2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


УИХ-ын дарга Н.Учралд 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт Татварын багц хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар төслийг хэлэлцэнэ.
Татварын ерөнхий хуулийг 2019 онд шинэчлэн найруулсан ч иргэд, аж ахуйн нэгжийн татварын өр зузаарч, таван жилийн хугацаанд 6100 гаруй нь үйл ажиллагаагаа зогсоосон байдаг.
Татварын Ерөнхий газраас 2025 оны арванхоёрдугаар сард 74389 хуулийн этгээд 6.2 их наяд, 246 аж ахуй эрхлэгч 216 тэрбум төгрөгийн өртэй байгааг мэдээлсэн. Үүнээс 9 мянга гаруй аж ахуйн нэгжид данс хаах, хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авсан байв.
Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш яригдаж, улс орон даяар зуу гаруй уулзалт, хэлэлцүүлэг болсон ч УИХ-д одоо л хэлэлцүүлгийн шатанд орж ирж байна.
Татварын багц хуулийг шинэчлэх шалтгаан
2019 онд шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуулиар иргэн бүр татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд цалин хөлс, шагнал урамшуулал, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, шууд бус орлого, бусад орлогод татвар ногдуулахаар тусгасан.
Энэ тухайд 2025 оны хаврын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Монгол Улсын татварын бодлого нь төсвийн зардлыг нөхөх зорилгоор л хэрэгждэг” гэж ярьж байсан юм. Мөн УИХ-ын зарим гишүүн Хүн амын орлогын албан татварыг тэгш 1 хувиар төлөх санал санаачлага ч гаргаж байсан.
Гол нь, хууль шинэчлэгдсэн ч төр бүх орлогыг хянах, төсвийн зарлагыг нөхөхийн тулд татвар авах хүсэлтэй болсон нь бизнесийн өсөлтийг дэмжих биш боомилж эхэлснийг хаалгаа барьсан, дансаа хаалгасан, өрөнд унасан аж ахуйн нэгжийн тоо бодитоор илэрхийлнэ.
Татварын хуулинд байгаа хамгийн асуудалтай зүйл нь алданги тооцох. Хоногийн 0.1 % гэдэг нь жилийн 36.5% -ийн алданги тооцдог гэсэн үг. Алдаа гаргасан аж ахуйн нэгжийг шууд дампуурал руу түлхсэнээс өөрцгүй.
Татварын багц хуулийг өөрчлөх бодит шаардлагуудын нэг нь НӨАТ.
Тухайлбал, НӨАТ-ын босго 50 сая төгрөг байгаа нь өнөөдрийн түвшинд хэтэрхий бага. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд бодит дарамт учруулдаг. НӨАТ төлөгч биш хүнээс бараа авахад НӨАТ-ын хасалт хийдэггүй учраас аж ахуйн нэгжүүд 10 хувийн алдагдал үүрэх эсвэл эцсийн бүтээгдэхүүний үнэ дээр нэмдэг.
Хүн амын орлогын албан татвар гэхэд сард 10 сая төгрөгөөс дээш төгрөгийн орлогод 15-20 хувийн татвар ногдуулж байгаа нь өндөр цалинтай мэргэжилтнүүд дайжих шалтгааны нэг юм. Зарим салбарт татварын хөнгөлөлт үзүүлж байгаа гэдэг ч технологи, экспорт, ногоон бизнес гэх мэтээр хязгаарлагддаг.
Харин жижиг бизнес эрхлэгчид буюу жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой иргэд заавал и-баримт шивж, дансны хяналт тавиулдаг гэх зэргээр татварын дарамт өссөн байдаг.
Мэдээж эерэг тал бий. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд орлогынхоо 1 %-аар татвар төлж, жилд ганц удаа тайлан гаргадаг болсон. Татварын тайлан гаргах, төлөх, хянах үйл явц бүрэн цахимжсан учраас байцаагч царайчлах, авлига өгөх авах эрсдэлийг бууруулсан. Хэчнээн алдагдал хүлээсэн ч ирээдүйн 4-10 жилийн ашигт шилжүүлэн тооцуулж хасуулах боломжтой болсон. Анх удаа орон сууц авсан иргэн 6 сая хүртэл төгрөгийн татварын буцаан олголт авах боломжтой гээд давуу талууд байна.
Татварын багц хуулийн шинэчлэлд багтсан НӨАТ, ХХОАТ, ААНОАТ!
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын танилцуулснаар Татварын багц хуулийн төсөлд иргэдийн НӨАТ, ХХОАТ-ыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцсон аж.
Үүнд,
Иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлнө
Хариуцлагатай татвар төлөгч НӨАТ-ын төлөх хугацааг 2 сараар хойшлуулах
Хил дээр импортын НӨАТ хураахгүй, хоёр сарын дараа төлөх боломж олгох
Тайлангаа 2 жилийн хугацаанд залруулах эрх
Жижиг, дунд бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж, 1 хувийн орлогын татвар төлдөг босгыг 1.5 тэрбум байгааг 2.5 тэрбум болгох
6-10 тэрбум төгрөгийн ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулах
1 хувийн татварын хялбаршуулсан горимыг 400 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлттэй болгож, хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Онцлох нэг заалт бол гадаадаас үйлчилгээ авсан /Facebook, Netflix, программ хангамж г.м/ тохиолдолд тухайн төлбөрт НӨАТ ногдуулж, төсөвт төлөх үүргийг хуульчлах гэнэ.
Татварын алба банкны системд нэвтрэх үү?
Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төсөл нь шударга татвар төлөгчид хялбар, татвараас зайлсхийж буй этгээдэд эрсдэлтэй гэж тодорхойлж байгаа юм.
Иргэдийн зүгээс банкны бүх гүйлгээг татварын алба шалгахаар шинэчилсэн хуулийн төсөлд багтсан тухай шуугиж буй. Татварын ерөнхий хуулийн төслөөс харвал Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйл буюу Бусад байгууллагаас мэдээлэл гаргуулах, хамтран ажиллах хэсэгт 34.8.4 гэсэн заалт л нэмсэн байна.
Түүнээс 34.4 дэх заалт буюу Арилжааны банк бусад санхүүгийн байгууллагын мэдээлэл хүргүүлэх хэсэгт төсөлд өөрчлөлт оруулаагүй.
Татварын ерөнхий хуулийн 34.4 дэх заалтад 2024 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр арилжааны банк болон санхүүгийн эрх бүхий байгууллага нь татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр эсхүл цахимаар гаргасан хүсэлтэд үндэслэн хүргүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Энэ тухай иргэд тэр бүр мэдээгүй байж ч болох юм. Өөрөөр хэлбэл, татварын алба хүсвэл банк таны дансны хуулгыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэхдээ та татварын тайлангаа илгээгүй, дутуу тайлагнасан зэрэг эрсдэлтэй бүлэгт орсон бол татварын алба банк руу албан бичгээр хандана.
Түүнээс банкны системийг татварын системтэй холбож гүйлгээ бүрийг хянах талаар тусгасан заалт одоогоор алга.
Харин төрийн мэдээлэл солилцооны системийг татварын системтэй бүрэн холбож, иргэн баримт бүрдүүлэхгүйгээр системд байгаа дата дээр үндэслэн хөнгөлөлт эдлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр ярьж байв.
БНХАУ, ОХУ-ын татварын алба л банкны системтэй шууд холбогддог
Олон улсад татварын алба банкны мэдээлэлд нэвтрэх нь “хувь хүний нууц”, “төрийн татварын хяналт”-ын тэнцвэрийг хадгалахад чиглэж хөгждөг аж.
Хамгийн хатуу хяналттай улс бол АНУ гэж үздэг байна. Татварын хуулиндаа Татварын алба нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс өмнө банкнаас мэдээлэл татах эрхтэй байдаг. Банк $600 дээш үнийн дүнтэй бизнесийн шинжтэй гүйлгээг татварын албанд мэдээлэх үүрэг хүлээдэг.
Европын орнуудын хувьд “төвлөрсөн дансны бүртгэл” гэх систем ашигладаг бөгөөд байцаагч сэжиг бүхий гэж үзвэл банкнаас дэлгэрэнгүй хуулга авах эрхтэй гэнэ. Автомат мэдээлэл солилцох буюу жил бүр тодорхой үнийн дүнгээс дээш үлдэгдэлтэй дансыг автоматаар мэдээлэх заалтыг Япон, Сингапур, Европын орнууд ашигладаг бол Канад, Австралид босго үнийн дүнгээр хянах аргачлал бий. Харин БНХАУ, ОХУ-д шууд нэвтрэх буюу татварын алба банкны системтэй шууд холбогдож, бодит хугацаанд хянах заалт хуулиндаа тусгасан байдаг аж.
Тиймээс татварын зөвлөхүүд хувийн дансаараа бизнесийн гүйлгээ хэзээ ч битгий хий гэсэн дүрэм баримтлахыг зөвлөдөг. Манай улсын хувьд дэлхийн 100 гаруй улсын мөрддөг Common Reporting Standard (CRS) буюу “Мэдээлэл солилцох нэгдсэн стандарт”-д нэгдсэн байдаг. Энэ бол банк гадаадын иргэдийн дансны мэдээллийг автоматаар татварын албанд мэдээлдэг стандарт. Банкны тухай хууль болон татварын хуулиндаа энэ тухай тодорхой тусгадаг байна.
Ямартай ч Монголын Татварын хуулийн гүйлгээ бүрийг хянах талаар одоогийн байдлаар тусгаагүй байгаа ч мөрдөж байгаа Татварын ерөнхий хуулийн 34.2-т “Байгууллага, албан тушаалтан татварын албаны хөндлөнгийн мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн .... буюу 34 дүгээр зүйлд заасан мэдээллийг цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд хугацааг тусгайлан өөрөөр заагаагүй бол сарын бүрийн 10-ны өдрийн дотор татварын албанд тогтмол мэдээлэх үүрэг хүлээнэ "гэх заалтыг 2024 оны тавдугаар сарын 16-нд оруулсныг анзаарахгүй өнгөрч боломгүй. Үүнд, банкны мэдээлэл ч багтаж байгаа юм.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27