2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22


Асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан ч төлөвлөлт болон эдийн засгийн тооцоо, судалгааны алдаа, албан тушаалтнуудын авлига, хулгайгаас болж сүйрсэн хурдны замын төсөл дэлхийд олон. Тэдгээрийн нэг нь Амазоны хурдны зам. Анх, Бразилын ширүүн ой дундуур 4000 гаруй км үргэлжлэх энэ замыг "зууны бүтээн байгуулалт" гэж нэрлэж байсан ч хожмоо зууны сүйрэлд тооцох болсон билээ.
Улс орны эдийн засаг, экологид асар их хохирол учруулсан хурдны замын төслүүдийн талаар цувралаар хүргэж байгаа агаад энэ удаад "The Guardian"-д нийтлэгдсэн Амазоны хурдны сүйрлийн талаарх нийтлэлүүдийг тоймлон хүргэж байна. 1970-аад онд Бразилын цэргийн дэглэмийн үед эхлүүлсэн 4000 гаруй км урт Амазоны хурдны зам нь тус улсын тусгаарлагдмал бүс нутгуудыг холбож, эдийн засгийг тэтгэх зорилготой байв. Гэвч өнөөдөр энэ зам нь хөгжлийн бэлгэдэл бус, харин байгаль орчны эмгэнэл болон үлджээ.
АМАЗОНЫ МӨРӨӨДӨЛ БА БОДИТ БАЙДАЛ: АЛТНЫ ЭРЭЛЭЭС ЭКОЛОГИЙН СҮЙРЭЛ ХҮРТЭЛ
.....Франциско Писаррогийн удирдлага дор алт, шанцай хайж явсан Испанийн байлдан дагуулагч Франциско де Орельяно Амазон мөрнийг бүхэлд нь туулсан анхны европ хүн болсноос хойш энэ сав газар хайгуулчид, адал явдал хайгчид болон суурьшигчдын хувьд баялгийн бэлгэдэл болсоор ирсэн. Орельяногийн тэмдэглэлд дурдсанаар, тэдний аяллын явцад испаничуудтай тулалдаж байсан индиан овгуудын дунд арван эр хүнтэй тэнцэхүйц дайчин чадвартай, урт үстэй, өндөр нуруутай хэд хэдэн эмэгтэй байжээ. Орельяно тэднийг "амазонууд" гэж нэрлэсэн нь дэлхийн хамгийн агуу мөрөн нэрээ авах үндэс болсон юм. Нэрнээсээ гадна Амазоныг хязгааргүй баялгийн эх уурхай гэж үзэх домог олон зууны турш оршин тогтносоор ирэв. 1960-аад онд Ерөнхийлөгч Жуселино Кубичек улс орныхоо дотоод нутаг дэвсгэрийн ашиглагдаагүй нөөц бололцоонд ард түмний анхаарлыг хандуулахын тулд шинэ нийслэл Бразилиа хотыг байгуулжээ. 1970 оны 6-р сарын 16-нд Ерөнхийлөгч Эмилио Гаррастазу Медиси Бразилын ган гачигт нэрвэгдсэн, ядуу зүдүү зүүн хойд мужуудаар зочилсныхоо дараа газар нутаггүй тариаланчдад ширэнгэн ойг нээж өгөх зорилгоор хурдны зам барих тушаал гаргав. Тушаал гаргахдаа тэрээр Амазоны сав газрыг "Ганцаардсан хүмүүст зориулсан эзэнгүй газар" гэж нэрлэсэн нь тэнд мянган жилийн турш амьдарч ирсэн уугуул иргэдийг огт тоомсорлоогүй хэрэг байлаа. Энэхүү шийдвэр нь ирэх арван жилүүдэд төсөөлөөгүй бөгөөд хүсээгүй олон сөрөг үр дагаврыг авчирсан юм.
Медисигийн эхлүүлсэн хурдны замын ажил одоог хүртэл үргэлжилж байна. Ашиглалтад орсон хэсгүүд нь зүүн хойд эргийн хотуудыг 19-р зууны резинэн тэсрэлтийн үеэр баригдсан Манаус хот болон Рондония мужийн Порто Вельо боомттой холбодог. Порто Вельогийн зам баруун тийш Болив, Перугийн хил хүртэл үргэлжилдэг. Замын бусад хэсгүүд нь Манаусыг Перу, Колумб, Венесуэлтэй хиллэдэг бүсүүдтэй холбохоор төлөвлөгдсөн байдаг.
Эдгээр замууд Амазоны сав газар руу гүн орохын хэрээр Бразилын өмнөд болон зүүн хойд мужуудын ядуу, газаргүй иргэд шинэ амьдрал хайж ширэнгэн ой руу нүүдэллэж эхэлсэн боловч энэ нь төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй юм.
Медиси 1974 он гэхэд 70 мянган өрхийг суурьшуулах зорилго тавьсан ч ердөө 6 мянга орчим өрх нүүж иржээ. 1970-аад оны үед Бразилын нийт хүн ам жилд 2.8 хувиар өсөж байхад Амазоны бүс нутгийн хүн ам 6.3 хувиар, харин Рондония мужид бүр 34.2 хувиар өсөж байв. Гэсэн хэдий ч 1970-ад оны эцэс гэхэд Бразилын газар нутгийн 40 гаруй хувийг эзэлдэг Амазоны сав газарт тус улсын нийт хүн амын ердөө 5 хүрэхгүй хувь нь амьдарч байлаа. Үнэндээ Амазоны хүн амын нягтрал Африкийн Сахарын цөлтэй бараг ижил байв.
Амазоны өтгөн ширэнгэн ойг харсан Бразилчууд хэрэв модыг нь цэвэрлэвэл энэ газар "дэлхийн талхны сагс" болно гэж эртнээс итгэж ирсэн. Нүүж ирсэн хүмүүс энэ мөрөөдлийг биелүүлэхийг хичээсэн ч ихэнх тохиолдолд ургац алдаж, тэдний амьдрал орхиод ирсэн газраасаа ч дордов. Суурьшигчид ирэнгүүтээ газар эзэмшиж, ойг бульдозероор нураан эрдэнэ шиш, шош зэрэг ургамал тарьдаг байв. Эхний нэг, хоёр жилдээ ургац гайгүй байдаг ч удалгүй хөрсний үржил шим дуусаж, газар нь хатуу улаан тоосго шиг болж, эсвэл зэрлэг ургамалд идэгддэг байлаа.
Бүс нутгийн бүтээмжийн талаарх цөөн хэдэн судалгаагаар Амазоны экосистемийн эмзэг байдлаас шалтгаалан бүх нутаг дэвсгэрийн ердөө 5 хүрэхгүй хувь нь (гол төлөв голын дагуух хэсэг) хөдөө аж ахуйд тохиромжтой болохыг тогтоожээ. Мэдлэг мэдээлэл дутмаг байсны улмаас ихэнх шилжин суурьшигчид энэхүү экосистемийн эмзэг байдлыг гашуун туршлагаараа, хэтэрхий хожуу ойлгосон юм.
Энэхүү бүтэлгүйтлийн эмгэнэл улам даамжирч, тариаланчид газраа орхин Рио-де-Жанейро, Сан-Паулу зэрэг алс холын хотуудын чинээлэг эздийн төлөөлөгчдөд маш хямд зарах болов. Нүүдэллэн ирсэн өрхүүд ядуу амьдрал руугаа буцах эсвэл уугуул иргэдийн амьдардаг ширэнгэн ойн гүн рүү улам бүр түрэн оржээ.
Үүнээс болж суурьшигчид болон индианчуудын хооронд, мөн суурьшигчид болон резин цуглуулагчдын (serengueiros) хооронд хүчирхийлэл, мөргөлдөөн түгээмэл болов. Чинээлэг эздийн төлөөлөгчид засгийн газрын татаас авахын тулд газрыг бэлчээр болгох зорилгоор уугуул иргэд болон ядуу тариаланчдын газрыг хүчээр булаан авч байв. Амазоныг асар том бэлчээр болгох агуу төлөвлөгөө ч мөн бүтэлгүйтэв. Хөрсний бүтээмж маш бага байсан тул багахан ашиг олохын тулд асар их газар хэрэгтэй байсан бөгөөд удалгүй хөрс нь малын өвс тэжээлийг ч тэтгэж чадахаа байв. Эцэст нь ширэнгэн ой алдсан газар нутгаа эргүүлэн авч, эзгүйрсэн талбайг бүрхэж эхэлсэн юм.
ОРОН НУТГИЙН ЭМГЭНЭЛ БА УУГУУЛ ИРГЭДИЙН СҮЙРЭЛ
1980-аад оны эхээр Ерөнхийлөгч Жозе Сарней Амазоныг үндэсний эдийн засагт нэгтгэхийг хөгжлийн гол зам гэж үзэн замын барилгын ажлыг эрчимжүүлжээ. Тэрээр "Бразил улс хүн төрөлхтний байгалийн дархан цаазат газар болохыг зөвшөөрөхгүй" гэж мэдэгдэж байв. Гэвч нэгэн үйл явдал дэлхийг өөрчилсөн юм. 1988 онд резин цуглуулагчдын удирдагч Шико Мендес алагджээ. Түүний үхэл дэлхий дахинд шуугиан тарьж, Бразилын эдийн засгийн уналттай давхцан шинэ ерөнхийлөгч Фердинанд Коллор болон байгаль орчны нарийн бичгийн дарга Жозе Лютзенбергер нарыг гарч ирэхэд нөлөөлөв. Тэд Амазоныг бүсчлэх асар их хөрөнгө шаардсан амбицтай хөтөлбөрийг эхлүүлсэн юм.
Хурдны зам баригдаж эхэлснээс хойш Амазоны нийт нутгийн бараг 7 хувь нь үгүй болжээ. Ширэнгэн ойд шинэ амьдрал хайж ирсэн ядуу иргэд амжилтад хүрээгүйгээр барахгүй маш хүнд нөхцөлд орсон.
Эрчүүд нь алтны уурхайд боолын дайтай хөдөлмөрлөж, эмэгтэйчүүд нь амьд үлдэхийн тулд биеэ үнэлэхэд хүрч байв. Тэдний алдсан газар нутаг нь баян чинээлэг хүмүүсийн үхрийн ферм болон хувирсан.
Хамгийн том гарз хохирлыг индианчууд амсав. Тэд эдийн засгийн мөргөлдөөн болон гадны өвчинд нэрвэгдэн олноороо үхэж үрэгдэж байна. Индианчууд устаж үгүй болохын хэрээр тэдний мянган жилийн турш хуримтлуулсан мэдлэг хамт үгүй болж байна.
Уугуул иргэд л ганцаараа байгалийг сүйтгэхгүйгээр Амазоны баялгийг хэрхэн ашиглахыг мэддэг байсан юм. Тэдний энэхүү мэдлэг бол Орельяногийн үеэс хойш адал явдал хайгчдын харж байсан ч хэзээ ч атгаж чадаагүй тэрхүү жинхэнэ "Амазоны баялаг" байлаа. Транс-Амазоны хурдны зам нь ядуурлыг шийдэхийн оронд баяныг улам баяжуулж, ядууг улам ядууруулсан эмгэнэлт түүхийг үлдээжээ.
Зам баригдсанаас хойш замын дагуух 50-100 км радиуст ой мод огцом цөөрч, өнөөдөр Амазоны ойн 18-20% нь бүрэн устахад энэ төсөл гол түлхэц болсон. Амазоны хөрс маш зөөлөн, хур тунадас ихтэй тул замын ихэнх хэсэгт асфальт тогтдоггүй. Борооны улиралд зам нь аварга том шаврын намаг болж хувирдаг тул тээвэрлэлт хийх бараг боломжгүй болдог.
Амазоны зам бол байгалийн тогтолцоог үл тоосон хүний хүсэл шунал ямар үр дүнд хүрдгийг харуулсан гашуун сургамж юм. Өнөөдөр энэ замыг "хаашаа ч хүрдэггүй зам" (A road to nowhere) гэж олон улсын хэвлэлүүд нэрлэдэг.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22