2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19


“Онтрэ” ХХК-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах байр суурийг Монголын төр баримталж байна.
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт тавих УИХ-ын Хянан шалгах түр хороог энэ оны 7-р сард байгуулсан.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын ахалж буй Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг ирэх 12-р сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэснээ энэ долоо хоногт (2025.11.13) мэдээллээ. Нээлттэй сонсголд 300 гаруй гэрчийг оролцуулахаар нэрс гаргасан байна. Эдгээр гэрч 2006 оноос хойших 20 жилийн хугацаанд Оюутолгойн ордын ашиглалттай холбоотой шийдвэрүүдэд оролцоотой гэж Хянан шалгах түр хороо үзжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 3 хүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 хүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 25 хүн, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 39 хүнээс гадна Ашигт малтмал, газрын тосны газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалтнууд, “Рио Тинто” групп болон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн үе үеийн дарга, компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүс багтжээ.
УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Түр хороо хоёр асуудлыг шийдэх учиртай, үүнд, “Жавхлант” (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлох болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх; "Оюутолгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах юм.
УИХ-ын гишүүн П.Ганзоригийн хэлснээр Оюутолгой төслөөс Монголын ард түмэн нийт үр өгөөжийн 50-иас дээш хувийг хүртэх хүлээлттэй байсан хэдий ч өнгөрсөн хугацаанд 25 орчим хувийн үр ашиг хүртэж байгаа нь төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж байсан УИХ-ын үе үеийн шийдвэрүүд хэрэгжихгүй байгаатай холбоотой гэлээ. Нотлох баримтыг цуглуулах хүрээнд цуглуулсан 60000 гаруй хуудас баримтын тэн хагас нь “Онтрэ” ХХК-тай холбоотой, нууцын тамга бүхий баримтууд байгаа ажээ.

“Онтрэ”-гийн хоёр лиценз
“Онтрэ” бол Оюутолгойн бүлэг ордны ашиглалтын хил хязгаарт орсон “Жавхлант” болон “Шивээ толгой” гэсэн хоёр ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Канадын компани. Монголд 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Толгой компани нь Entree Resource, Канадад бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани. Мөн АНУ-д хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг. Гол оффис нь Ванкувер хотод байрладаг, Улаанбаатар хотод төлөөлөгчийн газартай.
“Онтрэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт “Оюутолгой төслийн хүрээнд олборлох эрдсийн тодорхой хэсэг “Онтрэ” ХХК-ийн эзэмшдэг хоёр лицензийн талбайд хамаардаг. Лицензийн талбайн нэр Шивээ толгой, Жавхлант. Шивээ толгой нь Оюу толгойн лифт нэг буюу нэгдүгээр давхаргын үйл ажиллагаа явуулах талбайд хамаарч байна. Харин Жавхлантад нь Херуга орчмын талбай хамаардаг. “Онтрэ”-гийн эзэмшдэг энэ хоёр талбай нь Оюу толгой төслийн үйл ажиллагаатай холбогдож байгаа учраас 2004 онд Оюутолгой орд дээр хайгуул хийж байсан “Айвенхоу Майнз” компанитай бид албан ёсны хууль эрх зүйн хэлцэлд орсон. Оюутолгой ордын зарим хэсэгт хамаарч байгаа манай компанийн эзэмшлийн талбай дээр ашиг сонирхлоо хуваарилсан хэлцлийг хийсэн. Энэ хэлэлцээний хүрээнд одоогийн “Оюутолгой” ХХК, Онтрэ ХХК хоёр өөр өөрсдийн хязгаарыг тогтоосон гэсэн үг. Энэхүү хэлэлцээгээ 2008 онд албажуулсан. Ингэхдээ Шивээ толгой, Жавхлантын талбайн хамтарсан үйл ажиллагаанд оролцох эрхийн 80%-ийг Оюутолгойд, үлдсэн 20%-ийг “Онтрэ”-д хуваарилж өгсөн. Энэ хоёр талбайд байгаа нийт эрдэс баялгийн 80 хувь нь Оюутолгой ХХК-ийнх, 20 хувь нь Онтрэ ХХК-ийн гэж ойлгох хэрэгтэй” хэмээн Монголын хэвлэлд ярьжээ.
Тэгэхээр 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед “Онтрэ” эдгээр лицензээ эзэмшиж байсан, энэ эзэмшилд нь Оюутолгойн 20% тус компанийн мэдэлд орсон байжээ. Тухайн үед Монголын төрийнхөн, хөрөнгө оруулагч тал аль аль нь энэ асуудал хэзээ нэгэн цагт гарч ирнэ гэдгийг хаа хаанаа мэдэж байсан бөгөөд одоо энэ халуун чулууг атгахаас өөр аргагүй байдалд одоо хүрээд байгаа юм.
Учир нь, тус компанийн лиценз эзэмшиж буй талбай стратегийн ордын хил хязгаарт албан ёсоор орсон, мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын олборлолт “Онтрэ” компанийн эзэмшиж буй талбайн хил хязгаар дээр очоод гацах байдал үүссэн. Монголын талаас шинэчилсэн гэрээ байгуулах сонирхолтой гэдгийг Түр хорооны ахлагч О.Батнайрамдал нэг биш удаа мэдэгдсэн.
“Айвенхоу”, “Рио Тинто” компаниуд Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Монголын талтай 2010 онд тохиролцож баталгаажуулахдаа Оюутолгой төслөөс хүртэх ашгийн тооцоонд “Шивээ толгой”, “Жавхлант” ордын нөөцийг оруулж тооцсон” хэмээн Гавьяат эдийн засагч Т.Балжинням “Оюутолгой аз уу, эз үү” (2021) номондоо онцолсон байдаг.

“Онтрэ” компани “Рио Тинто” групптэй эзэмшиж буй лицензийн асуудлаар арбитрын маргаан үүсгэсэн ч “Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн лицензээ шилжүүл” гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдюэрийг Монголын тал “Онтре”-гийн лицензийн аливаа шилжилт хөдөлгөөн нь Ашигт малтмалын тухай хуулийн “Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх шилжих бүрд УИХ-ын бүрэн эрхийн дагуу асуудлыг УИХ-аар оруулж шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу шийдэгдэх учиртай, ингэхдээ хөрөнгө оруулалтын тусдаа гэрээ хийх замаар л шилжих боломжтой гэсэн байр суурийг баримталж байна.
Харин “Рио Тинто Монгол” компанийн захирал Х.Амаржаргал ”Онтрэ”-гийн эзэмшиж буй 20 хувийн эзэмшилтэй холбоотойгоор дахин гэрээ байгуулна гэж бодохгүй байна. Харин “Эрдэнэс Оюутолгой”-н эзэмшлийн 34 хувийг яаж хангах вэ гэдгийг шийдэх шаардлагатай. Эдгээр компани хоорондоо хувь нийлүүлэх асуудлаа ярилцан тохирно. Ямар гэрээ байгуулахаас хамаарна. Энэ гэрээгээр талууд “Онтрэ”-гийн эзэмшиж буй 20 хувиас “Эрдэнэс Оюутолгой” яаж хувь хүртэх үү гэдгээ шийднэ. Хөрөнгө оруулалтын гэрээ дахин байгуулахгүй” хэмээн мэдэгдсэн.
Лицензийн хэлцэл шийдэгдээгүй учраас “Оюутолгой” ирэх жилийн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулна
“Отнре”-гийн лицензийн асуудал Оюутолгойн олборлолтод нөлөө үзүүлж байна. Өнгөрсөн зургадугаар сард “Оюутолгой” компаниас гаргасан албан мэдээнд “Оюутолгойн уурхайн үйл ажиллагааны зогсолтгүй байдлыг хангахын тулд гүний уурхайн Панел 1 хэсгийн бүтээн байгуулалтыг энэ 6-р сараас түр зогсоолоо. Учир нь, Оюутолгойн бүлэг ордын хэсэг болох “Онтре” ХХК (Entrée Resources LTD)-ийн эзэмшиж байгаа талбайн лицензийг шилжүүлэх хэлэлцээ “Онтре” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд үргэлжилж байгаа тул бид шийдвэр эцэслэгдтэл өөр компанийн лицензтэй талбайд нэвтрэх боломжгүй юм” хэмээн мэдэгдсэн.
“Оюутолгой” компани 11-р сарын 4-нд энэ оны гуравдугаар улирлын тайлангаа ил болгосон. Уг тайланд дурдсанаар “Онтре” ХХК-ийн лицензтэй талбайд хамаардаг Панел 1 хэсэгт төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийн, олборлолт явуулах нь компанийн хувьд нэн чухал байгаа ч Монголын Засгийн газартай хийж буй лицензийн хэлцэл үргэлжилсээр байгаа тул ирэх оны төлөвлөгөндөө Панель1-ийг багтаахгүйгээр хийхээс өөр аргагүй гэжээ.
“Энэ оны 11-р сард “Oюутолгой” компани нь 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөгөө холбогдох байгууллагад илгээх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар “Онтрэ” компанийн эзэмшилд буй тусгай лицензийг шилжүүлэх хугацаа тодорхойгүй хэвээр байгаа тул энэхүү төлөвлөгөөнд хамтарсан лицензийн талбайг багтаалгүйгээр боловсруулж байна. Хэрэв лиценз тухайн хугацаанд шилжихгүй бол Oюутолгойн 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөнд Панель 1 багтахгүй болно. Түүнчлэн Панель 2-ын Өмнөд хэсгийг Панель 1-ээс урьтаж олборлох нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн Техник эдийн засгийн үндэслэл-23 (ТЭЗҮ23)-д тусгагдсан малталт, нэвтрэлт, олборлолтын дараалалтай зөрчилдөх тул лицензүүд хожим шилжсэн тохиолдолд уурхайн олборлолтын дарааллыг дахин төлөвлөж, шинэчлэх шаардлагатай. Ингэснээр шинэ ТЭЗҮ боловсруулах хэрэгцээ үүсэж болзошгүй байна” гэдгийг онцолжээ.
Эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой аз уу, эз үү?” номын хэсгээс
Хайгуулын нэг тусгай зөвшөөрлийг хоёр этгээд эзэмшиж байсан уу?

Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8 дугаар заалтад Антре гоулд компанийн эзэмшиж буй Шивээ толгой (Хойд Хюгогийн үргэлжлэл) 3148Х, Жавхлант (Херуга) 3150Х тоот хайгуулын зөвшөөрлийн талаар “Айвенхоу Майнз” компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хайгуулын тусгай 1 зөвшөөрлийг хоёр этгээд эзэмшиж байжээ гэж ойлгогдож байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагч Айвенхоу Майнз Монголии инк буюу Оюутолгой ХХК-д шилжүүлэхээр хоёрдмол утгатай заасан нь Монголын хууль тогтоомжийг зөрчсөн төдийгүй зориудаар үндсэн гол асуудлыг ил тодорхой заахаас зайлсхийж, далдлах оролдлого хийсэн байна. Шивээ толгой (Хойд Хюгогийн үргэлжлэл) 3148Х, Жавхлант (Херуга) 3150Х талбайг Айвенхоу Майнз Монголии инк-ээс Антре гоулд компанид шилжүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг Монголын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн эсэхийг шалгах шаардлагатай байсан юм.
Айвенхоу Майнз Монголии инк, Антре гоулд компанийн хоорондох хайгуулын тусгай зөвшөөрлөөс үүдэлтэй Оюутолгой ордын бүрэлдэхүүнд багтдаг Шивээ толгой, Жавхлант ордын нөөцийн 30 орчим хувийг Антре гоулд компани эзэмших болж, ихээхэн асуудал дагуулж байгаа бололтой. Энэ асуудал 2012 оноос сөхөгдөж эхэлсэн бөгөөд Монголын Засгийн газартай тохиролцолгүйгээр дээрх 2 ордын 30 орчим хувийн нөөцийг Антре гоулд компанид ямар нөхцөл, болзолтой шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Нөгөө нэг ноцтой асуудал бол Айвенхоу, Рио Тинто компаниуд Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Монголын талтай 2010 онд тохиролцож баталгаажуулахдаа Оюутолгой төслөөс хүртэх ашгийн тооцоонд Шивээ толгой, Жавхлант ордын нөөцийг оруулж тооцсон байгаа юм. Иймд Монголын Засгийн газар одоо Антре гоулд компанитай Шивээ толгой, Жавхлант ордын 30 орчим хувийн нөөцөд ногдох хувь эзэмшил болон үр ашиг, өгөөжийн талаар хэлэлцээ хийж, гэрээ байгуулах зайлшгүй нөхцөл байдал үүсч байна. Дээрх байдлаас харахад манайхан дээр дооргүй магтаад байдаг нөгөө хөрөнгө оруулагчид чинь Монголын Засгийн газрын ар хударгаар ямаршуухан үйл ажиллагаа явуулж байгаагийн зөвхөн ганцхан баримтыг дурдахад иймэрхүү байна. Тийм ч учраас УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтын тайлан дүгнэлтэд Рио Тинто, Айвенхоу компаниудыг итгэлгүй, ёс зүйгүй түнш гэж үөв үнэлж, дүгнэсэн юм биш үү?
Оюутолгой ордын нөөц баялгийн 30 орчим хувийг Антре гоулд компанийн мэдэлд шилжүүлсэн асуудлыг шалгаж нягтлах ёстой бус уу?
Оюутолгой ордод нийтэд нь хайгуул хийж, нөөц тогтооход Айвенхоу Майнз компанийн хүч, хөрөнгө хүрэхгүй байсан учраас арга буюу Антре гоулд компаниар Шивээ толгой (Хойд Хюгогийн үргэлжлэл) 3148Х, Жавхлант (Херуга) 3150Х талбайд хайгуулын ажил гэрээгээр гүйцэтгүүлээд ажлын хөлсний төлбөрт эдгээр талбай дахь ордын нөөцийн зарим хэсгийг өгчээ гэж ойлгогдож байна.
Оюутолгой ордын нөөцийн 30 орчим хувийг Антре гоулд компанийн мэдэлд шилжүүлсэн асуудлыг Оюутолгой компанитай зөвшилцөөгүй гэхэд үнэмшилгүй юм. Энэ асуудлыг Монголын Засгийн газартай заавал тохиролцох ёстой байсан бус уу? Үүнээс харахад Айвенхоу, Рио Тинто компаниуд Оюутолгой ордын нөөц баялгийн 30 орчим хувийг хуйвалдаж, Антре гоулд компанид шилжүүлсэн байх магадлалтай.
Түүнчлэн Айвенхоу Майнз Монголии инк, Антре гоулд компанийн хооронд 2005 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулсан Хувьцаа худалдан авах, ашиг хуваах гэрээ, мөн Эрх шилжүүлэх гэрээний нөхцөл, бусад тохиролцоо зэргийг тодруулах шаардлагатай байжээ.
Оюутолгой ордыг тойрсон их бага ойлгомжгүй, тодорхой бус үйл ажиллагаа бүр хайгуулын үе шатаас эхлэлтэй болохыг дээр дурдсан гэрээ харуулж байна. Оюутолгойн зэс, алтны бүлэг ордын хайгуулыг бүрэн хийж дуусаагүй, нөөцийг нягтлан тогтоогоогүй, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй, ашиглалтын зөвшөөрөл олгоогүй байхад юун хувьцаа худалдаж авах, ашиг хуваах тухай асуудал байдаг билээ.
Энэ үйл явдал 2005 онд болсон бөгөөд Айвенхоу Майнз Монголии инк компани Монголын эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны алдаан дээр хөнгөхөн тоглолт хийжээ гэж харагдаж байна. Аливаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу сайтар бодож боловсруулсан загвар гэрээний үндсэн дээр шийдвэрлэж, түүний биелэлтийг жил тутам дүгнэж байх сайн талтайг цаашид холбогдох эрх бүхий байгууллага, энэ чиглэлийн ажил хариуцдаг нөхөд анхаарч ажиллах нь зүйтэй.
Антре гоулд компанийн даварсан үйл ажиллагааг таслан зогсоож чадах уу?
Шивээ толгой (Хойд Хюгогийн үргэлжлэл), Жавхлант (Херуга) ордын ашиглалтын нөөцийн 30 орчим хувь Антре гоулд компанийн эзэмшилд байгаа гэж үзвэл ирээдүйд далд уурхайн нөөцийг ашиглах үед Оюутолгой компанийн дээрх ордуудаас хүдэр олборлож, боловсруулсан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээс хямд үнээр Sandstorm компанид худалдахаар Антре гоулд компани болон Sandstorm компанийн хооронд 2013 оны хоёрдугаар сарын 14, мөн 2016 оны хоёрдугаар сарын 23-ний өдөр гэрээ байгуулснаас харахад Оюутолгой ордын баялгийг дурын этгээд баялгийн эзэн орны эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтгүйгээр захиран зарцуулж байгаа асуудлыг анхааралтай авч үзэх ёстой юм биш үү?
Одоо Шивээ толгой (Хойд Хюгогийн үргэлжлэл)-н хэсэгт далд уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын ажил ид явагдаж, зэс, алтны агууламж өндөртэй хүдрийн биетийг эхний ээлжинд ашиглахаар олборлолтод бэлтгэж байгаа юм. Тэгэхээр Антре гоулд компани далд уурхайн хоёрдугаар шатны ажил дуусч, олборлолт, баяжуулалт, боловсруулалт эхэлмэгц хөрөнгө оруулалтад “нэгхэн цент” ч оруулаагүй байж алт, мөнгө, зэс амандаа зуух уу? Сонин л юм даа. Энэ нь бас л Хөрөнгө оруулалтын гэрээний алдаатай зүйл, заалттай холбоотой байна.
АҮЭБ-ийн сайд Ц.Тувааны 2025 оны 4-р сарын 16-нд УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хийсэн мэдээлэл:

Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой” ХХК нь 6709A, 6708A болон 6710A тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан. Гэвч уг гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулагч нь ... гэрээний 15.7.8-д зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй.” гэсэн заалт орсон байна. Уг 15.7.8-д “Антре гоулд” компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/, улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” талаар заасныг тодорхой дурдав. Мөн тэрбээр, гэрээний 15.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа авсан Оюутолгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасан талаар танилцууллаа.
Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д дурдагдсан 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Антре (“Онтрэ”) ХХК-д 2001 оны дөрөвдүгээр сарын 03-нд олгосон бөгөөд хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувь нь хамаарч байна.
Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд 2004 онд буюу Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо “Ашиг хуваах гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээгээр Онтрегийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд Туркойз хилл ресурс компани 35.0 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70.0 болон 30.0 хувь, 560 метрээс доош бол 80.0 болон 20.0 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ. Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ Туркойз хилл ресурс компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, Онтрегийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Оюутолгой ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн Онтре гоулд компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн байна. Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг Оюутолгой ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны 12 дугаар 19-ний өдөр гаргаад байгаа юм. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ 2025 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон байна.
Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч долоо хоногийн (2025.04.09) хуралдаанаараа стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулаад байна. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтре” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.
Тусгай зөвшөөрлүүдийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх...” шаардлагыг хангуулах нь чухал байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэлдээ онцлов.
Мөн Оюутолгой ХХК болон Онтре ХХК-ийн лизензтэй талбайнуудад байгаа хүдрийн биет нь нэг цул бөгөөд доороос нь блоклон унагах технологиор олборлож буй тул хүдэр лицензийн хил хязгаараар зааглагдахгүй бүтнээрээ унана гэсэн тайлбарыг сайд нарийвчлан хийж, Жавхлант орд бол Хойд Хюго ордын, Шивээ толгой орд Херуга ордын үргэлжлэл учир салгаж ойлгох боломжгүй гэлээ. Улсын Их Хурал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) шийдвэр гаргаж, лицензүүдийг шилжүүлнэ гэдгийг тэрбээр хэлж, Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниудын харилцан тохиролцсон 80, 20 хувь гэх харьцааны тухайд Оюутолгой ХХК-д ноогдох 80.0 хувийн 34.0 хувь нь одоо эзэмшиж байгаа хувьцаагаар Монголын талд ирнэ, харин Онтре ХХК-д оногдох 20.0 хувийн 34.0 хувийг авах уу, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулах уу гэдгийг Улсын Их Хурал шийдвэрлэснээр Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай гэлээ. Мөн Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд тухайн үед нэгэн зэрэг шахам хайгуулын лицензүүдээ авсан талаар Ц.Туваан сайд дурдаж, улмаар ашиглалтын лиценз болгосон зэрэг үйл явц тухай тухайн үеийнхээ хууль, журмын дагуу явагдсан гэдгийг тайлбарласан юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19