2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19


CU нэрээр нь монголчуудын мэддэг болсон “Премиум Нэксус” ХК хувьцаа эзэмшигчдын энгийн хувьцааг буцаан худалдаж авах шийдвэрийг 2025 оны 11-р сарын 7-ны өдөр гаргасан. Ингэснээр тус компани “Таванбогд”-ын араас орж ХХК хэлбэртэй болох нь гэсэн яриа гараад байна.
Шийдвэрийг тодруулбал, “Премиум Нэксус” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчид нь компанийн нийт энгийн хувьцааны 75%-ийг эзэмшдэг болсон тул хуульд заасны дагуу бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааг компанид буцааж худалдахыг шаардах эрхтэй болжээ. Тиймээс хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 11-р сарын 10-наас 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүлээж авахаа компани мэдэгдээд байна.
“Премиум Нексус” ХК-ийн Хөрөнгийн бирж дээрх $CUMN тэмдэглэгээтэй хувьцааны сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханш ₮199.76 байсан бөгөөд компани нэгж хувьцаагаа уг дүнгээс 75.2%-иар илүү дүнгээр буюу ₮350-өөр худалдаж авах юм. Хувьцаагаа буцаан худалдах хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчдийн хувьцааны мөнгөн дүнг энэ оны 12 сарын 30-наас ирэх 2026 1-р сарын 9-ний өдрийн дотор байршуулахаар шийдвэрлэжээ.
Санхүүгийн шинжээч С.Дашдорж CUMN хувьцаа эзэмшигчдэд хандан дараах зөвлөмжийг сошиал хаягаараа нийтэлжээ. Тэрбээр мөн тус компанийн хувьцааг эзэмшигчийн нэг юм. “Миний бие мөн адил жижиг хувьцаа эзэмшигч билээ. Анх IPO-ийн үеэр 6 сая төгрөгт худалдаж авсан ба түүнээс хойш дотоод (хаалттай) мэдээллийг эзэмшиж буйн хувьд CUMN хувьцааны арилжаанд хувийн дансаар огт оролцож байгаагүй. Мөн, компанид ажилтны хувиар IPO-ийн үед Санхүү хариуцсан захирал, одоо Худалдаа хариуцсан захирлаар ажилладаг билээ. Энд, хүргэж буй санал, зөвлөмж нь компанийн байр суурь биш, харин хувь мэргэжилтний олон нийтэд нээлттэй мэдээллийн хүрээнд хийж буй хувь хүний байр суурь юм. Тиймээс, таны дүгнэлт, бодлоос зөрүүтэй зүйлс байхыг үгүйсгэхгүй. Аль болох ташаа ойлголт (misrepresentation) үүсгэхгүй байхыг зорилоо. Та бүхэн өөрийнхөөрөө хүлээн авахад болно” хэмээн байр сууриа тодотгожээ.
Зөвлөмж:
“Ялангуяа, жижиг хувьцаа эзэмшигчдэд хэрэгтэй байх болов уу гэж үзээд доорх 5 асуултын хүрээнд тайлбар, санал, зөвлөмж хүргэхийг зорилоо.
1. Хувьцаагаа зарах уу, эсвэл хадгалах уу?
Та CUMN хувьцааг худалдан авч хөрөнгө оруулсан бол энэ нь таны л өмч. Зарах эсэх нь таны шийдвэрээс хамаарна. Гэхдээ та Компанийн шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хувьцаа худалдах хүсэлтийг хүлээн авах 11-р сарын 10-наас 12-р сарын 23-ны хооронд амжиж, зөв мэдээлэлд тулгуурлан сайтар тунгаан худалдах эрхээ хэрэгжүүлэх эсэх шийдвэрээ гаргах нь зүйтэй. Хөрөнгө оруулагчийн зүгээс та дараах шийдвэрүүдийг гаргаж болно.
- Бүхэлд нь эсхүл хэсэгчлэн худалдах эрхээ хэрэгжүүлэх
- Хадгалж үлдэх
Үнийг өсгөх дэмжлэг (price support). Сүүлийн 6 сарын дунджаар 199 төгрөг, 11-р сарын 7-ны өдрийн арилжааны байдлаар 231 төгрөгтэй хаагдсан хувьцааны үнэ маргаашийн арилжаанаас эхлэн өсч, ойрын хугацаанд 350 төгрөг рүү тогтвортой чиглэх болов уу. 350 төгрөгөөр буцаан худалдан авах Компанийн шийдвэрийн талаар мэдээлэл хүлээн авсан ямар ч хувьцаа эзэмшигч өөрийн хувьцаагаа хямд зарахыг хүсэхгүй. Ингэснээр бүх хувьцаа эзэмшигчийн хувьд хамгийн чухал үйл явдал болж байгаа нь “хувьцааны зах зээлийн үнэ бодит үнэ цэн рүүгээ тэмүүлэх, хувьцаа зөв үнэлэгдэх чиглэлдээ орж буй” явдал юм.
Хувьцааны бодит үнэ цэн (intrinsic value) хэд вэ гэдэг нь бизнесийн гүйцэтгэлээс гадна салбарын болоод компанийн ирээдүйн төлөв байдалтай холбоотой зүйл учраас ямар ч компани үүн дээр ирээдүйд чиглэсэн мэдэгдэл, баталгаа, амлалтыг хийдэггүй. Харин, хөндлөнгийн үнэлгээний байгууллага, үнэт цаасны мэргэжлийн оролцогчид, хувьцааны шинжээчдийн зүгээс өөрсдийн боловсруулсан суурь судалгааны таамаглал, төсөөлөлд тулгуурлан үнэлгээг гаргадаг зах зээлийн зарчимтай билээ.
Сүүлийн байдлаар “Апекс Капитал” ҮЦК, “Үнэт Секьюритис” ҮЦК-ийн энэ онд хийгдсэн судалгааны тайлангууд олон нийтэд нээлттэй байгаа бөгөөд эдгээр тайлангуудад компанийн нэгж хувьцааг 352, 391 төгрөгөөр үнэлсэн байна. Тайлан үзэх холбоос:
- https://apex.mn/research/cumnResearch
Та хувь хүн болон байгууллагын хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн хөрөнгө оруулалтын үндсэн хэрэгцээ, шаардлагаас (investment goal and needs) гадна компанийн бизнесийн суурь судалгаа (fundamental analysis)-ны хүрээнд хувьцааны бодит үнэ цэнийг ойлгож байж шийдвэрээ гаргахыг зориорой.
2. Компани яагаад хувьцаагаа эргүүлэн худалдан авч байгаа вэ?
Эхний шалтгаан нь зохицуулалт, хуулийн орчинтой холбоотой. Компанийн тухай хуулиар нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн нийлбэр хувь эзэмшил 75%-иас давсан тохиолдолд бусад жижиг хувьцаа эзэмшигч нар хяналт, оролцоогоо алдаж байгаа үндэслэлээр хувьцааг эргүүлэн худалдан авахыг компаниас ШААРДАХ ЭРХ үүсдэг. Энэ нь нэг ёсны жижиг хувьцаа эзэмшигчийг хамгаалж буй хуулийн заалт юм. Энэ эрхийн хүрээнд, хувьцаа эзэмшигч зарах хүсэлтэй байвал компани буцаан худалдан авах үүрэгтэй юм.
Хоёр дахь шалтгаан нь компанийн үндсэн хувьцаа эзэмшигчид, менежментийн зүгээс компанийн хувьцааны арилжаалагдаж буй үнийг харьцангуй хямд гэж үзэж байгаа учраас хувьцаагаа буцаан худалдан авахад асуудалгүй, цаашлаад зах зээлийн шударга, зөв үнэ буюу fair market price (intrinsic value-н төлөөлөл) гэх ойлголтын хүрээнд зах зээлийн үнээс өндөр (350>231)-өөр ч авах боломжтой байгаагаа харуулж буй хэрэг юм.
3. Өсөлттэй хувьцааны онцлог тал юу вэ? Яагаад үнийн суппорт үзүүлж байгаа вэ?

Хөрөнгө оруулагч хувьцаанаас үнийн өсөлт, ногдол ашиг 2-оор өгөөж авах боломжтой. Бизнесийн хэмжээ нь өсч буй компанийн хувьцааны үнэ өсч байдаг учраас “өсөлттэй хувьцаа”, харин бизнес нь тогтворжсон компаниуд үнийн өсөлт саарч ногдол ашиг тараадаг учраас “үнэ цэнтэй хувьцаа” ангилалд багтдаг.
CUMN нь 2021 оны 1-р хагас жилийн эцсээр 127 салбартай байх үедээ IPO гаргах төлөвлөгөө боловсруулж олон нийтэд танилцуулж байсан ба одоо 515 орчим салбартайгаар үргэлжлүүлэн өссөөр буй учраас “өсөлттэй хувьцаа” ангилалд багтах юм. Зөвхөн конвиниенс сүлжээ, дэлгүүрийн тоогоор өсөөд зогсохгүй, синержи буюу хамтын үнэ цэн өндөртэй өөр бизнест хөрөнгө оруулалт хийх замаар өсөх боломжтойг охин компаниудын жишээнээс харж болно. Иймээс, бизнес тэлэлтээ үргэлжлүүлэхийн тулд өсөлттэй компаниуд аль болох ногдол ашиг тараахыг зорьдоггүй.
2024 оны дунд үеэс эхлэн үндсэн бизнес ашигтай болж, жилийн 600 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой, эрүүл цэвэр ашигтай, үйл ажиллагааны мөнгөн урсгал сайтай гэх мэт бизнесийн үндсэн үзүүлэлтүүд IPO төлөвлөгөөнөөс давсан хэдий ч, хувьцааны зах зээлийн үнэ IPO хийсэн үнэ болох 200 төгрөгийн орчимд л өсөлтгүй байсаар байна. Хувьцаагаа худалдах хэрэгцээ гарсан хувьцаа эзэмшигчид үнэ багаас шалтгаалан хямд зарж мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн хувьд алдагдал хүлээсээр байгаа билээ. Энэ нь яаж ч харсан, компанийн хувьд, үндсэн хөрөнгө оруулагчдын хувьд, цаашлаад бүх хувьцаа эзэмшигчийн хувьд сэтгэл зовоосон, таагүй зүйл юм. Тиймээс, Компанийн зүгээс санхүүгийн нөхцөл байдал харьцангуй сайжирсан учраас хувьцаагаа худалдах хэрэгцээ гарсан, шаардах эрхээ хэрэгжүүлэх зорилготой хувьцаа эзэмшигч нарт харьцангуй сайн үнээр худалдан алдагдал хүлээхгүй байх суурь боломжийг олгож байгаа юм. Цаашлаад, дээр дурьдсан үнийн суппортыг хийх замаар урт хугацааны үнэ цэнээ хамгаалах зорилготой компанийн бодлого юм.
Мэдээж хэрэг, хөрөнгө оруулагч нар бизнесийн бий болгосон үнэ цэнд итгэж, түүнчлэн яаралтай зарах хэрэгцээ, шаардлага байхгүй тохиолдолд өөрийн хувьцаагаа илүү урт хугацаанд барьж үлдэн компанийн цаашдын бизнесийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой.
4. Компани IPO-ийн сайн жишээ болохыг зорьж ажилладаг тухай

Бизнес концепт нь батлагдаж, өсөлт үзүүлэх боломжтойгоо харуулж чадсан компани цаашдын өсөлтөө хурдацтай дэмжихийн тулд IPO хийж, олон нийтээс санхүүжилт татдаг. CUMN бол тийм л жишээ. IPO-оор татан төвлөрүүлсэн 10 сая ам.долларын санхүүжилтээ зориулалтын дагуу бүрэн зарцуулж, цаашлаад бизнесээ хэд дахин өсгөх сууриа тавьж чадсан.
Тус компани хөрөнгө оруулагчдын мэдээлэлтэй байх эрхийг хүндэтгэн улирал, хагас жил бүр тайлангаа тавьдаг нээлттэй компани байх зөв жишгийг хэрэгжүүлсээр ирсэн. Үйл ажиллагаа, санхүүгийн таагүй мэдээлэл байсан ч мэргэжлийн, ил тод байж, мэдээллэхээс огтхон ч зайлсхийгээгүй.
Компанийн санхүү, үйл ажиллагааны тайлагнал, нэгдэлт, нийлэлттэй холбоотой бүтцийн өөрчлөлт, ашигтай ажиллаад эхэлсэн гэнэтийн мэдээ, хувьцаагаа зах зээлийн үнээс хамаагүй өндрөөр буцаан худалдан авах, үнийн суппорт үзүүлэх зэрэг томоохон шийдвэрүүдийг гаргамагц цаг алдалгүй, аль болох олон нийтэд хурдан тархаах тал дээр компанийн хөрөнгө оруулагч, олон нийттэй харилцах баг сайтар ажилласаар ирсэн. Ингэснээр, дотоод буюу хаалттай мэдээлэлд тулгуурлан цөөн хүмүүсийг түрүүлж арилжаа хийхээс урьдчилан сэргийлж байгаа сайн жишээ болж байна.
5. Бид цаашид хувьцаатай холбоотой асуудал, хөрөнгийн зах зээлд хэрхэн хандвал дээр вэ?
Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан борлуулалт, ашигт ажиллагааны өсөлттэй байгаа олон компани хувьцааны үнийн уналтын хувьд дарамт ихтэй байсаар байна. Энэ нь нэг компанийн асуудал биш, системийн асуудал учраас бүх оролцогчид хамтарч хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг хамгаалах, сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө ил тод, шударгаар хамтарч ажиллах хэрэгтэй. Зарим саналыг дурьдвал:
Нэг. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, дагах.
Жижиг, том гэлтгүй хувьцаа эзэмшигч нар хувьцаанд хөрөнгө оруулалт хийхдээ аль болох дунд, урт хугацаанд хөрөнгө оруулалтаа төлөвлөх нь зүйтэй. Энэ миний энэ сард, энэ онд, ирэх онд зарцуулагдах мөнгөн хөрөнгө, харин энэ бол миний урт хугацааны дараа томоохон худалдан авалт, үр хүүхэддээ өгөх, өөрийн шинэ бизнестээ, тэтгэвэртээ ашиглах хөрөнгө оруулалт юм гэж өөрийн мөнгөө төлөвлөх, хувьцааны зах зээлд ийм зарчмаар сахилгатай оролцож сурах нь зүйтэй.
Хэт их арилжаанд орох, богино хугацааны ашиг зорихын оронд сар бүр, улирал бүр багаар ч хамаагүй тогтмол авч, хөрөнгө оруулалтын зорилгоо биелүүлж сурах нь зүйтэй болов уу. Ингэснээр та бид өөрийн үнэ цэнтэй өмч хөрөнгийг сайтар төлөвлөөгүйгээсээ, мөн хэт сэтгэл хөдлөлөөсөө болж хямдруулан зарахгүй байх болно. Энэ нь бид м2 нь 4 сая төгрөгийн үнэтэй байрыг 3 сая төгрөгөөр худалдаалдаггүйтэй ижил ойлголт юм аа.
Хоёр. Зөв мэдээлэл, нухацтай сэтгэлгээгээр хандах.
Сошиал орчинд тархаагддаг янз бүрийн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, мэргэжлийн брокер, үнэт цаасны компаниудынхаа байр суурийг сонсох, шинжээчдийн дүгнэлтээс мэдээлэл авч шийдвэр гаргаж сурах нь зүйтэй. Олон тооны мэргэжлийн бус хүмүүс сошиал орчинд янз бүрийн мэдээлэл түгээж болох ч, компанийн албан ёсны мэдэгдэл, бодитой санхүүгийн тайлан зэрэгт итгэх нь урт хугацаандаа манайх шиг жижиг хөрөнгө оруулагчдаас бүрдсэн зах зээлд маш их ач холбогдолтой юм.
Гурав. Компани ба ҮЦК-ийн хамтын ажиллагааг жижиг хөрөнгө оруулагчдад мэдээлэл түгээх тал дээр улам нэмэгдүүлэх.
Компаниуд санхүүгийн менежментийн хүрээнд нээлттэй, хаалттайгаас үл хамааран эх үүсвэрийн оновчтой бүтцийг зорьж банкнаас зээл авах, бонд гаргах, эсвэл хувьцаагаа бусдад худалдаж мөнгө босгох, эсрэгээр хямд байвал буцаан худалдан авах зэргээр санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. Энэ нь нээлттэй компаниудын хувьд төвөгтэй, хязгаарлагдмал сэдэв байж болохгүй. Мэргэжлийн байгууллагууд буюу үнэт цаасны компаниуд энэ тал дээр Компаниудтай хамтарч ажиллах, жижиг хөрөнгө оруулагчдад ул суурьтай, цэгцтэй мэдээлэл өгөх, үнэт цаас дээр тайлан гаргах давтамжаа нэмэгдүүлэх хэрэгтэй болов уу.
Дөрөв. Зах зээлд ухаалаг, хамгийн гол нь урт мөнгө бий болгох
Засгийн газар, зохицуулагчдын хувьд цаашид институтын буюу мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани, сангуудыг бий болгох, хөрөнгийн зах зээлийн таатай орчныг нэмэгдүүлж, идэвхийг сайжруулах тал дээр зоригтой өөрчлөлтүүдийг хийж эхлэхгүй бол
- хувьцааны үнэ бодит үнээсээ доогуур байх,
- оролцогч талын тоо, арилжааны идэвхи багаас шалтгаалж үнэ ялимгүй арилжаанд ч хэт савлах,
- бизнес, компанитай холбоотой суурь мэдээллүүд хувьцааны үнэд шингэхгүй, нөлөөлөхгүй байх зэрэг зах зээлийн үр ашиггүй байдал байсаар байх болно.
Эдгээрт, тэтгэврийн сан, их сургуулийн сан, мөн манайх шиг улсад нэн шаардлагатай улсын баялгийн сан гэх зэрэг олон сангууд байх боломжтой. Эдгээр сангууд байхгүйгээс үүдэн урт хугацаагаар төлөвлөсөн мөнгө, эх үүсвэр бидэнд хангалттай байхгүй байна. Монгол улсын дундаж нас 28 хүрсэн ба цаашид өсөн нэмэгдэхээр байгаа нь хувь хүн, айл гэрээр бол тэтгэврийнхээ тухай бодож эхлэх ёстой, улсаар бол тэтгэврийн сангийн шинэчлэлтийг хийх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Нэр бүхий мэргэжилтнүүд бүгд л зөвлөдөг сэдэв хэдий ч, хийгдэхгүй байгаа нь тун харамсалтай” гэжээ.
“Премиум Нэксус” ХК хувьцаа худалдан авах шийдвэр гаргасан өдрөө мөн компанийн удирдлагад өөрчлөлт оруулсан. Компанийн ТУЗ-ийн 11-р сарын 7-ны өдрийн шийдвэрийн дагуу компанийн Гүйцэтгэх захирал А.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, компанийн ерөнхийлөгчөөр томиллоо. Гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзоригийг компанийн шинэ Гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Г.Чинзориг нь программ хангамж, бизнесийн процесс, бизнесийн аналитик, мэдээллийн технологийн мастер төлөвлөлт болон инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай удирдагч юм.
Тэрбээр “Премиум Нэксус” ХК IPO гаргасан 2021 онд “Сентрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 12-р сарын 4
2025 оны 11-р сарын 19