2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8


Украиныг Европын холбоонд элсүүлэх нь эрсдэлтэй байж болох ч, түүнийг гадна үлдээх нь илүү аюултай юм.
The Economist
Европын удирдагчид улс оронд нь дайны аюул ирж болзошгүй гэж үнэхээр бодож байна уу? Тэдний хэлж буй үгс "тийм" гэх хариултыг өгч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-24-нд Кипрт болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Польшийн ерөнхий сайд Дональд Туск “Орос улс ойрын хэдхэн сарын дотор Европын зүүн жигүүр рүү довтолж болзошгүй” гэсэн болгоомжлолыг илэрхийлэв. АНУ нь Атлантын далай дамнасан холбоотнуудынхаа өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байх эсэх нь эргэлзээтэй болсон энэ үед Европ улс нухацтай байж, НАТО болон Европын Холбооны хүрээнд хамтын батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх ёстой гэж тэрээр мэдэгдсэн юм.
Гэсэн хэдий ч Европын бусад удирдагчдын үйлдэл хоёрдмол шинжтэй хэвээр байна. Ялангуяа Украинтай тогтоосон харилцааны асуудал дээр эдгээр зөрчилдөөн хамгийн тод харагдаж байна. Европын холбооны засгийн газрууд энэ сард Украинд зориулсан 90 тэрбум еврогийн ($105 тэрбум) зээлийг баталлаа. Уг зээлийг Унгар дахь Путиныг дэмжигч, популист баруун жигүүрийн Виктор Орбаны засгийн газар удаан хугацаанд хориглож байсан билээ. Гэвч Украины хувьд харамсалтай нь, дөрөвдүгээр сарын дундуур болсон сонгуулиар ноён Орбан суудлаасаа буусан нь бусад удирдагчдын байдлыг ил тод болгож орхив. Одоо тэд Унгарын ард “нуугдах” боломжгүй болжээ.
Франц, Герман тэргүүтэй ЕХ-ны олон гишүүн орнууд Украиныг бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхэд яарахгүй байна. Ерөнхийлөгч Влодимир Зеленский 2027 оны нэгдүгээр сар гэхэд Украин улсыг гишүүнээр элсүүлэхийг шаардаж, үйл явцыг түргэсгэх хуваарь гаргахыг хүсэж байгаа ч тэд үүнээс татгалзаж буй. Германы канцлер Фридрих Мерц "Украин улс дайтаж байгаа үедээ холбоонд элсэх боломжгүй" гэдгийг олон нийтэд мэдэгдэж, хууль дээдлэх, авлигатай тэмцэх болон бусад үндсэн зарчмуудад тавигдах хатуу стандартуудыг хангах ёстой гэдгийг санууллаа.
Зарим болгоомжлол нь ойлгож болохуйц үндэслэлтэй юм. Украин улс баатарлаг гавьяа байгуулж байгаа хэдий ч авлигад идэгдсэн, эмзэг ардчилалтай бөгөөд энэхүү мөргөлдөөн дуусахад хил хязгаар нь тодорхойгүй, Орос хэмээх "аймшигт хөрш"-тэйгөө үлдэх магадлал өндөр байна. Гэвч Европын бусад зарим түгшүүр нь харьцангуй өчүүхэн зүйл дээр төвлөрчээ. Жишээлбэл, ЕХ-ны тариаланчид Украины дэлхийн жишигт нийцсэн, асар том хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөөнөөс айж байна. Хэрэв Украин элсвэл Брюсселийн Хөдөө аж ахуйн нэгдсэн бодлого (CAP) одоогийн татаас ихтэй хэлбэрээрээ оршин тогтнож чадахгүй гэж ярилцаж байна.
Ийм эргэлзээний эсрэг Украины дэмжигчид хатуу няцаалт өгч байна. Европын аюулгүй байдлыг бодитоор хамгаалахын тулд Украйны 800,000 зэвсэгт дайчид, тэдний хиймэл оюун ухаанаар удирддаг дрон болон дроны эсрэг технологи нь нэн чухал гэж тэд үзэж байна. Эдгээр технологи нь фронтын шугамыг Оросын түрэмгийлэгчдийн хувьд футурист "үхлийн бүс" болгон хувиргасан. Финландын Ерөнхийлөгч Александр Стубб Украйны аюулгүй байдлын баталгааны талаар асуухад: -"Европчууд бид Украйн улсад өөрсдөөс нь илүү хэрэгтэй байгааг ойлгох ёстой" хэмээн зөвлөжээ.
Украин улс удаан хугацааны турш НАТО-гийн гишүүнчлэл болон гэрээний 5-р зүйлд заасан харилцан бие биеэ хамгаалах амлалтад найдаж ирсэн. Харамсалтай нь, барууны албан тушаалтнуудын хэлж буйгаар Украины НАТО-д элсэх хүсэл ойрын ирээдүйд "бүтэхгүй" болсон байна. Жо Байден Ерөнхийлөгч байхдаа Украиныг НАТО-д элсүүлэхэд эргэлзэж байсан бол, Дональд Трамп энэ санаанд болон Украины асуудалд дайсагнасан байр суурьтай байсан нь уг боломжийг үндсээр нь хаасан юм.
Энэ нь Украины хувьд Европ болон ардчилсан ертөнцийн нэг хэсэг болох цорын ганц зам нь ЕХ-ны гишүүнчлэл болон үлдэж байна. Бүрэн эрхт гишүүнчлэл олон жилийн зайд байгаа тул Франц, Герман улсууд Украинд "ассоциацийн гишүүнчлэл"-ийн хувилбаруудыг санал болгож байна. Энэ нь санал өгөх эрхгүйгээр ЕХ-ны байгууллага, зөвлөлүүдэд ажиглагчийн суудалд суух боломж юм. Хамгийн чухал нь, түр зуурын зохицуулалтын хүрээнд ЕХ-ны гэрээний 42.7-р зүйлд заасан харилцан бие биеэ хамгаалах заалтыг Украинд хэрэгжүүлэх тухай яриа хэлэлцээ явагдаж эхэллээ.
Киприйн дээд хэмжээний уулзалтын үеэр ЕХ-ны албан тушаалтнуудад 42.7-р зүйл мөргөлдөөний үед хэрхэн ажиллахыг судлах даалгавар өгсөн. Германы канцлерын хэлж буйгаар, удирдагчид Европын аюулгүй байдлын үүднээс Украины өмнө үүд хаалгаа хааж болохгүй гэдгийг ойлгож, Украинд түр гишүүнчлэл олгох санааг ерөнхийд нь дэмжжээ. Украйны сонгогчид хэзээ нэгэн цагт газар нутгаасаа татгалзсан энхийн гэрээг батлах шаардлагатай болж магадгүй. Ийм бүх нийтийн санал асуулгад ялахын тулд Зеленскийд эцэст нь "Европын холбооны бүрэн эрхт гишүүнчлэл"-д хүргэх тодорхой зам хэрэгтэй гэж ноён Мерц нэмж хэлэв.
Европын удирдагчдын өгч буй эдгээр дохио нь Европын болон Украины иргэдийг багагүй төөрөгдүүлж байна. Нэг талаас Украйны элссэнээр ЕХ-ны хөдөө аж ахуйн татаасын тогтолцоог нураахаас айж байна. Нөгөө талаас тэд Украйнд батлан хамгаалах, аюулгүй байдлын маш чухал амлалт өгөхөд бэлэн байгаа нь хачирхалтай.
Энэхүү тааврын хариулт нь дайны аюул болон түүний ойрхон байгаа эсэхэд хандах хандлагад оршиж байна. Хэрэв Европ үнэхээр Оросын дайралттай нүүр тулах гэж байгаа бол Украиныг түнш болгон түгжихээс илүү чухал зүйл үгүй. Европын болон Украины өндөр албан тушаалтнуудтай хийсэн албан бус ярианы үеэр Украины гишүүнчлэлийн хамгийн хүчтэй аргументууд нь Европын аюулгүй байдалтай холбоотой байв. Украйны батлан хамгаалах технологийг ашиглах тухай өөдрөг ярианаас гадна, зарим үндэслэлүүд нь нэлээд бараан байна.
Оростой хийж буй дайн дуусахад Украинд олон зуун мянган байлдааны туршлагатай ахмад дайчид үлдэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв Европын холбоо тэднийг үл тоомсорловол Украины хүчирхэг бүлэглэлүүд Баруунаас нүүр буруулахгүй гэх баталгаа байхгүй. Украин улс дотоодын зөрчил мөргөлдөөн, нөөц баялгийн төлөөх тэмцэлд автах, эсвэл Оростой улам ойртох зэрэг нь Европын хувьд асар том аюул юм. Тиймээс боломж байгаа дээр нь Украйныг Европтой холбох нь нэн чухал байна.
Хенри Киссинжер энэ цаг үе ирнэ гэдгийг урьдчилан харж байсан. 2023 онд The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Киссинжер өмнөх үзэл бодлоосоо буцаж, Украиныг НАТО-д элсүүлэх ёстой гэж хэлсэн юм. Европ улс Украиныг НАТО-д элсүүлэхэд "хэтэрхий эрсдэлтэй" гэж хэлэхийн зэрэгцээ тэднийг "дээд зэргээр зэвсэглэж" байгаа нь маш аюултай алхам гэж тэрээр анхааруулж байв.
Харамсалтай нь, аюул заналхийлэл, эрсдэлийн тухай яриа нь Оростой хийх дайныг гарцаагүй гэж үздэггүй Европын удирдагчид болон сонгогчдыг үргээж байна. Хэрэв ноён Путиныг тайвшруулах сонирхол байсаар байвал Украины улс төрийн тогтворгүй байдал, эсвэл Европын холбооны гадна үлдсэн тохиолдолд үүсэх уур хилэн зэрэг аргументууд нь түүнийг "клуб"-аас гадуур байлгах шалтгаан болно. Украин улс ЕХ-ны гишүүнчлэлд бэлэн үү гэж асуух эрх Европт бий. Гэвч Украины хувь заяа илүү энгийн нэг зүйлээс хамаарч магадгүй. Тэр нь “Европчууд өөрсдөө тулалдахад бэлэн үү?”

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8