2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22


ЗГХЭГ-аас “Төрийн өмчит 109 компанийн нийт орлогын 75%-ийг ердөө 5 компани бүрдүүлдэг” гэж өчигдөр (2026.04.28) танилцуулсан нь системийн гажуудлын бодит дүр зураг юм. Монгол Улсын эдийн засагт төрийн өмчит компаниуд жинтэй хувь нэмэр оруулдаг мэт ярьдаг ч үнэндээ цөөн хэдэн компани дээр тогтдог, асар их алдагдал, үр ашиггүй зардалтай “данхар” бүтэцтэй, мөнгө олохоосоо “угаадаг” байгууллага олон байна. 2020 онд Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцэх үеэр төрийн өмчит компанийг нэмэхгүй байхыг гишүүд уриалаад байв. Ингээд төрийн өмчит хуулийн этгээдийн мэдээллийг нээлттэй болгосон гэх ч тус сайтад 2023 оноос хойш тайлан оруулсан байгууллага алга. Гэтэл авлигатай тэмцэж, төрийн өмчийг цөөлөхөө амласан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “Эрчист Монгол” гэх мэт компани байгуулж, алдагдлыг тэрбум, тэрбумаар нэмсэн байдаг.
Төрийн өмчит компаниудаас гадна орон нутгийн өмчит 300 гаруй компани бий. Дээрээс нь нийслэлийн болон дүүргийн өмчит болон өмчийн оролцоотой 920 гаруй байгууллага байдаг гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас танилцуулсан. Энэ бол гайхуулах үзүүлэлт огт биш.
Төрийн өмчит 109 компани нь 2023 онд төсөвт ₮5.8 их наядыг төвлөрүүлсэн ч үүний ₮4.75 их наядыг нь “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Диспетчерийн үндэсний төв”, “УБТЗ”, “МИАТ” зэрэг 5 компани “олжээ”. Харин 51 нь ₮380 тэрбумын орлоготой, 43 нь алдагдалтай ажиллаж, төсвийн татаасаар “амьдарч” байгаа аж.
Аудитын 2022 оны дүгнэлтээр төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас нийт ₮7.6 их наядын зөрчил, алдагдал илэрсэн нь улсын төсөвт оруулсан орлогоос давсан дүн байх юм. Энэ бол төрийн өмчит компани хулгай, ашиг сонирхлын зөрчлийн үүр болсныг баталгаа.
Өнөөдөр төрийн өмчит компанид хуудуугүй худалдан авалт хийдэг гэвэл хэн ч итгэхгүй. “Нүүрсний хэрэг”-ээс эхлээд “Туулын хурдны зам” хүртэл тендер зохион байгуулах ажиллагаа манай дарга нарын эрх ашгийн зөрчлийн бодит кейс болон үлдэнэ.
Төрийн өмчид эзний бус сэтгэлгээр ханддагийн тод жишээ бол 2019-2021 онд алдагдалтай ажилласан 9 компанийн удирдлагууд ₮971.9 саяын урамшуулал авсан гэх баримт. Компани нь дампуурлын ирмэгт байхад удирдлагууд нь хээв нэг өндөр шагнал авдаг тогтолцоог нэн даруй зогсоохгүй бол маргааш ахиад л “Алдагдалтай ажиллуулсанд баярлалаа” гээд зуу зуун саяар нь урамшуулна.
Үүнээс гадна “Нийгмийн хариуцлага” нэрээр баяр наадам, бэлэг дурсгал, аялал зугаалгад тэрбум, тэрбумаар нь үр ашиггүй зарцуулсаар байна.
Уг нь, төрийн өмчит компани хамгийн сайн төлөвлөлттэй, хамгийн өндөр сахилга баттай байх ёстой. Гэтэл төрийн компаниуд үр дүнгийн төлөвлөлт хийж сураагүй, тайлан тавьж, ажлынхаа үр дүнг үнэлүүлдэггүй гэж ЗГХЭГ-аас дүгнэжээ.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны санхүүд хийсэн аудитаар нийгмийн хариуцлагын хүрээнд гэх утгаар Орхон, Булган, Завхан, Хөвсгөл аймгийн ЗДТГ, ИТХ-тай байгуулсан гэрээний хүрээнд нийт ₮30 тэрбум 523 сая, спорт, баярын арга хэмжээний төсөвт ₮3 тэрбум 326 сая, “Дарьганга гоёл” ХХК-аас бэлэг дурсгалын зүйл авахад ₮75 сая гэх мэтээр төсвийн хөрөнгийг зарцуулсан байдаг.
Вагон түрээсийн 10 багц тендер зарлахад тухайн үйлдвэрт эрх бүхий албан тушаал эрхэлж байсан хүний компани 9 багцад шалгарсан, Улаанбаатар хотод төлөөлөгчийн газартай атлаа барилгын зураг төсөв боловсруулах ажил гүйцэтгүүлэхээр ₮242.7 сая, үйлдвэр нь 21 хүний бүрэлдэхүүнтэй хуулийн хэлтэстэй ч Өмгөөллийн “Онч нүүдэл” ХХК-аас өмгөөллийн үйлчилгээнд ₮72 саяыг олгож, тендерийн хууль зөрчсөн.
Зөвхөн гадаад 35 томилолтын зардлыг түүвэрлэн тулгахад Сангийн сайдын баталсан гадаад албан томилолтын зардлын хэмжээг ₮207 саяар хэтрүүлэн олгосон гээд нийт 262 тэрбум 898 сая төгрөгийн зөрчил илэрсэн байгаа юм.
Яг үнэндээ, ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниа энэ мэтээр улстөрчид “шимчихдэг”. Төрийн өмч бол эрх баригч намын эсвэл даргынх биш. “Эрдэнэт үйлдвэр” болон бусад томоохон төрийн өмчит компаниуд дээр бугшсан ашиг сонирхлын зөрчилтэй тендерүүдийг таслан зогсоохын тулд үнэлгээний хороо нь даргын хүмүүсээр биш хөндлөнгийн хяналттай байх ёстой ч бодит байдал дээр бахь байдгаараа өнөөдрийг хүрлээ.
Төрийн данхар бүтцийг цомхон болгож, хувийн хэвшлийнхээ өрсөлдөх чадварыг дэмжих нь эдийн засгаа эрүүлжүүлэх гарц гэдгийг дарга нар хангалттай ярьдаг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл боловсруулаад 3 жил гаруй болсон ч хэлэлцүүлэг төдий л явна.
Төр бизнесмэн биш бодлого тодорхойлогч. Стратегийн зайлшгүй ач холбогдолтой, үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбараас бусад салбарт төрийн өмчит компаниудын орон зайг хумьж байж хувийн хэвшилд боломж гаргана. Засаглалыг сайжруулахын тулд ил тод, олон нийтийн хяналттай л болгох нь чухал гэдгийг бид алхам тутамдаа мэдэрч байгаа.
Компанийн удирдлага улс төрөөс томилогддог, хариуцлага хүлээдэггүй, нам тэжээдэг, төлөвлөдөггүй, сахилга батгүй байгаа тохиолдолд мянга сайхан хууль батлаад ч нэмэр болохгүй.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22