2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27


Арав гаруй жил дуншсаны эцэст Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-д өргөн баригдаад байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын хэлснээр хуулийн 40 гаруй хувьд өөрчлөлт оруулах юм.
Нэмэлт өөрчлөлтөөр Монголын эдийн засгийн гол тулгуур болж байгаа уул уурхайн салбарын өмнө тулгамдаж, хөгжлийг сааруулж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарцыг нээж өгнө гэсэн хүлээлтэд хүрнэ гэж дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид найдаж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт, геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалт тусгагдсан нь салбарынхны хүлээж байсан өөрчлөлтүүд юм.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, хуваарилалтад шинэ зохицуулалт хийхээр болж байна. Ялангуяа хайгуулын тусгай зөвшөөрөл болон эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх чиглэлд бодлогын өөрчлөлт хийхээр тусгажээ. Тусгай зөвшөөрлийг авчихаад олон жилээр дарж хадгалдаг байдлыг халж, хязгаарлахын тулд тусгай зөвшөөрлийн хугацааг нь хоёр дахин багасган 6 жил болгож, төлбөрийг нь нэмэгдүүлжээ. Ингэснээр хайгуулын шинэ төсөл бий болгох боломжийг нээхийн зэрэгцээ лицензийн наймааг таслан зогсооно гэж найдаж байна.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж байгаа чухал ашигт малтмалын талаарх шинэ бодлогыг тодорхойлсон байна. Ингэснээр энэ төрлийн ашигт малтмалын судалгааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, технологийн дэвшлийг нутагшуулах, бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын дэд бүтэц, хүний нөөцийн чадавхаа бэхжүүлэх боломж нээгдэх юм.
Бас нэг шинэ зохицуулалтыг тусгасан нь гарал үүсэл нь тодорхойгүй ашигт малтмалыг хяналтгүйгээр худалдан авч хууль бус олборлолтыг өөгшүүлэх, татвараас зайлсхийх зэрэг олон сөрөг үр дагавар үүсгэж байгаа гажуудлыг арилгах өөрчлөлтийг тусгажээ.
Зэсийн АМНАТ-ийг өндрөөр тогтоосон нь салбарын хэмжээнд маш их шүүмжлэл дагуулж, хөгжлийг боомилж байсан. Зэсийн өндөр АМНАТ нь шинээр зэсийн ордыг ашиглалтад оруулах нөхцөлийг бууруулж байгаа учраас зэсийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч хүдэрт 0-15%, баяжмалд 0-5%, бүтээгдэхүүнд 0-2.5%-иар ногдуулан өөрчлөх зохицуулалтыг тусгасан байна
Хайгуулын салбарыг нээж байгаа, зэсийн АМНАТ-ийг бууруулж байгаа, АМНАТ-ийн орлогоос орон нутагт үлдэх хувийг өндөрсгөж байгаа, уул уурхайн үйл ажиллагааг хууль бусаар эсэргүүцсэн иргэдэд зөрчлийн хариуцлага ногдуулах, уурхайн хаалтыг хуульчилж байгаа зэрэг дэвшилтэт зохицуулалтууд уул уурхайн салбарын хөгжлийг урагшлуулна гэж салбарынхан хүлээж байна.
Ц.Элбэгдоржийн “эх оронч” санаачилгын алдааг арилгана
15 жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “эх оронч” шийдвэрийн гайгаар Монголын хайгуулын салбар уналтад орсоныг эргэн нээж байгаа нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад тун таатай мэдээ юм.

1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар лицензийг цаг хугацааны хувьд хэн түрүүлж өргөдөл гаргасан нь авдаг зохицуулалтыг анх тусгасан. Үүнээс гадна тусгай зөвшөөрлийг зөвхөн гурван үндэслэлээр цуцлахаас гадна шилжүүлэх, барьцаалахад ямар нэг хязгаарлалт байхгүй байсан. 1997 оны хуулийн энэхүү зохицуулалтыг лиценз олголтын хувьд хамгийн либерал байсан, ил тод шуурхай, эрхийн хамгаалалт сайтай байсан гэж салбарын зарим шинжээч дүгнэсэн байдаг.
Тиймээс ч энэ хуулийн хэрэгжих хугацаанд буюу 1997-2004 оны хооронд хамгийн олон тооны тусгай зөвшөөрөл олгогдсон. Тухайн үед Монгол улсын нийт газар нутгийн 40%-ийг хамарсан талбайд бараг 6000 орчим хайгуулын лиценз олгогдож, хайгуулын үйл ажиллагаа илт идэвхжсэн байдаг. 2000-гаад оны дунд үе гэхэд дэлхийд зарцуулагдаж байсан хайгуулын хөрөнгийн 4%-ийг Монгол руу татаж чадсан гэсэн үзүүлэлт үүнийг гэрчилнэ. 2000 онд хайгуулын лиценз хүссэн өргөдлийн тоо 1340, 2002 онд 2700, 2004 онд 5000 тус тус байжээ.
2006 оны долдугаар сард наадмын өмнөхөн Ашигт малтмалын хуульд хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь лицензийг өргөдлөөс гадна сонгон шалгаруулалтаар олгодог болсон юм.
Уул уурхайн салбар хөгжин тэлж, 2012 онд Монголын эдийн засгийн өсөлтийг 17%-д хүргэж дэлхийг гайхашруулсан. Гэвч уул уурхайн мөнгийг дагасан улстөржилт нэмэгдсэн. Эрх баригчид нь уул уурхайгаас орж ирсэн мөнгийг нь халамжийн хэлбэрээр тарааж сайн дүрд тоглож байсан бол эсрэг талд нь эцэг өвгөдийн газар нутгийг гаднынхантай сүлбэлдэн цөлмөж дууслаа гэсэн популист улстөрчид олширсон. Лицензийг хяналтгүйгээр хавтгайруулан олгосон, үүнийг дагалдан лицензийн наймаа газар авсан зэрэг нь ямар нэг зохицуулалт шаардаж байсан нь үнэн. Гэхдээ энэ зохицуулалтыг Монголын улстөрчдийн хамгийн дуртай бөгөөд амархан аргаар шийдсэн юм.
2011 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар ашигт малтмалын лиценз олголтыг түр зогсоосон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр хориглох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ хуулийг хаалттай хэлэлцээд баталсан. Уг хуулиар 2012 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хайгуулын лицензийг шинээр олгохыг зогсоосон юм. Гэхдээ энэ хууль гарахаас өмнө 2010 оны сүүлээр ҮАБЗ-өөс Ашигт малтмалын газарт шинээр хайгуулын лиценз олгохгүй байх чиглэл өгч, энэ нь хэрэгжиж байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Энэ чиглэлийн дагуу Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын гарын үсэгтэй тал бичгийн хуудас цаас уул уурхайн компаниудад хүргэгдсэн байдаг. Хуулийг дахин хоёр удаа сунгасан бөгөөд сүүлийн сунгалт нь хугацаагүй байсны дээр шинээр лиценз олгохоос гадна шилжүүлэхийг мөн давхар хориглосон. Энэ хориг 2014 оны долдугаар сард Ашигт малтмалын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсон. Ингэснээр бараг таван жил хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй юм.
2011 онд хориг тавигдах үед ашигт малтмалын нийт 4706 лиценз хүчин төгөлдөр байсны 3610 нь хайгуулын, 1096 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байжээ. Энэ харьцаа зөв бөгөөд зохистой харьцаа байсан.
Дэлхийн жишгээр хайгуулын ажил 10-20 жилээр ашиглалтаасаа түрүүлж явдаг. Олж илрүүлж байж л ашиглах нь энгийн логик атал Монголд одоо эсрэг болсон.
Өнгөрсөн 2025 оны тоон мэдээллээр Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973 лиценз хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа нь нотолгоо юм.
Одоогийн байдлаар хайгуулын лицензийг сонгон шалгаруулалтаар, мөн тодорхой газар нутагт олгож байгаа нь бас л шүүмжлэл дагуулж байгаа. Сонгон шалгаруулалтаар олгох нь зөвхөн мөнгөтэй компаниудад давуу байдал үүсгэж байгаа, тэр дундаа урд хөршийн компаниуд авч байна, харин дотоодын компаниуд шахагдаж байна гэсэн гомдол тасрахгүй байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27