2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл энэ хаврын улс төрийн халуун сэдвүүдийн нэг байх бололтой.
Баасан гаригт (2026.02.27) Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар энэ талаар мэдээлэхдээ “УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө гэж Ерөнхийлөгч үзэж байна. Хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой” гээд “Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй хэвээр байгаа”-г онцолсон юм.
Хуулийн төсөлд:
Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл нэг талаас улстөрчдийн ёс зүй, нөгөө талаар УИХ-ын дархлааг хөндөж байна. Аливаа нийгмийн ёс зүй хувь хүний ёс суртахуунтай шууд холбоотой. Ёс суртахуун бол хуулийн өмнө үйлчилдэг. Хуулиар тооцож болохгүй хариуцлагыг ёс зүйн хэм хэмжээгээр шийтгэдэг нь ардчилсан, эрх зүйт тогтсон соёл.
ЯПОН
Японд парламентын гишүүдтэй хариуцлага тооцох тогтолцоо нь маш өндөр ёс зүйн стандарт болон хатуу хуулийн зохицуулалт дээр тогтдог. Японд ёс суртахууны хариуцлага бол зөвхөн хуулийн шийтгэл бус, улс төрийн соёл, нэр хүндийн асуудал болж хувирдаг. Японы Үндсэн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар парламент өөрөө гишүүндээ сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй. Сахилгын шийтгэлд сануулах, олны өмнө уучлал гуйх, тодорхой хугацаагаар хуралдаанд оролцох эрхийг хасах, гишүүнээс нь хөөх зэрэг багтдаг. Гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь зөвшөөрсөн нөхцөлд парламентаас хөөдөг аж. Мөн намаас нь хөөх эсвэл нэр дэвших эрхийг нь хасах арга хэмжээ авдаг аж. Японы улс төрд намаас хөөгдөх нь улс төрийн карьер нь дуусгавар болж байна гэсэн үг.
Японы улс төрийн нэг онцлог нь сайн дураараа огцрох явдал юм. Жишээ нь, гэмт хэрэг нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байсан ч, нэр холбогдсон төдийд сонгогчдоос уучлал гуйж, намынхаа болон парламентын нэр хүндийг хамгаалах үүднээс өөрөө өргөдлөө өгдөг.
Хэрэв гишүүн ёс зүйгүй үйлдэл гаргавал (жишээ нь, ажлын цагаар зүй бус газар явсан, амалсандаа хүрээгүй гэх мэт) олон нийтийн шахалтаар огцрох нь түгээмэл.
БНСУ
Өмнөд Солонгосын парламентынхаа гишүүдэд хариуцлага тооцох тогтолцоо нь маш хатуу. Үндсэндээ, олон нийтийн хяналт, шүүхийн хараат бус байдал дээр тулгуурладаг. Тус улсын ерөнхийлөгч болон парламентын гишүүд авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол ял авах тохиолдол элбэг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Өмнөд Солонгосын шүүхээс ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэсэн үндэслэлээр бүх насаар нь хорих ял оноосон.
БНСУ-ын улс төрд намын нэр хүнд маш чухал. Хэрэв гишүүн дуулианд холбогдвол нам нь түүнийг "намаас хөөх" эсвэл "намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх" шийдвэр гаргадаг. Намаас хөөгдсөн гишүүн дараагийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох, эсвэл бие даан нэр дэвшээд ялах магадлал маш бага байдаг тул энэ нь улс төрийн үхэлтэй ижил тооцогддог.
Сонгогчид болон иргэний нийгмийн байгууллагууд гишүүний ажлын ирц, гаргасан шийдвэр, ёс зүйн байдалд байнгын мониторинг хийж, дүнг нь олон нийтэд зарладаг.
Томоохон эсэргүүцлийн жагсаал болон олон нийтийн шахалтаар улстөрчид нь сайн дураараа огцрох явдал хэвшил болсон.
ГЕРМАН
ХБНГУ-ын парламент буюу Бундестаг нь Европын бусад орны адил гишүүдийнхээ хариуцлагын асуудалд маш нухацтай ханддаг. Германы тогтолцоо нь "хууль тогтоогч өөрөө хуулиас дээгүүр байж болохгүй" гэсэн зарчим дээр суурилдаг. Тус улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлд зааснаар гишүүд халдашгүй эрхтэй боловч энэ нь гэмт хэргээс мултрах бамбай биш юм. Шинэ парламент бүрдэх болгондоо "Гэмт хэрэгт холбогдсон гишүүний мөрдөн байцаалтыг шууд эхлүүлж болно" гэсэн ерөнхий зөвшөөрлийг баталдаг. Энэ нь прокурорт гишүүнийг шалгах боломжийг олгодог. Харин гишүүнийг баривчлах эсвэл яллах дүгнэлт үйлдэх тохиолдолд Бундестагийн Халдашгүй байдлын хороо тусгайлан хуралдаж, бүрэн эрхийг нь цуцлах шийдвэр гаргадаг. Энэ нь улстөржилт багатай, маш шуурхай явагддаг процесс юм.
Гишүүдэд сануулах, зэмлэх, торгууль ногдуулах зэрэг арга хэмжээг Бундестагийн дарга (President of the Bundestag) бие даан шийдэх эрхтэй.
ХБНГУ-ын холбооны түвшинд (Бундестаг) гишүүнийг сонгогчид шууд эгүүлэн татах хууль зүйн боломж байхгүй. Гэхдээ гишүүн гэмт хэрэгт холбогдож, шүүхээс 1 жилээс дээш хугацаагаар хорих ял авбал түүний гишүүний бүрэн эрх автоматаар цуцлагдаж, сонгох, сонгогдох эрхээ хасуулдаг. Германы улс төр намын хатуу сахилга бат дээр тогтдог.
Хэрэв гишүүн ёс зүйгүй үйлдэл гаргавал нам нь түүнийг бүлгээс хөөх шийдвэр гаргана.
ИХ БРИТАНИ
Парламентын дархлаа нь голчлон үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой. Гишүүдийг парламентаас гадуур үйлдсэн гэмт хэрэгт (жишээ нь, авлига, хүчирхийлэл) ердийн шүүхээр шүүдэг, парламентын зөвшөөрөл шаарддаггүй. Зөвхөн парламентын хэлэлцүүлэгт хэлсэн үгийнхээ төлөө хамгаалагдана. Энэ загварыг Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг улс дагадаг.
ФРАНЦ
Гишүүдийг баривчлах, шүүхэд татахад парламентын зөвшөөрөл шаардана, гэхдээ гэмт хэрэг илэрхий байвал (flagrante delicto) зөвшөөрөлгүй баривчилж болно. Сүүлийн жилүүдэд реформ хийж, дархлааг хязгаарласан хэдий ч улс төрийн өрсөлдөгч нараа дарахад ашиглаж байна гэсэн шүүмжлэл ч байна.
Улс орнууд парламентын гишүүдийг хууль, журам болон ёс зүйн хосолсон механизмаар хариуцлагатай байлгаж, сонгогчдынхоо эрх ашгийг төлөөлж, ёс зүйн стандартыг дагаж мөрдөхийг шаарддаг. Хариуцлагын хэрэгслүүд нь дотоод сахилгын арга хэмжээ, олон нийтийн хяналт, ёс зүйн хороо болон сонгуулиар огцрох эцсийн хэмжээнд хүртэл янз бүр байдаг аж.
Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг. Парламентад тогтоогүй ёс зүйг гудамжнаас нэхэх боломжгүй.
Иймээс л парламент дархлаатайгаа үлдэе гэвэл гэр дотроо цэвэрлэгээ хийх цаг болсон гэсэн үг.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19