2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19

Цонхны цаана эрвээхэйнүүд бүжиж байна. Цав цагаахан тэд цонхон дээр суунгуут хайлан урсах нь харамсам. Ийм бүүдгэр тэнгэрээс унах цасан ширхэгүүдтэй хамт тийм гэхийн тэмдэггүй үймэрсэн бодлууд эргэлдэх нь хорвоогийн үнэн буюу. Ертөнцийн амьдрал үнэн, хүмүний амьдрал хуурамч. Цаг нь ирэхэд цас болно. Цас шиг хайлан одно. Он жилийн хувьсал, орж онгойдог тэнгэрийн араншин, ургаж, ганддаг хорвоо, ирж буцдаг үнэн. Бороо шиг цастай ийм л өдрийг аргадах мэт аялгуу хүний сэтгэлээс төрдөг, хөг эгшигт хүний сэтгэл уярдаг. Долоон шүлэг, долоон аялгуу...
Д.Нямсүрэн: Би цас болно
Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно.
Ж.Болд-Эрдэнэ: Чинагш юм бүхэн улирч одно
Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно
Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ
Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно.
Т.Содномнамжил: Цас навчны шүлгүүд
Царайнд минь тодхон сийлэгдсэн
Цаг хугацааны ирмэлтүүдийг
Цааснаа сийрүүлэн үзвээс
Цас, навчны шүлгүүд
Том, том цасан хаялна
Том, том хаялах цасыг
Томоогүйхнээр үнэрлэж үзвэл
Тодхон шаргал навчны үнэртэй
Нов ногоон навчис гөлөглөнө
Нов ногоохон тэр навчсыг
Бөхийлгөж ойртуулан үнэрлэж үзвэл
Бөөрөнхийлж шидсэн цасны үнэртэй.
Тасарч унасан навч
Бийр минь болдог болохоор
Тас тас хийсэн инээд
Байхгүй байж мэднэ ээ
Шүлгэнд минь…
Шинэхэн орсон цас
Бэх минь байдаг учраас
Ширүүн шазруун үгc
Сонсогдохгүй байж мэднэ ээ
Шүлгэнд минь…
Зөөлөн цагаан гуниг минь
Цасан мэт будраад
Зөрж өнгөрсөн бүсгүйн улаахан уруулд хайлна…
Зүйрлэшгүй ялдам энэ л агшны төлөөнөө
Зон билгийн хорвоод би дөрөө мулталсан хэрэг
Л.Өлзийтөгс: Хүлээлт
Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар..
Ц.Гончиг: Чиний хотоос
Чиний хотоос
Намрыг үүрээд буцаж явна
Цээжнээ навчис сэржигнээд
Нүднээ шувууд алсраад л...
Цэв цэнхэр тэнгэр
Урт шар нар
Сүүлчийн борооны дуслууд
Цувны халаасанд шаргиад
Цугтаа буцаж явна...
Чиний хотод
Өвлийг орхиод буцаж явна
Өглөө босоод цонхон дээрээсээ
Үлдээсэн захиаг минь уншаарай
Гар тээшээрээ
Дүүрэн дурсамжтай
Гарч явнадаа чиний хотоос...
Г.Лхагвадулам: Дотно алс
Сүүлчийнх гэж бодсон бүхэн л сүүлийнх байдаггүй
Сүүдэртсэн тэнгэрээс өвөл, хаврынх нь мэдэгдэхгүй
Сүүмийсэн одод хийснэ
Газарт буусан нь бороо, буугаагүй нь цас,
Агаарт тогтсон нь гуниг болж
Аль эрт мартчихсан ч мартагддаггүй чамайг бодогдуулна.
Хамгийн хөндүүр өдрүүд минь ард үлдсэн гэж бодох бүрт
Хамгийн хэцүү нь өмнө минь байна-
Чөлөөлөгдөх, мартах, мартсантайгаа эвлэрэх…
Хагацаж салсан, халирч одсон бүхэн минь
Хав халуунаар дотор минь мөстөж,
Хаа ч байхгүй хавар, цэнгэг агаар шиг хөлчүү байна.
Г.Бүжинлхам: Би чамайг яг
Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог
Сүүдэрт намрын урсгал хаалга тогшмогц л харин...
Би чамайг яг
Анхны цас орж, аяархан будрахуйд л
Ахиж хэзээ ч дурсалгүй мартана гэж санадаг
Тэгээд тэвэр дүүрэн цас
Тэнгэрээс үйрэн бутармагц л харин...
Би чамайг яг
Ганц л удаа цасан дороос хаврын яргуй уйлахыг харчихаад л
Гарыг чинь дахин үгүйлэхгүй гэж андгайлдаг
Хавар шувуудын цүнхэнд шурган ирмэгц л харин...
Би чамайг яг
Зуны гоёмсог солонго тэнгэр сэтлэн гэрэлтэхүйд
Зулзаган навчистай хөтлөлцөн чамайг ирнэ гэж хүлээдэг
Харин модод гантиган туяа цацруулан үзэгдэхүйд
Харанхуйд солонго тэнгэр зүссэн ч чи ирдэггүй...
Тэгээд
Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог...

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19