2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6


“Сүлд" телевизийн ерөнхий захирал М.Уламбадрахын Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Игавахара Масарүтэй хийсэн ярилцлагыг хүргэе.
-Монголчууд Японы Цог Жавхлант Эзэн хааныг олон удаа урин залж байсан. Харин таныг Элчин сайд байх хугацаанд биеллээ олсон. Өнөөг хүртэл манай урилгыг Япон улсын тал хэрхэн хүлээн авч байсан ба, яг хэзээнээс айлчлах нь тодорхой болсон бэ?
-Цог жавхлант Эзэн хаан 2007 онд Угсаа залгамжлах эрхэм дээд хунтайжийн хувиар Монгол Улсад айлчлал хийсэн. Тэр үед ганцаараа ирсэн. 2019 онд хаан ширээнд заларснаас хойш олон удаа урилга хүлээн авч байсан. 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт Япон Улсад айлчлал хийсэн. Тэр үед Цог Жавхлант эзэн хаанд бараалхаж, үдэш нь морин хуурын чуулгын тоглолтыг хамтдаа үзэж сонирхсон. Энэ мэтчилэн боломж гарах бүрийд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод бусад өндөр албаны хүмүүсийн зүгээс манай эзэн хаанд хандаж, олон урьж залсан. Японы тал энэ бүхнийг чухалчлан авч үзэж байсан. 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр, Цог Жавхлант эзэн хаан хатны хамт Монгол Улсад айлчлал хийнэ хэмээн албан ёсоор зарласан. Түүнээс хойш бэлтгэл ажил бодитоор эхлүүлсэн. Албан ёсоор айлчлал хийхээр зарласнаас хойш хоёр улсын Засгийн газар харилцан зөвлөлдөж, бэлтгэл хийснээр өнгөрсөн 2025 оны 7 дугаар сарын 6-ны өдөр айлчлал бодитой биеллээ олсон юм.
-Айлчлалын бэлтгэлийг хангахад нэлээд хугацаа шаардагдсан байх?
-Наадам хэмээх хамгийн том үндэсний баярынхаа үеэр урьсан нь Монгол Улс хүндэт зочин гэж үзэж буйн илрэл байсан. Үүнийг хүлээн авч, айлчлал хийсэн нь Цог Жавхлант эзэн хаан ч Монголын түүх, уламжлалыг хэрхэн хүндэтгэж бугаа илэрхийлсэн явдал байлаа. Хоёр талын энэ үзэл бодлыг айлчлалаар хэрхэн зангидах вэ, хэрхэн үр дүнтэй болгох вэ хэмээн хоёр тал нухацтай зөвлөлдсөн. Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатны ачааллыг бодолцохын хамт, агуулга сайтай хөтөлбөр хийхээр ярилцсан.
Мэдээж Монголын талын хүсэл, Японы талын бодол эхнээсээ зуун хувь таараагүй ч, явцын дунд ярилцсаны дүнд хоёр тал хүлээн зөвшөөрөхүйц хувилбараар хөтөлбөр, зочлох газруудаа тохиролцоод явсан. Эцэст нь Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатан сэтгэл хангалуун, инээд дүүрэн сайхан айлчлал болсон.
-Эзэн хааныг хатны хамт Улаанбаатарт хүрэлцэн ирэхэд бороо орж байсан. Монголчуудын хэлэлцдэг нэг зүйр үг байдаг, “Хувьтай хүн хур борооноор” гэдэг. Манай Монгол орны хөх тэнгэр, амар амгалан оршихуй танай улсын эзэн хаанд ихэд таалагдсан байх гэж бодож байна?
-Цог Жавхлант эзэн хааны хөлөглөсөн агаарын хөлөг газардах үед Улаанбаатарт аадар бороо орж байсан. Элчин сайдын хувьд маш санаа зовж байлаа. Тэнгэр цэлмээсэй гэж дотроо залбирч байлаа. Нөгөөтэйгүүр та сая хэллээ, монголчууд хувьтай хүн хурнаар гэдэг. Ноднингийн 7 сарын айлчлал бол нар хур тэгширсэн яг л монголчуудын бэлгэшээлийн дагуу болсон гэж бодож байна. Тусгай үүргийн онгоц зогсоолд зогсож, шат залгагдан, хаалга нээгдэхэд бороо зогссон. Иймэрхүү зүйлс олонтаа тохиолдсон. Угтан авах ёслолыг санаж байна уу. Эзэн хааныг албан ёсоор угтах ёслол болохыг өмнөхөн Сүхбаатарын талбайд мөн л бороо орж байлаа. Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатны хамт морилон ирэх тэр үед тэнгэр цэлмэчихсэн. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт угтан авч, ёслол эхэлсэн. Мөн амь үрэгдсэн япон иргэдийн дурсгалын цогцолборт бороо шаагиж байсан. Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатан 1 минут мэхийн хүндэтгэл үзүүлсний дараа тэнгэр онгойсон. Гачууртад цэвэр усны байгууламжтай танилцах үед "Эзэн хаан, та бидэнд хур бороо авчирлаа" гэж тэндэхийн ажилтнууд бэлгэшээж байсан. Айлчлалын хөтөлбөрт цаг агаараас шалтгаалах ямар ч хүндрэл гаралгүй, тэнгэр ивээсэн, нар хур тэгширсэн сайхан өдрүүд байлаа.
-Монголчууд айлчлан ирсэн зочдоо мөнгөн аяга, хадаг, уламжлалт цагаан идээнийхээ дээжийг барин тосдог. Эзэн хааны ааруул идэж буй дүрс дэлхий нийтэд цацагдсан. Урьд нь тийм дүр зураг харж байгаагүй. Орой нь хаан ”Ааруул амттай байсан” гэж хэлсэн нь нэг талаар манай цагаан идээг сайн сурталчилсан?
-Тиймээ, Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатан онгоцны шатаар бууж ирэхэд хадган дээр мөнгөн аягатай ааруул барин хүндэтгэн угтан авсан. Эзэн хаан монголчуудын уламжлалт идээнээс хүртсэн. Энэ явдлыг монголчууд ихэд сайнаар хүлээж авсан. Монголын нийгмийн сүлжээнд ихэд сайхнаар хүлээж авсан байсан. Надад ч мөн Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатан хоёр үнэхээр Монголын уламжлалд хүндэтгэлтэй хандаж буйн илэрхийлэл гэж санагдсан. Японы телевизээр ааруулны тухай тусгай сурвалжлага гараад, хүмүүс их сонирхсон. Япончууд бэлгэнд ч их худалдан авсан. Би Япон руу найзууддаа авч очсон юм. "Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатны амссан ааруул гэдэг идээ энэ шүү дээ" гэхэд ихэд баярлан авсан шүү. Бас амттай байна гэж хэлсэн. Би тайлбарлахдаа бяслаг, тараг хоёрыг холиод гаргасан юм шиг амттай гээд хэлчихдэг юм.
Нэмж хэлэхэд хааны гэр бүлийг япончууд олон нийтийн өмнө юм идэж буйгаар харж байгаагүй юм.
-Хүндэт зочид маань наадмын нээлтэд оролцсон. Бөх, морь, сураас гадна шагайн харваа хаан хатны айлчлалаар дэлхий нийтийн анхааралд орсон. Айлчлалын хөтөлбөрт багтсан уу?
-Наадмын нээлтийг цэнгэлдэх хүрээлэнд үзээд, сурын харвааны талбай орж, бөхийн барилдаан болон хурдан морь үзнэ гэж хөтөлбөрт зурсан байсан. Шагайн харваагаар очиж сонирхох байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс гэнэт эзэн хаанд хандаж, "Та хасаа тавьж үзэх үү" гэсэн. Цог Жавхлант эзэн хаан ч дуртайяа хүлээж авч, хасаа тавьсан. Залгуулаад Ерөнхийлөгч Эрхэм дээд хатанд санал тавихад хатан яг голын улаан байг оносон. Үүнд бүгд сэтгэл хангалуун байсан. Монголын өв уламжлал, соёл наадмаар дамжуулан хоёр орны харилцаа улам гүн бат болж буй сэтгэгдэл олон хүнд төрсөн.
-Анхнаасаа Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатантайгаа айлчлах төлөвлөгөөтэй байсан уу?
-Эхнээсээ хоёул айлчлах төлөвлөгөөтэй гэж бидэнд дуулгаж байсан. Хаан, хатны хамт айлчилснаар хоёр орны иргэдэд ч гүн, гүнзгий сэтгэгдэл үлдээж чадсан болов уу.
-Ерөнхийлөгчийн хүлээн авалт дээр Цог Жавхлант эзэн хаан манай Морин хуурын найрал хөгжмийн уран бүтээлчдийн хамт “Монгол аялгуу” болон Японы алдарт “Хамабэ но үта”-г тоглосон. Хүлээн авалтад тоглох аяыг хэрхэн сонгосон бэ?
-Хоёр тал харилцан зөвлөлдөж байсан, Монгол аялгууг Монголын талаас санал болгосон. Цог Жавхлант эзэн хаан бэлтгэл хийгээд тоглосон. Өглөөнөөс орой болтол цагийн хөтөлбөрийн дагуу завгүй байдаг хэдий ч багагүй бэлтгэл хийсэн. Цог Жавхлант эзэн хааны тааллаараа хамтран хөгжимдөх болсон. Угсаа залгамжлах эрхэм дээд хунтайж байхдаа морин хууртай хамт хөгжимдөж байсан. Цог Жавхлант эзэн хаан Монголын уламжлалт үндэсний хөгжмийг ихэд таалдаг, түүнийгээ ч удаа дараа илэрхийлсэн нь тэр болов уу.
-Айлчлал амжилттай болж өндөрлсөн. Өндөр дээд хэмжээний айлчлал болгоны ард санаа зовон бэлдэх олон хүмүүс байдаг. Ялангуяа эзэн хааны ордны протокол нягт, нямбай, хатуу, чанга дэг жаягтай. Тиймээс өчүүхэн ч өө, сэвийн алдаа гаргах эрхгүй гэсэн үг. Мэдээж сэтгэл зүйн хувьд Элчин сайдууд нэлээд ачаалал авдаг байх?
-Хамгийн ихээр бэлтгэсэн нь Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатан хоёр. Үүнийг би ч мэдэрч байсан. Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатны айлчлал олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэлээр амжилттай болсон.
-Энэхүү айлчлалын утга учир болон цаашдын хоёр орны харилцаанд гарах өөрчлөлт, хүртэх үр шимийн талаар дүгнэвэл та юу хэлэх вэ?
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлж байсан, "Хоёр орны харилцааны түүхэнд алтан суварга босголоо" гэж. Мөн алтан үсгээр бичигдэх айлчлал боллоо бусад хүмүүс ч дүгнэсэн. Хоёр орны бүхий л талын найрамдалт харилцааг бэхжүүлсэн, итгэлцлийг гүнзгийрүүлсэн талархууштай айлчлал болсон, хоёр улсын иргэдийн сэтгэл зүрхийг улам ойртуулсан.
Япон-Монголын харилцааны шинэ хуудсыг нээсэн, дараагийн шинэ шатны харилцааны эхлэлийг тавилаа. 2022 онд бид “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл” гэх шинэ түвшинд харилцаагаа ахиулсан. Тэр үед хүн төвтэй харилцаа гэж томъёолсон. Тэр чиглэл рүү чиглэсэн найрсаг айлчлал боллоо гэж талархаж байгаа.
-Ийм элгэмсэг сайхан айлчлалын араас хааны гэр бүлээс тэр дундаа Гүнж Айко айлчлах болов уу гэж хүлээлт бий болсон. Эрхэм гүнж манай улсад айлчлах болов уу?
-Цог Жавхлант эзэн хаан, Эрхэм дээд хатны айлчлалын араас шууд гэхэд хэлж мэдэхгүй ч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс урилга хүлээн авсан байгаа. Хэзээ нэгэн цагт айлчилбал хоёр орны ялангуяа залуу үеийнхний найрамдалт харилцааг хөгжүүлэх, урам зориг өгөх тул бид ч мөн найдлага тавьж байна. Элчин сайдын хувьд, хувь хүнийхээ хувьд ирээдүйд Монгол Улсад айлчлал хийгээсэй хэмээн хүсэж байна. Хэзээ гэдгийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байна.
Цог Жавхлант эзэн хаан ширээнд залраад 8 жил болж байна. Өнгөрсөн жилийн Монголд хийсэн айлчлал бол түүний гадаад улсад хийсэн 3 дахь орон байсан. Үүгээрээ бас Япон, Монгол хоёр орны харилцаа хэчнээн чухал гэдгийг, мөн Цог Жавхлант эзэн хаан бас хэрхэн чухалчилж үзсэний илрэл юм.
Танай улсын Ерөнхийлөгч гэргийн хамт, Засгийн газрын албаны хүмүүс, Монголын ард түмэн халуун дулаан найсаг хүлээн авсныг мартахын аргагүй. Хотын гудамжаар машинтай явахад замын хажуугаар явж байсан хүмүүс инээмсэглэн гар даллан мэндчилж байсан. Хаа ч очсон үндэсний дээлээр гоёсон охин угтан авна.
Хамгийн чухал нь хаан хатны айлчлалыг бид хоёр орны харилцааны оргил болгож болохгүй. Өөрөөр хэлбэл, түүхэн оргил хэмээн эргэн дурсдаг дурсамж байлгаж болохгүй. Хаан хатны хүсэл нь хоёр орны харилцааг дээшээ бүр дээшээ явуулахыг зорьж байгаа юм. Залуусын хүчээр хоёр орны харилцааны түвшинг ахиулаасай гэж хүсэж буй юм. Тиймээс бид айлчлалыг шинэ гарааны эхлэл болгон улам өндөрт гаргах ёстой. Тэгэхийн тулд хэрхэн хичээх вэ гэдэг нь чухал. Энэ бас нэгэн том утга учир нь юм.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6