2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 22


НАСА-гийн Artemis төслийн эхний шат болох сарыг бүтэн тойрох аялал амжилттай болж, нисэгчид эх дэлхийдээ бууснаас 2 хоногийн дараа оросууд сансарт хүн анх нисгэсэний 65 жилийн ойг тэмдэглэлээ. Юрий Гагарин “поехали” гэж хэлээд сансарт ниссэн түүхэн кадруудыг монголчууд сайн мэддэг. 1961 онд оросууд “Восток” хөлгөөр Юрий Гагариныг нисгэснээс 8 жилийн дараа америкчууд саран дээр бууж оросуудад хариу барьж байсан билээ.
Өнгөрсөн зууны 60-70 он бол ЗХУ, АНУ-ын сансрын өрсөлдөөний үе байлаа.
Гэхдээ энэ өрсөлдөөн анхнаасаа сансрын төлөөх өрсөлдөөн биш цөмийн зэвсгийн төлөөх өрсөлдөөн байсан юм. Явцын дунд энэ өрсөлдөөний дүнд бүтээсэн техник, технологийг ашиглан сансрын уудамд хүрэн хүн төрөлхтөний мөрөөдлийг биелүүлж болох юм гэдгийг АНУ ч, ЗХУ ч ойлгосон.
ЗХУ-ын сансрын хөгжлийн эхлэл
1946 оны 5-р сарын 13-нд ЗХУ-ын Сайд нарын зөвлөл “Реактив зэвсгийн тухай асуудлууд” нэртэй нууцын зэрэглэлтэй тогтоол гаргажээ. Энэ тогтоолоор Москвагийн дэргэдэх Калининград (1996 оноос хойш энэ хотыг Королев гэж нэрлэх болсон) хотод Шинжлэх ухааны судалгааны 88-р институтыг байгуулав. Мөн оныхоо 8-р сард тус институтын 3-р тасгийн ахлагч, ерөнхий зохион бүтээгчээр Сергей Королев томилогдов. 3-р тасаг нь холын зайн баллистик пуужин зохион бүтээх даалгавартай байлаа. 1950 онд 88-р институтын хэд хэдэн тасгийг нэгтгэн Зохион бүтээх тусгай 1-р товчоог байгуулсан нь хожим ЗХУ-ын сансрын хөгжлийн төв болсон юм.
1946 оны дээрх тогтоолоор мөн ЗХУ-ын Батлан хамгаалах яамны харъяанд пуужингийн туршилт явуулах зориулалттай полигоныг байгуулсан бөгөөд энэ полигон нь Капустин-Яр нэрээр олонд танигдсан. Капустин-Ярд Зөвлөлтийн анхны пуужингуудыг туршсан юм.
Анхны пуужингуудыг зохион бүтээн туршихад хэчнээн хэмжээний хөрөнгө зарсан талаарх мэдээлэл хомс бөгөөд 1949 оны 2-р сарын 13-ны Сайд нарын зөвлөлийн тогтоолд дурдсанаар полигоныг барьж босгоход зориулж 50 сая рубль гаргахыг Батлан хамгаалах яаманд үүрэгдэж байжээ. Үүний дараа 1950 онд 22 сая, 1952 онд дахин 50 сая рубль нэмж гаргажээ.
1948 оны 10-р сарын 10-нд 88-р институт анхны Р-1 баллистик пуужингийн туршилтаа амжилттай хийж, пуужинг бүтээхэд оролцсон хүмүүсийн урамшуулалд 6,017 сая рубль зарцуулжээ. Хэрэв энэ урамшуулал нь ажилтны хагас сараас нэг сарын цалинтай дүйцнэ гэж тооцвол 88-р институтын цалингийн фонд 72-144 сая рубль байсан гэж тооцож болох юм.
Анхны туршилт амжилттай болсоны дараа 1950 оны 12-р сарын 4-нд Сайн нарын зөвлөл 5000-10000 км зайд хөөрөх чадвар бүхий пуужин бүтээх боломжийг судлах дараагийн тогтоолыг гаргажээ. Энэ зайг тооцож үзвэл Капустин-Яраас АНУ-ын баруун эрэг хүрэх зай юм.
1954 оны 5-р сарын 20-нд ЗХУКН-ын Төв хороо цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах Р-7 пуужин бүтээх тогтоол гаргаж, энэ ажлыг Сергей Королевд даалгав. Энэ үед зохион бүтээгч Семен Лавечкины удирдлага дор “Буря” далавчит пуужин, зохион бүтээгч Владимир Мясищевын удирдлага дор “Буран” пуужингийн системийг бүтээсэн ч Королевын төслийг илүү ирээдүйтэй гэж ЗХУКН нөгөө хоёр төслийг зогсоожээ.
Королевын төсөл дэмжигдсэн нь өртөг багатай байсантай холбоотой гэж үздэг. Цөмийн хошуугүйгээр Королевын Р-7 аппарат 60 сая рублиэр бүтэж байсан бол “Буря”-гийн өртөг 90 сая рубль байжээ. 1956-1960 оны 6-р таван жилийн төлөвлөгөөгөөр холын зайн пуужинд зориулан 48,4 тэрбум рубль зарцуулахаар тусгасан нь тэр үеийн ам.долларын ханшаар тооцвол $2,42 тэрбум байжээ.
Хиймэл дагуулын өрсөлдөөн
1948 оны зун Шинжлэх ухааны судалгааны 4-р институтын орлогч дарга Михаил Тихонравов Артиллерийн академийн эрдэмтдэд “Холын зайн буудлага хийх арга замууд” нэртэй илтгэл танилцуулав. Уг илтгэлд пуужингийн пакетат схемийн аргаар ямар ч орон зайг туулах боломжтойг хэлээд ингэснээр дэлхийн тойрогт замд хиймэл дагуул хөөргөх боломжтой хэмээн дүгнэжээ. Эрдэмтэд Тихонравовын илтгэлийг цэрэг дайны гол зорилгоосоо хазайсан гэж үзэн ойшоогоогүй бол түүний энэ дүгнэлт Королевын анхаарлыг ихэд татжээ. Королев Тихонравовын удирдаж байсан 4-р институтэд энгийн бүтэцтэй хиймэл дагуул бүтээх, мөн энэ хиймэл дагуулаар хүн сансарт нисэх боломжтой эсэхийг судлах захиалга өгчээ. Энэ захилгат ажлынхаа тайланг 1954 оны 5-р сард намын дээд удирдлагад тайлагнаж, тэдний бүтээсэн Р-7 пуужингаар хиймэл дагуулыг сансрын орон зайд гаргаж болно гэсэн дүгнэлт хийжээ. Гэсэн ч хиймэл дагуулын санааг нам дэмжсэнгүй.
Гэнэтийн эргэлт
1950 онд Олон улсын геофизикийн жилийг зарлах уриалга гарсан бөгөөд энэ нь олон орны геофизикчид тодорхой зорилго тавин, түүнийхээ төлөө хүчээ нэгтгэх зорилготой байв. Хэдэн жил ярилцсаны эцэст 1957 оны 7-р сарын 1-нээс 1958 оны 12-р сарын 31-нийг Олон улсын геофизикийн жил болгох санаачилгад нэгдсэн байна. Энэ санаачилгад дэлхийн 67 улс нэгдсэний дунд ЗХУ байв.
1954 оны 10-р сарын 4-нд Ром хотод Олон улсын геофизикийн жилийг тэмдэглэх тусгай хороо хуралдсан бөгөөд энэ үеэр АНУ шинжлэн судлах төхөөрөмж бүхий бага оврын хиймэл дагуулыг сансрын орбитод хөөргөх санал гаргав. Дараа жил нь буюу 1955 оны 3-р сарын 14-нд АНУ-ын Олон улсын геофикикийн жилийг тэмдэглэх үндэсний хороо өөрийн бүтээсэн хиймэл дагуулыг хөөргөх гэж байгаа тухай тайлагнаж, үүнийг нь Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр дэмжжээ.
АНУ-ын энэ шийдвэр ЗХУ-ыг багагүй сандаргаж, тэднээс хоцрохгүйн тулд 1955 оны 8-р сард хиймэл дагуулыг хөөргөх төслийг дэмжих нууц тогтоолыг намын удирдлага гаргасан байна. 1956 оны 1-р сард Хрущев 88-р институтэд ирж Р-7 пуужингийн явцтай танилцсан бөгөөд энэ үеэр Сергей Королев Р-7-гийн тусламжтайгаар АНУ-аас түрүүлэн хиймэл дагуулыг хөөргөх боломжтой, мөн тив алгасах пуужин бүтээх гол даалгавраа энэ хооронд цалгардуулахгүй хэмээн Хрущевт итгүүлэв.
Шинэ полигон Байконурыг байгуулав

Тив алгасах пуужинг туршихад Капустин-Яр олон шалтгаанаар шаардлага хангахгүй байлаа. Тиймээс 1955 оны 2-р сард ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстаны төмөр замын Тюратам станцын хавьд шинэ полигон барихаар шийдвэрлэв. Энэ полигоныг Байконур хэмээн нэрлэсэн юм.
1957 оны 5-р сарын 15-нд Байконурт анхны туршилт болох Р-7 пуужинг хөөргөсөн боловч амжилтгүй болов. Зөвхөн 4 дэх оролдлого буюу 8-р сарын 21-нд хийсэн туршилт амжилттай болж Р-7 хөөрчээ. Амжилттай туршилтаас 6 хоногийн дараа, 8-р сарын 27-нд Зөвлөлтийн сонинд ТАСС агентлагийн “Холын зайн тив алгасах олон шатлалт пуужин хөөргөлөө. Туршилт амжилттай болж, тооцоолол болон зохион бүтээсэн загвар зөв байсныг нотоллоо. Туршилт маш холын зайд, өмнө хэзээ ч хүрч байгаагүй өндөрт явагдлаа. Богино хугацаанд, асар урт замыг туулаад пуужин товлосон районд буулаа. Дэлхийн бөмбөрцгийн аль ч цэгт пуужин хүрэх боломжтой туршилт харууллаа” гэсэн мэдээг Оросын бүх сонинд нийтлэгдэв.
Atlas, Vanguard, Sputnik

Тив алгасах пуужингийн хувьд АНУ оросуудаас ихээхэн хоцорч байлаа. 1947 онд Atlas Corporation-ий бүрэлдэхүүнд орсон Convair компани тив алгасах Atlas пуужинг бүтээхээр ажиллаж байсан ч ахиц муутай байв. 1957 оны 6-р сарын 11-нд XSM-65A загварыг туршсан ч амжилтгүй болов.
ЗХУ Р-7-г амжилттай туршсаны дараа АНУ төслийг яаравчлуулж, 9-р сард нь ахин туршсан ч мөн л амжилтгүй болов. Харин 12-р сарын 17-ны 3 дахь туршилт амжилттай болжээ.
Хиймэл дагуул бүтээх зорилгоор 1955 онд Калифорнийн их сургуулийн профессор Гомер Жозеф Стюартаар ахлуулсан хороо байгуулсан бөгөөд энэ нь “Стюартын хороо” гэж нэрлэгдэх болсон. Энэ хороо цэрэг армийнхны санал болгосон 3 төслөөс нэгийг нь сонгон цаашид хөгжүүлэх ёстой байв. Тэд Тэнгисийн цэргийнхны боловсруулсан Vanguard төслийг сонгосон юм.
Vanguard төслийн хүрээнд зөөвөрлөгч 6 пуужин бүтээх зорилт тавьсан бөгөөд эдний нэг нь хиймэл дагуулыг орбитод гаргана гэж тооцоолж байв. Төслийн өртөг $20 сая байв. 1957 оны 3-р сард эхний пуужинг орбитод гаргахаар төлөвлөсөн ч хугацаандаа амжсангүй.
Үүнийг мэдсэн Королев америкчуудаас түрүүлэн бага оврын энгийн бүтэцтэй хиймэл дагуулыг орбитод гаргахаар яаравчилжээ.
1957 онд бүтэлгүйтсэн Vanguard төслийн өртөг энэ хооронд нэмэгдсээр $110 саяд хүрчээ.
1957 оны 10-р сарын 4-нд оросууд Байконураас Р-7-гийн суурин дээр бүтээгдсэн “Спутник” пуужингаар 58 см-ийн диаметртэй, 83,9 кг жинтэй ПС-1 хиймэл дагуулыг хөөргөв. ПС-1-ийн 4 антен сансарт гарснаас хойш 3 долоо хоног орчим ажиллан, дэлхий рүү дохио дамжуулж байсан юм. Үүний дараа 1957 оны 11-р сарын 3-нд “Спутник-2”-оор Лайка нэртэй нэртэй нохойг хөөргөсөн билээ.
Оросуудын энэ амжилт “хиймэл дагуулын хямрал” гэж нэрлэгдэх үеийг дагуулсан бөгөөд АНУ болоод барууны орнууд шинжлэх ухааны хувьд ЗХУ-аас ихээхэн хоцрогдлоо хэмээн бичиж, шуугиж эхэлжээ.
1950-1960 оны хооронд ЗХУ сансрын шинжлэх ухааны хөгжилд 800 сая рубль зарцуулсан хэмээн түүхч Никита Пивоваров 2021 онд “Анхны хиймэл дагуулаас сансарт хүн нисэх хүртэл: Хрущевын үеийн эдийн засгийн систем дэх сансрын төслүүд” нэртэй өгүүлэлдээ тооцсон байдаг.
Хиймэл дагуул бүтээх оролдлогодоо АНУ оросуудад ялагдсан хариугаа зөвхөн сансарт хүн нисгэж л байж авч чадахыг Цагаан ордон ч, Кремль ч ойлгож байв. Тиймээс хэн хэн хүн нисгэхээр бэлдэж байлаа. Гэсэн ч АНУ хожигдсон юм. Сансрын нисэгчийн удирдан хөөргөх Mercury хөлгийг АНУ, “Восток хөлгийг ЗХУ зэрэгцээ шахам бүтээж эхлэв.
1959 оны 12-р сарын 10-нд “Сансрын уудам судлалыг хөгжүүлэх” нэртэй нууц тогтоолыг ЗХУКН-ын Төв хороо батлав. Энэ тогтоолд саран дээр автомат станц байгуулах, Улаан нүдэн болон Ангараг гариг руу нисэх зориулалттай сансрын хөлөг бүтээх зэрэг олон том зорилгыг багтаажээ.
Эцэст нь 1961 оны 4-р сарын 12-нд Юрий Гагарин сансарт хөөрсөн бол америкчууд Гагаринаас хойш 1 сарын дараа 5-р сарын 5-нд Алан Шепардыг хөөргөсөн юм.
АНУ “Меркурий” төсөлд 1958-аас 1963 оны хооронд $268,7 саяыг зарцуулжээ.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 22