2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19


C5+1 уулзалтын бизнесийн гэрээнүүд нь бүс нутаг дахь Оросын болон Хятадын капиталтай АНУ өрсөлдөнө гэдгээ ил тодоор зарласан хэрэг боллоо.
Албан ёсны хэллэгээр Төв Азийн, албан бусаар станы орнууд сүүлийн жилүүдэд олон улсын харилцааны анхааралд ороод байна. АНУ, Япон, Энэтхэг, Европын холбоо зэрэг томчууд энэ бүс нутагт хэзээ хэзээнээс илүү идэвхтэй оролцоотой болжээ.
Монгол Улсын хувьд ч энэ бүс нутаг гадаад бодлогын анхаарлын хүрээнд байгааг өндөр хэмжээний харилцан айлчлалууд нотолно. Энэ 2025 онд гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз, Тажикистан улсад (долдугаар сарын 20-23-нд Киргиз, 23-26-нд Тажистан) айлчилсан бол Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны зургадугаар сарын 1-2-нд, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны зургадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монголд Улсад айлчилсан.
Төв Азийн орнууд нь Монголтой нэгэн ижил ЗХУ-ын үед нэг блокод хамаарч байсан. ЗХУ задарсаны дараагаар бие даасан тусгаар улс болсон ч ОХУ-ын эрх ашгийн бүсэд тооцоогдсоор ирсэн. Харин энэ бүс нутагт сүүлийн 10 гаруй жил БНХАУ нөлөөгөө эрчимтэй тэлж, ялангуяа “Бүс ба зам” санаачилгын хүрээнд эдийн засгийн харилцааг далайцтайгаар хөгжүүлж байгаа. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд эдийн засгийн 6 коридор байгуулахаар тусгагдсаны нэг нь станы орнуудад хамаарч байгаа юм. Энэ нь “Хятад, Дундад Ази, Баруун Азийн эдийн засгийн коридор” бөгөөд энэ коридор нь Шинжаанаас гарч Дундад Азийн бүс нутгаар дайрч, Персийн булан, Газар дундын тэнгис, Арабын хойг хүрэх маршрут бөгөөд Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Туркменистан, Афганистан, Иран, Саудын Араб, Турк, Израиль зэрэг улсыг хамарч байна. Энэ коридор нь БНХАУ-ын хувьд стратегийн онц ач холбогдолтой.
C5+1
Манай хоёр хөршийн эрх ашиг бүхий энэхүү бүс нутгийн 5 орон 2025 оны арваннэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай C5+1 (Central5) форматаар уулзлаа. Цагаан ордонд болсон энэхүү уулзалтад Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны төрийн тэргүүн оролцлоо.
Дональд Трамп Станы 5-д татгалзах аргагүй саналуудыг тавьсан. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа газрын ховор элементын олборлолт болон боловсруулалт, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хиймэл оюуны чип, АНУ-ын Wabtec компанийн төмөр замын зүтгүүр вагон, Boeing 787 Dreamliner онгоц зэргийг санал болголоо.
“Харамсалтай нь АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчид энэ бүс нутгийг огт хайхарч байгаагүй. Би энэ бүс нутгийн ач холбогдлыг ойлгож байна, гэвч олонх нь үүнийг мэдэхгүй байна” хэмээн Дональд Трамп уулзалтад хэлсэн нь түүний бодлогыг илэрхийллээ. Гэхдээ АНУ энэ бүс нутгийг анхаарлын гадна үлдээсэн нь гэдэг нь ташаа юм. 2015 онд Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн санаачилгаар Ерөнхийлөгч Барак Обама, мөн Жо Байден 2023 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд C5+1 форматын уулзалт болж байсан. Ялангуяа Байдены уулзалтын үеэр хувийн компани хоорондын бизнесийн харилцааг хөгжүүлэхэд анхаарсаны зэрэгцээ хүний эрхийг хамгаалах асуудлаар хамтран ажиллахаар ярилцсан нь чанарын хувьд шинэ түвшний уулзалт боллоо хэмээн тухайн үедээ ажиглагчид дүгнэж байжээ.
Харин энэ удаа Трамп компани хоорондын буюу B2B загвараас илүүтэй G2G буюу төр хоорондын харилцаанд ач холбогдол өгсөний дээр хүний эрхийн асуудал огт хөндөгдсөнгүй.
Энэ бүс нутгийн эдийн засгийн үзүүлэлтүүд нь сайжирч байгаа ч хүний эрхийн асуудлууд нь эсрэгээрээ уруудсаар байгаа. Freedom House-ийн индексээр Туркменистан хүний эрх, эрх чөлөөний байдлаар Хойд Солонгос, Суданы ард байгааг тэмдэглэх нь зүйтэй. Казахстаны парламентаар шийдэгдэж буй хүний эрх, эрх чөлөөний зарим асуудал ОХУ-ын жишгийн араас явдаг гэдгийг хүний эрхийн хамгаалагчид хэлсээр байгаа билээ.
Станы 5-ын зүгээс Трампад хандаж хэлсэн үгс бас сонирхолтой. Жишээ нь, “Та бол бидний үнэлж, хуваалцдаг эрүүл ухаан, уламжлалыг эргүүлэн авчрахаар тэнгэрээс заяасан агуу удирдагч, төрийн зүтгэлтэн” хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Жомарт Токаев хэлсэн бол Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев “Узбекистанд бид таныг дэлхийн Ерөнхийлөгч гэж хэлдэг” хэмээн үг дэвсчээ. Казахстан, Узбекистаны төрийн тэргүүн Дональд Трампыг Төв Азийн бүс нутагт айлчлахыг урьсан. Вашингтоны The Hill сонины тоолсноор Владимир Путин энэ бүс нутагт 77 удаа, Ши Жиньпин 15 удаа айлчлаад байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч энэ бүс нутагт огт айлчилж байгаагүй ажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Майк Помпео, Энтони Блинкен тус бүр нэг удаа Төв Азийн бүс нутагт айлчилж байжээ.
Станы 5-ын татах хүч нь байгалийн баялаг
Трампын засаг захиргааны гадаад харилцааны нэг чиглэл нь газрын ховор элементийн төлөөх тэмцэл болоод буй. Энэ бүтээгдэхүүн нь эдүгээ дэлхийн бизнес болоод геополитикийг холбож буй гол судас болсон. Трампын Украинтай, Австралитай, Японтой, Малайзтай, Таиландтай хийсэн газрын ховрын гэрээ, хэлцлүүд үүнийг нотолно.
АНУ-ын газрын ховрын нийлүүлэлтийн сүлжээнд Төв Азийн бүс нутаг ирээдүйтэй байрлал болохыг Washington Examiner онцолсон. АНУ-ын Геологийн албаны мэдээгээр энэ бүс нутагт газрын ховрын илэрсэн 28 орд байгаа бол дахиад 150 гаруй орд хайгуулын шатанд байгаа гэжээ. Эдгээр 28 ордод салхин сэнсний турбин, гар утас, сөнөөгч онгоцны эд ангид хэрэглэдэг 17 элементийн нөөц бий. Газрын ховроос гадна Казахстаны уран, Узбекистаны зэс, Туркменистаны байгалийн хий гээд технологийн XXI зууны хөгжлийн түүхий эд Төв Азид бий.
Станы 5-ын уулзалтын өмнөх өдөр Трампын захиргаа АНУ-ын эдийн засаг, аюулгүй байдалд амин чухал хэрэгцээтэй ашигт малтмалын жагсаалтаа шинэчилсэн. Энэ жагсаалтад 10 бүтээгдэхүүн багтсаныг дурдвал нефть, байгалийн хий, уран, төмөр, литий, газрын ховор элемент, зэс, цайр, вольфрам болон молибден юм.
C5+1 уулзалтын дүнд зурагдсан бизнесийн гэрээнүүд нь энэ бүс нутаг дахь Оросын болон Хятадын капиталтай АНУ өрсөлдөнө гэдгээ ил тодоор зарласан хэрэг болж байна.
Узбекистантай “гайхалтай гэрээ байгуулсан”-аа Трамп сошиал сүлжээндээ тэр оройгоо зарласан. АНУ гурван жилийн хугацаанд Узбекистанд 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд цаашлаад 10 жилийн дараа гэхэд энэ тоо 100 тэрбумд хүрэх юм. Уг гэрээ байгалийн ховор элемент, хөдөө аж ахуй, нисэх онгоцнй үйлдвэрлэл, IT салбаруудыг хамарчээ.
Казахстаны хувьд дэлхийд томд тооцогдох вольфрамын ордыг хамтран ашиглах гэрээ байгуулсан. АНУ-ын Cove Kaz Capital Group хамтарсан компанийн 70%-ийг эзэмших бөгөөд үлдсэн 30%-ийг Казахстаны төрийн өмчийн компани эзэмшинэ. Энэ гэрээний өртөг 1,1 тэрбум ам.доллараар хэмжигдэх бөгөөп АНУ-ын EXIM Bank энэ төсөлд 900 сая ам.доллар оруулахаа мэдэгдсэн. Үүнээс гадна нийт 17,2 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 30 гаруй гэрээг Казахстан байгуулжээ.
C5+1 уулзалтаас хоёр хоногийн өмнө хэсэг сенатчид Жексон-Вэникийн худалдааны хязгаарлалтын өөрчлөлтийг цуцлуулах төслийг өргөн барьсан нь Трампын засаг захиргааны Төв Ази дахь бодлогыг давхар нотолж байна. Жексон-Вэникийн өөрчлөлт нь хүйтэн дайны үед буюу 1974 онд Худалдааны хуульд оруулсан өөрчлөлт бөгөөд энэ өөрчлөлтөөр Төв Азийн орнуудад хөрөнгө оруулахыг хязгаарласан агуулгатай юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19