2026 оны 4-р сарын 3
2026 оны 3-р сарын 29
2026 оны 3-р сарын 31
2026 оны 3-р сарын 31
2026 оны 4-р сарын 2
2026 оны 3-р сарын 31
2026 оны 4-р сарын 2
2026 оны 3-р сарын 31
2026 оны 4-р сарын 2
2026 оны 3-р сарын 30
2026 оны 3-р сарын 30
2026 оны 3-р сарын 30
2026 оны 3-р сарын 29
2026 оны 4-р сарын 2
2026 оны 3-р сарын 29


Хаврын улс төрийн "галтай” зэрэгцээд мега төслүүд хөдөлж байна. Тухайлбал, Хотын дарга Х.Нямбаатарын зарласан 2.3 их наяд төгрөгийн төсөвтэй “Туулын хурдны зам” төсөл. Гэвч 32 км замыг 2.3 их наяд төгрөгөөр барина гэх тооцоолол, байгаль орчны үнэлгээний маргаан, гүйцэтгэгчээр шалгарсан компанийн түүх гээд асуудал дагуулсан энэхүү төслөө хотын дарга "хүч түрэн" эхлүүлээд байгаа.
Х.Нямбаатар ба хятад "нинжа"
Иргэдийн эргэлзээг хамгийн их төрүүлсэн зүйл гэвэл гүйцэтгэгчээр шалгарсан “ХаоЮань” групп нь 2025 оны 8-р сард байгуулсан “ХаоЮань женерал констракшн”-аараа дамжуулан ажлаа ч эхлээгүй хэрнээ 2025 оны 8-р сараас 2026 оны 2-р сар хүртэл нийт 435 тэрбум төгрөг нийслэлээс авсан нь баримтаар ил болсон. Ийн нээлттэй тендерийн хуулийн шалгуурыг үл тоон, цоо шинэ компанид хэдэн зуун тэрбум төгрөг шилжүүлсний цаана авлига, ашиг сонирхлын зөрчил байна уу гэх хардлага дагуулаад байна. Нийслэлийн мега төслүүд дээр дийлэнхдээ БНХАУ-ын компаниудыг сонгож байгаа нь ил бий.
Хятад компаниуд гүйцэтгэгчээр шалгарсан төслүүд:
Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц- БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл-"China Railway No.4 Engineering Group"
“Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл”- БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК
Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа төсөл
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл:
-Багц 1- БНХАУ-ын “Хоёр дахь металлурги групп корпораци” ХХК
Багц-2 БНХАУ-ын “Барилгын зургаадугаар инженерийн товчоо” ХХК
Туулын хурдны зам төсөл –БНХАУ-ын "ХаоЮань" групп
Дулааны V цахилгаан станц төсөл- БНХАУ-ын “Митайм Интернэйшнл” компани
Нэгдүгээр тойрог зам төсөл - “China first highway engineering company limited”, “Shandong Luqiao Group Co., Ltd”, “China Railway 16th Bureau Group Co., Ltd”,“Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” санал ирүүлсэн
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ- Гуандун мужийн “Зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл- БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг” групп ба “Бээжин констракшн инженеринг” групп консорциум
“Хог шатааж эрч хүч гаргах үйлдвэр” барих төсөл- “Рэншоу Сычуань” ХХК гэх мэт .
Зээлийнх, төсвийн хөрөнгө оруулалтынх гээд ямар ч хэлбэрийн санхүүжилттэй байсан Монгол Улс төлөх л мөнгөн дүн.
Дээрх төслүүдээс Монголын компани чадахгүйдээ гэсэн нь бараг үгүй. Гэвч дотоодын компани энэ тендерт шалгарсан бол “луу унжина” гэгчээр ажлаа дууссан хойно ч санхүүжилт нь бүрэн хийгдэхгүй. Олон компани нь төрийн захиалгат ажил гүйцэтгээд санхүүгийн хүндрэлд орсон жишээ бий. Амиа хорлосон компанийн захирал ч байдаг. Гэтэл гадаадын компанид хэдэн зуун тэрбумаар нь урьдчилгаа олгосон нь дотоодын компаниудын хувьд дэндүү гомдмоор “дабль стандарт”.
Монголын улстөрчид олон жил төр хувийн хэвшлийн түншлэл гэх “гоё” үгээр дотоодын компаниудаа хуурчээ. Бодит байдал дээр хувийн хэвшлээ татвараар, дүрэм журмаар, хууль хяналтаар дарамталсаар өнөөдрийг хүрсэн.
Монголчууд чадна, гэхдээ хотын дарга нар хүсэхгүй!
Тоон дүнгээр ЗТЯ-нд бүртгэлтэй авто замын зураг төсөл, барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй 721 компани байна. Барилгын салбарт 5721 компанийн тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байгаа аж. Олонх нь биш ч 20-30 жилийн туршлага хуримтлуулсан, инженер, тоног төхөөрөмжийн чадавхтай компани цөөнгүй.
Хөшигийн хөндий чиглэлийн 32 км хурдны замын барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж капитал” ХХК гэх үндэсний 3 компани 2018-2019 онд ажилласан байдаг. Монголын анхны хурдны зам дээр монгол компаниуд ажиллаж, төслийг амжилттай хүлээлгэж өгсөн. Тэд өнөөдөр боловсон хүчин, техник хэрэгсэл, технологи, туршлагаар бусадтай өрсөлдөх хэмжээнд хүрсэн байх ёстой.
“Улаанбаатар метро” төслийн тендерийн эхний шатанд Монголын 3 компани санал ирүүлснийг харахад “бид хийж үзээгүй” гэж хойш суулгүй тэд чадна гэдэг итгэлтэй болжээ.
Төр хэрвээ хүсвэл мега төслөө үндэсний компаниудад даатгаж болдгийг Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын барилгын ажлаас харсан. Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулаад л шууд "Бодь"-д өгчихсөн.
Мега төсөл гэдэг нэг талаас манай барилга, замын салбарт ажилладаг компаниудад “томрох” боломж. Гэвч төр нь тэдэнд итгэдэггүй. Үнэндээ, Монголд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтууд монгол компаниудад мөрөөдөл хэвээр байна.
Монголын төр нэг бол хувийн хэвшилтэйгээ зэрэгцээд бизнес эрхэлж, эсвэл том ажлаа бусдад даатгаад байвал хувийн хэвшил хэзээд нь өсч өндийх билээ.
Дотоодын компаниуддаа боломж олгож, итгэж чадвал маргааш бид эдийн засгийн тусгаар тогтнолын талаар бардам ярьж чадна. Төсвийн мөнгө дотооддоо үлдэж, айл гэрийн хаалгаар орно. Хоолны газарт, хүүхдийн сургалтын төлбөрт очино. Дотоодынхоо том төсөл дээр ажиллаж байж аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд өрсөлдөнө. Нийгмийн даатгал, НӨАТ гээд татвар нь ядаж Монголдоо үлдэх юм.
Гэтэл “Туулын хурдны зам”, Сэлбэ хороолол зэрэг том төслүүдээ хятад "нинжа" нарт даатгах нь ардаа олон асуудал ба асуулт дагуулсаар байгаа юм.
Адаглаад бордюр “харамласан”. Хамгийн сүүлд 4-р сарын 2-ны өдөр “Нэгдүгээр тойрог зам” гэх төсөлд ч Хятад компани л оржээ. Өнгөрсөн жилээс шахмал түлшээ хүртэл Хятадад даатгасан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Цахилгаан дулааны тавдугаар станц, Цэвэрлэх байгууламж гээд ус, цахилгаан, дулаан, зам гээд бүгдийг нэг “гарт” атгуулчихлаа.
"Бодь" ба хот
"Бодь"-д Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асантай “ойр” байсан учраас бусдаас илүү эрх, "боломж" олдсон. Харамсалтай нь, авлига нь $110 саяар яригдаж байгааг харахад үүн шиг ичгүүр үгүй.
Монгол Улс үнэхээр "мега" төсөл хэрэгжүүлж байгаа бол төрчдийн хормой, халаасны компани биш мэргэжлийн чадварлаг компанидаа итгэж, мега төслийнхөө хаалгыг нээж өгөх цаг нь болсон. Ядаж л дагаад суралцах, хамтраад ажиллах боломж олгохгүй бол цүнхний компани нэмэгдсээр байх нь.
Хятад улс 2025 онд гадаад дахь барилгын ажлын гэрээний дүнгээр $128 тэрбумд хүрч дээд амжилт тогтоосон. Нигери, Саудын Араб гээд тэдний харилцагч олон улсын нэг нь Монгол. Гэхдээ гүүр, туннель гэх мэт төслүүд болон эрчим хүчний салбарт Европын орнууд тэргүүлдэг.
Тэнцвэрт байдлаа хангаж чадахгүй, бүх тендерээ нэг улсын компаниудад өгсөн нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал босох вий гэж анхааруулахад ч гэмгүй.
Тендерийн тухай хуульд хэдийгээр дотоодын компаниудад давуу эрх олгох тухай байдаг ч “мега” төслүүд дээр энэ заалт үйлчилдэггүй. Нэгэнт хуулийг шинэчлэн найруулах тухай яригдаж байгаа учраас энэ асуудлыг ч хөндөх шаардлагатай гэдгийг төр түшилцэж байгаа эрхмүүд нь харж тунгааж байгаа гэж итгэе.
Гол нь, гадаадын компанид давуу эрхтэй урьдчилгаа олгодог, дотоодын компаниа “санхүүжилт байхгүй” гээд хөөгөөд гаргадаг “дабль стандарт”-ыг хүлээн зөвшөөрмөөргүй байна. “Цүнхний” компаниас мэргэшсэн, чадвартай компаниа ялгаж салгаж, олон улсын стандартад хүрсэн олон компанитай больё л доо. Яагаад Монгол компанидаа итгэж болдоггүй юм бэ. Хамгийн гол асуулт энэ.
Үндэсний аж ахуйн нэгждээ итгэл үзүүлж байж үндэсний аюулгүй байдлаа ч хамгаалах арга тактик болно.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 3
2026 оны 3-р сарын 29
2026 оны 3-р сарын 31
2026 оны 3-р сарын 31
2026 оны 4-р сарын 2
2026 оны 3-р сарын 31
2026 оны 4-р сарын 2
2026 оны 3-р сарын 31
2026 оны 4-р сарын 2
2026 оны 3-р сарын 30
2026 оны 3-р сарын 30
2026 оны 3-р сарын 30
2026 оны 3-р сарын 29
2026 оны 4-р сарын 2
2026 оны 3-р сарын 29