2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26


УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар шийднэ. Энэ талаар олон янзын тайлбарыг хуульчид илэрхийлэх болсон агаад хуульч, өмгөөлөгч Б.Баяраагийн байр суурийг хүргэж байна.
Үндсэн хуулийн Цэц Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн замыг засч өгч байгаатай холбогдуулан Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг улираах нь зөв эсэх талаар хуульчийн байр сууриа илэрхийлмээр санагдлаа. ҮХЦ-д Улсын дээд шүүхийн санал болгосон 3 гишүүн байгаа төдийгүй УДШ-ийн байнгын “зараал”-аар цэцэд мэдээлэл өгүүлж, бүрэн эрхийн хугацаа дуусахын яг өмнө нэг хүний албан тушаалд зориулж, Их суудлын хурлаа зарласан зэргээс харахад цэцийн шийдвэр яаж гарах нь бараг ойлгомжтой биз! Ингээд УДШ-ын Ерөнхий шүүгч Д.Ганзориг, түүний харьяалагддаг Эрүүгийн хэргийн танхим дээр өнгөрсөн 6 жилийн хугацаанд юу болж өнгөрсөнийг тоймлоё:
1.
Юуны өмнө 6 жилийн тэртээ Д.Ганзориг шүүгч Ерөнхий шүүгчээр томилогдох үед юу болоод өнгөрсөнийг эргэн санацгаая. Тухайн үед Захиргааны хэргийн танхимын шүүгч Х.Батсүрэнг Ерөнхий шүүгчээр томилсон ч төд удалгүй тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг. Х.Батсүрэн шүүгчийн тухайд улс төрийн захиалга даалгавар биелүүлэхгүй гэж шийр зааж ам мурийгаад ажлаа өгсөн гэж яригддаг. Ингээд Д.Ганзориг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдохтой зэрэгцээд Монголын шүүх байгууллага урьд хожид байгаагүйгээр зэрлэгшсэн гэж хэлж болно. УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр шүүгдэгч нарыг 3 хоногийн хугацаанд 10 тэрбум төгрөг шүүхийн дансанд байршуулаагүй гэх шалтагаар бөөнөөр нь хоморголон хорих, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигч нарыг хууль зөрчин цагдан хорих, өмгөөлөгчгүйгээр ганцааранг нь шүүж ял өгөх, УИХ-ын гишүүний халдашгүй байдал цуцлагдаагүй байхад цагдан хорих, улмаар хорих ял өгөх, Үндсэн хууль зөрчсөн хуулиар хэрэг шийдвэрлэх зэргээр илтэд ноцтойгоор хууль зөрчсөн балмад ажиллагаа явагдаж байсныг Та бид мартах учиргүй. Ямар сайндаа шүүх шийдвэрээ гаргахдаа УИХ-ын гишүүний халдашгүй байдал бол гишүүнд хамаатай биш УИХ гэх байгууллагад хамаатай гэж балайрч байх вэ дээ! УИХ хууль батлахыг гэмт хэрэг гэдэггүй юм бол төрийн эрх барих дээд байгууллагын хувиар гэмт хэрэг үйлдэх ямар ч боломжгүй баймаар юм.
Цагдан хорих 461 хорих ангид С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт гээд 6 нэр дэвшигчийг хорьж, хорих ангиас сонгогч нартаа захиа бичиж мөрийн хөтөлбөрөө танилцуулах байдлаар сонгуульд өрсөлдөж байлаа. Мэдээж, ихэнхи нь ялагдахгүй яахав! Ингээд 461 хорих ангийг сонгуулийн нэг тойрог болгож хувиргасан юм даг!
2.
Д.Ганзориг шүүгч анх томилогдохдоо шүүхэд улс төрийн зорилгоор нөлөөлдөг “Телефон жастис” буюу дарга нараас утас цохиж хэрэг шийдвэрлүүлдэг тогтолцоо байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч цаашид энэ байдлыг хална гэх сүржин мэдэгдлийг гаргаж байлаа.
Харамсалтай нь, түүнийг томилогдсоноос хойш “Телефон жастис” гэх үзэгдэл халагдах биш улам төгөлдөржсөн гэж хэлж болно. Өнөөдөр үе үеийн Засгийн газрын бодлогын шийдвэрийг сайн муу, сайхан муухай, зөв буруу гээд эрүүгийн шүүхээр хэлэлцэх нь хэвийн үзэгдэл боллоо.
Өөрсдөө ч сайн ойлгохгүй атлаа зөв шийдвэр бол гэмт хэрэг биш, буруу шийдвэр бол гэмт хэрэг мөн гээд өнгөрсөн цаг хугацааг эрүүгийн журмаар хэлэлцэх нь уул нь эмгэнэл юм. Хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн, хувьдаа юм хуссан, авлига авсан гэвэл бас яая гэхэв. Зүгээр л гаргасан шийдвэрийнх нь зөв бурууг хэлэлцээд гэмт хэрэг мөн биш гээд мэдрэлтээд байгааг нь харахаар заримдаа зэвүү хүрдэг. Яг үнэндээ Засгийн газраас хэрэгжүүлсэн шийдвэрүүдийг шүүх явцдаа прокурор, шүүгч нарын өөрсдийнх мэдлэг сох дутаж байгааг нээлттэй шүүх хурлуудаас Та бүхэн харж байгаа байх. Ер нь цаашдаа захиргааны салбар шиг улс төрийн бодлого шийдвэрийг шүүхээр хэлэлцэхгүй гээд хуульчилмаар санагддаг. Уриа лозунг биш л бол нийтийн албан тушаалтны бүх шийдвэр зайлшгүй албадлагаар хэрэгжиж хэн нэгэнд сайн муу үр дагавар, сул давуу тал үүсгэж л таарна ш дээ. Ингээд махны машин, шударга бусын хонгил гэх яриа тасрахаа больсон. Өнөөдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл нь ажил хийсэн хэнийг ч хүсвэл сороод шорон руу аваад залдаг амсаргүй, ёроолгүй хар нүх болон хувирсан гэдэгтэй эрх биш маргахгүй байлгүй. Яваандаа ажил хийх зоригтой төрийн албан хаагч үгүй болж Монгол төрийн чадамж гэх зүйл устах тал руугаа явж байна.
3.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хууль хэрэгжүүлэхээ болиод удаж байна. Хууль санаачилсан баталсан УИХ-ын гишүүд нь амаа цангатал “шалгасан хэргээ шүүх дээрээ нотло, чадахгүй бол цагаатга” гэсэн хууль батлагдсан гээд байхад л анхан, давах шатны цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож яллаад аваад ир гэж буцаагаад байгаа. Яллахгүй бол доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, яллавал болж байна гээд хэвээр үлдээж байгаа нь хуулийг басамжилж байгаагийн илрэл юм. Цэцийн хурал дээр ч УИХ хуулиа зөв баталж чаддаггүй, зарим хуулийг нь хэрэгжүүлж чадахгүй гэж УДШ-ийн төлөөлөгч ил тод дуугарч байна лээ.
4.
2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай зэрэгцэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 4 заалт бүхий хууль батлагдав. Хуулийн утга нь хөөн хэлэлцэх хугацаа дуусч шүүхээр шийдвэрлэгдэж архивт шилжсэн эрүүгийн хэргүүдийг сэргээн шалгаж нэхэн ял шийтгэх тухай байв. Энэ хууль нь Үндсэн хууль зөрчсөн, хүний эрхийг дордуулсан гээд Үндсэн хуулийн цэц 2021 онд хүчингүй болов. Гэтэл хаалгаар өшиглөөд гаргахаар тооноор ороод ирэв гэгчээр ҮХЦэцээр хүчингүй болсон хуулийн заалтыг Улсын дээд шүүх хууль тайлбарлах нэрийдлээр агуулгаар нь сэргээсэн тайлбарыг 2022 онд гаргалаа. УИХ Үндсэн хуулий Цэцийн хяналтанд байдаг бол УДШ хяналтанд байхгүй гэж тооцоолсон хэрэг. Ямартай ч улс төрийн захиалгаар гаргасан энэ тайлбар саяхан Үндсэн хуулийн Цэцийн хурлаар орохдоо хүний эрх, эрх чөлөөг дордуулсан, дабль стандарт үүсгэсэн гэдэг дээр талууд маргаагүй гэдгийг дурдах нь зөв болов уу. Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэж болно гэх энэ тайлбар нь цаашид түүхэнд хар толбо болон үлдэж олон жил яригдах бизээ.
5.
Хялбар ажиллагааны шүүх гэж нэг сайхан шударга бусын хонгил шинээр угсрагдлаа. УДШ-ийн лобби хичээл зүтгэлийн ачаар гэх үү дээ!
Гэм буруу нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй эрүүгийн журмаар шалгагдаж байгаа иргэнийг цагдан хорих, хилийн хязгаарлалт тавих зэргээр иргэдийг эчнээгээр ял эдлүүлж эхэлдэг нэг шүүх байна.
Цагдан хорих нь хорих ялтай ижил үр дагавартай, хилийн хориг нь хязгаарлалт тогтоох ялтай мөн ижил үр дагавартай. Ядаж байхад хялбар ажиллагааны шүүх нь нэг хүний шүүх болон хувирсан. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь эцсийн шийдвэр гаргана гэдэг нь тэндээ Улсын дээд шүүх гэсэн үг. Энэ яагаад Д.Ганзориг шүүгчид хамааралтайг тайлбарлая. Нэгд, гэр бүлийн болон иргэний хэргийн хялбар шүүхийн асуудал яригдаж байхаад эрүүгийн хялбар шүүхийг УДШ зүтгүүлсэн, хоёрд энэ шүүх анхнаасаа нэг хүнээс хамаарах шүүх тул ерөнхий шүүгчийг нь УДШ өөрөө санаачлан зүтгүүлсэн, улмаар өөрсдийнх нь зүтгүүлсэн хүн явуургүй болмогц өрсөлдөгч нэр дэвшигч нарыг нь томилохгүй авч үлдээд дараа нь нөхөн томилуулсан байдаг. АТГ дээр ХАСХОМ шалгаж байгаа гэх шалтаг хэлээд бантахдаа хугацааг нь урагшлуулж нөхөн томилсон гэдэг. Ингээд УДШ, АТГ, Ерөнхийлөгчийн институцийн тулгын гурван чулуун дээр мэндэлсэн хонгилын шүүх маань ажлаа “онц сайн” гүйцэтгэж байгааг эрх чөлөөгөө хязгаарлуулсан олон иргэд хэлээд өгөх биз. Ирэх жилийн сонгуулиар энэ шүүхийн “ид шид”-ийг үзүүлээд өгөх байх.
Дашрамд, иргэн, захиргааны шүүхэд өнөөдөр эрх зүйн үр дагавар үзүүлдэг асуудлаар нэг хүн буюу Ерөнхий шүүгч дангаар шийдвэрлэдэг асуудал байхгүй болоод удаж байна, нэг бол бүрэлдэхүүнтэй эсхүл дээд шатны шүүх нь бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргадаг сайн жишиг тогтсон.
6.
УДШ-ийн Ерөнхий шүүгч бол гадаад харилцаа, бодлогын асуудлаар төрийн бусад институцитэй харилцах үндсэн чиг үүрэгтэй. Хуульд заасан шалгуур хангаж дээд шатны шүүхэд дэвшихээр ШЕЗ-өөс өргөн мэдүүлсэн шүүгч нарын зарлигийг гаргахаас Ерөнхийлөгч шалтгаангүй удаа дараа татгалзаж байгаа асуудлаар УДШ-ийн Ерөнхий шүүгч байр сууриа илэрхийлж үгээ хэлэх үүрэгтэй. Дан ганц ШЕЗ-д найдаж болохгүй. УДШ-ийн Ерөнхий шүүгч гадаад харилцаа, бодлогын түвшинд асуудлаа ярьж шүүгч нарынхаа эрх ашгийг хамгаалж чадахгүй бол чаддагт нь ажлаа өгөх нь зүйтэй.
7.
Шүүхийн дээд байгууллагын ноён оргилд заларч байгаа бол хуульчийн мэргэжлийн наад захын ёс зүйн шалгуур шаардлагыг хангаж ажиллах ёстой гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ. УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн тухайд “согтуугаар жолоочоо зодсон, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж өөрийн туслахыг хүүхэдтэй болгож дараа нь шүүгч болгосон” гэх хов живийн шинжтэй яриа хэвлэлээр цацагдаж байсан. Би хувьдаа үүнд итгэдэггүй. Гэхдээ нэгэнт хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байгаагийн хувиар энэ мэтийн явган яриа, хардлага сэрдлэгэд нийтийн албан тушаалтны хувиар тухай бүр тайлбар өгч мухарлаж байх нь зүйтэй болов уу! Энэ мэт нийтийн амны зугаа болгосон асуудлаар албан ёсны тайлбар өгөхгүй бол наанадаж шүүхийн цаашлаад хуулийн салбарын нэр хүнд унаад байна. Дуугүй байх нь хүлээн зөвшөөрсөний шинж гэдэг. Хэрэв иргэдийн хардлага үнэн бол ёс зүйн хариуцлага хүлээх, худал бол нэн даруй тайлбар өгч нэрээ цэвэрлэдэг баймаар байна.
Эцэст нь УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн 6 жилийн легаси юу байв гэдгийг нягталж байж улираах эсэхээ шийдмээр байна.
Нэгэнт түүнийг улираах цэцийн шийдвэр тодорхой учраас УДШ-ийн нийт шүүгч нарт итгэж үлдээхээс өөр сонголтгүй боллоо. Хэрэв 1 шүүгч 12 жил буюу түүнээс дээш хугацаагаар Ерөнхий шүүгч хийвэл хамтын шийдвэр гаргадаг байгууллага нэг хүнээс хэт хамааралтай болох үүд нээгдэнэ. Одоогийн шүүгч нарын тэн хагас нь тэр дундаа хамгийн туршлагатай, зангарагтай хэсэг нь 6 жилийн дараа тэтгэвэрт гарах учраас 12 жилийн ерөнхий шүүгч хийсэн хүн УДШ-ийг хага базах хангалттай боломж гарна гэсэн үг. Үгүй дээ л нэг хүнийг удаан улираах нь шүүхийн хараат бус байдалд ч халтай. Шүүхийн шинэчлэлийн нэг зорилт нь Ерөнхий шүүгчийн хэт эрх мэдлийн төвлөрлийг задлахад чиглэж байсныг бид мартах учиргүй.
Өнөөдөр УДШ-ийн Ерөнхий шүүгчийг албыг залгуулах легитим шинжтэй, боловсрол, эрдмийн зэрэг, мэргэжлийн мэдлэг, ур чадварын туршлагатай буюу нэг үгээр бол зангарагтай шүүгч нар УДШ-д олон байгаа. Ямартай ч улс төрчид талдаа чих зөөлөнтэй, хувийн сахилга бат, ёс зүйн асуудлаар хэн нэгэн улс төрчид барьцаалагдахгүй байх хэмжээний шүүгчид олон байгаа.
Урьд урьдын олон Ерөнхий шүүгч нарыг харж байхад дандаа Эрүүгийн танхимаас сонгогдож үе үеийн Ерөнхийлөгч нарт “Үүнээс хойш би таны жадны үзүүр, сэлэмний ир болж явсугай, алив хэрэг гарвал надад дуулгаарай” гэх андгай тангараг өргөсөн аятай л харагддаг. Улс төрийн хоронд хутгалдах нь шүүхийн нэр хүнд унаж байгаа суурь шалтгаан болж байна.
Өнөөдөр шүүх эрх мэдлийн салбарт хуульдаа ойрхон, улс төрийн нөлөөнд дүлий цэрэг шиг чих хатуу төдийгүй зангарагтай Ерөнхий шүүгч ус, агаар мэт үгүйлэгдэж байна.
Энэ салбарт ажилладаг хуульчийн хувьд УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт улирч ажиллах шалтгаан, нэр хүнд, легаси үлдээгүй гэж хэлмээр байна. Ирж буцаж л байдаг улс төрчдийн салхины аясаар үүл шиг нүүдэггүй, уул шиг дүнхийдэг нөмөр нөөлөгтэй зангарагтай Ерөнхий шүүгчийг хуулийн салбар ч үгүйлж байна. Хэрхэхийг УДШ-ийн шүүгч нар өөрсдөө шийдэхийг харах л үлдэх шив дээ!

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26