2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27

Европын төв банкны (ЕТБ) гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Филип Р.Лэйний "Financial times" сонины Олаф Сторбектэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Olaf Storbeck (Financial times).3 March 2026
-Өнгөрсөн жилд евро бүсийн эдийн засгийн өсөлт ихэнх хүмүүсийн төсөөлж байснаас өндөр гарсан. Нөгөө талаар дэлхийн худалдааны дайн эдийн засагт харьцангүй хохирол бага дагуулсан. Үүнд юу нөлөөлөв?
-Европын эдийн засаг өөрийн боломжит түвшиндээ (potential) өсч байна. Хэрэглээний өсөлт бидний хүлээж байсанчлан нөлөөлсөн. Засгийн газрын бодлого ч мөн хүлээгдэж байсан хэмжээндээ хувь нэмэр орууллаа. Бизнесийн хөрөнгө оруулалт чамгүй өссөн. Гэхдээ экспорт бол үндсэндээ өсөлтийг хойш татах хүчин зүйл болж байна.
Хөрөнгө оруулалт хүлээлтээс давсан нь хиймэл оюун ухаан (AI) болон "ногоон шилжилт"-тэй холбоотой. Хувийн компаниуд болон улс орны Засгийн газрууд өөрсдийн үндсэн хөрөнгөө шинэчилж байна. Худалдааны хөгжлийн үр нөлөө хүлээлтээс нэг их зөрсөнгүй.
АНУ-ын эдийн засгийн зарим хэсэг сайн байгаа. Америкийн дээд зэрэглэлийн хэрэглэгчдийн худалдан авах чадвар өндөр хэвээр байгаа тул Европын компаниуд АНУ руу, ялангуяа тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, технологийн бүтээгдэхүүнээ амжилттай экспортолсоор байна.
Өөр нэг чухал хүчин зүйл бол хөдөлмөрийн зах зээл байлаа. Ажиллах хүчний оролцоо хүлээгдэж байснаас өндөр байж, ЕХ-ны бус орнуудаас ирэх цагаачлалын тоо нэмэгдсэн. Ажиллах хүчний нийлүүлэлт нэмэгдсэн нь Европын эдийн засаг саад бэрхшээлийг үл харгалзан өсөлтөө үргэлжлүүлснийг тайлбарлахад тусална.
-Тэгвэл, цаашдаа улс орнуудын Засгийн газар юун дээр анхаарах ёстой вэ?
-Европ хоёр талт асуудалтай нүүр тулж байна. Хятадын мандалт бол Европын дэлхийн эдийн засаг дахь байр суурь, ялангуяа Европын пүүсүүд уламжлалт ёсоор технологи болон үнийн тогтоох чадвараараа тэргүүлж ирсэн салбаруудын хувьд нэн тэргүүний (first-order) асуудал юм.
Дэлхий даяар бид хиймэл оюун ухааны (AI) эхний шатандаа явж байна. Ирэх таван жилийн хугацаанд AI-ийн хувь нэмэр эдийн засгийн гүйцэтгэлд гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь зөвхөн генератив AI-аар хязгаарлагдахгүй, робот техник, амьдралын шинжлэх ухаан, материалын шинжлэх ухаан зэрэг салбар дахь хэрэглээг хамарч байгаа юм.
- "Хятадын сэргэн мандалт бол Европын хувьд нэн тэргүүний асуудал" гэлээ. Үүнийгээ жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Арван жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн эдийн засаг дахь Хятадын үүрэг өөрчлөгдсөн. Хятадын хүчирхэг эдийн засаг нь дэлхий нийтэд ерөнхийдөө ашигтай. Гэхдээ хожих, хожигдох тал гэж бий. Европ өмнө нь тэргүүлж байсан салбаруудад Хятадын өрсөлдөөн Европын компаниудын зах зээлийн эзлэх хувь болон үнэ тогтоох чадварыг бууруулсан. Харин бусад салбарт Хятадын хямд орцууд Европын пүүсүүдэд багагүй ашиг өгч байгаа.
Сурах бичгийн онолоор бол Хятад хүчирхэгжих нь тус улсаас ирэх импортын эрэлт ч нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл үүний оронд Хятадын гадаад худалдааны ашиг нэмэгдэж, импортоос илүү экспорт нь өсөж байгааг бид харж байна. Дэлхий даяар тэнцвэржүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна. Хятадын дотоодын хэрэглээ хүчирхэгжвэл Европт үзүүлэх цэвэр нөлөө нь илүү эерэг болох юм.
-Эдийн засаг нь AI технологийн үйлдвэрлэлийн тэргүүн эгнээнд байх нь чухал уу, эсвэл уг технологийг нэвтрүүлж ашиглах нь эцэстээ илүү чухал уу?
-Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн хэн нь илүү их үнэ цэнийг хүртэхийг бид одоогоор тодорхой мэдэхгүй байна. Генератив AI үйлдвэрлэгчдийн дунд хүчтэй өрсөлдөөн өрнөж байна. Үүнд АНУ-ын тэргүүлэгчид, Европын Mistral зэрэг компаниуд, мөн Хятадын компаниуд багтаж байна. Европын хэлэлцүүлэгт хамгийн гол анхаарах зүйл бол технологийн "нутагшуулалт" буюу ашиглалт (adoption) байх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Европын компаниуд дунд хэмжээний бизнесүүдэд AI-ийн үр шимийг хүртэх боломжийг олгох салбарын өвөрмөц хэрэглээний програмуудыг хөгжүүлэхэд хүчтэй үүрэг гүйцэтгэж чадна.
-Тэгэхээр хэрэв Европ AI-ийг сайн нэвтрүүлж чадвал технологийг өөрөө үйлдвэрлэхгүй байсан ч хамаагүй гэсэн үг үү?
-Энэ нь нээлттэй асуулт хэвээр байна. Энэ нь хэсэгчлэн үндсэн загвар нийлүүлэгчдийн тогтоосон лицензийн хураамж болон бусад зардлаас хамаарна. Боломжит үр дүнгийн маш олон хувилбар бий. Гэхдээ хамгийн бага боломж нь ч эерэг байна: AI үр өгөөж авчирна. Тэрхүү үр өгөөжийн цар хүрээ нь л тодорхойгүй байна. Үнэ цэн нь үндсэн загвар үйлдвэрлэгчид, зуучлагчид болон хэрэглэгчдийн хооронд хэрхэн хуваарилагдахыг цаг хугацаа харуулна.
-Гэхдээ Европ хамгийн дэвшилтэт AI технологийг үйлдвэрлэх тэргүүн эгнээнд байхгүй байгаа нь сул тал болохгүй гэж үү?
-Дэлхийн хэмжээнд AI компаниудад үйлчлүүлэгч хэрэгтэй. Үйлчлүүлэгчид зөвхөн ашиг тустай байвал л AI-ийг нэвтрүүлнэ.
-AI-ийн мөнгөний бодлогод үзүүлэх нөлөө хэр ойрхон байна вэ? Зарим эдийн засагчид бүтээмж ихээхэн нэмэгдэж, зээлийн хүү бусад тохиолдлоос бага байх боломжтой гэж маргадаг.
-Энэ нь таны харж буй цаг хугацаанаас хамаарна. Ойрын хугацаанд AI нь хөрөнгө оруулалт шаардана. Жишээлбэл, дата төвүүд барих, компаниуд AI-ийг хэрхэн ашиглах талаар суралцахад хөрөнгө оруулах шаардлагатай. Мөн хөрөнгийн зах зээлээр дамжсан баялгийн нөлөө бий. AI компаниудын хувьцааг эзэмшдэг хүмүүс хувьцааны үнэ өндөр байвал хэрэглээгээ өмнөхөөсөө илүү өндөр түвшинд хадгалж чадна. Эдгээр эрэлтийн нөлөө нь эхний ээлжинд бүтээмжийн өсөлтийг саармагжуулж магадгүй.
Ирэх хэдэн жилийн хугацаанд цэвэр үр нөлөө нь тодорхойгүй байна. Арван жилийн хугацаанд AI нь үр дүнтэй салбаруудынхаа зардлыг бууруулах магадлалтай. Гэсэн хэдий ч бүтээмжийн өсөлт жигд бус байж магадгүй: бүтээмж бага нэмэгдсэн салбаруудад харьцангуй үнэ өсөж магадгүй юм.
-Евро бүсийн өсөлт боломжит түвшиндээ ойрхон байгаа энэ үед та эдийн засаг "хурдны хязгаартаа" тулж ажилласнаас үүдэлтэй инфляцийн эрсдэлийг харж байна уу?
-2023 болон 2024 онд өсөлт боломжит түвшнээсээ доогуур байсан. Одоо ч ашиглагдаагүй нөөц боломж (slack), ялангуяа үйлдвэрлэлийн салбарт байсаар байна. Үүнийг арилгахын тулд бидэнд боломжит түвшнээсээ давсан өсөлтийн үе шат хэрэгтэй болно. Боломжит өсөлтийн тооцоолол өөр өөр байдаг бөгөөд зарим орнуудад ажиллах хүчний нийлүүлэлт нэмэгдэх боломжтой хэвээр байна. Бид боломжит түвшиндээ ойрхон байгаа ч түүнээс илт давчихаагүй байна.
-Одоо хэр хэмжээний ашиглагдаагүй нөөц боломж үлдээд байна вэ?
-Тодорхой нөөц боломж бий, гэхдээ би нарийн тоо хэлэхгүй. "Филлипсийн муруй" хавтгай байгааг харгалзан үзвэл боломжит түвшнээс бага зэрэг зөрөх нь инфляцийн гол эрсдэл биш юм. Гол эрсдэл нь гадаад цохилтууд, ялангуяа эрчим хүчний үнийн огцом хэлбэлзэл болон геополитикийн үйл явдлуудаас үүдэлтэй байна.
-Одоогийн инфляцийн төсөөллөөр жилийн инфляци ЕТБ /Европын төв банк/-ны хоёр хувийн зорилтот түвшнээс догуур зургаан улирал дараалан байхаар байна. Хэрэв инфляци зорилтот түвшнээсээ зургаан улирал дараалан дээгүүр байсан бол ЕТБ ийм тайван байх байсан болов уу?
-Бид хоёр хувиас дээш эсвэл доош хазайх асуудалд тэгш хэмтэй (symmetric) ханддаг. Инфляци зорилтот түвшнээс хазайхад бид "Үүний эх үүсвэр нь юу вэ, энэ хэр удаан үргэлжлэх вэ? Энэ нь хүлээлтийг алдагдуулах уу?" гэж асуудаг. Хэрэв эерэг болон сөрөг хазайлтын үнэлгээ тэгш хэмтэй байвал бидний хариу үйлдэл ч тэгш хэмтэй байна. Гэхдээ инфляцийн динамик өөр байж болохыг анхаарах хэрэгтэй. Хэрэв доошоо чиглэсэн цохилт удаан үргэлжилвэл бид доод хязгаар руу шилжиж магадгүй. Харин дээшээ хазайвал инфляци зорилтот түвшнээс хол давж, шугаман бус динамикт орж болзошгүй.
-Хоёр хувийн зорилтот түвшнээс одоо хазайж байгаа байдалд та ямар дүгнэлттэй байна вэ?
-Инфляцийн төсөөллийг харахад эрчим хүчний бус инфляци энэ жил хоёр хувиас дээгүүр түвшнээс зорилтот түвшин рүү бууж байгааг харж байна. Энэ бол сайн төсөөлөл, ялангуяа инфляци манай зорилтот түвшнээс догуур тогтохгүй гэж хүлээгдэж болохоор.
-Одоогийн инфляцийн гол хөдөлгөгч хүчин зүйлс нь юу вэ?
-Сүүлийн үед эрчим хүчний үнэ бага зэрэг буурсан нь инфляцийн ерөнхий түвшинд нөлөөлсөн. Гэхдээ 2028 оноос хэрэгжиж эхлэх ЕХ-ны Ялгарлын худалдааны шинэ систем (ETS2)-ийн нөлөөгөөр энэ нь сөрөг байснаа бага зэрэг эерэг болох төлөвтэй байна. Мөн энэ жил цалингийн өсөлт үргэлжлэн саарна гэж хүлээж байна. Хүнсний инфляци ерөнхий инфляциас бага зэрэг дээгүүр байж магадгүй.
-Хэрэв эрчим хүчний бус инфляци таны үнэлгээнд тийм чухал юм бол яагаад ерөнхий инфляцийн оронд түүнийг мөнгөний бодлогынхоо стратегид төвлөрүүлдэггүй юм бэ?
-Үүний хариулт нь дунд хугацааны чиг баримжаа юм. Харилцаа холбоондоо ерөнхий инфляцид анхаарлаа хандуулах нь зөв, учир нь хүмүүсийн бодитоор мэдэрч буй зүйл бол тэр юм. "Бид эрчим хүчний үнийг тоохгүй" гэж хэлэх нь тийм ч сайн мессеж болохгүй. Эрчим хүчний бус инфляци бол дунд хугацааны хандлагыг тодорхойлох ашигтай үзүүлэлт. Эрчим хүчний үнийн цохилт нь илүү тогтворгүй байдаг. Хэрэв тэдгээр нь хэт ихэсвэл эрчим хүчний бус инфляцид ч нөлөөлж эхэлнэ.
-Тэгвэл та "дунд хугацаа"-г хэрхэн тодорхойлох вэ? Энэ нь ерөнхийдөө хоёроос гурван жил гэж ойлгогддог. Энэ зөв үү?
-Энэ нь маш их зүйлээс хамаарна. Дунд хугацаа гэдэг нь тогтсон хугацаа биш юм. Хэрэв инфляци хэт удаан хугацаанд зорилтот түвшнээс хазайвал хүлээлт алдагдах эрсдэлтэй. Ийм учраас инфляци өндөр байх үед бид үүнийг богино хугацаанд буулгахыг хүсэж байгаагаа хэлсэн. Үүнийг онцлох нь чухал гэж бид үзсэн.
-ЕТБ-ны үнийн тогтвортой байдлын бүрэн эрхийг нэг талаас нь харвал: "За, инфляци одоо хоёр хувь орчимд эргэж ирлээ, эдийн засагт ашиглагдаагүй нөөц боломж байсаар байна, мөн зургаан улирал дараалан үүнээс бага зэрэг догуур байх төлөвтэй байна. Онолын хувьд энэ нь хүүг дахин бууруулах үндэслэл болж болно" гэж хэлж болохоор байна. Гэвч ЕТБ асуудалд ийм байдлаар хандахгүй байгаа нь илт. Яагаад?
-Ихэнх тохиолдолд үндсэн зорилтдоо (primary mandate) анхаарлаа хандуулах нь эдийн засгийн өсөлтийн хэмжээнд тохирсон зохистой дэмжлэг эсвэл хязгаарлалтыг бий болгодог. Одоогийн байдлаар эдийн засаг боломжит түвшнийхээ орчимд өсөж байна. Эрчим хүчний бус инфляци хоёр хувиас дээгүүр түвшнээс буурсаар байгаа бөгөөд намар нэг ажилтанд ногдох цалин хөлсний хэмжээ хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарсан. Ийм орчинд инфляцийн тал дээр эрсдэл хүлээх үндэслэл надад харагдахгүй байна. Одоо байгаа түвшин маань зөв гэж би бодож байна.
-Хэрэв хэдэн жилийн өмнөх инфляцийн огцом өсөлт болоогүй байсан бол энэ үнэлгээ өөр байх байсан уу? ЕТБ энэ туршлагаасаа болоод "айдастай" байна уу?
-Бидэнд хоёр "сорви" бий гэж би боддог. Нэг нь цар тахлын өмнөх инфляци зорилтот түвшнээсээ байнга доогуур байсан үе. Энэ нь бидний ой санамжид байсаар байгаа. Нөгөөх нь мэдээж маш өндөр өртөгтэй инфляцийн өсөлтийн үе юм. Зорилтот түвшний хоёр талд хоёуланд нь бодит эрсдэл бий. Цар тахлын өмнө инфляци хэзээ ч сэргэхгүй гэдэгт олон хүн итгэлтэй байсан. Одоо харин хүмүүс инфляци эргэж ирж болдгийг мэддэг болсон.
-Инфляцийн өсөлтийн эхэн үед гаргасан алдаагаа ЕТБ дахин давтах эрсдэл байхгүй юу? Тэр үед өндөр инфляцийг түр зуурынх гэж маргаж байсан. Одоо инфляци зорилтот түвшнээс догуур байгаа асуудалд ижил төстэй тайлбар өгч байна.
-Энэ маш сайн асуулт байна, үүнд би тодорхой хариулт өгье. Энэ бол цар хүрээний (scale) асуудал юм. Бид одоо зорилтот түвшнээс маш багаар дутах тухай ярьж байгаа бөгөөд том болон жижиг цохилтуудын хооронд зарчмын ялгаа бий. Жишээлбэл, эрчим хүчний үнэ буурч байгааг хараад агаарын тээврийн компаниуд зардлаа хэмнэж байгаа тул тийзийн үнээ эрс бууруулна гэж бид бодох уу? Магадгүй бага зэрэг, гэхдээ маш их биш. Эрчим хүчний үнийн өөрчлөлт харьцангуй бага байгаа тохиолдолд эдийн засгийн бусад салбарын үнэд нөлөөлөх дамжлага механизм нь хязгаарлагдмал байдаг. Гэхдээ бид сонор сэрэмжтэй байсаар байгаа бөгөөд зорилтот түвшнээс дутах эсвэл давах асуудлыг үл тоомсорлож болохгүй. Гэвч яг одоогийн байдлаар "дутагдал маш их байна, тиймээс урьдчилан сэргийлж хүүгээ бууруулъя" гэж хэлэх цаг биш.
-Булангийн бүс нутаг дахь цэргийн мөргөлдөөн ЕТБ-ны хувьд "таатай үеийг" дуусгаж магадгүй гэдэгт та хэр зэрэг санаа зовж байна вэ?
-Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцдах нь ЕТБ-ны анхааралтай ажиглаж буй үндсэн эрсдэлт хувилбаруудын нэг байсаар ирсэн. Евросистемийн ажилтнууд 2023 оны 12 дугаар сард гаргасан хувилбарын шинжилгээнд мөргөлдөөн нь эрчим хүчний нийлүүлэлтийг удаан хугацаагаар тасалдуулж, бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаанд саад учруулбал эрчим хүчээр дамжсан инфляци огцом өсөж, үйлдвэрлэл эрс буурна гэдгийг дурдсан. Хэрэв энэ нь санхүүгийн зах зээл дээрх эрсдэлийн үнэлгээг дахин өөрчлөхөд хүргэвэл нөлөөлөл нь улам нэмэгдэх болно.
-Евро бүсийн өсөлт болон инфляцид ямар нөлөө үзүүлнэ гэж та хүлээж байна вэ, ЕТБ-ны зүгээс хариу үйлдэл үзүүлэхэд юу нөлөөлөх вэ?
-Эрчим хүчний үнэ огцом өсөх нь, ялангуяа ойрын хугацаанд инфляцид өсөх дарамт үзүүлж, ийм мөргөлдөөн нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөх нь тодорхой байна. Үр нөлөөний цар хүрээ болон дунд хугацааны инфляцид үзүүлэх үр дагавар нь мөргөлдөөний цар хүрээ, үргэлжлэх хугацаанаас хамаарна. ЕТБ өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглах болно.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27