэн байна.

Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас Балбын үерт өртсөн бүс нутагт Энэтхэгийн 300 орчим иргэн сураггүй байгааг мэдээлсэн бөгөөд тэдний олонх нь Төвдийн Кайлас уул руу зорчиж байсан мөргөлчид аж. Кайлас уул нь Хинду шашин зэрэг олон сүсэг бишрэлийн хувьд ариун догшин газарт тооцогддог.

Төвд дэх Кайлас уулын мөргөлийн аяллыг зохион байгуулдаг "Иша" санг үүсгэн байгуулагч, Энэтхэгийн соён гэгээрүүлэгч, бизнесмен Садгуру Пүрэв гарагт сошиал медиагаар дамжуулан тус байгууллагын аялалд хамрагдаж байсан 80 хүн Жиронг дахь үерийн улмаас амь үрэгдсэнийг мэдээлжээ.

Энэ жилийн муссон бороо тус нутагт орох хэмжээ нь дунджаас бага байсан ч зарим уулархаг нутгаар хүчтэй аадар бороо орж, энэ сарын эхээр хүний амь эрсэдсэн хөрсний гулгалт, үер бууж байсныг нутгийн хэвлэлүүд онцолж байв.

2024 онд аадар борооны улмаас Балбад үер, хөрсний нуралт үүсэж, нийслэл Катманду хотын орчмын хүн ам ихтэй бүс нутгийг хамран олон зуун хүн амь үрэгдэж байжээ.

Муссоны хүчтэй салхи, бороо Гималайн уулстай мөргөлдөх үед Балба улс хөрсний нуралт, үерт автах эрсдэлтэй байдаг.

Уур амьсгалын дулаарал нь цаг уурын үзэгдлийг улам бүр аюултай, хохиролтой болгож, мөсөн голууд хайлснаас үүдэлтэй үер буухад хүргэж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь аадар борооны эрчмийг ч нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ хурдацтай бүтээн байгуулалт, эмх замбараагүй барилгажилт нь байгалийн гамшгийн үед хүний амь нас эрсдэх эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Пап Лео Норвегийн хаан V Харальд таалал төгссөнд гашуудал илэрхийллээ

Пап Лео Норвегийн хаан V Харальд таалал төгссөнд гашуудал илэрхийллээ

Vatican News

Aug 30, 2026

UNCCD COP17 ҮР ДҮН: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

UNCCD COP17 ҮР ДҮН: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ