

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Монгол Улсын төсөв 2015 онд 9 орчим их наяд байсантай харьцуулахад өнөөдөр 4 дахин тэлжээ. Тэр тусмаа сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилийн төсөв эрс тэлдэг байдал уламжлал болжээ. Төсөв ингэж тэлж байгаа нь иргэд, компаниудын амьдралд шууд нөлөөлж чадаж байна уу гэдэг асуултад харин хариулах хүн олдохгүй байна.
2027 оны төсвийн төслөөс Ерөнхий сайд Н.Учрал 9 зүйлийг онцлон лайваар дамжууллаа. Эдгээр нь,
1.Таны мөнгө
-Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ.
2. "Эрдэнэс Тавантолгой-н хувьцаа
-“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно.
3.Татвар
-Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ.
4.Тэтгэвэр, цалин
-380.300 төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл. Дундаж тэтгэвэр ирэх онд 1,335,400 төгрөг болно. Ахмад настан ажил хийвэл 2027 оноос шимтгэлгүй. Оюутан ажил хийвэл 2028 оноос шимтгэлгүй.
5.Орон сууц
-16000 орон сууцыг 6% зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр борлуулна. Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30% биш 15% болно.
6.Эрчим хүч
-"ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, гацаад байгаа 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна.
7.Боловсрол
-Гүүглийн компьютер 100.000, 100 ногоон сургууль, бүс бүрд Кембрижийн сургууль 2, нэг төрөлжсөн ахлах сургууль
8.Эрүүл мэнд
-Гадаадын зээл, тусламжаар баригдаж буй 39, шинээр 34 эмнэлэг барина. Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэ төлбөргүй авна.
9.Ногоон хөгжил
-500 цахилгаан машин цэнэглэгч "Ногоон өртөө" байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машин гааль, онцгой албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.
Ерөнхий сайдын онцолсон 9 шийдвэр нь өгнө, өсгөнө, халамжилна гэсэн халамжит эцэг-төрийн поп шинжтэй, төсвийн зардал тал дээрээ онцолсон. Эдгээрээс гадна төсвийн төсөлд:
-Ахмад настанд суурь тэтгэвэр 100,000-300,000 төгрөг нэмж олгоно.
-Бүх төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ.
-Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, иргэдийн татварын ачааллыг 840 тэрбум төгрөгөөр чөлөөлнө.
-Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд иргэдийг 186.3 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Ажил хөдөлмөр эрхэлж буй 18-24 насны суралцагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө. Гарааны бизнес эрхэлж буй ААН, байгууллагын ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, аль нэг ажлаасаа НДШ төлнө.
-16 мянга орчим иргэнийг хөнгөлөлттэй зээл болон хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулна.
-“Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан тэжээлт машин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө зэрэг зардал тусгагджээ. Мөнгө үрэхийн тулд эхлээд олох ёстой. Гэтэл Монголын төсвийн орлогын эх үүсвэр нүүрс, зэс, ноолуур гэсэн хэдхэн нэр төрөлд эргэлдсээр.
Мөн төсвөөс олгодог элдэв татаас 2027 оны төсвийн төсөлд хангалттай байгааг сэтгүүлч З.Цэлмэг түүвэрлэн сошиал хаягтаа нийтэлжээ. Тухайлбал,
-Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал буюу "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023, 2024 онд төсвөөс ₮1.2 их наядын хөнгөлөлттэй зээл олгожээ. 2027 оны төсвөөс хүүгийн татаасанд ₮58.9 тэрбумыг олгоно.
-"Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд 2024, 2025 онд 841.9 тэрбумын зээл олгосон. Ирэх оны төсөвт эдгээр зээлийн хүүгийн татаасанд ₮75.9 тэрбумыг хуваарилахаар суулгасан.
-“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 2026 онд ₮535.0 тэрбум төгрөг зээл олгосон. 2024-2026 онд олгосон зээлийн үлдэгдэл ₮844.6 тэрбум байна. Энэ зээлийн хүүгийн татаасанд 2027 оны төсвөөс ₮86.4 тэрбумыг олгоно.
-"Атар-4” аяны хүрээнд 2025-2026 онд олгосон зээлийн үлдэгдэл ₮719.2 тэрбум. Хүүгийн таасанд нь ирэх жил ₮60.3 тэрбумыг олгоно.
-Дээрх зээлийн хүүгийн хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэгээс гадна 2027 оны төсвийн төсөлд хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор нийт 54.7 тэрбум төгрөг тусгажээ.
-Газар тариалангийн тогтвортой хөгжлийн хүрээнд нийт ₮21.7 тэрбум
-Хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ₮33.0 тэрбум
Төсвөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээл, хөнгөлөлт, татаас гэдэг бол наанаа хөгжил авчирна гэсэн сайхан үгтэй ч эцсийн ачаалал нь татвар төлөгчдийн нуруун дээр буудаг, зах зээлийн зүй зохистой органик хөгжлийн эсрэг зүйл юм.
Монголбанкны мэдээгээр 2023 оноос хойш Засгийн газрын татаастай 7 хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Үүнд,
1.“Хүнсний хувьсгал” хөтөлбөрт (13%-ийн хүүтэй зээл, хэрэгжүүлэгч ХХААХҮЯ) 1,261.5 тэрбум,
2.“Шинэ хоршоо”-д (12%-ийн хүүтэй зээл, хэрэгжүүлэгч ХХААХҮЯ) 894.8 тэрбум,
3.”Цагаан алт”-д (10%-ийн хүүтэй зээл, хэрэгжүүлэгч ХХААХҮЯ) 520.7 тэрбум,
4.”Атар IV”-д (10%-ийн хүүтэй зээл, хэрэгжүүлэгч ХХААХҮЯ) 616.5 тэрбум,
5.Агаарын тээвэрлэгчийг дэмжих хөтөлбөрт (7%-ийн хүүтэй зээл, хэрэгжүүлэгч Зам тээврийн яам) 115.4 тэрбум,
6.Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 2024 онд (7%-ийн хүүтэй зээл, хэрэгжүүлэгч ССАЖЯ) 25.5 тэрбум,
7.Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 2026 онд (12%-ийн хүүтэй зээл, хэрэгжүүлэгч ССАЖЯ) 95.4 тэрбум нийт 3,529.8 тэрбум төгрөгийг гаргажээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.