2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 12


Монголын аж үйлдвэрийн салбарынхан 2025 онд 95.4 сая тонн нүүрс, 2.2 сая тонн зэсийн баяжмал, 5.5 сая тонн молибдений баяжмал, 13 тонн алт, 8.7 сая тонн төмрийн хүдэр, 4 сая тонн төмрийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Гэтэл 226 мянган тонн нүүрсэн шахмал түлш, 7.6 мянган тонн катодын зэс, 35.6 мянган тонн металл бэлдэж, 33.5 мянган тонн цувимал үйлдвэрлэсэн гэдэг статистик гарчээ.
Энэ бол Монгол Улсын хүнд үйлдвэрийн олборлох болон боловсруулах хүчин чадлын ялгаа. Бид ашигт малтмалаа түүхийгээр нь хэрхэн зөөж байгааг дээрх статистик бэлхнээ илэрхийлж байна. Хэрвээ нүүрсээ баяжуулаад, боловсруулаад түлш, химийн бүтээгдэхүүн, зэсийн баяжмалаа боловсруулаад катодын зэс, зэсийн бүтээгдэхүүн, төмрийн хүдрээ арматур төмөр болгоод гаргадаг бол экспортын $15.7 тэрбумын орлого хэд дахин үржих байв.
Гэтэл өнгөрсөн хоёр жилд “Улаанбаатарын утааг бууруулах”-аар ₮600 тэрбум гаруй төгрөгөөр хагас коксжуулсан нүүрс БНХАУ-аас авах жишээний.
Монгол Улс 2026 онд 90 сая тонн нүүрсийг тонныг нь $70-80-аар борлуулж, $6.3 тэрбумыг олохоор төлөвлөсөн. Зэсийн хувьд Оюутолгой компани 42 сая тонн хүдэр тээвэрлэн боловсруулж, зэсийн баяжмал үйлдвэрлэж 5.5 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр төлөвлөсөн. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр 2025 оны эцсийн байдлаар 47.9 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонныг боловсруулж, 600 мянган тонн зэсийн баяжмал, 5 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэжээ.
Монголын хоёр том зэсийн уурхай жилд 90 сая тонн хүдэр олборлож байгаа атлаа Монгол Улс ердөө 7.6 мянган тонн катодын зэс үйлдвэрлэдэг. Хүдрээ бүрэн боловсруулж чадвал энэ тоо 350 мянган тоннд хүрэх боломж бий.
Хэдийгээр Эрдэнэт, Оюутолгой уурхай дэргэдээ баяжуулах үйлдвэртэй ч эцсийн бүтээгдэхүүн зэс үйлдвэрлээд эхэлбэл нэмүү өртөг нь дотооддоо шингэнэ, тээвэрлэлтийн зардал хэдэн арав дахин хэмнэгдэнэ.Монгол Улс өндөр технологийн шинэ ажлын байр, инженер техникийн ноу-хау бий болгоно, татвар хураамж өснө гээд олон талын үр өгөөжтэй. Хамгийн чухал нь олон улсын зах зээл дээр түүхий эд нийлүүлэгчээс металл үйлдвэрлэгч болж статус ахина.
Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилд Монголын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хараат болсон, намаар талцан, улс төрийн шоу хийсээр, эдийн засгийн боломжийг харилцан устгасаар өнөөдрийг хүрлээ. Гэхдээ л Эрдэнэт, Оюутолгой байхгүй бол Монголын эдийн засаг ямар түвшинд байхыг таашгүй.
Монгол Улс Газрын тос боловсруулах ганц үйлдвэртэй болох гэж хэдэн жил болов. Зээл авлаа, зээлээ бүрэн ашиглаж чадахгүй, бүтээн байгуулалттаа хугацаанд нь хийхгүй, арга ядахдаа “төлөвлөсөн хугацаанаас хойшлох нь тодорхой боллоо” хэмээн хариуцсан түшмэл нь "постлох" вэ дээ.
Нэгэнт уул уурхайгаас хараат эдийн засагтай болсноо хэн хүнгүй мэдэж байгаа юм хойно цаашид иргэн бүр ажилтай, амьдралдаа хүрэлцэхүйц цалинтай байгаасай гэж хүсвэл боловсруулах үйлдвэрийг дэмжих төрийн бодлого оновчтой, тодорхой байх шаардлагатай байна. Уг нь “Сайхан хоолны нэр хэлээд бай, би савхдая” гэгчээр Гангийн үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр гээд Монгол Улсын хөгжлийн бодлогод туссан боловсруулах үйлдвэрлэлийн төслүүд бий.
Гэхдээ энэ бол Монголын төр зээл, хөрөнгө оруулалт, төсвөөр хийх ажил. Хэзээ нэгэн цагт хийх байх гэж найдахаас үйлдвэрлэл эхлэх цаг хугацааг тооцох аргагүй. Хамгийн сүүлд “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн эхний сонгон шалгаруулалтад БНХАУ-ын гурав, Швейцарийн нэг компани үлдсэн гэх мэдээлэл бий. Яг үнэндээ, энэ “зай ч байна, лай ч байна” гэгчээр дараагийн асуудал.
Харин хувийн хэвшлийнхэн гадаадын хөрөнгө оруулалт татаж, өөрсдийн хүчээр боловсруулах үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхад төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх байтугай, татварын дарамтад оруулсан хэвээр байна.
Хачирхалтай нь, “Алсын хараа-2050” зэрэг бодлогын баримт бичигт боловсруулах үйлдвэрлэлийг тэргүүнд эрэмбэлсэн ч өнөөдрийн байдлаар Засгийн газрын 2019 оны 214 дүгээр тогтоолоор баталсан “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-өөс өөр хууль эрх зүйн баримт бичиг алга.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2015 онд баталсан ч 2020 онд хүчингүй болгосон. 2021 оны 11-р сард УИХ-д өргөн мэдүүлсэн Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг өнөөдөр сөхөж хардаг хүн ч үгүй болсон. Тухайн төсөлд төрөөс судалгаа хөгжлийн, мэдээлэл зөвлөгөөгөөр хангах, хүний нөөцийн гэсэн гурван чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэж тусгасан байдаг.
Гэтэл, тэдэнд хэрэгтэй бодит дэмжлэг бол татварын уян хатан бодлого. Татварын багц хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай төсөлд хүнд үйлдвэрийн салбар бас л багтаагүй.
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.05.11/ стратегийн ордын лиценз эзэмшигчидтэй уулзсан. Засгийн газар Үндсэн хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, баялгийн үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Хуулиар ордын 60%вийн өгөөж гэдэгт юу багтах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр ангилж, тусгай АМНАТ-аар орлуулах эрхзүйн зохицуулалтыг бий болгох аж. Ерөнхий сайд “гол нь хож, хож зарчмаар бизнесийн орчныг хүндрүүлэх биш, олон жил хуримтлагдсан тодорхойгүй байдлыг шийдье” гэв.
Энэ үеэр “Ачит ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан “Зөвхөн Засгийн газрын өгөөжийн тухай ярьж байна. Татвар, төлбөр, хураамж үүнд багтдаг. Гэтэл бусад орон нийгмийн өгөөжийг мөн тооцдог. Жишээлбэл, хэдэн ажлын байрыг бий болгосон, тогтвортой хадгалсан ч гэх мэт. Хуулийн төсөлд нам, байршил, өмчийн харьяалал үл харгалзан ялгаварлалгүй хандаарай. Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, төрийн бодлогод нийцсэн байгальд ээлтэй үйлдвэрлэлийг онцолж үзэх хэрэгтэй байна” гэсэн санал дэвшүүлсэн.
Үнэхээр өндөр нэмүү өртөг шингээсэн, эдийн засгийн үр өгөөж арвин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих байтугай, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр үүсмэл орд эзэмшигчдийг стратегийн орд эзэмшигчдийн түвшинд тавьж, төр 34% эзэмшихээр зүтгэсэн байдаг.
Гэтэл дэлхийн улс орнуудад боловсруулах үйлдвэрлэлээ дэмжих бодлого түлхүү барьдаг жишиг бий. Кластер хөгжүүлэлт хийх, татварын уян хатан бодлого, санхүүжилтийн хөнгөлөлт, худалдан авалтыг бодлогоор дэмждэг. Харин манайд намаар ялгаж, татвараар дарамталдаг.
Өнөөдөр бидэнд баяжуулах үйлдвэрүүдийн технологийн хувьд дэлхийн жишигт нийцсэн байгальд ээлтэй болгох хэрэгтэй бол боловсруулах үйлдвэрийг татвар, зээлийн бодлогоор дорвитой дэмжих шаардлагатай байна.
Төр боловсруулах үйлдвэр барих гэж “ухнатаж” байхаар хувийн хэвшилдээ, хөрөнгө оруулагчдадаа энэ саналаа тавиад, бодлогын дэмжлэгийг нь үзүүлж чадвал “Ачит Ихт”, “Энержи ресурс” шиг жишиг үйлдвэрлэлийг хөгжүүлэх чадвар хувийн хэвшилд бий болчихсон. Дэлхийн зах зээлд Монголын үйлдвэр гэж ярихаас П.Цагааны, Ж.Оджаргалынх гэж онцлохгүй нь тодорхой.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 12