2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 8
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4


Асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан ч төлөвлөлт болон эдийн засгийн тооцоо, судалгааны алдаа, албан тушаалтнуудын авлига, хулгайгаас болж сүйрсэн хурдны замын төсөл дэлхийд олон. Тэдгээрийн нэг нь Мадридын төлбөртэй хурдны замуудын төсөл юм.
Испанийн нийслэл хотыг тойрон баригдсан төлбөртэй хурдны замуудын сүлжээ хэрхэн улс орноо эдийн засгийн “хар нүх”-нд унагаасан талаарх "The ghost highways of Madrid" нийтлэлийг орчуулан хүргэж байна.
2000-гаад оны эхээр Испани улс эдийн засгийн огцом өсөлт, үл хөдлөх хөрөнгийн тэсрэлтийн оргил үедээ байлаа. Энэ үед Мадрид хотын замын түгжрэлийг шийдэх “гайхамшигтай” төлөвлөгөөг эрх баригчид нь боловсруулсан нь хотыг тойрсон төлбөртэй хурдны замууд буюу "Radiales" сүлжээний төслийг хэрэгжүүлэх байлаа. Мадрид руу орж, гарч буй үндсэн замуудын ачааллыг хуваалцах зорилгоор R-2, R-3, R-4, R-5 гэх таван гол чиглэлийн төлбөртэй замыг хувийн хэвшлийн оролцоотойгоор барьжээ. Гэхдээ тэдгээр хурдны зам алс хожмоо улс орноо асар их өрөнд унагаасан юм. Хотыг хэрэн сүлжсэн тэрхүү аварга асфальтан дээр зөвхөн салхи л исгэрнэ.
Мадрид хотыг тойрон баригдсан "Radiales" буюу радиаль хурдны замууд нь нэгэн цагт Испанийн орчин үеийн дэд бүтцийн хөгжлийн бэлгэдэл болон сүндэрлэж байлаа. Гэвч өнөөдөр тэдгээр нь эзгүйрсэн асфальтан талбай, эзгүй төлбөрт цэгүүдээс өөр юмгүй улс орны түүхэн дэх хамгийн томоохон санхүүгийн бүтэлгүйтлийн нэг болон үлдэж байна.

ТӨСӨЛ ЯАГААД СҮЙРСЭН БЭ?
Испанийн Засгийн газар Мадридыг тойрсон дампуурсан найман хурдны замыг өөрийн мэдэлд авахаас өөр аргагүй болсон. Анхны тооцоогоор энэ нь татвар төлөгчдөд 3.5-аас 5 тэрбум орчим еврогийн зардал учруулахаар байна. Энэ бол зөвхөн замын тухай асуудал биш, энэ бол Испанийн "үл хөдлөх хөрөнгийн хөөс" хагарсны дараах хамгийн гашуун үр дагавар юм.
2012-2017 оны хооронд эдгээр замыг хариуцаж байсан компаниуд дараалан дампуурлаа зарласан. Испанийн Засгийн газар "нийтийн эрх ашгийн төлөө" эдгээр замыг өөрийн мэдэлд авахаас өөр аргагүй болжээ. Энэхүү бүтэлгүй төслийн "өр" болох 4-5 тэрбум еврог Испанийн татвар төлөгчид нуруундаа үүрч хоцорсон юм.
Төсөл сүйрэлд хүрсэн үндсэн гурван шалтгаантай. Нэгдүгээрт, зам барихаар төлөвлөсөн газруудын үнийг Засгийн газар анх маш багаар тогтоосон байв. Гэвч газрын эзэд шүүхэд хандаж, шүүхээс газрын үнийг зах зээлийн дээд үнээр тооцох шийдвэр гаргаснаар газар чөлөөлөх зардал анх төлөвлөснөөс 460 гаруй хувиар өссөн юм. Энэ нь барилгын компаниудын санхүүгийн төлөвлөгөөг эхнээс нь нураажээ.
Хоёрдугаарт, төслийг эхлүүлэхдээ гаргасан тооцоолол нь бодит байдлаас хэтэрхий хол байлаа. Жишээ нь, R-4 хурдны замаар өдөрт 35 мянган машин зорчино гэж тооцоолсон ч бодит байдал дээр 1 мянга хүрэхгүй машин явж байв. Жолооч нар төлбөр төлж цаг хожихын оронд түгжрэлтэй ч гэсэн үнэгүй хуучин замаараа явахыг илүүд үзжээ.
Гуравдугаарт, 2008 оны хямрал Испанид нүүрлэснээр замын хөдөлгөөн нийтдээ 30 орчим хувиар буурсан. Иргэдийн худалдан авах чадвар муудаж, компаниуд ачаа тээврээ хэмнэж эхэлсэн нь төлбөртэй замуудын орлогыг бүрэн тасалдуулсан байна. Өнөөдөр эдгээр замаар явахад "апокалипсийн дараах" киноны зураг авалт шиг сэтгэгдэл төрүүлнэ. Таван эгнээ бүхий аварга том хурдны зам дээр хэдэн арван км явахад ганц ч машин зөрөхгүй байх нь хэвийн үзэгдэл болжээ. Төлбөр авах цэгүүд дээрх ажилтнууд хоосон зэрэглээ ширтэн суух агаад тэд "энэ бол дэлхийн хамгийн чимээгүй хурдны зам" гэж нэрлэжээ.
Мадридын сүнсэн замууд бол улстөрчид болон барилгын салбарын аварга компаниудын "амбиц" хэрхэн татвар төлөгчдийн нуруун дээр ачаа болж ирдгийн амьд жишээ юм. Испани улс өнөөдөр эдгээр хоосон замын өрийг төлөхийн тулд эрүүл мэнд, боловсролын салбарынхаа төсвөөс танахаас өөр аргагүй байдалд орсон билээ.

ЗАМЫН ЦААДАХ ДАЛД СҮЛЖЭЭ
Төслийн гэрээнд байсан RPA (Responsabilidad Patrimonial de la Administración) буюу төрийн хариуцлагын заалт нь авлигын хамгийн том хэлбэр байж болзошгүй гэж экспертүүд болон хэвлэлийнхэн шүүмжилдэг. Төсөл төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжсэн агаад албан тушаалтнууд анх хэлэхэдээ хурдны замын эрсдэлийг төр биш хувийн компаниуд хүлээнэ гэж сурталчилж байв. Гэвч гэрээндээ эцсийн эрсдэлийг нь төр хүлээнэ гэх заалтыг нууцаар шахуу оруулсан нь Испанийн ард түмний амьдралд томоохон дарамт авчирсан.
Концессын гэрээний хамгийн том алдаа нь "Ашиг олбол хувийн компани авна, алдагдал хүлээвэл төр (татвар төлөгчид) төлнө" гэсэн заалт байжээ.
Уг заалт нь барилгын компаниудад "ямар ч эрсдэлгүй бизнес" хийх боломж олгосон. Тэд төслөө буруу тооцоолж, дампууруулсан ч оруулсан зардлаа ямар ч алдагдалгүйгээр төрөөс буцааж авах баталгаатай байв. Ийм ашигтай гэрээг байгуулсны ард “төр-хувийн хэвшлийн түншлэл” нэртэй авлигын бүтэц ажилласан байх магадлал өндөр. Ямартай ч ард иргэдээ асар их өрөнд оруулсан аварга сүнсэн замын дампууралд хувийнхэн ч, албан тушаалтан ч хариуцлага хүлээгээгүй. Тухайн үед эрх барьж байсан Ардын нам буюу PP нь барилгын компаниудаас хууль бус хандив авдаг байсан тухай "Gürtel" болон "Bárcenas-ийн хэрэг" гэх мэт асар том авлигын дуулианууд сүүлд ил болсон юм.
Зам барих газрыг чөлөөлөхдөө зарим нөлөө бүхий хүмүүс урьдчилж газрыг хямд авчихаад дараа нь шүүхээр дамжуулан асар өндөр үнээр "зарах" замаар ашиг олсон гэх хардлага ч байдаг. Мадридын тойрог хурдны замын ард Испанийн хамгийн том банкууд (Santander, BBVA г.м) байсан агаад тэдний алдагдлыг төрөөс нөхөн төлсөн нь ард иргэдийн дунд маш их эсэргүүцэл дагуулсан.
Хөгжил бол цементэн зам гүүр биш ажлын байр, амьдрах орчин болохыг, улстөрчдийн бүтэлгүй амбиц, томоохон авлигын эцсийн хохирогчид нь энгийн иргэд байдгийг Испанийн ард түмэн өндөр төлбөр төлж ухаарсан билээ.
Х.ХАНДМАА

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 8
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4