НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
BIG GEE: Би хайртай хип хопоо яаж худалдаж чадах юм бэ
ЯРИЛЦЛАГА

BIG GEE: Би хайртай хип хопоо яаж худалдаж чадах юм бэ

3 өдрийн өмнө
Э.Жагар

Э.Жагар

journalist

Big Gee жирийн нэг реппер биш. Нийгмийн шударга бус байдлын эсрэг үзэл бодлоо дуу хөгжмөөр илэрхийлдэг соёлын жинхэнэ элч гэж тодорхойлж болно.

Өөрийн хүч хөдөлмөр, цуцашгүй тэвчээрээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн түүний дийлэнх дуунууд залууст амьдрал тэмцэл гэдгийг ойлгуулдаг. Хүнд хэцүүг даван туулахын тулд шантрахгүй зүтгэх ёстойг өгүүлдэг. Тун удахгүй  Click Click Boom бүлгэмийн 20 жилийн ойн тоглолт болно. Уг тоглолтын өмнөхөн монгол реппер Т.Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-Ойдоо зориулсан шинэ уран бүтээлээ яагаад “Суурин дээрээ” гэж нэрлэсэн юм бэ?

-Click Click Boom 20 жилийн турш замаасаа ухраагүй, хувираагүй, далийгаагүй гэсэн утгыг илэрхийлж, манай Зөгий “Суурин дээрээ” гэх нэрийг санал болгосон юм. Энэ нэр надад ч бас таалагдсан. Гэхдээ бусдын маань хувьд өөр, өөр нэр хэлцгээсэн. Тиймээс шударгаар шийдэх үүднээс самар дотор дууныхаа нэрийг хийгээд шигшихэд гарч ирсэн нь энэ байсан. Тэнгэр энэ нэрийг таалсан, түүний дагуу нэрлэсэн. Ая, үг хоёр сайхан зохицсон.

Гэр бүл оршил дээрээ,

Хэлэх үг хөгжим дээрээ,

Ахан дүүс хүндлэл дээрээ,

Click Click Boom суурин дээрээ.

-Хорин жил гэдэг багагүй хугацаа. Эргээд харахад алдсан, оносон юу байв?

-Цаг хугацаа болгон дурсамж, туршлага үлдээж байдаг. Хорин жилийн дотор жаргал, зовлонтой үеүд бишгүй л тохиолдож байсан. Гэхдээ тухайн үед тулгарч байсан бэрхшээл эргээд харахад биднийг үргэлж хурцалж, нэгтгэж өгч ирсэн, нэг ёсондоо амьдралын сорилт байж. Тэр бүхнээс бид туршлага, мэдлэг, тэсвэр тэвчээр олж авч иржээ. Алдаа гэсэн болгон маань одоо бодоход ололт байж.  

-Нөхөрлөлийг цаг хугацаа л таниулдаг. Жаргалтай үед дэргэд чинь хэн байхаас илүү зовлонтой үед хажууд чинь хэн үлдэх вэ гэдэг нөхөрлөлийн нэг хэмжүүр. Тэгэхээр “Click Click Boom” суурин дээрээ байсны гол мөн чанар зарчмаасаа ухраагүй, хэн хэнээсээ урваагүйд байсан болов уу?

-Хүн бүрийн үзэл бодол, амьдралыг харах өнцөг өөр. Гэвч, хамгийн гол нь нөхөрлөлийг үнэ цэнтэй байлгаж чаддаг гол хэмжүүр нь найзууд үнэт зүйл нэгтэй байх юм билээ. Өөрөөсөө өөр хүмүүсийг хүлээн зөвшөөрч чаддаг байх, ойлгодог байх, хүндэтгэдэг байх нь том соёл. Бид тийм л найзууд. Тийм ч учраас Click Click Boom углуургаараа ойлголцоход, нөхөрлөхөд илүү амар дөхөм байсан байх.

Нэгнийхээ ялгааг ойлгож, мэддэг, нэгнийгээ сонсож чаддаг байна гэдэг нөхөрлөлийн хамгийн том хүндлэл юм. Сонсож чадна гэдэг чинь нэгнээ ойлгож хайрлах тухай юм.

Бид нар  уулзах болгондоо инээд, наргиа болцгоодог. Хорин жилийн хугацаанд хоорондоо муудалцаж, элдэв янзын араншин гаргаж байсангүй. Эр хүмүүс шиг сайхан нөхөрлөж явна.

-Эрэгтэй хүн хэзээд хүүхэд хэвээрээ байдаг гэж үнэн бололтой. Танай бүлгэмийнхнийг харсан тийм хошин бодол төрж байна?

-Яг үнэн. Би саяхан энэ тухай бодож байсан юм. Найз нараа харахлаар би яг жаахан хөвгүүн шиг хөөрчихдөг юм байна. Анх танилцсан яг тэр үеийнх шигээ болчихдог юм байна гэж өөрийгөө “олж” харсан. Бидний зарим нь 40 нас хүрчихлээ, зарим нь 40 нас гарчихлаа. Бүлгэмээсээ би хамгийн ахмад нь (инээв). Гэхдээ цуглаад суухаараа жаахан хүүхдүүд шиг болчихдог юм.

-Танай найзууд хоорондоо хэр нээлттэй ярилцаж чаддаг вэ. Учир нь, Монголын эрчүүд хэт хаалттай өссөнөөс сэтгэл гутралд орох, ганцаардалтад өртөх явдал эмэгтэйчүүдээс илүү гэсэн судалгаа уншсан?

-Бид нарын хувьд хоорондоо асуудлаа чөлөөтэй ярилцдаг. Харин Монголын нийт эрчүүдийн хувьд чиний тавьж буй асуулт нийгмийн хамгийн эмзэг сэдвийн нэг болсон.

Монголчууд хөвгүүдээ багаас нь хатуу чанга өсгөж байна гээд бүрэг дорой эсвэл бардам нэрэлхүү зантай болгодог. Үүнээс болоод эрчүүд хэн нэгэнд сэтгэл доторх асуудлаа дэлгэж чаддаггүй. Адилхан зүрх сэтгэлтэй хүн шүү дээ. Амиа хорлолтын хувиар эрчүүд их давамгайлж байна.

Манай КА, Зөгийн хоёрын “Амьдрах сайхан” гэдэг дуу байдаг. Хэцүү хүнд үедээ тэр дууг сонсоод үзээрэй. Ямартай ч сэтгэл чинь уужрах вий.

Ер нь жаргал, зовлонгийн алинд ч хүмүүст хамгийн их хань болдог зүйл дуу хөгжим байдаг юм.

-Жаргал, зовлонгийн алинд ч дуу хөгжим хань болдог..., гоё үг байна. Ингэхэд дууныхаа үг, аяыг та нар өөрөө зохиодог уу?

-Анх өөрсдөө хөгжим, үгээ бичдэг байлаа. Одоо ийм утга санаатай ийм дуу хиймээр байна гээд авъяаслаг дүү нар, найзууддаа хандаад хөгжмөө захиалчихдаг болсон. Зөгий маань хөгжмөөсөө илүүтэй шивээс артист талдаа анхаарч байгаа. “Буруу газар зөв цагт” гэдэг дуу манай бүлгэмийн хамгийн анхны видеотой дуу. Үүний хөгжмийг би өөрөө бичиж байсан юм.

Харин үгэн дээрээ өөрсдөө яс ажилладаг. Манай бүлгэм хөнгөн сэдвээр дуу хийдэггүй. Нийгэм, улс төр рүү чиглэсэн дуунуудыг хийхийг зорьдог. Амьдрал дээр ийм сэдэв дуусахааргүй их байна. Хорин жилийн өмнө дуу хөгжмөөр дамжуулан нийгэм, улс төрийг “онилсон” сэдэв өнөө ч хэвээрээ байна. Энэ л заримдаа намайг гунигтай болгодог. Тийм болохоор сэдэв байнга шинэчлэгдэж, тийм дуунууд биднээс байнга төрдөг дөө.

-Улс төр гэснээс та улстөрчдийн үнэнийг ямар ч нялууралгүйгээр ил шулуухан,  магадгүй илүү хурц хэлбэрээр илэрхийлж дуулдаг. Ямар нэгэн байдлаар танд улс төрөөс дарамт шахалт ирж байсан уу?

-Монголд шударга үнэн гэж хаана байна. Иргэд эх орон маань сайхан болно, үр хүүхдээ сайн, сайхан нийгэмд үлдээнэ гэж итгэж, хөдөлмөрлөж, хөлс хүчээ зориулдаг. Итгэл найдвараа иргэд хэзээ ч алддаггүй юм. Гэтэл нөгөө талд иргэдийн тэр итгэлийг мөхөөж, хулгайлж, илүү сайхан амьдрах боломжийг луйвардаж яваа хүмүүст шударга ёс үйлчлэхгүй байна л даа. Тиймээс сонгуулиар иргэдийг хуурч, итгэлийг нь авдаг хүмүүсийн тухай хэдэн хүний харах өнцгийг өөрчлөхсөн гэж бодож, тэдэнд зориулж уран бүтээлээ хийдэг. Бидний дуу залуу дүү нарт маань хүрдэг, тэд сонсдог. Тийм учраас бид дуу хөгжмөө зогсоож болохгүй. Яагаад гэвэл хэрсүү нийгэм бий болгохын тулд илүү сайн, илүү хурц уран бүтээл хийх ёстой.

Мэдээж, наад дуугаа боль гэх мэт улс төрийн нөлөө шууд утгаараа ирэхгүй. Далдуур дарамтлах гэж үзнэ, хашраах гэж оролдоно. Тэр бүхэнд шантарч байсангүй. Харин ч биднийг улам хурцалж ирсэн.

-Улс төрийг шүүмжилсэн уран бүтээлүүдээсээ ямар дуундаа та илүү дуртай вэ. Хүмүүст сануулбал, сонин байх болов уу. Ер нь нийгэм их мартамхай шүү дээ?

-Есөн жилийн өмнө “Хилэн” гээд дуу гаргаж байсан. 2024 оны сонгуулийн сурталчилгааны нээлтийн өдөр “Шившигт хайрцаг” дуугаа гаргаж байлаа. Энэ дууны гол утга нь сошиал медианы тухай юм. Сошиалд хэр автаж донтож байна, буцаад түүндээ хэрхэн ороогдож живж байгааг харуулахыг зорьсон. Сошиал медиа бол зүгээр л хэрэглээ. Гэтэл өнөөдөр энэ хэрэглээндээ хэрчүүлээд явж байна. Магадгүй сошиал медиагаар дамжуулаад иргэдийн тархи толгойг угааж хэрэглэх нь тодорхой хүмүүст хэрэгцээтэй байна. Тиймээс аливаад өөрийн бодолтой байх ёстой юм.

Сошиал медиад тархи толгойгоо угаалгаж байгаа бол хүн болж тархи, толгойтой төрсний хэрэг юун. Хүмүүс намайг улс төрийн оролцоогүй байхыг бусдад уриалдаг гэж буруу ойлгодог. Харин ч би улс төрд оролцоотой байхыг уриалдаг.

Миний улс төрийн оролцоо бол миний дуу хөгжим. Би үүгээрээ дамжуулж улс төрийг үргэлж шүүмжилсээр ирсэн.

-Урлагийнхан урлагаа, уран бүтээлээ, өөрсдийгөө улс төрийн нам, улстөрчдөд худалдах нь хэвийн үзэгдэл болсон. Харин та тэднээс өөр. Хэзээ ч улс төрийн нам, улстөрчдөд үйлчилж байгаагүй. Мэдээж, өнгөрсөн хугацаанд улс төрийн нам, улстөрчдөөс цөөнгүй санал танд ирж байсан л байх?

-Би хип хопдоо маш их хайртай. Тийм ч учраас өдий болтол хип хопдоо үнэнч явж ирсэн. Одоо 9 цомогтой, Монголд хамгийн олон цомог гаргасан реп артистын нэг болсон.

Урлагт хайртай учраас ингэж их хөдөлмөрлөсөн байх, хайртай болохоор худалдагдаагүй байх. Дээр нь биднийг дэмждэг, ойлгодог, нэг үзэл бодолтой, үнэт зүйлтэй хүмүүсийнхээ хүндлэл, итгэл үнэмшлийг яаж худалдах юм бэ. Би лав чадахгүй.

Энэ олон хүний итгэлийг алдахгүй, худалдахгүй амьдрах чадвар надад байна. Нэг юманд би маш ихээр талархаж явдаг. Энэ дашрамд хэлэхэд, дуртай артистаа, дуртай репперээ сонгуульд явуулахгүйгээр дажгүй амьдруулах хэмжээнд хөрөнгө оруулалт хийж чаддаг үзэгч, сонсогчдодоо л баярладаг шүү.

-Та уран бүтээлчээс гадна бизнесмен хүн. Бизнес эрхлэх эрх зүйн таатай орчин Монголд бий болж чадсан уу?

-Бизнес дээр манай хамтрагч нар илүү анхаарал тавиад явчихдаг. Би дуу хөгжимдөө илүү анхаардаг. Бэрхшээл гардаггүй. Яагаад гэвэл хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад Монголд асуудал үүсээд байхгүй орчинтой. Харин зарим нэг бизнес эрхлэгч нар муухай аргаар өрсөлдөх явдал байдаг. Ямар ч арга залийг чин сэтгэл дийлнэ гэсэн итгэл үнэмшилтэй хүн. Ийм болохоор хар муу пиар, өчүүхэн арга залиас айдаггүй. Мэдэх хүмүүс нь мэднэ, итгэдэг хүмүүсийнхээ итгэлийг алддаггүй.

-Гадны уран бүтээлчдээс ямар хамтлаг дуучдыг илүү сонсдог вэ? Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч хэн бэ?

-Өө байлгүй яах вэ. Хүүхэд байхаасаа Wu Tang Clan-г их сонсдог байсан. Бид нар бүгд сонсдог. Өөрсдийн хийж байгаа хип хопдоо үлгэр дуурайлал авсан зүйл маш их байдаг. Nas, Public Enemy гээд дурдвал зөндөө. Манай бүлгэмийн гишүүн тус бүрээс асуувал бүгд бас бүр өөр өөр нэр хэлэх байх. Миний сонсдог хамтлаг, дуучид бол энэ.

-Яагаад бүлгэм байгуулъя гэж шийдсэн бэ, яагаад Click Click Boom гэж нэрлэсэн юм бэ?

-Анх бүгдээрээ тус тусдаа хип хоп хөгжим хийдэг байлааа. Бид нарын хийдэг хип хоп хөгжим утга агуулга, жанрын хувьд хоорондоо төстэй. Тэр үед Монголын хип хопын үндсэн сэдэв хайр байв шүү дээ. Гадны нэг дууны аяыг аваад дахилтыг нь монгол үгээр шууд зоосон, бөөн хайрын дуунууд. Харин бид нарын дууны сэдэв арай өөр байсан. Илүү үзэл санааны уран бүтээл хийж байсан юм билээ. Тэгээд тархай бутархай байснаас нэгдэж, нийлбэл нийгэмд илүү хүчтэй хүрнэ гэж тооцсон. Энэ маань ч зөв байсан. Click Click Boom бол ерөнхийдөө өөрөө буугаа цэнэглээд буудаж байгаа чимээг төлөөлж буй үгс юм. Үүнийг бид бэлгэдэхдээ “Ухаанаар цэнэглэж, үгээр буудна” гэдэг утгаар Click Click Boom гэж нэрлэсэн.

-Та бүлгэмийнхээ гишүүдийг нэг үгээр тодорхойлооч?

-Чин сэтгэл. Бид нэгэндээ болон бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж ирсэн. Тийм ч учраас өдий олон жил нөхөрлөж, өдий зэрэгтэй явж байна. Өнөө л урваагүй, ухраагүй...

-Залуучууд, өсвөр насныхан танай бүлгэмийг их сонсдог, үлгэр дуурайлал ч авдаг. Тиймээс биеэ хэрхэн авч явахыг хичээдэг вэ?

-Яг үнэндээ би үлгэр дуурайлал үзүүлэх ёстой хүн гэж бодоод явчихвал жүжиглээд эхэлнэ. Худлаа жүжиглээд, худлаа дүр бүтээгээд эхэлбэл үлгэр дуурайлал гэхээсээ илүүтэй хортой нөлөөлөл үзүүлнэ.  Өөрийнхөө зөв гэж бодсон тэр бүхнээ сонсогчдодоо, дэмждэг хүмүүстээ дуу хөгжмөөр дамжуулж түүгээрээ үлгэрлэнэ  гэж боддог доо. Тэрнээс биш айхтар хичээгээд дүр эсгээд байсан юм байхгүй. Мэдээж хэрэг хүн юм чинь авах ч зүйл байна, хаях ч зүйл байна. Авах нь их байвал тэр нь илүү үлгэр дуурайлал болох юм болов уу даа.

-Хамгийн эмзэглэмээр бас нэг сэдэв манай нийгэмд залуучууд хар тамхи, мөрийтэй тоглоомд  маш ихээр донтож байна. Ялангуяа урлагийнхан залууст маш муу, сөрөг нөлөө үзүүлдэг. Залууст хандаж та юу захих бол?

-Хол бай л гэж хэлье. Бид нар нэг л амьдарна. Ганц амьдрахдаа муу нөлөөтэй бүхнээс хол амьдрах хэрэгтэй. Хар тамхи, мөрийтэй тоглоомд донтож маш олон залуучууд хамаг амьдралаа алдаж байна. Эдгээр зүйлсэд битгий донтоосой, хол байгаасай гэж хүсдэг. Миний хувьд хэзээ ч мөрийтэй тоглоом сурталчилж байгаагүй. Ний нуугүй хэлэхэд маш их мөнгөний санал тавьдаг. Клипнийхээ урд манай логог тавиад өгөөч гэх мэт санал хэлнэ. Олон хүнийг хохироосон аливаа сөрөг сурталчилгаанаас би аль болох хол явдаг хүн.  

-Та сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлчээрээ ажилласан бол реппер болохгүй байсан байх?

-Би хип хопоо дуулахдаа сэтгүүлчийнхээ ажлыг хийж байгаа гэж боддог. Нийгэмд болж буй асуудлыг сэтгүүлч нар нийтлэлээрээ шүүмжиллэг бол би хип хопоороо илэрхийлдэг. Энэ утгаараа би бас сэтгүүлч. Үзэл бодол, үнэт зүйлтэй сэтгүүлч. Үзэл бодол, үнэт зүйлээ худалдаагүй сэтгүүлч. Сэтгүүлчдийн нэр хүнд нийгэмд маш муу байна. Иргэд хэвлэл мэдээлэлд итгэхээ больсон байна. Энэ бол муу үр дагавар.

Манай өвөө  Ц.Шагдар гэж сэтгүүлч байсан юм. “Лу.Алтан товч”, “Шаалуу хүү Маугли”-г Монголд редакторлаж, гаргаж байсан. Уран бүтээлийн боть номуудыг нь үр хүүхэд, ач зээ, хамаатнууд нь нийлээд гаргаж байсан. Би тэр хүний үр удам, удам дамжсан сэтгүүлч хүн. Өвөөгөө дуурайж сэтгүүлч болох нь миний багийн мөрөөдөл байлаа. Анх намайг жаахан хүүхэд байхад уншиж бичих, уншсан зүйлээ бодох, бусдад ярьж хүргэх тал дээр өвөө маань миний гэрийн багш байсан юм.  Өвөөгөө хараад ямар мундаг юм бэ гэж боддог байлаа. Магадгүй миний үзэл санаа, миний үнэт зүйлд өвөөгийн нөлөө гүн гүнзгий байсан байх гэж боддог. Харамсалтай нь, өнөөдөр уншдаг, бичдэг хүмүүс цөөрсөн байна, бичдэг сайт ч бага болсон байна. Танайд ярилцлага өгөхдөө, жаахан судалсан, харсан. Тэгээд бичдэг суурьтай сайт учраас ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм аа.

-Баярлалаа, танд.

-Ер нь аливаа шийдвэр гаргахдаа аль болох харж, судлаж, дүгнэж, цэгнэх талдаа.

-Өнөөдрийн Big Gee 20 жилийн өмнөх Big Gee-гээс өөрчлөгдсөн үү. 20 жилийн өмнөх өөртөө хандаж юу гэж хэлмээр байна?

-20 жилийн өмнөх өөртөө хандаж чи яг зөв замаар явах болно гэж хэлнэ. Зөв хүмүүстэй найзалж, зөв хүмүүстэй нөхөрлөж, зөв зүйлээ хийж, зөв амьдралаар амьдарна гэж хэлнэ. 20 жилийн дараа чи одоо өөртөө хэлж байгаа бүх үгэндээ эзэн болчихсон сууж байх болно гэж хэлнэ. Чиний мөрөөдөл болгон биелнэ гэж хэлнэ.

Хорин жилийн өмнө би 50-хан хүнтэй ч хамаагүй тоглолт хийхсэн, цомгоо гаргахсан гэж мөрөөддөг байлаа. Эргээд харахад Улаанбаатар хотын бүх том талбайд тоглолтоо хийсэн байна. 9 цомог гаргасан байна.

-Хип хопоос өөр ямар хоббитой вэ. Таныг их амттай хоол хийдэг гэж сонссон юм байна?

-Хоол хийх хоббитой. Багадаа сайхан хань, хөөрхөн хүүхдүүдтэй болохоороо гоё хоол хийж өгөөд ширээ тойроод хооллоно доо гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөлдөө хүрсэн, манай гэрийнхэн миний хоолонд их дуртай. Амралтын өдрийн өглөө болгон хүүхдүүддээ шарвин хийж өгдөг. Намайг бага байхад манай аав маань шарвин хийж өгдөг байсан юм. Одоо хүртэл аавынхаа хийдэг шарвингийн амтыг гүйцэхгүй  байна даа. Бас Playstation-ээр  my career сагс тоглох дуртай. Ковидын үеэр улсаа төлөөлөөд Азийн аваргад оролцож байлаа. Тэр тэмцээнээс тусгай байрын шагнал авч байсан.

-Таны хувьд өөртөө хэлдэг, үндсэндээ "сургааль" болгодог ямар үг байдаг вэ. Хүн болгонд нэг уриа үг маягийн итгэл үнэмшил байдаг шүү дээ?

-Хүнд хэлсэн үгэндээ хүрдэг байхад алзахгүй гэж боддог доо. Хэлсэн үгэндээ хүрдэг хүн хамтран ажиллагсад, найз нөхөд, сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чаддаг юм шиг санагддаг. Тэгэхээр чадна бол чадна, чадахгүй бол чадахгүй гэдгээ шууд хэлж байх хэрэгтэй. Харамсалтай нь, үгүй гэж үгийг сонсож чаддаггүй хүмүүс байдаг юм билээ.

Ажиглаад байхад, үгүй гэдэг үгийг надаас сонсож байсан хүмүүс дургүй болчихсон байх жишээний. Хүний ажил аваад “алж” байснаас чадахгүй гэдгээ шулуухан хэлчих нь хэн, хэндээ амар шүү дээ.

-Та шагналд хэр дуртай вэ. Ер нь төрийн одон медалиар хүмүүсийг шагнах нь зөв үү. Сүүлийн үед төрийн шагнал тойрсон хэлэлцүүлэг нийгмийн нэг трэнд сэдэв болсон учраас асууж байгаа юм шүү?

-Хүн хүний харах өнцгөөс болох байх. Зарим хүмүүст төрийн одон медаль маш үнэтэй, утга учиртай байдаг юм шиг санагдсан. Миний хувьд сонсогч дэмжигчдээс ирдэг урмын үг, алга ташилт, тоглолтын тасалбар болон цомгийг маань худалдаж авч байгаа нь, энэ бодит хөрөнгө оруулалтууд бүгд шагнал юм. Яг үнэнийг хэлэхэд хип хоп, реп артистууд шагналд дурлаад байх нь жаахан буруу л юм шиг санагддаг. Монгол реппер чинь миний цол гэж боддог /инээв/. Тоглолт дээр очихоор Монгол реппер Big Gee гэж зарладаг. Монгол реппер сонсогчдоос надад өгсөн миний гуншин гэж боддог.

-Маск продакшнийн 20 жилийн ойдоо зориулсан “Сүүлчийн шилийн сайн эрс” киноны дуун дээр та хамтарч ажилласан байна лээ.  Танай Click Click Boom 20 жилийн ой нь тохиож байгаа энэ үед нэг уран бүтээл дээр хамтарч ажилласан нь их сонирхолтой давхцал юм шиг?

-Цаанаасаа тохироо нь бүрдэнэ гэгч л болсон. Тэрнээс хэргээр давхцуулсан юм байгаагүй. Сүүлийн үед яагаад ч юм нэг сайхан эршүүд дуу хиймээр бодол толгойд орж ирээд байсан юм. Тэгтэл кино найруулагч Д.Мөнхбат холбогдоод эр хүний тухай дуу хийлгэмээр байна, чи тохирно гэсэн. Буриадын продюсер Алагуй Егоров хөгжим дээр нь ажилласан. Өөрийнхөө бодож явснаа үгээр буулгасан. Тийм ч учраас тодорхой хэмжээнд хүмүүст хүрч таалагдаж байгаа байх.

Дашрамд сонирхуулахад, “Жонон” хамтлагийн 20 жил ой тохиож байгаа, би бас оролцож байна.

-Дараагийн сюрприз юу байх бол. Манай уншигч, таны сонсогч нарт сонин байх нь мэдээж?

-Манай анхны клиптэй дуу болох “Буруу газар зөв цагт”  дууны ремикс гарч байгаа. Desant, Nomad, бид гурваас гадна Монголын хип хопт идэвхтэй өөрсдийнхөө зүйлийг хийгээд явж байгаа 6 артист гээд нийтдээ есүүлээ нийлсэн дуу клиптэйгээ тун удахгүй гарна. Нийгмийн асуудлыг бас нэлээд хөндсөн, түрүүнд ярьсан хар тамхи, мөрийтэй тоглоомын талаар шүүмжилж дуулсан байгаа.

-Таны хувьд реппер гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Реппер үү, бид нар шиг л хүнийг хэлнэ.

Чиг шугамдаа үнэнч, үнэт зүйл, үзэл бодолтой. Гадаадаас нэг ая хулгайлаад дахилтынх нь оронд монгол үгнүүд зоогоод, болсон болоогүй хайр үглээд, өөрийгөө реппер гэж нэрлэхийг би лав хүлээн зөвшөөрч чадахгүй.

Байдаг л дуучин хүнийг реппер гэж нэрлэчихсэн жишээ зөндөө харагддаг. Хэрэвзээ хип хоп, реп хөгжимд дуртай бол үүнийгээ маш сайн судлаасай гэж боддог. Зарим нэг хүмүүсээс хип хопоо харамладаг, харамламаар санагддаг.

-Монголын хип хоп хөгжим, репперүүд ямар түвшинд явж байна?

-Ер нь маш сайн хөгжсөн, маш их төрөлжсөн. Бид нарын анх гарч ирж байх үеийг бодвол олон төрлийн хип хоп урсгал бий болсон. Монгол хип хоп Азидаа нэлээд дээгүүрт орно гэж би боддог.

-Тоглолтынх нь бэлтгэл ажил бараг дуусчихсан уу. Тав хоногийн дараа тайзан дээр гарах нь байна шүү дээ?

-Бид нар маш их бэлтгэл хийж байна, бэлтгэл маань ч маш жигдэрчихлээ. Тоглолт дээрээ 54 дуу дуулна. Тайз дэлгэц хөгжим дуугаралт гээд бүх тал дээр шилдгүүдтэй хамтарч ажиллаж байна. Тийм учраас ирж байгаа сонсогч, дэмжигчид маань өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг тултал авч чадна гэдэгт итгэлтэй байна. 11 сарын 21-нд АСА аренад уулзацгаая л гэж хэлье дээ.

-Хорин жилийн дараа Big Gee хаана байх бол. Та төсөөлж байсан уу?

-“Суурин дээрээ”, ухраагүй, урваагүй, далийгаагүй.

 
Э.Жагар

Э.Жагар

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ц.Оюунгэрэл: Би уух усныхаа төлөө, Х.Нямбаатар хулгайн мөнгөнийхөө төлөө тэмцсэн

Ц.Оюунгэрэл: Би уух усныхаа төлөө, Х.Нямбаатар хулгайн мөнгөнийхөө төлөө тэмцсэн

Өөрийн дуу хоолой, үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг цөөхөн эмэгтэй улстөрчийн нэг бол Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл юм.

Nov 10, 2026

Э.Оргил-Эрдэнэ: Би мөнгө олох гэж нам байгуулаагүйгээ бардам хэлж чадна

Э.Оргил-Эрдэнэ: Би мөнгө олох гэж нам байгуулаагүйгээ бардам хэлж чадна

Ж.Оюунбаатар: Монгол, Германы стратегийн түншлэлийг бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх нь айлчлалын гол зорилго байлаа

Ж.Оюунбаатар: Монгол, Германы стратегийн түншлэлийг бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх нь айлчлалын гол зорилго байлаа

О.Баасанхүү: Н.Алтанхуяг хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох хуулийг санаачилсан хүн шүү дээ

О.Баасанхүү: Н.Алтанхуяг хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох хуулийг санаачилсан хүн шүү дээ