2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олон нийт хамгийн ихээр чих тавин хүлээж байна.
Монгол Улсад гараа хөдөлгөдөг хүн бүр татвар, нийгмийн даатгалын өрнөөс өрний хооронд үйл ажиллагаа явуулах гэж хичээдэг болсныг бүгд мэддэг. 2025 оны байдлаар 321 мянган аж ахуйн нэгжийн 6.5 их наяд төгрөгийн татварын өр, хүү, алданги хуримтлагдсан гэх мэдээллийг УИХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн оны 11-р сард танилцуулсан. “Өртэй” гэх шалтгаанаар 22 мянга орчим аж ахуйн нэгжийн дансыг хааж, үйл ажиллагааг нь эрсдэлд оруулсан байдаг.
Гэтэл нөгөө талдаа 2018-2019 онд Нийгмийн даатгалын сангийн 110 тэрбум төгрөгийг Капитрон, Голомт, Улаанбаатар хотын банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банкинд Монголбанкны бодлогын хүүгээс 4%-иар бага хүүтэй байршуулж, багадаа 12 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломжийг алдсан байдаг. Үүнээс гадна 2020-2024 онд 2 их наяд 475 тэрбум төгрөгийн үлдэгдлийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой гэдэг тооцоолол хийсэн ч Монголбанк, Сангийн яамнаас тодорхой шийдвэр гараагүйгээс 215 тэрбум төгрөгийн хүүгийн боломж алдсан гэх зэрэг мэдээлэл бий. Төр боломжийг ийн үгүй хийж байхад аж ахуйн нэгжүүдийн өр 2024 оны 6-р сарын байдлаар 541 тэрбум төгрөгт хүрч, 43 мянган ажил олгогч, 448 мянган хүн “өртэй” гээд хаалганы цаана үлдсээр байв.
Татварын дарамт, НӨАТ-ын өрнөөс болж, хуурамч баримт бичиг бүрдүүдэх, НӨАТ-ын баримт борлуулах зэрэг хууль бус бизнес ч бий болсон. Үүнээс болж аж ахуйн нэгжийн захирлууд шүүхийн алхан дор зогсоход хүрсэн жишээ ч байна.
Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн зүгээс Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсныг хэлдэг. Хэдийгээр хуулийн төсөл боловсруулдаг ч жил тойрон хэлэлцсээр өнөөх төслөө ахиад л шинэчлэх бодит шаардлага тулгардаг.
Уг нь Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд батласнаас хойш 31 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, хамгийн сүүлд 2023 оны 7-р сард Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталсан.
2024 оны 1-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн шинэчилсэн найруулгаар, хуримтлалын тогтолцоонд шилжих, тэтгэврийн нөөц сан бүрдүүлэх, цалин хөлсөнд хэрэглэх итгэлцүүрийг жил бүр шинэчлэн тогтоох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах гэх мэт зохицуулалт шинээр туссан.
Гэвч хуулийн шинэчилсэн найруулгад тэтгэврийн шинэчлэл хийх бодлогыг голчилжээ гэдгийг “Нийгмийн даатгалын тогтолцоо, үр нөлөөнд” хийсэн 2024 оны аудитын дүгнэлтэд онцолсон байдаг.
Хууль шинэчлэгдсэн ч НДШ төлж байгаа аж ахуйн нэгжид ажиллах хүчний зардал өндөр, орлогынхоо бараг 40%-ийг шимтгэл нэртэй татварт өгдөг. Төр сангийн алдагдлыг шимтгэлээр нөхөх зарчмаар ажилласаар байгаа нь татвар төлөгчдөд ирдэг шууд бус дарамтыг ч нэмсэн хэвээр байна.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг үл харгалзан шимтгэл төлөлт хоцорсон тохиолдолд ногдуулах алданги, торгууль ч өндөр. Аж ахуйн нэгжүүд татварт сөхөрч, иргэд шимтгэл төлөх эсэхэд эргэлзсээр байхад хууль шинэчлэгдсэн гэж том дуугарах эрх алга.
Тиймээс 2025 оны 6-р сарын 18-ны өдөр Б.Түвшин нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь иргэн аж ахуйн нэгж бүрт учирдаг дарамтыг бууруулахад чиглэсэн гэж санаачлагчид тайлбарласан байдаг.
Хуулийн төсөлд, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасахаар тусгасан. Ингэснээр гэрээний орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.
Мөн ажилтанд олгож байгаа хоол, унаа, орон сууц ашиглалтын төлбөр, түлээ нүүрс худалдан авахад зориулсан мөнгөн хөнгөлөлтийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын бүрэлдэхүүнээс хасна.
Ажил олгогчийн нийгмийн даатгал шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адил тухайн сарын мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтооно гэх өөрчлөлт оруулахаар тусгасан.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Түвшин “Нийгмийн даатгалын шимтгэлийг юунаас авах вэ гэдгээ тодорхойлж чадна. Нийгмийн даатгалын санд нөлөө, хүндрэл үзүүлэхгүй” гэж үзсэн. Дээрх гурван заалтыг баталбал НДС-гийн орлого 200 орчим тэрбум төгрөгөөр буурна гэж байгаа ч нөгөө талдаа аж ахуйн нэгжүүдийн орлого, ажлын байр нэмэгдэх бодит үр дүн бий гэх тайлбар хэлсэн.
Эерэг, сөрөг талтай ч Нийгмийн даатгалын шимтгэл бол аж ахуйн нэгж, иргэний хувьд албадлагын чанартай дарамт гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын дарга Н.Учралын “Чөлөөлье” аяны хүрээнд хаврын чуулганд амжиж Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь аж ахуйн нэгж, иргэний нуруун дээрх ачааг бага ч атугай хөнгөлөх “чөлөөлөлт” болно. Гэхдээ хуулийн өөрчлөлт энэ гурван заалтаар л хязгаарлагдах уу гэдгийг хаа хаанаа нухацтай ярилцаж, бүгдээрээ хэлэлцэж, бүлээн усаар угаах нь бидний хүсээд байгаа иргэн бүрт, аж ахуйн нэгж бүрт хүрэх ачааллыг бууруулах хууль төрөх үндэс юм.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19