НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Э.Оргил-Эрдэнэ: Би мөнгө олох гэж нам байгуулаагүйгээ бардам хэлж чадна
ЯРИЛЦЛАГА

Э.Оргил-Эрдэнэ: Би мөнгө олох гэж нам байгуулаагүйгээ бардам хэлж чадна

5 өдрийн өмнө
Э.Жагар

Э.Жагар

journalist

Тэрбээр Монголын улс төрийн хамгийн отгон, хамгийн барууны үзэлтэй намын дарга. Бас хамгийн царайлаг нь ч байж мэднэ. Ингээд Либертари намын дарга Э.Оргил-Эрдэнэтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-Таныхаар эрх чөлөө гэж юу вэ?

-Эрх чөлөө гэдэг бол хариуцлага. Ер нь либертари үзэл гэдэг бол бол эрх чөлөөний үзэл санаа л гэсэн үг. Хувь хүмүүс өөрсдийн хариуцлагаа хүлээж, эрх чөлөөтэй амьдрах тухай юм.

-Тэгвэл либертари, либерализм хоёрын гол үзэл санаа адилхан биш үү. Хоёулаа л эрх чөлөөг тунхагладаг?

-Үг зүйн хувьд, үүсэл гарлын хувьд холбоотой боловч улс төр, эдийн засгийн хувьд зарчмын томоохон ялгаатай. Либертари үзэл анх сонгодог либерализм дээр суурилж гарч ирсэн. Харин либерализм гэх ойлголт сүүл рүүгээ хувь хүний эрх чөлөө гэх нэрийн дор хүмүүсийг эерэг ялгаварласан, гадуурхсан хандлага гаргах болсон. Нөгөөтэйгүүр татварлаад дахин хуваарилах тогтолцоонд бүрэн автсан гэх үү дээ. Тиймээс сонгодог либералууд анхны үзэл санаагаа хамгаалж үлдэхийн тулд либертари үзэл санааг гаргаж ирсэн гэж хэлж болно.

-Монгол эрх чөлөөтэй улс мөн үү. Та юу гэж боддог вэ?

-Монголд улс төрийн эрх чөлөө байна. Сонгох, сонгогдох эрх чөлөөгөө иргэд эдэлж байна. Ерөнхий сайдаа тайван жагсаалаар огцруулж чадаж байна. Харин эдийн засгийн эрх чөлөө нь алга. Эдийн засгийн эрх чөлөө байхгүй болчихоор эрх чөлөө бүхэлдээ хумигдаад эхэлж байгаа юм.

Монголд ардчилал, эрх чөлөө, зах зээл гурвыг нэг тогоонд хийж, сэгсрээд будаатай хуурга болгочихсон. Гэтэл эдгээр нь бүгд тусдаа ойлголт, өөр, өөрийн онолтой. Монгол Улс ардчилсан, чөлөөт зах зээлд шилжсэн гэх боловч үнэндээ эдийн засагт төрийн эрх мэдэл хэвээрээ байна.

Хагас социалист маягийн тогтолцоо эдийн засагт үйлчилж байна. Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөнө. Нөгөөтэйгүүр төр-хувийн хэвшлийн хамтрал нэртэй картелжсан төрийн монопол эдийн засгийг бий болгочихсон. Одоогийн ийм системийг олон улсад кронизм гэдэг дээ.

-Таны хариултаас дүгнэвэл Монгол хагас эрх чөлөөтэй улс юм байна гэж хэлж болох уу?

-Болно. Хэдийгээр иргэд чөлөөт сонгууль өгдөг ч үг хэлэх эрх чөлөө нь чөлөөтэй бус, эдийн засгийн эрх чөлөө нь хязгаарлагдмал, бүр өдөр ирэх тусам хумигдсаар ч байна. Хэн нэгнийг халамжаар тэтгэж, халамжийн төр байгуулж байна гэдэг чухамдаа бусдын ажил хөдөлмөр хийх урам зоригийг мохоож, үгүй хийж байгаа хэлбэр. Халамжийн бодлого улс орныг сүйрүүлдэг, сүйтгэдэг. Бэлэн мөнгө, ногдол ашиг тараах, ахмадын зээл тэглэх нь эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах бодлого биш. Харин ч эсрэгээрээ хүний ажил хөдөлмөр хийж, өөрийнхөө өмнө хариуцлагатай байх үүргийг төр өөртөө үүрч байгаа нь чухамдаа хувь хүний эрх чөлөөг нь булааж авч буй явдал юм. Хэрэвзээ хүн ажил хөдөлмөр эрхлэх бүрэн чадвартай атлаа төрөөр халамжлуулж байвал тэр хүн эрх чөлөөгүй л гэсэн үг. Ер нь төрийн өндөр албан тушаалтнууд иргэдийг халамжлах нэрээр асар их мөнгийг хулгайлж, хувааж иддэг болсон. Төсөв үргэлж данхайн томорч байгааг жил бүр л харж халаглаж байгаа биз дээ.

-УДШ-д Либертари нам хамгийн отгон нам болж бүртгүүлсэн. Мэдээж, улс төрийн нам байгуулсны гол зорилго улс төрд хүч үзэх байх, тийм үү?

-Либертари намыг байгуулсан гол зорилго эрх чөлөөний үзэл санааг олон нийтэд хүргэхийг хүссэн. Энэ үзэл санааг иргэд ойлгож байж л жинхэнэ утгаараа эрх чөлөөгөө эдлэх нөхцөл бүрдэх юм. Төрөөс хамааралгүй амьдрахыг хүснэ. Төрийн аливаа сайхан үлгэрт хууртагдахгүй. Монголд үзэл санааны хувьд сөрөг хүчин гэж алга. Хоёр том масс гишүүнчлэлтэй нам нь улс төрийн бодлогоо өвөр түрийдээ ороод тодорхойлоод явчихдаг. Бид 2028 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Чадвал УИХ-д намын төлөөлөлтэй болно гэсэн төлөвлөгөөтэй байна. Үзэл санаа маань өөрөө сөрөг хүчин байх нөхцөлийг зайлшгүй шаардаж байна. Манай нам массын гишүүнчлэлтэй биш. Гэхдээ давуу тал нь үзэл санаандаа үнэнч гишүүд, дэмжигчидтэй.

-Либертари нам тэгвэл сонгогчдод юу амлаж чадах вэ?

-Мэдээж эрх чөлөө. Хувь хүн өөрийнхөөрөө амьдрах боломж. АН, МАН хоёр мөнгө, халамж амалдаг. Харамсалтай нь, тэр хэрээр эргээд улс орноосоо хулгайлдаг, улс орноо тонодог систем угсарсан. Бааснууд. Хэр их халамж амлана, тэр хэрээр хулгайлна. Сонгууль дөхөхөөр л төсвийг томруулж, цалин, тэтгэвэр нэмнэ. Иргэдэд орон сууц амлана. Хөдөөд хэрэгтэй, хэрэггүй байшин барьж өгнө. Зээлийг нь тэглэнэ, хохирлыг нь барагдуулна. Масс гишүүнчлэлтэй намууд ингэж л иргэдийг худалдан авч, нийгмээ ялзруулдаг. Бузар новшнууд. Сонгогчдын 40%-ийн саналыг энэ маягаар худалдан авч, эрх мэдэлд хүрдэг юм билээ. Харамсалтай нь, Монгол Улс авлига, хулгайдаа ялзарсан нь иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг данхар төрөөр хязгаарлаж боомилсны үр дагавар. Эдийн засгийн эрх чөлөөгүй иргэд эцэстээ улс төрийн эрх чөлөөгүй болдог нь цаг хугацааны л асуудал болдог.

-Улс төрд ороод ирэхээр зарим намын, зарим улстөрчийн баг хуулардаг. Олон улстөрч өмнөх байр сууринаасаа ухарсан, буцсан жишээ үй түмээрээ бий. Танай нам УИХ-д суудалтай боллоо гэхэд АН, МАН-ын утсан хүүхэлдэй болохгүй гэсэн баталгаа байна уу. Та өнөөдрийнхөө ярьж байгаа үзэл санаанаасаа маргааш урвахгүй байж чадах уу?

-Бусад хүмүүс ямар үйлдэл гаргахыг би мэдэхгүй, өмнөөс нь баталгаа өгч чадахгүй. Гэхдээ либертари үзэл санаа хүнээс өндөр ёс зүйг шаарддаг. Зүүний хүчнийхэн зөвхөн эрх мэдэлд горилж тэмүүлдэг бол либертари үзэл санаа эрх чөлөөг тэргүүн эгнээнд тавьдаг. Энэ утгаараа том ялгаатай гэж би итгэдэг. Ер нь бол худалдагдах магадлалтай хүмүүс ганц улс төрд бус нийгмийн бүх салбарт байдаг. Шуудхан хэлэхэд хувь хүн хэдий чинээ дутуугийн болоод эдийн засгийн асуудалтай байна төдий чинээгээр аюултай болохыг би бусдаас одоо л харж, ухаарч сууна. Энэ бол миний хувийн бодол шүү.

Харин ганцхан зүйлийг мэдэж байгаа нь би Либертари намын даргаар ажиллаж байгаа үедээ энэ намыг халаасны нам болгохгүй. Мөн үзэл санааны туг болгохын төлөө явна гэдгийг өөрийнхөө итгэл үнэмшлээр хэлж байна. Би мөнгө олох гэж, эрх мэдэлд очих гэж нам байгуулаагүйгээ бардам хэлж чадна.

Үнэндээ МАНАН бол ялзарсан хэдэн дарганцаруудын овоолго шүү дээ.

-Монголд баруун төвийн үзэлтэй гуравдагч нам нийгмийн нэг эрэлт хэрэгцээг үүсгэж байна. Товчхондоо, ус агаар мэт хэрэгтэй байгаа. Гэвч харамсалтай нь, том намуудын тоглоом болж дуусах нь олонтаа. Жижиг намуудын туулж ирсэн зовлонг харахад улс төрийн бүлэглэл, эсвэл АН, МАН-ын хоорондох нохойд барьдаг мод болох нь бий?

-Монголын дийлэнх жижиг намын туулж яваа гашуун зовлон юм даа. Ер нь бол баруун төв ч биш "center-right" буюу төвөөс баруун гэсэн санаа. "Төв" гэх үзэл өөрөө прагматик бөгөөд хэнтэй ч зөвшилцөж чадна. Ялангуяа масс гишүүнчлэлтэй намуудын хувьд үргэлж л тохиролцдог. Жижиг намууд хөрөнгө мөнгөгүйгээс болоод том улс төр хийж чаддаггүй нь томчуудын утсан хүүхэлдэй болоход хүргэдэг тал бас байдаг байх. Нөгөө талаар Монголд хэдий олон нам байдаг ч үзэл санаа нь ерөнхийдөө зүүний гэж би боддог. Тиймээс улс төрийн баруун жигүүрийн гуравдагч намын эрэлт хэрэгцээ нийгэмд асар их байна. Эрх чөлөөнд дуртай, ойлгодог сонгогчид АН, МАН-аас залхсан. Тэд үзэл санаатай, үзэл баримтлалтай улс төрийн намыг хүсэж байгаа байх.

Аргентин улс либертари Ерөнхийлөгчтэй учраас тэнд болж буй үйл явдлыг би их анхаарч хардаг. Милейн хэрэгжүүлж буй бодлого улсаа сүйрлээс гаргаж чадаж байна. Төрөө цомхон болголоо, татвараа буурууллаа. Тус улсаас суралцах юм дэндүү их байхад Монгол бүр эсрэгээрээ яваад байна л даа. Либертари нам ямар ч байсан бусдын цүнхний нам болохгүй. Бүлэглэлийн зодооны хэрэгсэл болохгүй. Мэдээж, олон жил Засгийн эрх барьсан, төрийн аппаратыг бүхэлд нь атгасан том намуудтай өрсөлдөх амархан байхгүй. Эдгээр намууд баруун, зүүн гэхээсээ илүү баян, ядуу гэсэн хоёр туйлд л хувааж байна. Гэхдээ бид хичээнэ. Холын урт зам, үзэл санаа, үнэт зүйлс маань байна. Либертари нам ИЗНН, ХҮН, Үндэсний эвсэл шиг худалдагдах вий гэсэн болгоомжлол, хардлага байгааг ойлгоно. Гэхдээ манай нам дүрэмдээ энэ талаар маш хатуу заалт оруулсан. Хоёрт, УИХ-д бид яагаад төлөөлөлтэй болох ёстой вэ гэвэл данхар төрийн эсрэг дуу хоолойгоо чуулганы танхимаас хүргэх ёстой. Тэгж байж энэ үзэл санааг олон хүмүүст хүргэж чадна. Эрх чөлөөний дуу хоолойг Төрийн ордноос сонсгох шаардлагатай байна.

-Олон нийтэд танигдахгүйгээр улс төр хийх боломжгүй. Тиймээс танай нам сонгогчдын саналыг авахын тулд танигдах ёстой. Гэхдээ яаж танигдах вэ гэсэн арга барил чухал. Зарим хүмүүс популизм хийж гарч ирдэг. Энэ нь дийлэнх сонгогчдод таалагддаг болохоор тэр байх. Харин танай намын үзэл баримтлал өөр шүү дээ. Популизм хийхгүйгээр хэрхэн танигдах вэ?

-Бодсон, төлөвлөсөн зүйлүүд бий, бий. 2028 он бараг хаяанд ирлээ дээ. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэхдээ парламентад суудалгүй болохоор бидний хувьд нөлөө багатай. Ирэх жилээс намаа олон нийтэд таниулах ажил руу идэвхтэй ороод явах төлөвлөгөөтэй байна. Манай намын бусдаас ялгарах онцлог нь нөгөө л үзэл санаа. Үзэл санаа гэж хоёрхон үгийн цаана асар том онол, суурь мэдлэг, түүхэн баримтууд бий. Түүнийг Монголын улс төрд нутагшуулах зорилготой юм. Ажиглахад залуучуудад үзэл санаа руу чиглэсэн контент их таалагддаг юм байна. Харин ахмадуудын дийлэнх нь хоёр том намдаа хайртай юм байна. Судалгаанаас харвал 18-40 насныхан Монголын улс төрийн сонгуулийг шийддэг юм байна лээ.

-Монголд талцалгүй салбар, хагаралгүй нам алга. Сураг сонсох нь ээ, танай нам ч бас дотроо мэр, сэр зөрчилтэй байгаа сонсогдоно лээ?

-Нам бол амьд организм. Янз бүрийн асуудал яригдана. МАН шиг том хагарсан хэрүүл манай намд алга. Либертари намыг зөрчилтэй байгаа мэт харагдуулах гэсэн ганц нэг хүмүүсийн хов жив төдий асуудалд би хариулт өгөх нь утгагүй. Надад сонин ч биш байна. Мэдээж, улс төрийн нам учраас дүрэм, журамтай. Намын Удирдах зөвлөл, гүйцэтгэх зөвлөл, хяналтын зөвлөл харилцан нэгнийгээ хянах тогтолцоог дүрэмдээ оруулж өгсөн.

-Та түрүүнд хэлсэн, Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей төрөө цомхотгож улсаа дампуурлаас аварч чадлаа гэж. Монголд эсрэгээрээ төр улам данхайж буй гол шалтгаан юу вэ?

-Манай улс уул уурхайгаас хамааралтай болохоор нийт эдийн засгийн 70-80% нь төрийн эдийн засаг болчихсон байна. Үүнийг л Голланд өвчин гэж нэрлээд байгаа юм. Байгалийн нөөцийн экспортоос хэт хамааралтай болж, бусад салбар хаягдаж байна. Худалдаа, үйлчилгээний салбар жилээс жилд тэлэх бус улам хумигдсаар байна. Төр нь данхайхад зардлаа танахгүй, дээр нь халамж амлаад байвал сүүлдээ тэрийгээ дийлэхээ больдог. Дийлэхээ болихоор улс орон өрийн хавханд ордог. Дандаа алдагдалтай төсөв баталдаг гэсэн үг. Тэр алдагдалтай төсвөө нөхөхийн тулд ямар нэгэн байдлаар зээл авдаг эсвэл төв банкаар дамжуулж мөнгөний нийлүүлэлтийг өсгөдөг. Энийг төрийн оролцооны спираль гэж нэрлэдэг. Эдийн засагт төрийн оролцоо хэдий чинээ их байна тэр хэмжээгээр хямралыг бий болгоно. Тэр хямралыг даван гарах дараагийн арга нь бүр илүү том төрийн оролцоог шаарддаг. Төр данхайж төсвийн алдагдал томорсоор байгаад улс орнууд дампуурдаг. Хамгийн аюултай нь эцсийн бүлэгтээ өөрөө өөрийгөө аваад явах чадваргүй сул иргэдтэй болдог. Залуус гадагшаа олноороо явах боллоо. Сүүлийн хэдэн жилд 80 мянган иргэн гадагшаа дүрвэсэн гэв үү дээ.

-Хэт их эрх чөлөө нийгэмд эргээд сөргөөр нөлөөлөхгүй юу?

-Үндсэн хуулийн суурь зарчимд хувийн өмчийг, хүний эрх чөлөөг хамгаална гэж зааж өгсөн. Хэнээс үү гэхээр төрөөс, олонхоос, нийгмээс хамгаалах юм. Төрийн үүрэг нь манаач. Товчхондоо хоточ банхрын үүрэгтэй. Гэр, малаа хамгаалуулахын тулд нохойтой байдаг шиг бид нарын өмч хөрөнгийг хамгаалахын тулд зайлшгүй сэргийлэх байгууллага байж таарна. Тиймээс цагдаа цэргийн байгууллага нь хүчтэй байх ёстой. Тусгаар улс орон тул хилийн дархан байдлаа цэргүүд хамгаалах учиртай. Цаашлаад нийгмийн асуудал, хүн хоорондын харилцааг зохицуулах үүднээс хууль шүүх байгууллага байх ёстой. Ийм гурван үндсэн гол зүйлийг л төр хийх ёстой. Төр бидний амьдралд оролцоод, надаас татвар гэж авсан мөнгөөр өөр нэгнийг хооллохдоо дундаас нь хулгайлж, ялзарч байгааг бид эсэргүүцээд байгаа юм.

-Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд тараана, тараахгүй гэсэн талцал нийгмийн гол тренд сэдэв болж байна. Бүтэн сар маргалдлаа. Таны хувьд аль талд нь байна вэ?

-Хулгайчид мөнгө өгөх үү, иргэдэд мөнгөө зарцуулах эрхийг нь өгөх үү гэж маргалдаж байна гэж ойлгосон. Хэрэвзээ Оюутолгойн ногдол ашгийг бүтээн байгуулалт буюу төсөл хөтөлбөрт зарцуулах юм бол хулгайч нарт л мөнгө өгнө гэсэн үг. Иргэдэд өөрсдөд нь өгвөл юу хийх нь тэдний дур гэж байгаа бололтой. Эдийн засгийн агуулгаараа хоёулаа мөнгөний нийлүүлэлтийг өсгөнө. Энд таван төгрөг өгөх, тэнд таван төгрөг өгөх адилхан. Мөнгөний нийлүүлэлт өснө гэдэг инфляц өснө гэсэн үг. 800 мянган төгрөг аваад халаасандаа хийлээ гэхэд төд удалгүй сая гаруй төгрөг болоод халааснаас чинь гарна. Хамгийн аюултай нь инфляц хэр удаан дээшээ өсөхийг хэн ч таахгүй. Өнгөрсөн жил килограмм нь 20 гаруй мянгын үнэтэй байсан мах энэ жил 35 мянга болоод тогтчихлоо. Уг нь бол минийхээр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, ажил хөдөлмөр хийдэг татвар төлөгчдийн дарамтаас бага ч атугай авч хаяхад зарцуулчих хэрэгтэй. Энэ нь баялаг бүтээж байгаа салбарынхан, өрхийн орлогод сар бүр 10%-ийн хуримтлал үүсэх боломжийг бүрдүүлнэ. Эсвэл хувьцаа хэлбэрээр олгочих ёстой юм. Хувь хүн тэрийгээ зарна уу, хадгална уу, урт хугацаандаа дарна уу, тэр нь чөлөөтэй гэх мэтээр хуримтлал үүсгэж болно. Бодит хуримтлал үүсгэвэл мэдээж сайн.

-Таны хамгийн их шүүмжилдэг сэдэв татварын дарамт. Гэхдээ зарим хүмүүс Монголд татварын дарамт харьцангуй бага гэдэг шүү дээ?

-НӨАТ, орлогын албан татвар, нийгмийн даатгал бол шулааны схем. Тэр тусмаа НДШ ирээдүй хойч үеэсээ зээлж буй понзийн схем. Цэвэр дээрэм. Зүй нь хувийн даатгалын системээр хувийн дансны аргаар өөрөө өөрийнхөө мөнгийг өсгөөд явах нь бүрэн нээлттэй байх ёстой. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн татварыг 10%-иар буруулах юм бол гурван их наяд төгрөг хэрэгтэй гэсэн. Одоо энэ хэрэлдээд байгаа Оюутолгойн ногдол ашиг гурван их наяд гэж байна. Зөв шийдэл нь энэ мөнгийг иргэдэд бэлэн тараах бус татварын дарамтыг багасгахад нь зарцуулчих хэрэгтэй юм. Нөгөөтэйгөөр НӨАТ бол хамгийн хорон татвар. НӨАТ батлагдсан цагаас хойш төр улам данхайн томорч, иргэдэд ирэх татварын дарамт нэмэгдсэн. Ихэнх компани НӨАТ-ын өртэй. Өрөө төлөхгүй бол дансыг нь автоматаар хаадаг дарангуйллын систем тогтчихсон. Хувийн хэвшлийн ажил явуулах нөхцөлийг НӨАТ-аар хаадаг байж болохгүй. Манай намд зөндөө залуучууд байна. Бүгд шахуу л НӨАТ-ыг харааж байна. Яг ашиг орлого олох гэхээр хамгийг нь аваад явчихдаг гэж халаглаж байна. Бусад татвар яах вэ, сонин биш. Эдгээр гурван татвар нийлээд ажилтан, ажил олгогч 2-оос 40 гаруй хувийн татвар авчихаж байгаа юм. Хамгийн гол нь татвар буурууллаа гээд төрийн зардал нь том байвал тэнд өрийн хавх үргэлжилсээр байдаг.

-НДШ ажил олгогчдод том дарамт болдог нь үнэн. Үүнийг ажилтанд хохиролгүй, ажил олгогчид дарамтгүйгээр яаж шинэчлэх ёстой вэ?

-Шинэчлэлийг яаж хийх үү гэхээр хувийн нийгмийн даатгалын системийг бий болгох замаар дараа дараагийн татвар төлөгчдөд сонголтыг нь нээгээд өгчих хэрэгтэй. Алгуурхан цаг хугацааны явцад шилжилт хийхгүй бол нэг дор шилжих боломж байхгүй.

-Ардчилсан намд та их шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ танай намын үзэл баримтлал Ардчилсан намтай ойролцоо биш гэж үү?

-Ардчилсан намыг шүүмжлэх их олон зүйл байна. Хүүхдийн мөнгийг Ардчилсан нам санаачилсан. Нийт халамжийн 60%-ийг Ардчилсан нам санаачилсан. НӨАТ-ыг Ардчилсан нам бий болгосон. Хүний хөгжлийн сан гээд нэг балай юмыг Ардчилсан нам анх бий болгосон. Ипотекийн хөтөлбөрийн Ардчилсан нам санаачилсан гэх мэтчилэн улс орныг өрөнд, төрийн оролцооны спиральд оруулах нөхцөлийн суурийг Ардчилсан нам тавьсан. Ер нь АН, МАН хоёрын дунд бодлогын зөрчил үүсэж байсныг би мэдэхгүй. Яагаад гэвэл нэг ч удаа татвар буураагүй, нэг ч удаа төр жижгэрээгүй зөвхөн яамдын тоо нэмэгдэж томорсон. Нэг ч удаа мөрийн хөтөлбөртөө хэлсэн зүйлээсээ биелүүлсэн юм байхгүй. Бааснууд! Би гол, том амлалтуудыг нь ярьж байна л даа. Жишээ нь, ДНБ-ий 25%-тай тэнцэхүйц хэмжээгээр төрийн зардлыг бууруулна гэж ярьж байсан, одоо байхгүй. Гэх мэтчилэн түүхэн бүх амлалтыг нь шүүгээд үзэхээр зүүний бүх бодлогыг АН давамгайлж явуулж байжээ. Энэ нь баримтаар нотлогдож байна. АН-ыг өмөөрөх ганц зөвтгөл байдаг нь 1996-1998 оны хооронд татварыг тэглэж байсан. Тэрийг М.Энхсайханы Засгийн газар хийж байсан. Тэр хооронд ганзагын наймаа, худалдаа арилжаа чөлөөтэй болж асар олон хүмүүс бизнестэй болсон, баялаг бүтээгчид бий болсон. Харамсалтай нь, 2000 оноос буюу Н.Энхбаярын үеэс эхлээд төр буцаад завхарсан. Уг нь тэр 2 жилд л ганц удаа ногоон гэрэл ассан байхгүй юу. Тэр эрчээрээ явсан болоосой.

-Ингэхэд Ардчилсан нам өнөөдөр сөрөг хүчнийхээ үүргийг хийж чадаж байгаа юу. Монголд сөрөг хүчин байна уу?

-Ардчилсан нам бол сөрөг хүчин биш. Зүүнтнүүдийн овоолго! МАН-тай хамтраад засаг барьсан нам. Одоо ахиад МАН-ын өвөрт орох тухай яриа явж байна. 2024 онд МАН, АН, ХҮН нам хамтарч идэж уухаа тохирсон байсан. Дараагийн сонгуулиар ч энэ гурван нам тохиролцоно, ойлгомжтой. Өмнөх сонгуулиар жагсаалтад орсон гишүүдийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Женко.Баттулга гурав зурсан гэдэг. Дараагийн сонгуулиар хэн, хэн зурах нь ч тодорхой.

Харин манай нам чинь өөрөө жинхэнэ сөрөг хүчин байх цэвэр үзэл санааны тэрслүү нам юм аа. Бид түүх бичиж үлдээнэ. Баруун зүүний ялгаа чинь хоёр эсрэг тууль болохоор хэзээ ч нэгнийгээ бөөцийлөхгүй.

Харин масс гишүүнчлэлтэй намууд олон улсад нэг бүхэл ялзарсан тогтолцоо болчихсон. Ардчилал үнэндээ баруун зүүндээ биш, иргэдийн эсрэг эрх мэдэлтнүүд, мөн баян ядуу гэсэн хоёр туйлд л хувааж байна. Зүүнтнүүд ийм л байдаг. Монголд барууны хүчин хэзээ ч байгаагүй болохоор одоохондоо хүмүүс мэдэхгүй байх шиг байна. Яг цэвэр үзэл санаатай барууны хүчин бол манайх.    

-Тэгвэл Монголд улс төрийн нам байхгүй, улс төрийн бүлэглэл бий гэдэгтээ санал нийлэх үү?

-Дээрэмчдийн бүлэглэл байна, хулгайчдын бүлэглэл байна. Масс гишүүнчлэлтэй намаас ер нь хулгайч, хог шаарууд л гарч ирдэг. Фридрих Хайекын номон дээр бичсэн байдаг. АН-ынхан манай намын 200 мянган гишүүд ажилгүй, гудамжинд байна гэж ярьж байхыг олон сонссон. Тэгж ярьж байна гэдэг чинь тэдгээр хүмүүсийн амьжиргааг намаар дамжуулж шийддэг гэсэн үг шүү дээ.

-Яагаад анх улс төр рүү орох болов?

-Үзэл санаа их нөлөөлсөн дөө. Бидний хэсэг залуус төрийн бус байгууллагаар үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Ном орчуулж гаргаж, онол, номлол, түүхэн баримтуудыг судлаад ирэхээр энэ үзэл санааг түгээх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. Тэгвэл илүү олон хүнд хүрэх юм байна, ялангуяа улс төрийн тавцан дээрээс хэлэх юм бол хамгийн том нөлөөтэй юм байна гэдгийг олж харсан. Яваандаа Аргентиний ерөнхийлөгч Хавьер Милей ч бас нөлөөлсөн байх. Энэ хүн 2019 онд La Libertad Avanza гэдэг намаа байгуулж байсан юм. Тэгээд би өөрөө улс төрөөр оролдохгүй л бол улс төр надаар оролдож таарах учраас үзэл санаагаа түгээхийн тулд либертари залуустайгаа улс төрийн нам байгуулсан даа. Улс төрийн намыг нэг хүн биш, итгэл үнэмшилтэй олон залуус нийлж байгуулдаг. Бид цэвэр органикаараа яваа улс төрийн хүчин гэдгийг онцолж хэлье.  

 
Э.Жагар

Э.Жагар

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ц.Оюунгэрэл: Би уух усныхаа төлөө, Х.Нямбаатар хулгайн мөнгөнийхөө төлөө тэмцсэн

Ц.Оюунгэрэл: Би уух усныхаа төлөө, Х.Нямбаатар хулгайн мөнгөнийхөө төлөө тэмцсэн

Өөрийн дуу хоолой, үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг цөөхөн эмэгтэй улстөрчийн нэг бол Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл юм.

Nov 10, 2026

Ж.Оюунбаатар: Монгол, Германы стратегийн түншлэлийг бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх нь айлчлалын гол зорилго байлаа

Ж.Оюунбаатар: Монгол, Германы стратегийн түншлэлийг бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх нь айлчлалын гол зорилго байлаа

О.Баасанхүү: Н.Алтанхуяг хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох хуулийг санаачилсан хүн шүү дээ

О.Баасанхүү: Н.Алтанхуяг хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох хуулийг санаачилсан хүн шүү дээ

“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил”

“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил”