2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8


Засгийн газар уул уурхайн салбараас авах өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай зэрэгцүүлэн хийж байна. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр (2026.05.11) стратегийн орд эзэмшигч дотоодын ААН-үүдтэй уулзсан бол өнөөдөр Оюутолгой ордын 66%-ийн эзэмшигч Рио Тинто группийн төлөөлөлтэй хийж буй хэлэлцээрийн дараагийн шат эхэлж байна.
Стратегийн орд эзэмшигчдэд зориулан хууль гаргана
Дотоодын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтаар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилго бүхий хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ.
Уг хуулиар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын өгөөж гэдэгт юу хамаарахыг тодорхой болгож, өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх, өгөөж 60%-иас буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлөх, төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулах зэрэг зохицуулалтыг хийх ажээ.
Өмнө Ерөнхий сайд Г.Занданшатарын үед стратегийн орд эзэмшигчид ордуудынхаа 60%-ийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх санамж бичгийг зурсан. Гэсэн ч өгөөжийн 60% гэдэгт юу юу багтах талаар цэгцтэй ойлголт хаа хаанаа тодорхойгүй байсныг ийнхүү ойлгомжтой болгохоор зорьж байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал хэлжээ.
2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашгийг Хуримтлалын санд оруулж, иргэн бүрийн дансанд бүртгэж буй. E-Mongolia-д байршсан “Чингис хаан” Үндэсний Баялгийн сангийн иргэнд ногдох өгөөж 2024 онд 178 мянган төгрөг, 2025 онд 306 мянган төгрөг болсон. 2026 онд 500 мянган төгрөг болохоор байна.
"Рио Тинто"-гийн баг ямар саналтай ирсэн бол?
2009 онд байгуулсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гэрээний нөхцөл, санхүүжилтийн зээлийн хүүг 7 жилд нэг удаа эргэн харж, шинэчлэхээр тусгасан байдаг. 2018 онд гэрээний нөхцөлийг шинэчлэх боломжоо Монголын Засгийн газар ашиглаж чадаагүй. Харин өнгөрсөн 2025 оны сүүлээс эхэлсэн хэлэлцээр идэвхтэй үргэлжилж байна. Гэхдээ гэрээний нөхцөлийг шинэчлэх хугацаа 2025 онд дуусгавар болсон тул 2026 он гарсаар сар сараар сунган явж байгаа юм.
Рио Тинтотой хийж буй хэлэлцээр ахицтай байж ямар ч байсан “түгжээг тайлсан” гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдэгдээд байгаа.
Энэ оны 1-р сард Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюутолгой” ХХК болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээж, тодорхой нөхцөлүүдээр шаардлага хүргүүлсэн. “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр илгээсэн захидалдаа Оюутолгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа нотолсон.
Харин 3-р сард “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс Монголд Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзан өөрсдийн талын саналуудыг танилцуулсан ч Рио Тинтогийн санал Монголын талын эрх ашгийг бүрэн хангаж чадахгүй байгаа тул хүлээн авах боломжгүй гэдгийг Г.Занданшатар хэлсэн.
Монголын талын санал маш тодорхой байгаа. Тухайлбал,
-“Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,
-Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах,
-Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюутолгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,
-Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,
-“Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг юм.
Энэхүү шаардлагад Рио Тинтогийн баг ямар нөхцөлтэй ирсэнийг эдгээр өдрүүдэд монголчуудад мэдэх байх гэж найдаж байна.
Хэвлэлд гарсан мэдээллээр нийт 30 орчим асуудал байгаагаас Монголын талаас 22, Рио Тинтогоос 8 санал байгаа ажээ. Одоогийн мөрдөгдөж буй LIBOR+6.5 хувьтай зээлийн хүүг 2.2 хувь болтол бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, Оюутолгойн төслийн санхүүжилтийн бүтцэд өөрчлөлт оруулах, Монгол улсад төлөх татварын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцээр явагдана.
“Оюутолгой”-д хувьд үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусч энэ оноос олборлолтыг бүрэн хүчин чадлаар явуулах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл, зардал буурч, орлого үйлдвэрлэх алтан үе дээрээ ирээд байна.
2025 оны эхний улиралтай харьцуулахад Рио Тинто группийн олборлосон зэс 9%-иар өссөн нь Оюутолгойн гүний уурхайн олборлолт төлөвлөгөөний дагуу эрчимжсэнтэй холбоотой хэмээн Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт өнгөрсөн 4-р сард хэвлэлд мэдэгдсэн.
“Бид үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 10%-иар давуулан биелүүлсэн. Дэлхийн зах зээл дээр зэс болон алтны үнэ өссөн таатай нөхцөл байдлаас шалтгаалж Оюутолгойн орлого төлөвлөснөөс 20%-иар өссөн сайн үр дүнтэй ажиллалаа. Зэс болон алтны үйлдвэрлэл төлөвлөсөн хэмжээнээс даван биелсэн. Тухайлбал, 91 мянган тонн зэс олборлох төлөвлөгөө 101 мянган тоннд, 113 мянган унц олборлохоор төлөвлөсөн алтн 123 мянган унцад хүрлээ. Нэгдүгээр улиралд төлөвлөсөн орлогын хэмжээ мөн давжээ. $1.3 тэрбумын орлого олно гэж төлөвлөсөн ч орлого $2.55 тэрбумд хүрч, чөлөөт мөнгөн урсгал $596 сая давсан” хэмээн “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх 4-р сарын 29-ны өдөр нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулах үеэр хэлсэн.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8