2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8


Дэлхий дахин шинэ "хүйтэн дайн"-ы ирмэг дээр ирээд буй энэ цаг үед Бээжингийн Тэнгэрийн хаалганы өмнө АНУ болон БНХАУ-ын удирдагчид гар барих нь зөвхөн дипломат ёслол биш юм. Тэнд бүх юм цаг минут, дэс дараалал, алхаа гишгээ, үг-үйлдэл, хөдөлгөөн нэр бүрээр яригдана, хэмжигдэнэ.
Энэ бол 21-р зууны дэлхийн геополитик, геоэдийн засгийг тодорхойлох "Их хоёр"-ын (G2) шинэ тоглоомын дүрэм, дэг жаягийг хэн тогтоох вэ гэсэн улс төрийн хэцүү бодлого юм.
Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд гадаад бодлого бол үндсэндээ "том хэлэлцээр" байдаг. Тэр тусмаа гол өрсөлдөгч болох Хятадын удирдагчтай “эх оронд” нь ямар уран нүүдэл гаргах нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тавдугаар сарын 14-15 бол дэлхийн хувьд чухал өдрүүд байх болно.
Трампын "Америкийг дахин агуу болгох" (MAGA) мөрийн хөтөлбөрийн амжилт нь Америкийн үйлдвэрлэгчид болон фермерүүдийн ашиг орлогоос шууд хамааралтай.
Трамп Бээжингээс хоосон гартай буцахыг хүсэхгүй. Түүний цүнхэнд Америкийн фермерүүдэд амь тариа болох шар буурцагны аварга гэрээ, "Boeing"-ийн онгоцны захиалга, эрчим хүчний экспортын амлалтууд бий.
Хятадын цахилгаан автомашины татварын асуудал дээр тэрбээр "хатуу боловч уян хатан" байр суурь баримталж байна. Энэ нь Хятадын хөрөнгө оруулалтыг АНУ руу татах замаар ажлын байр бий болгох бизнес стратегийн нэг хэсэг юм.
Трампын хувьд Ши Жиньпин бол үзэл суртлын дайсан биш, харин түүний амьдралын хамгийн том, хамгийн хүчирхэг хэлэлцээрийн хамтрагч (Deal partner) юм.
"Сүр хүчит улаан луу" дэлхийн геополитекийн өрөг дээр асар их амбицтай байгаа ч түүнийгээ маш тэвчээртэйгээр илэрхийлж буй. Ши Жиньпиний хувьд энэхүү уулзалт нь Хятад улс дэлхийн тавцанд АНУ-тай эн тэнцүү супер гүрэн гэдгээ албан ёсоор батлан харуулах боломж юм.
Бээжин Трампын гэнэтийн зан авир, тарифын дарамтаас эмээхгүй байгаагаа удаа дараа харуулж, тэр ч бүү хэл түүний зарим шийдвэрийг ил тодорхой эсэргүүцэх болсон. Гэвч Хятадын дотоод эдийн засгийн удаашрал, үл хөдлөх хөрөнгийн хямралыг давахын тулд Америкийн өндөр технологи, хагас дамжуулагчийн хоригийг цуцлах нь түүний гол зорилго.
"Нэг тэнгэрт хоёр нар манддаг уу" гэх асуултад Ши дарга өөрийн алдарт "Номхон далай хоёр улсыг багтаах хангалттай уудам" гэсэн дипломат мессежээ дахин барьж байна. Энэ нь нөлөөллийн бүсээ хуваах далд санал юм.
Хэлэлцээрийн ширээний голд энэ удаад зөвхөн мөнгө биш, харин ирээдүйн улс төрийн өрөг дээрх ноён хэн байх вэ гэсэн геополитик бий.
Хагас дамжуулагч болон хиймэл оюун ухаан (AI) нь өнөөдөр 20-р зууны цөмийн зэвсэгтэй ижил ач холбогдолтой болжээ.Бээжингийн уулзалтаас технологийн салбарт G2 "түр эвлэрэл" зарлах уу, эсвэл технологийн төмөр хөшиг улам зузаарах уу гэх асуултын хариулт Тэнгэрийн хаалганы өмнө яригдана.
Дэлхий даяар үүсээд буй томоохон хямралуудын түлхүүр Бээжингийн энэ хоёр өдрийн уулзалтад нуугдаж байна.
Трамп энэ дайныг зогсоохын тулд Бээжингийн дэмжлэгийг (Орост үзүүлэх шахалт) авч чадах уу? Цэргийн хурцадмал байдлыг намжаах "статус кво"-г хэрхэн тохирох вэ?!. Гэдгийг дэлхий нийт амьсгаа даран ажиглаж буй билээ.
Трампын айлчлал бол хоёр улсын хоорондын төрийн өндөр түвшний айлчлал биш, харин дэлхийн хоёр туйлт системийг хэрхэн удирдаж, мөргөлдөөнөөс зайлсхийх тухай "Их хоёр"-ын (G2) шинэ тохиролцоо, бүх дэлхийн өндөр дээр айлчлал юм.
Эсрэг тэсрэг хоёр засаглалын лидердүүд нэг хэл дээр ойлголцож, эрх ашиг нь огтлолцож чадвал дэлхийн зах зээлд тодорхойгүй байдал арилж, эдийн засгийн шинэ сэргэлт ирнэ. Гэвч энэ нь түр зуурын амсхийлт, эсвэл урт хугацааны стратегийн түншлэл эсэх нь хоёр удирдагчийн гарын үсэг зурах баримт бичгүүдийн мөр, үсэг, цэг, таслал нэг бүрийн цаана нуугдаж байна.
Их гүрнүүдийн удирдагчийн уулзалт Хятадтай хоёр хөрш, АНУ-тай гуравдагч хөршийн харилцаатай Монголд хэрхэн нөлөөлөх вэ. АНУ болон БНХАУ-ын удирдагчдын энэхүү түүхэн уулзалт, тэдний хооронд байгуулагдах "Их хэлэлцээр" нь хоёр хөршийн дунд оршдог, нээлттэй эдийн засагтай Монгол Улсын хувьд маш өндөр ач холбогдолтой.
Монгол Улсын эдийн засаг БНХАУ-ын түүхий эдийн эрэлт болон АНУ-ын долларын ханш, олон улсын худалдааны тогтвортой байдлаас шууд хамааралтай. Хэрэв Трамп, Ши нар худалдааны дайнаа зогсоож, БНХАУ-ын үйлдвэрлэл сэргэвэл манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн эрэлт тогтворжиж, үнэ өсөх боломжтой.
Хоёр гүрэн ойлголцолд хүрвэл дэлхийн зах зээл дэх тодорхойгүй байдал буурч, ам.долларын ханш тогтворжсоноор Монгол дахь инфляцийн дарамт багасна.
Монгол Улс "Гуравдагч хөрш"-ийн бодлого баримталдаг. Хоёр гүрний сөргөлдөөн зөөлрөх нь манай улсын хувьд сонголт хийх шаардлагагүй, аюулгүй орчныг бүрдүүлнэ.
АНУ болон Хятад сөргөлдөх тусам дунд нь оршдог жижиг улсуудад тал засах эсвэл нэг талыг барих далд шахалт ирдэг. Харилцаа дулаарвал Монгол Улс хоёр талтай хоёулантай нь стратегийн түншлэлээ ямар нэгэн саадгүйгээр үргэлжлүүлэх боломж нэмэгдэнэ. Хойд Солонгос болон Орос-Украины асуудлаар хоёр гүрэн ойлголцох нь Зүүн хойд Азийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж, манай улсын аюулгүй байдлын орчин сайжирна.
Гэвч бүх зүйл эерэг байна гэсэн үг бас биш. Томчууд тохирохын хэрээр жижигчүүд мартагдах эрсдэлтэй.
Хэрэв Трамп БНХАУ-аас Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг (шар буурцаг, мах гэх мэт) асар их хэмжээгээр авах гэрээ хийвэл Хятадын зах зээлд нийлүүлэгддэг манай улсын зарим түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт нөлөөлж магадгүй юм.
Бээжингийн уулзалт амжилттай болбол Монгол Улсын хувьд "эдийн засгийн тогтвортой байдал" болон "дипломат маневр хийх орон зай" нэмэгдэнэ. Хамгийн гол нь хоёр том хөршийн нэг болох Хятад улс АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа нь бүс нутагт цэргийн болон эдийн засгийн гэнэтийн цочрол үүсэхгүй байх хамгийн том баталгаа юм.
Х.ХАНДМАА

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8