

Өөрийн дуу хоолой, үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг цөөхөн эмэгтэй улстөрчийн нэг бол Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл юм.
-Жижиг намын дарга байх, том намын гишүүн байх ялгаатай юу?
-Жижиг нам учраас хүн цөөнтэй. Хүн цөөтэй учраас сонгогчдод хүрэх дуу хоолой багаддаг. Өөрөөр хэлбэл, сонгогчдод тэр бүр хүссэнээрээ дуу хоолой маань хүрэх ёстой газартаа хүрч чадахгүй байгаа нь том намуудаас ялгаатай байх нь бий. Урьд нь Ардчилсан намд байхад мөнгө бүгдийг захирдаг, шийддэг байсан. Мөнгөтэй хүн нэр дэвших эрх авдаг ч юм уу, мөнгөний хүчээр мөрийн хөтөлбөр, сурталчилгаагаа хийх гэх мэтчилэн. Манай намд мөнгө асуудал биш. Гишүүдийн хувьд сайн дураар ажилладаг, сайн дураар оролцдог. Намаас ямар нэг арга хэмжээ зохион байгууллаа гэхэд гишүүд өөрсдийнхөө идэх хоолыг гэр, гэрээсээ авч ирээд, potluck party хийдэг. Иргэдийн оролцооны нэгдэл намын хувьд бие даасан хараат бус улс төрийн санхүүжилттэйгээр жижиг намууд том болж болдгийг харуулах зорилготой. Жижиг нам гэх нэр томьёогоор хэр удаан явахыг мэдэхгүй. Гэхдээ том болох платформ дээр бид ажиллаж байна. Иргэдийн оролцооны нэгдэл намын платформ нь тогтвортой ардчилал суурь юм.
-Та Ардчилсан намаас гарсандаа харамсаж байсан уу. Хэрэв Ардчилсан намаас гараагүй бол аль хэдийнэ та УИХ-ын гишүүн болчихсон байхыг үгүйсгэхгүй?
-Ардчилсан намын өнөөдрийн дүр зургийг хараад гарсандаа ерөөсөө харамсдаггүй. Харин ч зөв сонголт хийжээ гэж одоо боддог. Ардчилсан намаас гарсан шалтгаан нэгдүгээрт санхүүжилтийн схем маш буруу байсныг эсэргүүцсэн. Хоёрдугаарт тэр буруу схемийг ашиглаж гарч ирсэн мөнгөтэй зодоон дотоод сонгуулийг будилаантуулах болсон. Дотоодоо ардчилалгүй болсон ямар ч улс төрийн нам институци биш болчхож байгаа юм.
Харин юунд харамсдаг вэ гэхээр Ардчилсан намын жирийн гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг хөсөрдүүлсэндээ сэтгэл жаахан дундуур байдаг. Гэхдээ тэд маань яагаад Ардчилсан намаас “өрх тусгаарлах” болсныг маань ойлгох байх гэж бодож байна. Иргэд бид төр засгаа зөв болгохын тулд нам байгуулдаг. Ардчилсан намын өнөөдрийн санхүүжилт, үйл ажиллагааны үндсэн дүрмээр явсан улс төрчид засаг төр байгуулбал ялгаагүй Ардын нам шиг хулгай, луйвар, дээрэм гэх гажуудсан зам руу орох схемтэй. Тэр санхүүжилтийн схемийг эсэргүүцэж, тэнд дотор нь байхдаа өөрчилье, шинэчилье, засъя гэж дуугарсан.
Ёс зүйтэй, ил тод, зөв санхүүжилттэй улс төр хийе, дүрмээ өөрчилье гэж Ардчилсан намд амьдралынхаа олон жилийн, залуу насаа зарцуулсан. Маш их сургалтууд хийсэн, маш олон хүмүүстэй уулзаж байсан. Бага санхүүжилтэй, зөв схемээр улс төр хийж болдгийг харуулъя гэж бодсон юм.
Гэвч Ардчилсан нам энэ ажлыг бодитойгоор хийж чадахгүй байсан. Нэгэнт эрүүл санхүүжилттэй, улс төрийн намыг Ардчилсан нам бүтээхийг хүсэхгүй, бүтээж чадахгүй байсан учраас хаалгыг нь хаагаад гарсан.
Үүнийхээ дараа Иргэдийн оролцооны нэгдэл намаа байгуулсан. Харамсалтай нь, Монголын сонгууль асар их мөнгөний өрсөлдөөн болдог. Манай нам арай танигдаж амжааагүйдээ сонгуульд ялагдсан. Мөнгөтэй том намд байсан бол ялах байсан уу гэвэл тийм байж болно, үгүйсгэхгүй. Гэхдээ сонгуульд ялах ганц үзүүлэлт нь улстөрч хүний эцсийн зорилго биш. Миний эцсийн зорилго бол эрүүл ардчиллыг хойч үедээ үлдээхийн төлөө тогтвортой ардчилсан соёлтой улс төрийн институцыг бүтээлцэх юм.
-Уучлаарай, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсний төлөө АН-аас гарсан гэх хардлага бас байдаг. Үүнд та хариулт өгч болох уу?
-Магадгүй, тэгж хардахад цаг нь бас таарсан байх. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх дотоод сонгууль будилаантай болсон. Маш олон будилааныг би олон удаа нүдээрээ харж байсан хүн шүү дээ. Тэгээд тэсэрнэ биз дээ. Тэр дотоод сонгуулийн дараа л би Ардчилсан намаас явах цаг болсныг ойлгосон. Улс төрийн цаг бол асар үнэ цэнтэй. Тэр тусмаа улс төрийн мэдлэг капиталаа хэнд зориулах гэх асуулт маш чухал сонголт болсон. Угаасаа эвдэрчихсэн, дотоод ардчилалгүй, санхүүжилтийн схем гажчихсан намд цаг, мэдлэг, боловсролоо үрээд суух уу эсвэл залуучуудад зориулсан цоо шинэ институцийг бүтээлцэн, улс төрийнхөө үлдсэн цагийг илүү шинэ зүйлд зарцуулах уу гэдгээ сонгосон юм. Тиймээс Ардчилсан намаас гарахдаа “Үүнээс хойш түүнээс цааш өөрийнхөө үеийнхэн болон өөрөөсөө ахмад үеийнхнийг улс төрийн өндөр албанд тушаалд хүргэхийн төлөө нэг ч цаг, ажил хөдөлмөрөө зарцуулахгүй, харин бүх улс төрд зориулах цагийг залуучуудыг босгож ирэхэд зарцуулна. Залуучуудыг ёс зүйтэй олноороо улс төрд түрэн орж ирэхэд нь би улс төрийн үлдсэн карьераа зориулна” гэсэн утгатай мэдэгдэл хүртэл хийсэн шүү дээ.
Залуучуудад таатай ардчиллыг удаан хугацаанд тээж явж чадах орчныг бүрдүүлсэн институцийг босгоно гэдэг их сайхан, сэтгэл тэжээсэн ажил байдаг юм байна. Энэ ажлыг хийгээд тавдах жил рүүгээ орж байна. Ардчилсан намаас гараад зургаан жил болчихсон байна /инээв/.
-Өнөөдрийн Ардчилсан нам, өчигдрийн Ардчилсан нам хоёр юугаараа ялгаатай байна вэ.
-Суурь нь гажчихсан, ардчилал нь гажуудчихсан, санхүүжилтийн схем муудчихсан байшинд бужигнаж байгаа л харагдана. Ардчилсан намыг эртхэн ухаараасай өөрийгөө, ардчиллаа устгах зам руугаа битгий яваасай гэж бодож сууна. Гэхдээ энийг харах сөхөөгүй болтлоо мөнгө, эрх мэдэлд нүдээ таглуулчихсан хүмүүс тэр нам дотор зөндөө байгаа. Залуучууд нь манай намын туршлагаас асууж зөвлөдөг. Даанч хүн болгонд зөвлөөд явах цаг байхгүй шүү дээ. Тиймээс АН, МАН хоёрт байгаа алдаануудын талаар “Намуудын 95 алдаа” номоо бичсэн. Уншаад, өөрсдийнхөө алдааг олж харж засаасай гэсэндээ тэр.
Муу сайн ч залуу насаа зориулсан нам юм болохоор энэ чигээрээ бүр их буруудвал Монголын ардчилал хайран юм даа гэж боддог.
-Ардчилсан нам таныг уривал буцаж орох уу?
-Үгүй ээ юу гэж дээ /Инээв/. Дайны талбарт цэргээ хаяад явдаг генерал гэж байхгүй гэдэг шиг бүхэл бүтэн нам, хамт олон, институци босгочхоод ганцаараа гүйгээд ордог тийм юм ерөөсөө байхгүй. Яах вэ, улс төрд эвсэл болох зам үргэлж нээлттэй байдаг. Тийм учраас манай нам үзэл баримтлал төстэй намтай эвсэхээр болсон нөхцөлд ИОН намын Төлөөлөгчдийн танхим гэх төв байгууллага маань шийднэ.
-Ардчиллаар овоглодог Ардчилсан нам ардчиллын заналт дайснууд, популистууд, люмпенгүүдийн үүр уурхай болж хувирсан, харамсалтай нь?
-Популистгүй нам гэж дэлхийд байхгүй. Популистуудынхаа саналыг олонх нь зөв тунгааж чадаж байна уу, мухар, сохроор хуйларч байна уу, эсвэл эрүүлээр шүүн тунгааж эргэцүүлж байна уу, аль нь зөв бэ гэдгийг дэнсэлж байна уу гэсэн шүүлтүүрээрээс институцийн соёл харагддаг. Хүн биш институци шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тийм учраас энэ дотор ганц нэг гишүүд хувийн тоглолт хийх нь байдаг л асуудал. Хамгийн гол нь тэрийгээ дагаж хэдэн хувь нь хуйларч байгаа нь гол асуудал. Хуйлрахдаа мухар, сохроор улангасаж байна уу, улангасахдаа улс орноо хорлож байна уу. Энэ асуулт эцсийн үзүүлэлт болно.
-Тэгвэл таны эцсийн үзүүлэлтийг дэнслэх чадвар Ардчилсан намд байна уу?
-Харамсалтай нь, эрүүл саруулаар хоорондоо ярилцах чадварыг нь Ардчилсан намаас би олж харахгүй байгаа.
-Жижиг намуудын хувьд сонгуульд өрсөлдөхөд хамгийн том бэрхшээл нь мөнгө байдаг. Мөнгөгүй нам, мөнгөгүй хүн сонгуульд ялах бараг боломжгүй?
-Ардчиллыг тогтвортой хөгжүүлье гэвэл улс төрийн сонгууль болон улс төрийн намуудын санхүүжилтийн схемийг зөв хийх ёстой. Манай намын санхүүжилтийн схем анхнаасаа зөв бүтэцтэй, зөв томъёолж яваа. Тийм учраас би жижиг нам гэх нэр томьёо түр зуурынх гэж тодотгоод байгаа юм. Ирэх 2027 оны 3 дугаар сарын 3-ны өдөр манай намын таван жилийн ой болно. Иргэдийн оролцооны нэгдэл нам хэдийнэ институци болж бэхэжсэн. Иймээс дотоод дүрэм журам нь бэлэн манайх шиг ийм платформ дээр ирээдүйн улстөрчид олноороо гарч ирэх бол цаг хугацааны л асуудал. Ялангуяа 2028 оны сонгуулиар эрүүл санхүүжилтээр улс төрийг зохион байгуулаад сурчихсан, хулгай луйвар хийдэггүй цоо шинэ улстөрчдийг төр рүү оруулж ирнэ гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна.
-Иргэдийн оролцооны нэгдэл нам бусадтай эвсэхгүйгээр УИХ-д суудал авах боломжтой юу. Өнгөрсөн 2024 оны сонгуулийг бодвол хүмүүст Ц.Оюунгэрэлийн нам гэж харьцангуй танигдсан байх, тийм үү?
-Ямар ч тохиолдолд суудал авна гэж үзэж байгаа. 2028 онд дангаараа ч, эвссэн ч, ямар ч тохиолдолд суудал авна гэдэгт маш итгэлтэй байна.
Танигдахын хувьд ИОН нам бол аажим аажмаар органикаар танигдах аргаар явж байна. Мэдээж хэрэг, сонгуулиар хөрөнгө мөнгө босгоод сурталчилгаа, пиар хийх нь ойлгомжтой. Гэхдээ одоогоор улс төрийн бусад намыг бодвол манай нам төрөөс нэг ч төгрөг аваагүй. Ямар нэгэн байдлаар том компани, корпорацуудаас хандив, дэмжлэг авч байгаагүй.
Маш даруухан санхүүжилттэй явж байгаа. Улс төрийн намуудын тухай хуульд зааснаар УИХ-д суудалтай намуудад төсвөөс мөнгө өгдөг. УИХ-д суудалгүй ч гэсэн нэг хувийн санал авсан намуудад хурлын байр, сурталчилгааны хэвлэл мэдээллийн цаг үнэгүй гаргаж өгдөг. Манай нам алинд нь ч хамрагдаагүй.
2024 оны анхны сонгуулиар намынхаа листээр авсан хувь маань нэг хувьд арай хүрээгүй. 0.94 хувь гээд 0.6 хувь дутсан. Цөөн санал дутсан учраас улс төрийн намуудад өгдөг төрийн ямарваа нэгэн дэмжлэг бидэнд байхгүй. Гэхдээ бид нар гишүүдийнхээ оролцоогоор өөрсдийгөө бэхжүүлээд явж байна.
-Өнөөгийн парламентын зарим эмэгтэй гишүүдийн үг-үйлдлээс болж улстөрд эмэгтэйчүүдэд квот тогтоох хэрэггүй юм байна гэсэн ойлголт нийгэмд бий боллоо. Ер нь улс төрд аль нэг хүйсийн квот тогтоох нь зөв үү?
-Би улс төрд ороод 20 жилийн дараа УИХ гишүүн болсон. Надтай яг адилхан улс төрд орсон эрчүүд 3 жилийн дараа гишүүн болж байлаа. Яг шударгаар, хэн нэгний татаас дэмжлэггүйгээр явсан эмэгтэй улстөрч хүлээн зөвшөөрөгдөх хугацаа нь улс төрд их урт байдаг. Одоо бол жендерийн квоттой болоод их гоё болсон байна. Анх намайг улс төрд орж байхад ямар ч квот байгаагүй. 76 хүн нэр дэвшүүлэхэд Ардчилсан нам таван эмэгтэйг л нэр дэвшүүлж байсан.
Эмэгтэй лидер болох энэ зам маш их гашуун, бартаатай байсан. Энэ бартаатай замаар явсны эцэст хийж чадсан ажил бол эмэгтэйчүүдийн квот. Энэ квотын төлөө анхнаасаа явсан. Одоо харин квотын хүчээр олон эмэгтэй нэр дэвшиж байна. Гэхдээ манай Иргэдийн оролцооны нэгдэл нам квотоор эрчүүдийгээ оруулдаг. Эмэгтэйчүүд нь олонх. 30 хувийн эрчүүд олно гэдэг том ажил болсон. 2024 оны сонгуулиар эрчүүдийн квот хүрэхгүй байсан ганц нам нь манай нам. Нэлээд хүчин чармайлт гаргаж байж эрчүүдийн квотоо хүргэж байсан. Тэгэхлээр квот байж байх нь зөвхөн эмэгтэй гэлтгүй, эрэгтэй хүмүүст ч хэрэг болдог байгаа биз? Квотыг хүчингүй болгож болохгүй. Тэгэх юм бол том ухралт болно.
-Монгол улс хэдийгээр улс төрийн олон намын тогтолцоотой ч хоёр намын монополчлол тогтсон. Тэр монополчлолыг хэрхэн халах ёстой вэ?
-Монополчлолыг ганц л хүн халж чадна. Тэр нь сонгогч. Сонгогч саналаа өгөхдөө нөгөөх л хуучин хоёртоо өгөөд байвал АН, МАН хоёр л монополдоод байна. Манай ИОН-д саналаа өгвөл бид өөр хүмүүсийг улс төр рүү оруулж ирнэ. ИОН шиг нам гараад ирвэл өгч байгаа санал болгон дээр, гарч байгаа хууль болгонд, хийж байгаа мэдэгдэл болгонд нийтийн эрх ашгийг түрүүлж тавиад эхэлнэ. Нийтийн эрх ашгийг түрүүлж тавих зориг, ур чадвар, мэдлэг гэдэг чинь хэнд байдаг гэхээр нээх тийм илүү өндөр чадалтай хүнд гэхээсээ ашиг сонирхлын зөрчилгүй, хулгайч биш улс төрчид л байдаг юм. Хулгай хийчих юм сан, цавчих юм сан гэсэн хүн нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гардаггүй.
Харин ямар ч хулгайгүйгээр улс төрд байгаад сурчихсан, ямар ч хулгай луйвар улс төрд нь хэрэггүй, байгаа бололцоогоороо ажиллаад явж чаддаг, эрх ашгийн сонирхолгүй тийм хүмүүс гарахад л жинхэнэ нийтийн эрх ашиг цэцэглэж эхэлдэг.
Нийтийн эрх ашиг гэдэг чинь наад зах нь татвар багасгана, авдаг цавчаануудыг багасгаад ирэхээр бүтээн байгуулалт нь чанаржаад л эхэлнэ шүү дээ. Улстөрчдийн элдэв янзын гоё употи төсөл, тендер, гоё нэрийн доор хийж буй хулгай, дээрэм зогсоод оронд нь хувийн хэвшил нь цэцэглэнэ.
-Улстөрчдийн употи төсөл, гоё нэртэй хулгай гэснээс та Туулын хурдны зам төслийг тууштай эсэргүүцсэн. Яагаад эсэргүүцсэн юм бэ?
-Эсэргүүцсэн гол шалтгаан нь Туул голын доор байгаа гүний ус. Тэрийг л хамгаалах гэж тэмцсэн. Туул голын гидрогеологийн тайланг уншсан юм. Туул гол бол бидний нүдэнд харагдаж өчүүхэн хэсэг нь. Түүний доор хайргануудын завсар дахь их хэмжээний ус нь Улаанбаатар хотыг тэжээж буй гүний усны усан сан юм байна. Тэрхүү усан сан нь манай хотыг ундаалдаг. Уг усан сангийн томоохон хэсэг нь Төв цэцэрлэгт хүрээлэнгээс Яармаг хүртэлх байршилд байгаа. Туулын хурдны замын нэг аюул нь Туулын усан сангийн дээгүүр барих байсан. Тэр олон багана нь Туулын усан санг үүсгэж байгаа сэвсгэр хурцас ба шаварлаг тогтоцыг эргэлт буцалтгүй өөрчлөх байсан. Хөндлөн гүүр барих, уртаашаа зам барих хоёр тэнгэр газар шиг өөр. Хөндлөн гүүр барихад даацын багана нь эргийнхээ шороон дээр баригддаг байхад уртаашаа Туулын хурдны зам барихдаа яг хотын гүний усны гол усан сангийн дагуу олон тооны бетон шон зоох гээд байсан юм.
Усан сангийн хайрга нь сэвсгэр байж усаа хурааж доороо байлгаж байх ёстой. Гэтэл тэрийг цементээр цутгаж битүүлэхээр Туул голын урсаж байгаа ус тийшээ орохгүй, маш олон газар Туул гол усаа хуримтлуулж чадахгүйд хүрэх байсан. Нэг газар цемент цутгахаар нөгөө газар нь сийрэг хэвээрээ үлдэнэ гэвэл үгүй. Хоёр баганыг хоёр талд цементлэхээр тэр хоёр баганад шахагдсан хайрганууд хоорондоо шахагдаад сийрэг биш , ямар ч зайгүй болчих тул бас л усаа хуримтлуулж чадахаа болино. Гэтэл тэр сэвсгэр хурдасыг үүсгэх гэж байгаль эх хэдэн сая жилийг зарцуулж бүтээсэн байдаг. Энэ “далд бүтээн байгуулалт”-ыг бид гүний усан сан гээд байгаа. Туул гол доор маань ийм үнэ цэнтэй юм байгаа шүү дээ гэдгийг зарлаж, тайлбарлаж, хотын даргыг эсэргүүцэн тэмцлээ шүү дээ. Гидрогеологийн тайланг олон нийтэд сурталчилж өглөө гэж надад мэргэжлийн хүмүүс талархал илэрхийлсэн.
Харин намайг гидрогеологийн тайлан гаргаж тавихад Х.Нямбаатар галзуурчихсан. Тэгээд “Ц.Оюунгэрэлээ чи боль, гараад ир” гэж манай гэрийн гадаа баахан хүнтэй ирж хашхирсан. Би тэнд иргэдийн уух усны төлөө тэмцэж байхад Х.Нямбаатар гэж хүн өөрийнхөө хулгайлах мөнгөний төлөө тэмцсэн.
Х.Нямбаатар сурталчилгаандаа авч явдаг ухуулагч нараа дагуулаад манай гэрийн гадаа ирж цонх хагалж, айлгахыг завдсан. Гэхдээ би уух усныхаа төлөө дугарсаар байгаад дууссан. Нийтийн эрх ашиг гэдэг чинь их чухал юм шүү дээ.
-Гэрийн чинь гадаа олон хүн очоод хашгирахаар айхгүй ч гэсэн аягүй гэгчээр танд таагүй байсан уу?
-Нийтийн эрх ашгийн төлөө, үр хүүхдийнхээ уух усны төлөө, Улаанбаатарчуудын ирээдүйн амьдралын төлөө тэмцэж байсан болохоор надад ямар ч айх айдас байгаагүй, дайрч доромжилсон болгоныг нь блоклоод даваад гарсан даа. Х.Нямбаатар тендер, цавчаа мөнгөний төлөө үзэлцэж байсан. Тэрийгээ бас түгжрэлийн эсрэг гээд гоё нэрлэчихсэн. Яг жинхэнэ дээрээ мөнгөний төлөө чичрээд байсан шүү дээ. Тэр өдрүүдэд бараг 1000-д хүн блок хийсэн байх аа /инээв/. Муулмаар байгаа бол өөрийнхөө пэйж дээрээ муул, миний пэйж дээр битгий орилолдоод бай гээд бот, троллуудыг нь бүгдийг нь блок хийсэн дээ.
-Х.Нямбаатар хууль хүчнийхэнд шалгуулах ёстой байтал Канадаас хүн доромжлоод гүтгээд сууж байгааг юу гэж харж байна?
-Хуулийн байгууллагынхан тэр Х.Нямбаатарыгаа ч шалга, ярьж байгаа юмыг нь ч шалга гэж хэлмээр байна. Өөрийнхөө хийсэн юмнуудыг шалгагдах ёстой гэдгээ Хууль зүйн сайд байсан хүний хувьд Х.Нямбаатар маш сайн мэдэж байгаа байх. Тэр гаргаж байгаа юман дотор нь үнэхээр баримттай шалгах юм байвал шалгаж мухарлаад гүтгэлэг үгүйг нь, хар цагаанаар нь нягтлах хэрэгтэй. Хууль зүйн сайд, хотын дарга байсан хүн яагаад энэ их гэмт хэргийг нуун дарагдуулаад хувийнхаа зорилгод ашиглах гэж хадгалаад, хүн шантаажлах хэрэгсэл болгоод байгаа юм бэ гэдгийг бас нягтламаар.
-Таны хэрэгжүүлсэн жорлон төслийн ачаар монголчуудын жорлонгийн тухай ойлголт харьцангуй өөрчлөгдөж байгаа. Үүний хүрээнд хэчнээн айлын жорлонг өөрчлөв та?
- “Жорлонгоо өөрчилье” төслийг эхлүүлээд 9 жил болж байна. Энэ хугацаанд олон мянган хүнд жорлонгийн тухай танилцуулга сургалт хийлээ. Хүмүүс жорлонгоо өөрчилье гэхэд хоёр л юм саад болж байна. Мөнгө санхүүжилт байхгүй. Хоёрт яг яаж хэрэглэх вэ гэсэн технологийн мэдлэг байхгүй байна. Бид технологийн мэдлэгийн нэлээд хангалттай зааж байгаа. Гэхдээ хүнд нэг юмыг 10 удаа зааж байж хүрдэг юм билээ. Гуравдугаарт, манай төсөл жорлонг кампаничилж, массаар нь өөөрчлөх төсөл биш. Жишээ нь, төрөөс мөнгө гаргаад 2000, 3000 мянган жорлонг Гачууртад барьсан. Танайд хөрсний бохирдол үүсгэж болохгүй голын эрэг дээр нүхэн жорлонтой байж болохгүй гэж голын эрэг дагасан бүх айлуудыг тал мөнгийг нь төрөөс, талыг нь өөрсдөөс нь гаргаж хүчээр соруулдаг жорлон хийсэн. Хөрсөө судлаагүйгээс болоод бороо орохоор төрөөс барьж өгсөн жорлон нь усаар дүүрчихдэг. Жил болгон Гачууртын айлууд төрийн жорлонгийн хөрсний усыг соруулдаг ажилтай болсон. Төрийн жорлон нь усаар дүүрчихсэн учраас хэрэглэж болдоггүй, өөрийнх нь жорлон болохоор хэрэглэж болоод байдаг тэгсэн мөртлөө хөрсний бохирдол үүсгээд байдаг. Энэ юуг харуулж байна гэхээр судалгаагүй, шинжлэх ухааны мэдлэггүй, массаар юмыг хийснээс болж эдийн засаг, экологид давхар хохирол учруулдгийг харуулж байгаа юм. Есөн жил болохоод манайхаас хамгийн муудаа жилд 57, хамгийн сайндаа 300 хүн жорлон худалдаж авсан байна лээ. Одоогоор нийт 1600 айл жорлонгоо өөрчлөөд явж байна. Гэхдээ зөвхөн манай тоо шүү. Зэрэгцээд жорлонгийн бизнес хийж байгаа компаниудын тоог оруулаагүй. Цаашдаа энэ тоо хурдтай өсөх байх аа. Намайг энэ төслийг эхэлж байхад япончууд хэлж байсан юм. Манай Японд жорлонгоо өөрчлөхөд багадаа 20 жил болсон шүү. Чиний наад ажил чинь дор хаяж 20 жил болох байх гэсэн. Тэгж хэлэхэд нь би арай ч 20 жил биш, таван жилийн дотор өөрчлөх байх гэж бодож байсан юм. Үнэхээр л 20 жилийн ажил болох бололтой. Ирэх жилээс бид хөдөө орон нутагт энэ төслөө эхлүүлнэ.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.