2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Монголыг хариуцлагагүй төр, хамгаалалтгүй зах зээлтэй улс гэж дүгнэжээ
УИХ-ын хаврын чуулганаар Засгийн газраас өргөн бариад буй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэхүү хуулийг дагуулж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм.
Хууль батлагдвал, зах зээлд төрийн оролцоог бууруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлөх, өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийг бүрдүүлж, хөрөнгө оруулагч болоод бизнес эрхлэгчдийн сонирхлыг хамгаалах суурь зарчмыг бий болгоно гэж хууль санаачлагчид үзсэн.
Монгол Улсын хувьд эдийн засгийн эрх чөлөө гэх үзүүлэлт гацалтын төлөвт ороод олон жил болж байна. Өсдөггүй, хөгждөггүй, зүгээр л амь зогоох төдий л гэж болно.
Засгийн газрууд гоё реформ ярьдаг ч бодит байдал дээр хэрэгжихгүй байна гэдгийг “Heritage Foundation”-ий 2025 оны эдийн засгийн эрх чөлөөний индексээс харж болно.
Сайн уу, муу юу аль нь вэ...
Аль нь ч биш. Монгол Улс 2025 онд Эдийн засгийн эрх чөлөөний индексээр “дунд зэргийн эрх чөлөөтэй” гэх ангилалд байна. Улс орны эдийн засгийн зах зээлийн чөлөөт байдал, бизнес эрхлэх боломж, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, өмчийн хамгаалалт гэх 12 шалгуур үзүүлэлтээр 100 онооноос 62.6 оноо авч, 176 орноос 74-т орсон.
2024 оныг бодвол 2 байраар ахижээ. Гэхдээ энэ ахиц тогтвортой бус эмзэг байна гэж үзсэн байна. Бүс нутагтаа дунджаас дээгүүр үзүүлэлт боловч 62.6 бол алга таших оноо биш. “Дунд” гэхээр гайгүй сонсогдож болох ч бодит байдал дээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, энгийн иргэнд энэ эрх чөлөө нь мэдрэгдэж байна уу гэвэл “үгүй”.
Шалгуур үзүүлэлтээр хаалттай биш ч, чөлөөт зах зээлтэй биш. Хариуцлагагүй төр, хамгаалалтгүй зах зээлтэй улс гэж үзжээ.
Монголын зах зээлд орох эрх нь бусдыг бодвол харьцангуй нээлттэй. Харамсалтай нь, амьд үлдэх баталгаа байхгүй гэж хөрөнгө оруулагчдад “анхааруулж”. Учир нь, Монголын индексийг хойш татсан гол үзүүлэлт нь авлига, шүүхийн сул байдал, хөрөнгө оруулалтын тогтворгүй орчин гэх үзүүлэлтүүд.
Хамгийн түрүүнд хууль дээдлэх байдал гэх шалгуурт бид бүдэрчээ. Монголд газрын эрх, ашиглалтын зөвшөөрөл тогтворгүй, төрийн оролцоо их, шүүхийн маргаан удаан гэж тодорхойлоод улаан зурваст хашсан байгаа юм.
Үнэндээ бизнес эрхлэгчид аливаа маргаанаар шүүхэд ялахын төлөө биш алдагдлаа багасгахын төлөө хандсаар олон жил болжээ. Тэд хуулийг дээдлэх бус харин дасан зохицох тогтолцоондоо ууссан гэж болно.
Араас нь, шүүхийн үр нөлөө, авлигын хяналт, хөрөнгө оруулалтын эрх чөлөө гэх хэмжүүрт Монголд улаан зурвас татсан байна. Шүүхийн маргаан олон жил үргэлжилдэг, улс төрийн нөлөөлөл ордог, том төслүүд улс төртэй холбогдох хандлагатай, төрийн оролцоо ихтэй, гэрээ хууль тогтоомж нь байнга өөрчлөгддөг гэж тайланд дурджээ.
Толгой дохин хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Албан ёсны татвараас илүүтэйгээр албан бус татварууд нь жижиг бизнес эрхлэгчдээ боомилж, том тоглогчид л боломж олгодог орчиндоо бид дасчихаж. Харин тэд Монголын зах зээлд өрсөлдөхөөсөө илүү танил талтай нь “хөгждөг, хөлждөг” гэж харж байна.
Хөрөнгө оруулагчид “Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй” гэж зарладаг ч бодит байдал дээр стратегийн салбар нэрээр төр нь булаадаг, гэрээ нь улс төрийн мөчлөг даган өөрчлөгддөг, өнөөдөр зөвшөөрсөн зүйл нь маргааш “үндэсний эрх ашиг” болчихдог гэдгийг мэддэг, мэдэрдэг болоод удлаа. Тиймээс Монголд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, бизнесээ хөгжүүлэх тухай мөрөөдөлгүй хурдхан ашгаа аваад гарья гэх бодлогоор л орж ирдэг болжээ.
Монголд реформыг хийдэг биш ярьдаг
Ингээд харвал эдийн засгийн эрх чөлөөг боомилогч нь төр гэдэг нь ойлгомжтой. Зах зээлд байнга хуруу, хошуугаа дүрнэ. Гэвч хариуцлага хүлээх болохоор бултдаг. Төрийн өмчит компаниуд нь алдагдалтай ажиллана, тэдний өрийг татвар төлөгчид төлнө. Гэхдээ амь тавихгүй, дарга нь олширч, хүн нь нэмэгдэнэ. Энэ нь эдийн засгийн дархлаагаа сулруулж, хувийн хэвшлийг шахах, өрсөлдөөнийг устгахад хүргэдэг.
Ийм орчинд эдийн засгийн эрх чөлөө хэзээ ч томордоггүй, ердөө л амьд үлддэг аж.
Тэгвэл, Эдийн засгийн эрх чөлөөний индексээр 70+ оноо авахын тулд шүүх улс төрөөс ангид байх, гэрээ, өмч халдашгүй байх, төр зах зээлээс ухарч сурах цаг нь болжээ.
Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхээр эрх мэдэл хумигдана, ашиг сонирхол хөндөгдөнө. Тиймээс л улстөрчид маань реформ ярьдаг ч хийдэггүй. 30 жил мөрөөдсөн ч зах зээлийн биш төрийг хамгаалсан эдийн засагтай хэвээр байгаа юм. Их мөнгө, олон хуулиас илүү эдийн засгийн эрх чөлөөг итгэлээр бий болгодгийг дэлхийн олон орны жишээнээс харж болно.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16