2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 8
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 11


2026 он дуустал дизель түлш болон АИ92 шатахууны үнийг нэмэхгүй хэмээн Ерөнхий сайд Н.Учрал хоёр сарын өмнө мэдэгдэж байсан ч АИ92 шатахууны үнийг 7-р сарын 15-наас литр тутамд нь ₮250-өөр нэмж байгаагаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Яамных нь албан ёсны цахим хуудсанд энэ тухай мэдээлэл тавигдсангүй, хэн нэгэн албан тушаалтан ил гарч мэдэгдсэнгүй.
7-р сар гэдэг бол нийслэлийн 1.500 мянган иргэний бараг тал хувь нь орон нутгийг зорьдог үе. Наадмын 10 хоногийн урт амралтыг ашиглан орон нутгийг зорьсон иргэд буцах энэ цаг үед ийнхүү хамгийн ихээр хэрэглэдэг АИ92-ын үнэ нэмэгдлээ. Аймгуудын ШТС-ууд дараалал ихтэй байгаа тухай иргэд сошиал хуудсаараа мэдээлж эхэллээ. Дээрээс нь шатахууны үнийн нэмэгдэл бүхий л бараа үйлчилгээ, үйлдвэрлэлийн үнэд нөлөөлөх нь тодорхой.
Үнэ нэмэх болсон шалтгаанаа Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүн нийлүүлдэг Оросын “Роснефть” болон бусад компанийн 7-р сарын хил үнээ нэмсэнтэй холбоотой гэжээ. Харин АИ92 шатахууны үнийг нэмсэн бол дизель түлшний үнийг литр тутамд ₮150-өөр бууруулна хэмээн мэдэгдэлд дурджээ.
Ормузын хоолойн саатлаас шалтгаалж дэлхийн улс орнуудын шатахууны нийлүүлэлт доголдож, үнэ хэлбэлзэж, үүнд тохирсон зохицуулуулалтыг хийж байна. Монголын хувьд нефтийн бүтээгдэхүүний 97%-ийг Орос улсаас авдаг. Ормузын хоолойн сааталтай бараг зэрэгцэн Украины дроны довтолгоо Оросын нефтийн үйлдвэр, дэд бүтцүүдийг онилж, нефть боловсруулах томоохон үйлдвэрүүд бараг бүгд өртсөн. Оросын дотоодод шатахууны хомсдол үүсч, түгээлтэндээ хязгаарлалт тогтоогоод удаж байна.
Монгол Улс Оросоос нефтийн бүтээгдэхүүний импортоо 100% хангасаар ирсэн ч албан ёсны нийлүүлэлтийн гэрээ хийгдээгүй байсныг өнгөрсөн жил ОХУ-ын Засгийн газартай тогтвортой нийлүүлэлтийн гэрээ хийсэн, дотоодын нөхцөл байдал нь муудсан ч Монголын нийлүүлэлтийг тасалдуулахгүй гэсэн ам өгсөн хэмээн АҮЭБ-ийн сайд Ч.Дамдинням удаа дараа мэдэгдэж тайван амгалан байхыг эелдгээр анхааруулсаар байгаа. Шатахууны үнийн нэмэгдлийн үр дагаврыг өвлийн бэлтгэл ажил эхлэх бас хичээлийн жил эхлэх 8-9-р сараас иргэд бодитоор мэдэрч эхэлнэ. Үнийн нэмэгдэл энэ удаагийнхаар хязгаарлагдахгүй байх магадлал нэг өндөр. Тэр үед иргэд хэр тайван амгалан байх бол?
Наадмын өмнөх долоо хоногт Евро5 шатахууны үнэ литр тутамдаа ₮300-өөр нэмэгдсэн. Тухайн үед яамны төлөөлөгч “Петровис” компани ганцаараа үнээ нэмлээ хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн ч “Петровис” компани “манайх ганцаараа нэмээгүй хэмээн заргалдаж, АҮЭБЯ ташаа мэдээллээ залруулахаа амаллаа” гэсэн ойлгомжгүй хариу мэдэгдлүүд гараад өнгөрсөн.
Товчоор Монголд шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой бөгөөд үүний эсрэг монголчууд бидний хийж чадах зүйл бараг байхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэрээ яаж ийгээд ашиглалтад оруулах, нефтийн хайгуул, олборлолтыг дэмжих, хэрэглээгээ танах зэрэг алхмуудыг хийхээс өөр аргагүй.
Манай шатахууныг нийлүүлэгч Оросын дотоод нөхцөл байдал улам дордсоор байна. Нефтийн боловсруулалт, шатахууны зах зээлийн байдал нь эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх нь тодорхой болсон гэсэн дүгнэлтүүдийг Оросын өөрийн болон олон улсын шинжээчид хийсээр байна. Оросын Статистикийн хорооны мэдээгээр 4,19% байсан инфляц 6-р сард 6,02% хүрсэн бөгөөд 6-р сард өмнөх сараасаа өргөн хэрэглээний барааны үнэ 0,87%-иар нэмэгдэхэд шатахууны үнэ өссөн нь нөлөөлжээ. Оросын “Райффайзенбанк”-ын тооцоогоор хэрвээ шатахууны үнэ 20-25%-иар нэмэгдвэл энэ нь ачаа тээвэр, ложистик, агаарын нислэг, барилга үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт нөлөөлж, улмаар оны эцэс гэхэд инфляц нэмэгдэнэ гэжээ. Дизель түлшний үнэ нэмэгдсэний улмаас Хятадаас газрын тээврээр авдаг ачааны үнэ өнгөрсөн долоо хоногт л гэхэд 15-20% нэмэгдсэн хэмээн “Коммерсант” мэдээлжээ. Ирэх 24-ний өдөр Оросын Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдах товтой байгаа бөгөөд бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлт хэдийнэ бий болжээ.

Түлш шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаатай холбоотойгоор дэлхийн 100 гаруй улс 2-р сараас хойш ямар нэг зохицуулалтын арга хэмжээ авсан хэмээн Олон улсын Эрчим хүчний агентлаг хэд хоногийн өмнө мэдээлсэн. Тус агентлагийн мэдээлснээр эдгээр зохицуулалтын дийлэнх нь татвартай холбоотой зохицуулалт байжээ. Нийтдээ 55 улс шатахууны нийлүүлэлт, импорттой холбоотой татварын өөрчлөлт хийсэн байна. Тухайлбал, Турк нефтийн бүтээгдэхүүний татварыг бууруулсан. Үүнээс гадна 40 гаруй улс түлш шатахууны хэрэглээтэй холбоотой зохицуулалт хийжээ. Тухайлбал, иргэдийг шатахуун бага хэрэглэх шинэ дадалд уриалах (шатахуунаар ажилладаг авто машинаас татгалзаж, цахилгаан машин руу шилжихийг уриалах, эйркондишний хэрэглээгээ багасгах гэх мэт), төрийн албаны шатахууны зарцуулалтыг хэмнэх зэрэг арга хэмжээ авчээ. Бүүр эрчим хүчний онц байдал тогтоосон улс ч байна. Тухайлбал, Филиппин онц байдал тогтоосон.
Мөн 32 улс шатахуунтай холбоотой төсвийн татаасыг нийтийн тээвэр зэрэг шаардлагатай салбарт өгч эхэлжээ. 28 улс нефтийн гаралтай бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах бодлогын арга хэмжээг авч эхэлсэн байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 8
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 11