2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


Монгол Улс жил болгоныг ямар нэг юмны жил болгон зарлалаа гэдэг, тэгээд оны эцэст тэр жилд нь тэр юм нь үнэхээр сайжраад, тавьсан зорилт нь биелж, хүссэн үр дүн гарсан эсэхийг хэн ч мэддэггүй. Тэр жишгийн адил одоо мэдэгдэж байгаагаар 2026 оны Засгийн газар “Боловсролын” болоод “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил болгон зарлаж байгаа аж. Ямар нэгэн юмны жил болгох нь бас түвшинтэй. Засгийн газраас гадна төрийн яам, агентлагууд жил болгоныг ямар нэг юмны жил болголоо хэмээдэг болсон. Зорилт тавиад түүндээ хүрэхээр зорьж ажиллах нь мэдээж утга учиртай. Гагцхүү хоосон сүржигнэлгүй, тавьсан зорилтоо биелүүлчихвэл хаа нэг газар үр дүн гарсан гэсэн үг.
Дээр хэлсэнчлэн 2026 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Засгийн газар шийдвэрлэж, өчигдөр /2026.03.02/ форум зохион байгуулав. Форум хийж төгсөрч байгаа ард түмний хувьд сайхан л форум болох шиг боллоо. Ажилгүйчүүдээ ажилтай болгохоос гадна технологийн хувьсал хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлсэн талаар, үүнд монголчууд бэлэн байгаа эсэх талаар ярилцжээ. Цагаан сарын гала тоглолт дээр нь робот бүжиглэж байгаа урд хөрш Хятадыг бодвол Монголд технологийн хувьсал амьдрах орчинд нөлөөлөх хэмжээнд хүрэх болоогүй ч бэлтгэлтэй байхад илүүдэх юун.
Аливаа улсын хөдөлмөрийн насныхан хөдөлмөрлөхгүй байна гэдэг улсад хохиролтой. Гэр бүлийн жишгээр авч үзэхэд л ажилгүй байгаа нэгнийхээ аав ээж, ах дүү нь хэрхэн адалдаг билээ дээ, түүнтэй л ижил. ҮСХ-ны мэдээгээр өнгөрсөн онд ажилгүйдлийн түвшин 5.4%-тай байжээ.
Ажил олдохгүй байна уу гэхээр ажилтан хайсан ажил олгогч Монголоор дүүрэн байгаа нь хөдөлмөр эрхлэлт гэдэг ойлголтын цаана эрэлт, нийлүүлэлтийн маш том зөрүү байгааг илтгэнэ.
Эмэгтэйчүүд нь худалдагч хийх гэж, эрэгтэйчүүд нь “Приус”-аар таксины халтуур хийж гэж дээд боловсролд мөнгө төлдөг гаж үзэгдэл Монголд тогтоод удаж байна.
“Нээлттэй Нийгэм форум”-ын захиалгаар “Санхүүгийн хүртээмж хөгжил санаачилга” ТББ-ын 2023 онд хийсэн судалгаагаар Монгол Улс хөдөлмөрийн нөөцийнхөө 53.8%-ийг ашигладаг гэжээ. Энэ үзүүлэлтийн дэлхийн дундаж 56.1% бөгөөд дундаас дээгүүр орлоготой орнуудын дундаж 54.6%, өндөр орлоготой орнуудынх 59.1% байдаг гэвэл Монголд хөдөлмөр эрхлэлтийн хэвийн гэж хэлж болох хэмжээнд байгаа ажээ.
Онолын хувьд ажилгүйдлийн түвшин 1%-иар буурахад эдийн засаг 2%-иар өсдөг байна. Харин “Монгол Улсын хувьд сүүлийн 10 гаруй жилд ажилгүйдлийн түвшин ойролцоогоор 8-10%-тай байсан бол эдийн засгийн өсөлт -4.4%-иас 17.3% хүртэл хэлбэлзсэн бөгөөд уг хоёр үзүүлэлтийн хооронд уялдаа, хамаарал харагдахгүй байна. Энэ нь Монгол Улс дахь бүтцийн ажилгүйдлийн түвшин өндөр болон эдийн засгийн өсөлтөд уул уурхай, боловсруулах салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт голлох нөлөөг үзүүлдэгтэй холбоотой юм” хэмээн НҮБХХ-өөс 2022 онд гаргасан дүгнэлтэд дурдаж байжээ.
ХНХЯ-ны Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2021 онд 720 өрхийн 2856 иргэнийг хамруулсан судалгаагаар 49.5% нь ажил олдоогүй, 38.1% нь хүүхэд асарч байгаа, 10.1% нь гэрийн ажилтай, 2.1% нь ажиллахыг хүссэн ч шантарсан, 1.9 хувь нь ажил хийхийг хүсээгүй гэж хариулжээ. Бараг тал хувь нь ажил олдоогүй гэж хариулсан байхад ажилтан хайсан компанийн захиралтай Улаанбаатарын гудманд тав алхаад л таарч байна. Хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгааны хамгийн эхэнд цалин хөлс бага гэдэг хариулт өгдөг, үүний дараа ур чадварын асуудал яригддаг.
Ялангуяа ҮСХ-ны мэдээгээр сүүлийн 10 жилд залуучуудын хөдөлмөрлөх сонирхол 10%-иар буурчээ. Залуучуудын ая эвийг олж ажиллуулах улам хэцүү болж байна гэсэн гомдол дэлхий нийтээр гарах болсон. Технологийн хувьслын үеийн хүүхдүүдийн ажиллах орчны төсөөлөл аав ээжийнх үеэс тэс өөр болж байгааг бодолцох хэрэгтэй болж ирж байна. Ялангуяа дуугаа өндөрсгөн загнахад шинэ үеийнхэн шууд ажлаа хаядаг гэсэн судалгаа байна.
Үүнээс гадна хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж буй нэг хүчин зүйл нь халамжийн бодлого тэлж байгаа явдал. Халамж нэмэгдэх нь хөдөлмөр эрхлэлтийг бууруулдаг зүй тогтол ажиглагддаг. Халамж авдаг иргэдийг халамж авдаггүй иргэдтэй харьцуулахад хөдөлмөр эрхлэлт 12.13%-иар бага байх магадлалтай байгааг “Нээлттэй нийгэм форум”-ын судалдаанд дурджээ. Ялангуяа эрэгтэйчүүдийн халамж авдаг байх нь хөдөлмөр эрхлэх магадлалыг 15.54%-иар бууруулж байгаа нь эмэгтэйчүүдээс харьцангуй өндөр байна гэжээ. Халамжлаад л байвал хэн ч хөдөлмөрлөхийг хүсэхгүй.
Монгол Улсын Нийгмийн халамжийн сангийн зардал 2012 онд 225 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 2.1 их наяд төгрөг болж 12 жилийн хугацаанд 9 дахин, жилд дунджаар 28.4%-иар өсчээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын тоо давхардсан байдлаар 2012 онд 1.5 сая байсан бол 2023 онд 2.7 сая болж өссөн нь нийт хүн амын 77%-тай тэнцэж байна. Нийгмийн халамжийн сангийн нийт зардалд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн эзэлж буй хувь 2012 онд 23.67 байсан бол 2023 оны байдлаар 71.5 хувь болж дийлэнх хэсгийг бүрдүүлжээ. Ялангуяа сонгуулийн дараах жилүүдэд халамжийн зардал нэмэгдэж байжээ. Тухайлбал, 2013 онд төсвийн зардалд халамжийн зардлын эзлэх хэмжээ 3.7%-иар, 2017 онд 1.1%-иар нэмэгдэж байжээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өчигдөр форумын үеэр хэлсэн. Хуулийн төслийн шинэчлэлийн гол чиглэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд кейс менежментийн аргачлалыг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо болгон зориулалт, хэрэглээг өргөжүүлэхэд анхаарч байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, ажил олгогч, ажил хайгчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх болон хуулийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээг бэхжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохыг зорьж буй ажээ.
Хуулийн шинэчлэлийн зорилго ажил эрхлэлтийн бодит байдал хэрхэн авцалдаж байгааг сайдын энэ үгнээс ойлгоход амаргүй байгаа ч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бил юм чинь дэмжсэн чиглэлдээ хууль эцэслэгдэн эмхлэгдэх байлгүй дээ гэсэн найдвар байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19