2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 19


Монголд үйл ажиллагаа явуулдаг “А” компани өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлд 12.5 %, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 10%, НӨАТ-т 10%, автотээврийн хэрэгслийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, хотын албан татвар гэх мэтээр олсон ашгаа татварт “идүүлчихээд” эцэстээ өөрөө “хаалгаа барих”эсвэл захирал нь “шоронгийн хаалга” татахад хүрч байна. Өөрөөр хэлбэл, Монгол улс их ажиллахын хэрээр өндөр төлбөр төлдөг татварын тогтолцоотой.
Үндэсний статистикийн хороо 2025 оны эцэст 115 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна гэж мэдээлсэн. Гэвч “өртэй” гэх тамгаар Татварын ерөнхий газраас 12100 компанийн дансыг, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 6000 гаруй компанийн дансыг битүүмжилсэн байсан.
Өөрөөр хэлбэл, 2026 оны эхэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 20% нь татварын дарамтад бүрэн орчихсон, хуулийн байгууллагын “хаалга сахиад” сууж байсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс аж ахуйн нэгжүүд, иргэд татварын асуудлыг Засгийн газар, УИХ-ын анхаарлыг төвд оруулах гэж хичээсээр байна.
Тухайлбал, “D-parliament.mn”-д иргэн Ш.Хүрэлтулга 2025 онд НДШ болон ХХОАТ-ыг 50 хувь хүртэл бууруулах санал гаргасныг сарын дотор 100 мянган хүн дэмжсэн байна.
Үндэсний Аудитын газраас 2024 онд хийсэн Нийгмийн даатгалын тогтолцоо, түүний үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын явцад санал асуулгад оролцсон 9500 иргэний 37 хувь нь “ НДШ бол цалингаас суутгадаг татвар, үр ашиггүй зардал” гэж үзсэн бол 156 байгууллага ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлсөнд НДШ ногдуулдаг нь аж ахуйн нэгжид дарамт болж байна гэжээ.
Монгол Улсад ажил олгогч ажилтны цалингийн 12.5%, ажилтан 11.5% гээд нийт 24 хувийн НДШ төлдөг нь OECD ( Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага)-ын орнууд буюу дэлхийн өндөр хөгжилттэй орнуудын түвшинд байна гэдгийг харьцуулсан судалгаануудад тодорхой онцолсон байдаг. Гэвч манайд НДШ-ээс гадна ААНОАТ-ыг ₮6 тэрбумаас доош орлоготой бол 10%, дээш бол 25 %-р авдаг. Дээрээс нь НӨАТ 10 хувь, хотын албан татвар, үл хөдлөхийн татвар, автотээврийн татвар, ХХОАТ гээд нэмэгдэнэ. Иргэний хувьд дунджаар 2.2 сая төгрөгийн цалинтай атлаа 250 мянгыг нийгмийн даатгалд, ХХОАТ-т 220 мянгыг суутгуулдаг. Хэрвээ унаа, түлээ нүүрсний хөнгөлөлт авбал шимтгэл тооцуулна.
ХОЁР БАГЦ ХУУЛИЙН ОЛОН ТӨСӨЛ
Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 5 дугаар сарын 7-нд Татварын ерөнхий хууль болон дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөлд гурван том өөрчлөлтийг тусгасан. Нэгт, сарын ₮792 мянгаас доош цалинд ХХОАТ ногдуулахгүй. Хоёрт, жилийн борлуулалт ₮2.5 тэрбумаас доош компанийн орлогын албан татварыг 1 хувиар тооцно. Гуравт, НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг ₮50 саяас ₮400 саяд хүргэсэн.
Засгийн газрын төслөөс гадна УИХ-ын гишүүдээс хоёр ч төсөл өргөн бариад байна. Ж.Баярмаа нарын гишүүд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд, Б.Пүрэвдорж нарын гишүүд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Тэгэхээр УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, иргэд, аж ахуйн нэгжид нааштай мэдээ дуулдана гэж хүлээж байгаа.
Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг Б.Түвшин нарын гишүүд 2025 онд УИХ-д өргөн барьсан. Төсөл нь, D-parliament.mn”-д байршсан.
Төсөлд,
-Иргэний хуулийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах,
-Ажил олгогч ажилтанд олгож буй хоол унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах,
-Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адил тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоохоор тусгасан.
Энэ бол иргэд, аж ахуйн нэгжийн дэмжлэг хүлээсэн саналууд.
Гэхдээ, НДШ буурах эрсдэлтэйг хууль санаачлагчид ч хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь, системийн тогтвортой байдлын талаар бодит эрсдэлийн үнэлгээ,судалгаа, тоо баримт, бодлогын шийдвэр одоогоор алга.
Нийгмийн даатгалын сангийн 2025 оны 11 дүгээр сарын мэдээгээр НДШ төлөгч 63 мянган ажил олгогч, албан журмын даатгуулагч 1 сая 145 мянга, сайн дурын даатгуулагч 158.5 мянган иргэн байв. Гэтэл 2026 оны 3 дугаар сарын статистикаар НДШ төлөгч аж ахуйн нэгжийн тоо 57.6 мянга болж, 5400-гаар буурсан байна. Албан журмын даатгуулагч 892 мянга болж, 253 мянгаар, сайн дурын даатгуулагч 35 мянгаар буурчээ. Энэ бол нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах зайлшгүй шаардлагатай болсны дохио.
Ийн буурсан атал УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн хуулиар нийт ₮7.8 их наядын орлого төвлөрүүлж, ₮6.5 их наядыг тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулахаар төлөвлөсөн. Шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, иргэн цөөрсөн тохиолдолд энэ төлөвлөгөөг хэрхэн биелүүлэх вэ гэдэг нь НДЕГ, Сангийн яамны асуултын тэмдэгтэй бодлого болсон. Иргэд, аж ахуйн нэгжийн хүсэл, улс төрийн шийдвэр төсвийн арифметиктэй үргэлжид зөрчилддөг юм хойно.
Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг 2025 оны 6 сард боловсруулж, ажилтан өөрийн төлсөн НДШ-ийн 4 хүртэл хувийг хувийн хуримтлалын тогтолцоонд шилжүүлж болно гэсэн хувилбар санал болгож байсан. Ингэснээр НДШ-ээ бууруулаад бага тэтгэвэр авах уу, хуримтлалын тогтолцоонд шилжээд өндөр тэтгэвэр авах уу гэдгээ сонгоно гэж тулгаж үзсэн. Тухайн үедЗасгийн газраас хуулийн төслийг өргөн барина гэж мэдээлсэн ч одоогоор “D-parliament.mn” нээлттэй байршуулаагүй байна.
Хэрвээ татвар, шимтгэлийг бууруулах хуулийн төсөл батлагдвал төсөвт “нүх” үүсэх нь тодорхой. Бөглөө нь Засгийн газарт бэлэн байх шаардлагатай болно. Тухайлбал, ААНОАТ-ын тухай хуульд 2.5 тэрбум хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1 хувиар тооцно гэх өөрчлөлт оруулснаар татварын баазыг өргөтгөх боломжийг нэмнэ гэж Засгийн газраас тайлбарлаж буй. Энэ бол нэг л хувилбар, үр дүнгээ өгөхөд бас хугацаа шаардлагатай.
Гэтэл, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо буурсаар, компаниуд дансаа хаалгаж, үүдээ барьсаар байвал 2027 оноос Улсын төсөв тэтгэврийн өрийн дарамтад ч орох эрсдэл бий.Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 4 сард 01 тоот албан даалгавраар татвар болон нийгмийн даатгалын өртэйн улмаас дансаа хаалгасан 18000 орчим аж ахуйн нэгжийн дансыг нээх шийдвэр гаргасан энэ эрсдэлээс сэргийлсэн нэг л арга байсан. Өнөөдрийн нөхцөл байдалд “та тайван бод” гээд хүлээх цаг хугацаа алга.
Мэдээж, унтарсан галыг ноцоох нь шинэ хаалга нээхээс хэцүү учраас “цогшсон галаа сахиж” байгаа компаниуд “Хэрвээ хууль өөрчлөгдвөл” цучил нэмнэ гээд хүлээж байна. Хоёр жил гаруй гацсан Татварын багц хуульд өөрчлөлт оруулах төсөл гараанаас “урагш” гарсан. Харин Нийгмийн даатгалын ерөнхий хууль гарааны зураас дээр гацсан байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 19