

Люксембургийн наймдугаар сарын бороотой өдрүүд. Чийг үнэртсэн, зөөлөн салхитай тэрхүү хот улс газар нутгийнхаа хэмжээгээр биш үүх түүх, өвөрмөц архитектур, байгалийн үзэсгэлэн басхүү санхүүгийн том хот гэдгээрээ дэлхийд танигджээ. Яг л үлгэрийн номон дотор амьдарч буй мэт, эсвэл тэндээс гараад ирсэн мэт гүн хавцал, нов ногоон толгод дундах эртний өвөрмөц цайзууд, чулуугаар шигтгэж "урласан” гудамж талбай, өнгө өнгийн барилга байшин, эрт эдүгээ сүлэлдэн оршино. Энд л жинхэнэ ухаалаг хийгээд аз жаргалтай хот утгаараа бий болжээ.
Испани, Францын эзлэн түрэмгийлэлд байсан Люксембургийн эртний байшин барилгууд хэдэн зууны турш, хэдэн зууны түүхийг хүүрнэн өгүүлэх адил яг тэр хэвээрээ. Хадан хясааг нэвтлэн байгуулсан газар доорх хонгил, бэхлэлтүүдээр алхахад эртний Европ руу хүрч очсон мэт сэтгэгдэл төрнөм.
Люксембург, Монгол хоёр олон зүйлээрээ адилхан бас олон зүйлээрээ адилгүй. Хоёул далайд гарцгүй. Хоёул жижиг улс. Люксембург Европын зүрхэнд, Монгол Азийн цээжинд оршдог. Хүн ам, газар нутгийнхаа хэмжээгээр Люксембург нь хот улс бол Монгол өргөн уудам газар нутагтай. Люксембургийн эдийн засгийн гол түлхүүр нь банк санхүү, хөрөнгө оруулалт. Харин Монголынх уул уурхай, ашигт малтмал.
Газрын доороо байгалийн баялаггүй ч хүний оюун ухааны хүчээр бага улсын том хөгжлийг тэд бүрэн утгаар нь харуулж чадаж байна. Том улс гэдэг нь хүн амын тоо, газар нутгийн хэмжээндээ биш хөгжил дэвшлийнхээ гол үзүүлэлт, иргэдийнх нь амьдрах орчин, амьдралын чанарт байдаг аж.

Хотын иргэдийнх нь 30% нь уугуул, үлдсэн нь суугуул. Хөрш орнууд болох Франц, Бельги, Германаас өдөр бүр 250 мянга гаруй хүн ирж ажилладаг гэсэн албан бус статистик байна. Дэлхийн нэгдүгээр дайныг хүртэл тус улс хирсний экспортоороо орлого олдог байсан бол 1970-аад он хүртэл Люксембургийн эдийн засгийн гол салбар нь хүнд үйлдвэрлэл, гангийн экспорт байжээ. Одоо гангийн үйлдвэрлэлийг нь энэтхэгчүүд ажиллуулдаг, тэнд ердөө 5000 хүн ажилладаг гэнэ. Харин эдийн засгийн бүтцээ өөрчилж, диверсификаци хийсний үр дүнд Европын төдийгүй дэлхийн банк санхүү, хөрөнгө оруулалтын гол төв болж чадсан, эндээс улсынхаа ДНБ-ий орлогын тодорхой хувийг бүрдүүлдэг аж.
Дэлхийн том корпорацууд, банк санхүүгийн акулууд, баян хөрөнгө оруулагчдын гол сүлжээ Люксембургт байрлаж байна. Үүний үр дүнд өнөөдөр Люксембургийн нэг хүнд ногдох ДНБ нь ~$150 мянгаар тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд цөөхөн байдаг AAA зээлжих зэрэглэлтэй, улсын өрийн хэмжээ маш бага, санхүүгийн өндөр нөөцтэй орон аж.
Гэсэн хэдий ч санхүүгийн салбараас хэт хамааралтай байх эрсдэлийг бууруулахын тулд эдийн засгаа төрөлжүүлж, сүүлийн жилүүдэд мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун, дижитал банкны технологи, сансрын эдийн засаг, логистик ба тээврийн салбарт идэвхитэй хөрөнгө оруулах болсон байна.
БОГЦ ХООСОНГҮЙ АЙЛЧЛАЛ!

Төрийн айлчлал хийнэ гэдэг нь хоёр улсын харилцаа, хандлагыг практик түвшинд ахиулах дипломат ажиллагаа юм. Мэдээж, зөвхөн бэлгэдлийн шинжтэй уулзалтаар айлчлал хэмжигдэггүй, харин ойртон дотносох, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болдог. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, визний хөнгөлөлт гэх мэт иргэдийн амьдралд шууд нөлөөлөх гэрээ, хэлэлцээрүүд ихэвчлэн айлчлалын үеэр хөндөгддөг, эцэслэн баталгааждаг.
Гэвчиг зарим айлчлалаас хоосон богцтой буцах нь бий бол УИХ-ын дарга С.Бямбацогт богц хоосонгүй буцаж ирлээ.
Энэ утгаараа УИХ-ын дарга С.Бямбацогтын Люксембургт хийсэн айлчлал спикерийн түвшинд 24 жилийн дараах онцлох айлчлалын нэг байв. УИХ-ын даргын хувиар С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Европоос эхлүүлсэн нь нэгдүгээрт, Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байхдаа хоёр хөршдөө айлчилсан. Тиймээс нэг жилийн дотор УИХ-ын дарга нар ахин дахин хөршүүддээ айлчлах нь бас зохимжтой биш. Нөгөөтэйгүүр Монгол Улс, Люксембургийн их гүнт улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож буй аж.

Монголчууд явсан хүн олзтой гэж хэлдэг. Люксембург улс Монголын эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд ₮150 тэрбум гаруйн дэмжлэг үзүүлсэн, айлчлалын хүрээнд 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар 120 ортой Зүрх судасны үндэсний төвийг шинээр байгуулахаар тохиролцов. Уг төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд байгуулахаар болжээ. Зүрх судасны өвчлөл монголчуудын хувьд түгээмэл асуудал байдаг. Тиймээс энэ төвийг байгуулснаар зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, дэлхийн түвшний хагалгаа хийх зэрэг эрүүл мэндийн салбарын хувьд томоохон хөрөнгө оруулалт болох юм.
Айлчлалын үеэр яригдсан бас нэг асуудал нь визний хөнгөлөлт. Мэдээж, монголчууд Европ руу визгүй зорчих нь ойрын хугацаандаа боломжгүй асуудал. Харин айлчлалын үеэр Европт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон визийн шаардлагыг хөнгөвчлөх яриа хэлэлцээг ахиулахаар ярилцсан.
Товчхондоо, виз мэдүүлэхэд шаарддаг зарим нэг бэрхшээлтэй асуудлыг нааштайгаар шийдвэрлэх, олон бичиг баримтны бүрдүүлэлтийг цөөлөх зэргээр визний хөнгөлөлт үзүүлэхэд уян хатан хандахаа айлын тал амалсан.

Люксембургийн Хөрөнгийн бирж, Европ болон олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай ногоон бонд болон олон талт санхүүжилт босгох чиглэлээр хамтран ажиллах асуудал айлчлалаар мөн яригдсан юм. Люксембург нь зөвхөн EIF-ийн төв байр байгаад зогсохгүй дэлхийд АНУ-ын дараа орох 2 дахь том олон улсын хөрөнгө оруулалтын сангийн гол цэг юм.
Хот улсын амжилттай хөгжлийн нууц нь олон улсын корпорацууд болон стартап компаниудад таатай татварын орчин, хууль эрх зүйн тодорхой уян хатан нөхцөлийг санал болгодогт оршдог аж. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд олон улсын хөрөнгөө цуглуулах, байршуулахдаа Люксембургийн хууль эрх зүйн баталгаатай, тогтвортой орчныг сонгодог юм байна. Монголоос Голомт банк Люксембургт бонд амжилттай босгож хөрөнгө татсан талаар УИХ-ын дарга С.Бямбацогт сонирхуулахын зэрэгцээ төрийн бондыг энд арилжаалах бүрэн боломж бийг онцлов. Люксембургт дэлхийн хөрөнгийн зах зээлийн 30%-ийн арилжаа хийгддэг аж.
Европын хөрөнгө оруулалтын банк (EIB Global) болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 1 тэрбум евро хүртэлх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хамтын ажиллагааны санамж бичиг өмнө нь батлагдсан. Нэг тэрбум евро нь урьдчилсан баримжаа дүн бөгөөд Монгол Улсын талаас бэлтгэсэн ногоон шилжилт, дэд бүтцийн төслүүдийн бэлэн байдлаас хамааран санхүүжилтийг нь үе шаттай олгох аж.
Айлын тал хөдөө аж ахуйн салбарын хөгжилд 750 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон гэх сайн мэдээтэй агаад манай зүгээс Монголын хиймэл дагуул хөөргөх төсөлд оролцох урилгыг тэндэхийн компаниудад өгсөн болохоо спикер дуулгасан юм.
ЛЮКСЕМБУРГ БОЛ ЗӨВХӨН ТҮҮХ, АРХИТЕКТУРЫН ХОТ БИШ

Хотын хөгжлийг түүх дурсгалаас нь гадна иргэдийнх нь амьдралын төвшнөөр тодорхойлдог. Люксембург амьдрах орчин маш таатай, амьдралын өртөг өндөртэй хот аж. Автомашины татвар, торгууль нь өндөр, тэр хэрээр иргэд нь том, тансаг машин унах нь ховор бололтой. Харин гудамж талбайн шийдлээ маш сайн зохицуулж өгсөн учраас аль болохоор автомашинаас татгалзаж, явган алхах, эсвэл дугуй унахыг илүүд үздэг гэх. Зарим албан газар дугуй унасан албан хаагчдадаа сарын урамшуулал хүртэл өгдөг болохыг тэнд амьдардаг монгол иргэд хуучилсан юм. Ямар ч байсан зам дээрээ бүгд шамбааралдан, учир зүггүй сигнал дуугаргаж стресстэх, эсвэл дайрчих шахан давхих скүүтэр, мототой тааралдсангүй.
Автобус нь үнэгүй, их дээд сургууль нь бас үнэ төлбөргүй гэдгийг бидэнд үйлчилсэн жолооч Эрдэнэ сонирхуулав.
Алхам тутам ногоон байгууламж тааралдах агаад, хүмүүс нь стресс багатай гэмээр адгаж сандрахын оронд кофе ууж, цэцэрлэгт хүрээлэндээ алхах нь алхаж, гүйх нь гүйж, хотын амьдралын хэмнэл нь нэг тийм амгалан, тайван мэдрэмж төрүүлэх аж.
Манай Улаанбаатар ууртай, саарал хот бол Люксембург эсрэгээрээ, асар тайван, нов ногоон хот юм. Аливаа улсын улс төрийн шийдвэрүүд нь хотын өнгө төрх, хүмүүсийн хөдөлгөөн, бизнесийн орчин, цаашлаад энгийн иргэдийн амьдралд хүртэл шингэсэн байдаг аж.
Учир нь, тус улсын эдийн засгийн хөгжлийг банк, санхүүгийн байгууллагуудын өндөр байгууллагуудаас харахаас илүү хүн амын хэмнэл, гудамж талбайн ердийн дүр төрхөөс нь дүгнэчихэж болохоор. Кофены жижигхэн газар, ресторан, зочид буудал, дэлгүүр гээд өдөр тутмын амьдралын бүх хэсэгт эдийн засгийн идэвх мэдрэгдэнэ. Амьдралын төвшин өндөр болохоор дэлгүүр хоршоо нь 20:00 цаг гээд хаачихдаг аж. Гагцхүү уушийн газрууд нь чөлөөтэй ажилладаг аж.
Улаанбаатар шиг шинэ баяны цээж өвчнөөр тэд өвчилсөнгүй нь гудамж талбайн тохижилтоос нь илэрхий үзэгдэх. Хуучны чулуун замуудаа манайх шиг хуугаар нь солихоос илүү хагарсан, бутарсныг тэрхүү зайнд нь нөхөж, янзалжээ. Манай хот шиг жил болгон боржуураа сольж, замаа, засдаггүй гэхэд жигтэйхэн цэвэрхэн, жинхэнэ аз жаргалтай хот байлаа.
Люксембургийн тухай ярихдаа Мозель голын дагуух дарсны бүс нутгийг мартаж болохгүй. Замын хажуугаар алхахад усан үзэм сагсайтлаа ургасан харагдана. Энэ усан үзэм бол сайн чанарын виноны түүхий эд бөлгөө. Тэндхийн иргэд виногоо ус, цай шиг л уудаг болохыг суугуул монгол сонирхуулав.
Олон хэл зэрэгцэн сонсогдох гудамж, Европын өөр өөр үндэстэн, соёлын огтлолцол, аюулгүй тайван орчин нь Люксембургийг өвөрмөц хот болгодог бололтой.
Европын газрын зураг дээр Люксембург тун жижигхэн улс харагддаг. Гэвч хөгжье, бүтээе гэвэл газар нутгийн хэмжээ хийгээд газрын доорх баялгийн нөөц огтоос хамаардаггүй аж.
Эндхийн аялал жуулчлал нь сүр дуулиантай том байгууламжаас илүү түүх, орон зай, уур амьсгал, тохь тухаараа хүнийг уруу татдаг бололтой. Хотын өндөрлөгөөс доош харахад өнгөрсөн ба өнөөдөр нэг зурагт багтсан мэт санагдах.
Түүх нь эдийн засагтайгаа, эдийн засаг нь олон улсын харилцаатайгаа, энэ бүхэн нь аялал жуулчлалтайгаа огт салангид биш. Аялал жуулчлал нь иргэдийнхээ өдөр тутмын амьдралаас бас ангид оршдоггүй аж. Ийм л зураг шиг улсад хоёр хоноод буцахдаа хүний улсад атаархах сэтгэл багагүй төрснийг нуух юун. Тэнд иргэд нь амьдарч, энд иргэд нь харин амьдрахын төлөө зүтгэж байна.
Үргэлжлэл бий

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.