2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26


Өгөх хүн бөхийж, авах хүн гэдийж, дамжуулах хүн хүлээсээр.
Путины Хятадад хийсэн айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Гэвч Путины хамгийн их хүлээж, найдлага тавьж байсан “Сибирийн хүч-2” төслийн талаар Оросын талын ч, Хятадын талын ч албан мэдээнд үг үсэг дурдагдсангүй. Уг нь жил хүрэхгүйн өмнө буюу 2025 оны есдүгээр сард Путиныг Бээжинд айлчлах үеэр хоёр тал харилцан меморандум зурж, 10 гаруй жил яригдаж буй төсөл эхлэх нь гэсэн найдварыг төрүүлсэн.
Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын “хоолойн маршрут, бүтээн байгуулалт зэрэг гол асуудлаар нэг ойлголтод хүрлээ, гэхдээ хэзээ ашиглалтад орох болон бусад нарийвчилсан асуудлаар дахин хэлэлцэх шаардлагатай” гэсэн улиг болсон жижүүрийн үгсээс өөр шинэ мэдээлэл гарсангүй.

Энэ төсөл яагаад Орост амин чухал хэрэгтэй вэ?
Украиныг түрэмгийлснээс хойш Орос Европ руу гаргаж байсан хийн зах зээлээ бүрэн алдсан. Энэ алдагдлыг нөхөхөд Азийн зах зээл, тэр дундаа Хятадын зах зээл заавал хэрэгтэй. Анхны тохироогоор Оросын хойд хилийн Ямала хойгоос Монголын нутгаар дайруулан Хятадын нутаг руу хийн хоолой татаж, жилдээ 50 тэрбум куб метр хийг 30 жилийн хугацаатай нийлүүлэх юм. Гэсэн ч анхны тохироо хийснээс хойш 10 илүү жил өнгөрсөн ч энэ төсөл Путины хувьд “гуйлгана гэдэг гутамшиг” Ши-гийн хувьд “гуйлгана гэдэг гайхамшиг” гэсэн маягаар өнөөг хүрлээ.
Нэг куб метрийн үнэн дээр тохирч чадахгүй байгаа нь гол тээг хэмээн шинжээчид бичсээр байгаа ч оросууд хэд гэж хэлээд, хятадууд хэдээр авах гээд байгаа талаар тодорхой тоо огт ил болоогүй. Гэхдээ энэ үнэ Оросын Европын орнууд руу нийлүүлж байсан үнээс хямд байх болно гэж Путин ам алдсан. Мөн төлбөрийг рубль болон юанийн 50:50 харьцаагаар хийх тохироотой. Төлбөрийн хувьд Орос-Хятад хоёр элдэв хоригоос үл хамааран рубль-юанийн бие даасан системийг бий болгож чадсан хэмээн Путин Бээжингээс буцаж очоод өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдэгдсэн.
Төслийг гардан гүйцэтгэх “Газпром”-ын хувьд энэ төсөл нь тус компанийн хэрэгжүүлэх хамгийн том төсөл болох юм.
Хийн хоолойн нийт урт 6700 км, Оросын нутгаар 2700, Монголын нутгаар 1000 орчим км үлдсэн нь Хятадын нутгаар тавигдах учиртай.
Хятадын хүсч байгаа үнээр нийлүүлсэн тохиолдолд энэ төсөл өмнө нь Европын зах зээлээс олж байсан орлогыг нөхөхгүй гэдэг нь Москваг илүүтэй зовоож байна. Украины түрэмгийллээс өмнө буюу 2022 оноос өмнө “Газпром” Европ руу жилдээ 140 тэрбум куб.м хий нийлүүлж байсан бөгөөд одоо “Туркийн урсгал” хоолойгоор жилдээ 16 тэрбум орчмыг л Европ руу нийлүүлж байгаа юм.
Ормузын хоолойн саадаас шалтгаалан Хятад улс усан тээврээр авдаг шингэрүүлсэн хийн импортоо аюулгүй, найдвартай эх үүсвэрээр орлуулах шаардлагатай болж байгаа учраас Хятад төслийг эхлүүлэхэд буулт хийнэ хэмээн Путин ихээхэн найдсан ч хятадууд улам илүү таатай боломжийг хүссээр байгаа бололтой. Хятад нь Ормуз болон Малаккийн хоолойгоор шингэрүүлсэн хий авдаг бөгөөд одоогийн байдлаар Малаккийн хоолой л найдвартайд тооцогдож байна.
Нөгөө талаар энэхүү төсөлд гуравдагч тал оролцож байгаа нь Хятад илүү болгоомжтой хандах шалтгааны нэг хэмээн Оксфордын Эрчим хүч судлалын институтын судлаач Жак Шарплес өнгөрсөн долоо хоногт Al Jazeera-д ярьжээ.
Гуравдагч орны нутгаар дамжилгүй шууд Оросоос Хятад руу тавигдсан “Сибирийн хүч-1” хоолойг хоёр тал 2014 онд тохиролцоод 2019 онд ашиглалтад оруулж, 2024 оноос төслийн хүчин чадалдаа (жилийн 38 тэрбум куб.м) хүрсэнийг тэмдэглэх хэрэгтэй.
Судалгаа, дүн шинжилгээний Kpler компанийн тооцоогоор Хятад өнгөрсөн 2025 онд хоолойгоор 80,7 тэрбум куб.м хий импортолсон нь өмнөх 2024 оноос 8%-иар буюу 5,8 тэрбумаар өссөн дүн юм. Гэхдээ энэ нь “Сибирийн хүч-1” хоолой бүрэн хүчин чадлаасаа давж 39,2 тэрбумийг нийлүүлсэн нь нөлөөлсөн байх магадлалтай.
Хятад нь Оросоос гадна Мьянмараас хоолойгоор 2025 онд 4,8 тэрбум куб метр хий авсан нь өмнөх оныхоос нь 20% өссөн үзүүлэлт ажээ. Харин Төв Азийн улсууд буюу Казахстан, Туркменистанаас авсан хий 11%-иар буурсан. Kpler-ийн тооцоогоор энэ 2026 онд Хятадын хоолойгоор авах хийн хэмжээ 1,2%-иар нэмэгдэж, 81,7 тэрбумд хүрэхээр байна.
Үүний зэрэгцээ Хятадын дотоодын хийн олборлолт 2025 онд 263 тэрбум куб.м байсан бөгөөд энэ онд 6%-иар нэмэгдэж, 278,5 тэрбумд хүрнэ хэмээн Kpler тооцоолсныг Forbes мэдээлжээ.
Харин Хятадын дотоодын судалгаа, дүн шинжилгээний SunSirs байгууллагын мэдээгээр Хятад улс 2025 онд 426,55 тэрбум куб метр хий хэрэглэсэн бөгөөд энэ 2026 онд 3%-иар нэмэгдэж 440 тэрбумд хүрнэ гэжээ. Мөн тус байгууллагын мэдээгээр Хятад 2025 онд 261,9 тэрбум куб.м хий олборлосон нь өмнөх 2024 оноос 6,2% өсчээ. Харин энэ онд 270 тэрбум куб.м-ийг олборлоно гэжээ. 2025 онд хоолойгоор 83 тэрбум куб.м-ийг импортолсон, 2026 онд энэ тоо нэг их өөрчлөгдөхгүй хэмээн SunSirs мэдээлжээ.
Kpler болон SunSirs-ийн тоонууд үл ялиг зөрөөтэй байгаа ч Ормузаас үүдэлтэй шингэрүүлсэн хийн импорт буурвал дотоодын хангалтад нөлөөлөх магадлалтай бөгөөд энэ байдал цаашид хадгалагдвал хоолойгоор авах импортоо нэмэгдүүлэх болно. Энэ гаргалгааг оросууд ч гэсэн хийж буй нь тодорхой.
“Сибирийн хүч-2” ба дэлхийн зах зээл
Kpler-ийн шинжээч Катаямагийн үзэж байгаагаар Оросын хийн хоолойн төслүүд хэрэгжвэл Хятадын шингэрүүлсэн хийн импорт буурч, Атлантын бассейн хавиас тээвэрлэх шингэрүүлсэн хийн өрсөлдөөнийг сулруулж, улмаар үнийг бууруулах магадлалтай.
Нөгөө талаар хоёр төсөл хэрэгжвэл Орос Европын зах зээл рүү тэмүүлэхээ больж, энэ нөхцөл байдал нь Оросын геополитикийн ашиг сонирхол Ази руу бүрэн шилжих магадлалтай гэжээ.
“Сибирийн хүч-2” ба Монгол
2019 онд ерөнхийлөгч Путин Монголд айлчилсаны дараагаас Монголд энэ төслийг хэрэгжүүлэх чиглэлд хэд хэдэн алхам хийгдсэн. Монголоор дайран өнгөрөх хоолойг “Союз-Восток” хэмээн нэрлэхээр хоёр тал тохирч, 2021 оны 1-р сард “Газопровод Союз-Восток” ХХК-ийг Монголд байгуулсан.
2022 оны мэдээгээр энэ компани хийн хоолой тавих зурвас газрыг тодруулж, ТЭЗҮ-г боловсруулж, тусгай зориулалтын “Газопровод Союз-Восток” компанид үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлүүдийг авч, инженер геодези, инженер геологи, инженер археологийн судалгааны ажил хийгдсэн.
Урьдчилсан ТЭЗҮ-гээр хийн хоолой нь Монголын зургаан аймаг, 22 сумын газар нутгаар дамжин хойд хилээс урд хил хүртэл 962,9 км үргэлжилнэ, хоолойн голч 1400 мм, 5 шахах станцтай.
Төсөл анх яригдаж байх үед хий дамжуулсан төлбөрийг л Монголын тал авах тухай ярьж байсан ч хоёр жилийн өмнөөс байгалийн хийг Монгол Улс эрчим хүчний нэг эх үүсвэр болгон ашиглах, үүнд шаардлагатай дэд бүтцийг байгуулахад Орос хамтрах зэрэг зүйлс яригдаж эхэлсэн.
Монгол нь хийг эрчим хүчний эх үүсвэрээр ашигладаггүй, дэд бүтэцгүй, мөн иргэдийн хувьд хэрэглэх соёл суугаагүй.
Мөн хоолойн явах газрын ашиглалт, аюулгүй байдлыг хэрхэн хангах зэрэг асуулт өнөөг болтол тодорхойгүй байгаа. Гурван жилийн өмнө ОХУ-ын Засгийн газар “Газпром” компанид галт зэвсэг хэрэглэх эрхтэй, онцгой обектуудаа хамгаалах хувийн хамгаалалтын нэгж байгуулахыг зөвшөөрсөн.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26