2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19


Ерөнхий сайд асан П.Жасрай 1995 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгүй орлоо гэж хэлж болно” хэмээн тодорхойлж байжээ.
1990 оны эхэн үеийн шоокноос дөнгөж гарсан, социализмын үеийн үйлдвэр, аж ахуйн газрууд өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараар дамжин хувьд шилжжчихсэн учраас П.Жасрай сайд ингэж тодорхойлох нь аргагүй.
П.Жасрай сайд 1995 онд “зах зээлийн эдийн засаг руу эргэлт буцалтгүй орлоо гэж хэлж болно” гэж байсан бол 1996 оны парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Ардчилсан холбоо эвслийн анхны Ерөнхий сайд М.Энхсайханы хийсэн зоримог шинэчлэл, алхмууд нь Монголын эдийн засгийг зах зээлийн эдийн засаг руу эргэлт буцалтгүй оруулсан билээ. Эдийн засгийг удирдах арга барил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд ардчилсан хүчнийхний засаг удирдсан 1996-2000, 2012-2016 онуудад чөлөөт зах зээлийн харилцаа Монголд улам гүнзгийрч байсан нь бодит зүйл бөлгөө.
Гэтэл 5 жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах байх үедээ “Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Энэ бол миний баримталж байгаа бодлого шүү. Яагаад гэвэл би Засгийн тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл л гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. Одоо бол бүүр ч байхгүй. Дэлхий дээр байхгүй болчихсон” хэмээн мэдэгдэж бүгдийг алмайруулж байсан.
Үүнд У.Хүрэлсүхийг буруутгаад ч яахав, ийм л бодлого, байр суурь МА(Х)Н-ы эрх барих он жилүүдэд хэрэгжиж ирсэн. Төрийн өмчит компаниудын тоо нэмэгдэж, хувийн хэвшлийнхний амжилттай яваа бизнесийн талбар руу төрөөр далайлган орж, ашиг хуваан, улмаар хувийн хэвшлийг түрэн гаргах болжээ. Бизнесээ авч явахад улам хүнд болж байгааг бизнес эрхлэгчид амандаа бувтнахаас ил гаргаж, дэлгэж ярьж чаддаггүй, төрд зуугдана гэсэн айдастай байдаг.
Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Ай Би менежмент консалтинг” ХХК-ийн судалгааны баг Монгол Улсын төрөөс төсөв болон төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засагт оролцож буй оролцооны түвшнийг үнэлэх харьцуулсан судалгааг хийжээ. Судалгааны гол дүгнэлт:
-Монгол Улсын эдийн засаг дахь төсвийн оролцоо хэт өндөр байна,
-Үр ашиг муутай төрийн өмчит аж ахуйн нэгж (ТӨААН)-үүдийн эдийн засаг дахь байр суурь их байна,
-Бизнесийн орчин дахь төрийн оролцоо үр ашиггүй байна.
1990 онд Монгол Улсад нийтдээ 1100 орчим төрийн өмчит ААН үйл ажиллагаа явуулж байжээ. 1991-1996 онд эдгээрийн дийлэнхийг үе шаттайгаар хувьчилж, Монголд хувийн хэвшлийн үндэс суурь тавигдсан.
Хувьчлалаар нийт 916 ААН-ийн 10.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаа болон ногдол хувийг иргэдэд цэнхэр тасалбар хэлбэрээр тараан худалдаалсан хэмээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн 2009 оны эх сурвалжийг судалгааны тайланд эш татсан байна. Уг эх сурвалжид дурдсанаар 475 хувьцаат компани, 369 хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр бүртгэгдсэн нь өнөөгийн Монголын эдийн засгийн суурь болж байгаа билээ.
Улс орны эдийн засаг гэдэг зөвхөн хувийн хэвшил дангаар бүтээчихдэг зүйл биш төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай нөхцөл, салбар гэж бий. Ялангуяа эрчим хүч, тээвэр зэрэг стратегийн салбарт төрийн оролцоо, зохицуулалтгүйгээр нийгмийн тэгш байдал, сайн сайхныг хангаж чадахгүй. Гагцхүү төр ямар хэмжээнд оролцох ёстой вэ, төрийн оролцооны хязгаар хаана хүрээд зогсох вэ, төрийн өмчийн үр ашгийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг нь улс орныг удирдаж буй эрх баригчдын бодлогоос хамаарах асуудал.
Төрийн өмчит компаниудын өнөөгийн дүр зураг ямар байна вэ?
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны тайланд дурдсанаар Монгол Улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 67 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 29 нь эрчим хүчний, 10 нь зам, тээврийн, 6 нь банк, санхүүгийн, 4 нь геологи, уул уурхайн салбарт харьяалагддаг. Харин үлдсэн 18 аж ахуй нэгж нь хүнс, хөдөө аж ахуй, барилга, харилцаа холбоо, байгаль орчин, соёл урлаг зэрэг төрөлжсөн бусад салбарт үйл ажиллагаа эрхэлж байна.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагаар нь ангилан харвал дараах бүтэцтэй байна. Үүнд,
-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 22
-Эрчим хүчний яам 27
-Сангийн яам 6
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 4
-Зам, тээвэр хөгжлийн яам 3
-Эдийн засаг, хөгжлийн яам 2
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 1
-Хууль, зүй дотоод хэргийн яам 1
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (“Эрдэнэс Монгол” нэгдэл) 1 аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчийн эрхийг тус тус хэрэгжүүлж байна.
Эдгээр 67 аж ахуйн нэгжийн 59 нь 100% төрийн өмчит, үлдсэн 8 ААН-ийн дотор өмчийн холимог хэлбэртэй, стратегийн шинж чанартай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН) байна.
Төрийн оролцоотой 8 компаниас 5 нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрт:
-“Монголын хөрөнгийн бирж” ХК,
-“Төрийн банк” ХК,
-“Монголын цахилгаан холбоо” ХК,
-“Монгол шуудан” ХК,
-“Автоимпекс” ХК зэрэг компаниуд багтаж байна.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяаны нийт 21 компани байгаагаас “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК гэсэн 2 компани Монголын хөрөнгийн биржид мөн бүртгэлтэй байна.
ТӨААН-үүдийн татварын орлого ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 2015 онд 22.3 хувь байсан бол 2024 онд 34.2 хувь болж өссөн байна. Түүнчлэн Засгийн газрын зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2015 онд 31.18 хувь байсан бол 2024 онд 37.93 хувь болж өсчээ. 2024 оны байдлаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийт орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүний 32.2 хувь болсон байна.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь 2024 оны жилийн эцсийн байдлаар 59.4 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 24.9 их наяд тэрбум төгрөгийн орлого олж, 5.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Төрийн өмчит 67 ААН-ээс 49 нь ашигтай ажиллаж, 18 нь алдагдалтай ажилласан болохоо тайлагнажээ. Гэхдээ “Эрдэнэс Монгол” нэгдэл дангаар 5.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нийт ашигтай ажилласан компаниудын 93.3 хувийг бүрдүүлж байгаа нь эрдэс баялгийн үнэ, экспортын орлогоос хамааралтай ашигт ажиллагааны хэт төвлөрлийг илтгэж байна.
Үүний араас “Төрийн банк” ХК болон “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК орж байна. Үүнээс дүгнэхэд, уул уурхайн салбарын ТӨААН-үүд макро түвшинд төрийн орлогын гол эх үүсвэр болж байна.
Харин алдагдалтай ажилласан жагсаалтад “Төрийн орон сууцны корпораци” ХХК, Монгол Улсын Хөгжлийн банк, “Тавантолгой” ДЦС толгой цохиж байна. “Төрийн орон сууцны корпораци” ХХК болон Монгол Улсын Хөгжлийн банкны алдагдал нийт алдагдлын 58%-ийг бүрдүүлж байна.
Сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтүүдийг авч үзэхэд, Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо нэмэгдэж, хувийн хэвшлийн оролцоо улам бүр хумигдсаар байна. 2024 оны байдлаар нийт дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлээс бий болгосон нэмэгдэл өртгийн эзлэх хувь 72.5% байгаа нь өнгөрсөн онуудтай харьцуулахад бууралттай дүн юм. Энэ нь эдийн засгийн дөрөвний нэг орчим нь төрийн өмч, төрийн хяналт дор ажиллаж буй байгууллага, үйл ажиллагаанаас үүсэж байгааг харуулж байна.
Төрийн оролцоо хамгийн өндөр байгаа гурван салбар бол эрчим хүч, зам тээвэр, уул уурхай байна.
Судалгааны багийн зүгээс төрийн оролцоог тоон дүнгээр бууруулахаас илүүтэй чанарын хувьд сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх шаардлага гэсэн дүгнэлт хийсэн энэ чиглэлээр өмнө хийгдэж байсан судалгаанаас ялгаатай болжээ.
Энэ чиглэлд дараах зөвлөмжийг санал болгожээ. Үүнд,
-Шуурхай хэрэгжүүлэх шинэчлэлүүд: Зөвшөөрлийн үйл явцыг бүрэн цахимжуулах, төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн гүйцэтгэлийг KPI-д суурилан үнэлэх.
-Дунд хугацааны реформууд: ТӨААН-үүдийн ил тод байдлыг нэмэгдүүлж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт үе шаттай шилжүүлэх, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.
-Стратегийн өөрчлөлтүүд: Төрийн өмчлөлийн дээд хязгаар тогтоох, ТӨААН-үүдийн бүтцийн өөрчлөлт болон хувьчлалыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх зэрэг зөвлөмжийг өгчээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19