2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 22


Манхэттены төвд байрлах нэгэн бүгчим, халуухан зоорийн давхрын уушийн газарт нэлээд ширүүн, бие биенээ өдөж хорхойссон яриа өрнөж байлаа.
"Ямар ч өрөвдөх сэтгэл байхгүй шүү, новшнууд аа!" хэмээн өмгөөлөгч бөгөөд хуучин прокурор байсан Фрэнсис Импеллиззери маажан хамт тоглож буй гурван найздаа хандан хэлэв.
Өөр нэг тоглогч хэдийнэ авчихсан байсан модыг (хасаа) түүнд авахыг зөвшөөрсөн нь дүрмийн хувьд хориотой үйлдэл байсан хэдий ч мартининий чидун жимс шиг том сувдан сондор хүзүүндээ зүүсэн 55 настай Импеллиззери үүнийг огтхон ч тоосонгүй. "Хэрэв би хожвол та нар надтай эелдэг харьцсандаа биш, харин би өөрөө л хожсон учраас тэр” гэж тэрбээр нэмж хэлэв.
Харьцангуй бага оноотой хожсоныхоо дараа Импеллиззери технологийн зөвлөхөөр ажилладаг 26 настай Тиффани Луогоос (түүний эмээ нь маажаны жинхэнэ мастер аж) "Чиний эмээ энэ тоглолтыг юу гэж нэрлэх байсан бэ?" гэж асуув.
Бродвейн хөгжимчин, 40 настай Лили Линг түүний өмнөөс хурдхан шиг "Хангалттай оноо авсангүй л гэх байсан байх” хэмээн хошигнов.
Ширээн дээрх даалуу хэлбэртэй шаазан хасаануудын харжигнан жингэнэх чимээ бүсгүйчүүдийн инээд хөөрөөр солигдож байлаа.

Нью-Йорк хотын Трибека дахь галерейд сар бүр "Mahjong Palace Club" арга хэмжээ зохион байгуулдаг.
Би энэ үед Трибека дүүргийн Macao Trading Co. ресторан, бааранд сар бүр үйл ажиллагаа явуулдаг "Mahjong Palace Club" хэмээх маажаны клубт байлаа. 20-иос 70 орчим насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс хакка гоймон сорж, пино грижио дарс шимэн сууна. Тус клубийг өмнө нь урлагийн салбарт ажиллаж байсан сингапур гаралтай 50 настай Субхас Ким Кандасами 2024 онд үүсгэн байгуулжээ. Би маажаны хувьд шинэков байсан тул туршлагатай тоглогчдыг ажиглахаар тэнд очсон хэрэг. Голын ширээн дээр Лоис Ароноу гэгч эмэгтэй өөрөөсөө даруй хоёр дахин дүү хүмүүст хэрхэн тоглохыг зааж байв. 60 гаруй настай керамикч тэрээр "Маажаны хамгийн дуртай хэсэг бол шинэ хүмүүстэй танилцах. Тэгээд бас би хожих дуртай” гэж хэлсэн юм.
ШИНЭ ЦАГИЙН "ПИКЛБОЛ" БУЮУ ЭРГЭН ИРСЭН ТРЭНД
1800-аад оны үед Хятадад үүсэж хөгжсөн, дөрвөн хүн тоглодог бөгөөд урт хугацааны турш тэтгэврийнхний тоглоом гэж ойлгогдсоор ирсэн маажан нь хэд хэдэн багц модыг ашиглан ижилсүүлж тоглодог системтэй. Гэхдээ үүнийг ингэж тайлбарлах нь төгөлдөр хуур тоглохыг зүгээр л товчлуур дарах төдийгөөр зүйрлэсэнтэй адил өрөөсгөл юм.

Женни Жан толгоомын завсар хооронд...
1923 онд буюу нэгэн бизнесмэн энэхүү тоглоомыг АНУ-д дэлгэрүүлсний дараахан Нью-Йорк Таймс сонин маажаныг "Шинэ Бриж" (шинэ хөзрийн тоглоом) хэмээн зарлаж байв. Харин өнгөрсөн сард "Pivot" подкаст дээр хөтлөгч Кара Свишер үүнийг "Шинэ пиклбол" хэмээн нэрлэжээ (тэрээр энэ үгийг харилцаа холбооны зөвлөх найз Брук Хаммерлингээсээ зээлсэн аж). "Энэ бол одоо яг тренд болж байгаа зүйл” гэж Свишер хэлээд "Энэ бол сонирхолтой, сорилт ихтэй, хүний тархийг жинхэнэ гашилгадаг тоглоом" хэмээн тодорхойлсон байна.
Маажаны олон арван өөр хувилбар байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь Азид тархсан. Харин АНУ-д хоёр төрөл нь ноёрхдог нь хонгконг болон америк маажан. Хонгконг маажан нь 144 мод ашигладаг. Америк маажаныг еврей эмэгтэйчүүд үндэсний хэв маягт оруулсан бөгөөд үүнд найман жокер (солих мод), "Чарлестон" хэмээх мод солилцох нарийн төвөгтэй үйл явц, мөн жил бүр өөрчлөгддөг 70 гаруй хожлын шугамыг жагсаасан толгой эргэм карт нэмэгддэг (энэ нь 1000 гаруй хослолыг бий болгох боломжтой).
Коннектикут мужийн Дариен хотод байрлах америк загварын клуб болох "Gold Coast Mahjong Club"-ийг үүсгэн байгуулагч 40 настай Жэйми Далтон "эдгээр нь тэс өөр тоглоомууд" гэж тайлбарлалаа. Тэрбээр хятад эмээтэйгээ илүү ойр байхын тулд хонгконг хувилбарыг сурчээ.
ЦАР ТАХЛЫН ДАРААХ "МААЖАНЫ ДОНТОЛТ"
Америкийн нийгмийн шинэ донтолт болоод буй маажан нь цар тахлын дараа улам залуужиж, тренд болж, хүрээгээ тэлсээр байна. Хэдийгээр үүнийг дагаад арилжааны шинжтэй болсон, соёлын өмчийн талаарх маргаанууд өрнөж байгаа ч Чикагогоос эхлээд Майами, Даллас хүртэлх хотуудад тансаг зэрэглэлийн байшингууд, оюутны холбоод, агуулахууд, байгууллагын амралтын газрууд болон клубүүдээр маажаны моднууд "нисэлдсээр" байна.

Лоис Ароноу дараагийн нүүдлээ эргэцүүлж байна, Сэм Онг алхам алхмаар урагшилж байна.
"Би танд хэлье. Маажан бол жинхэнэ донтолт. Донтолт шүү" гэж Коннектикут мужийн Гринвич хотын маажаны багш, 42 настай Лиз Буш хэллээ. Түүний хичээлүүд дараагийн зургаан долоо хоногийн турш аль хэдийнэ захиалгаар дүүрсэн байна.
Спортын бооцоо, утсан дээрээс муу мэдээ тасралтгүй унших (doom-scrolling) зэрэг зүйлс дүүрсэн энэ цаг үед, маажан нь харин ховорхон тохиох эрүүл донтолт болж байна Энэ нь хүмүүсийг утаснаас холдуулж, оюун ухааныг хурц байлгахаас гадна эмээ нарт залуучуудыг “бут ниргэх” сайхан боломжийг олгодог.
Залуу ази-америкчууд өөрсдийн үндэс угсаагаа мэдрэхийн тулд маажан клубуудыг олноор байгуулж байна. Нью-Йоркийн "Green Tile Social Club" поп-ап клубийг үүсгэн байгуулагчдын нэг, 28 настай Жоанн Сю "Би энэ үгийг ашиглах дургүй ч, маажан бол нийгмийн харилцааны тосолгооны материал л гэсэн үг" гэлээ. "Чи өөр гурван хүнтэй нэг ширээнд суугаад, бүгдтэй нь нүд рүү нь харж харилцах шаардлагатай болдог.

“Green Tile Social Club” нь хүмүүсийг тоглоомтой харьцах хандлагыг хөгжүүлэхийн зэрэгцээ тоглоомын уламжлалыг хадгалахыг зорьдог.
“Eventbrite” сайтын мэдээлснээр маажантай холбоотой арга хэмжээ 2023 оноос 2024 он хүртэл бараг 200%-иар өссөн байна. Yelp платформ дээр маажаны клуб хайсан хайлт өмнөх 12 сартай харьцуулахад 4,467%-иар өсчээ. Мөн маажаны хичээл хайх нь ес дахин нэмэгдсэн байна.
Өнөөдөр хэн бүхэн, тухайлбал, Блэйк Лайвлигээс эхлээд Сассексийн гүнгийн авхай Меган Маркл (тэр "Mahj Squad" гэх маажангийн багтай) хүртэл тоглож байна. Энэхүү тоглоом нь өөрийн гэсэн алдартнуудыг бий болгоод зогсохгүй, реалити шоунд л гармаар сонин содон үйл явдлуудыг ч өрнүүлж байна. ТикТок дээр тархсан нэгэн бичлэгт ахмадын асрамжийн газрын гишүүд хуучин найзыгаа дүрмээс гадуур мод авсан, "хожсон" гараа харуулахаас татгалзсан хэмээн буруутгаж буй нь гардаг. "Бид түүнтэй дахиж харилцахгүй” гэж нэг нь хэлэх бөгөөд уг бичлэгийг аль хэдийн 2.2 сая хүн үзжээ.
ХЯТАД ХОРООЛОЛ ДАХЬ "ТАХИАНЫ ГАР"
Энэхүү тэсрэлтийг илүү сайн ойлгохын тулд би бүтэн сарын турш маажаны аялалд гарсан юм. Би нийтдээ 12 цагаас илүү хугацааг тоглоом сурахад зарцуулж, Нью-Йоркийн клубууд болон Коннектикут дахь тансаг "маажаны амралтын газар"-аар зочилсон.
Хонгконг маажаныг сурахын тулд би Мягмар гаригийн орой Хятад хороололд байрлах дулаахан гэрэлтүүлэгтэй олон нийтийн төвд очлоо. Жоанн Сю болон түүний гурван ази-америк найз нарын хамтран байгуулсан “Green Tile Social Club” нь анхан шатны тоглогчдод зориулсан арга хэмжээ зохион байгуулж байв.

“Green Tile Social Club”-ыг үүсгэн байгуулагчид (зүүн гар талаас), Грэйс Лю, Жоанн Сюй, Сара Тэнг, Эрнест Чан нар
Бид анхлан суралцагчдад илүү ээлтэй, оноонд суурилсан нарийн дүрмээс арай хялбар "тахианы гар" (chicken hands) хэмээх хувилбараар тоглолоо. Бидний багш, 39 настай Вики Янг "45-90 минутын дараа та оноо тооцдог жинхэнэ гар руу дэвшиж болно" гэж хэлэв.
Хэдийгээр энэ нь зүгээр л "тахиа" байсан ч, би тоглоомондоо хэт улайрч, үргэлжлүүлэн хожсоор л байв. Би дараалан дөрвөн удаа хожсон нь манай ширээнийхний хувьд ямар нэгэн дээд амжилт мэт санагдав. Намайг аугаа тоглогч хэмээн хошигнох үед Янг огтхон ч царайны хувиралгүйгээр "Тахианы гарт тоглоход 75% нь аз байдаг. Модны бурхад чиний талд байж дээ” хэмээн хэлсэн юм.
Би нэгэнтээ буруу ээлжинд сэтгэл хөдлөн "хулсан" модыг шүүрэн авах үед Янг нүдээ ирмэнгээ "Чи энэ модонд дуртай байж болох ч, үүнийг авч чадахгүй ээ" хэмээн хатуухан санууллаа.

Зарим хүмүүс маажаныг покер эсвэл жин раммитай зүйрлэдэг нь өрөөсгөл юм, хуванцар болон шаазан хасаануудыг хооронд нь холиход гардаг жингэнэх чимээг зөвхөн маажанаас л сонсоно.
Би ширээний найз болох 24 настай Техас бүсгүй, банкны төслийн менежер Алис Хоугаас яагаад маажан сурч байгааг нь асуув.
"Өмнөд нутагт ази-америк хүн болж өсөхдөө би удаан хугацааны турш өөрийнхөө гарал үүслээр бахархдаггүй байсан. Харин насанд хүрсэн хойноо би хятад хүн гэдгээрээ маш их бахархаж, үүнийгээ мэдрэхийг хүсч байна" гэж тэр хариулав.
Сю хэлэхдээ Green Tile-ийн арга хэмжээнүүд нь "тоглоомын жинхэнэ уламжлал, мөн чанарыг хадгалахыг маш их үнэлдэг" боловч ази-америкчуудын дунд түгээмэл байдаг хаданд авиралт зэрэг бусад орчин үеийн үйл ажиллагаатай хослуулах замаар тоглоомтой харилцах харилцаагаа шинэчилж байгаа гэжээ.
Би тоглоомын арга барилыг бага ч болов гадарладаг болсон тул Сюгийн хэлсэн "жинхэнэ далд ертөнц"-тэй танилцахыг хүслээ. Хэдэн долоо хоногийн дараа Green Tile клуб Бруклин дахь нэгэн агуулахад "After Hours" хэмээх шөнийн арга хэмжээгээ зохион байгуулах бөгөөд би ч тасалбараа хэдийнэ захиалсан байлаа.
КОННЕКТИКУТ ДАХЬ ТАНСАГ АМРАЛТ
Америк маажаны талаар миний хамгийн анх сонссон зөвлөгөө бол "тоглож сурч байхдаа хэзээ ч битгий архи уу". Би энэ зөвлөгөөг Mayflower Inn & Spa хэмээх таван одтой зочид буудалд “Gold Coast Mahjong Club”-аас зохион байгуулсан гурван өдрийн, ойролцоогоор $2,500 үнэтэй арга хэмжээний эхний өдөр сонссон юм. Хөдөөгийн Коннектикутэд 49 эмэгтэй, гурван эрэгтэй цуглажээ.
Маргааш өглөөний 9.00 цагт миний хажууд суусан Флорида мужийн Неаполь хотоос ирсэн 71 настай еврей эмэгтэй Дебби Август шууд л хэд хэдэн хундага мимоза захиалав. "Суралцаж байхдаа ганц нэг хундага татах нь чамайг биеэ барихаас хамгаалах болно" гэж сүүлийн 38 жил маажан тоглож буй Август хэллээ.

Хүйсийн хувьд бараг тэнцүүхэн байдаг ХонКонгтой харьцуулахад Америкийн маажан нь дийлэнхдээ эмэгтэйчүүд байдаг.
Би шампан дарснаас болоод манарсхийж буй тархиндаа тэрхүү олон бэлгэдэл бүхий "карт"-ыг болон швейцар үйлчлэгчийг хүртэл алмайруулмаар олон дүрмийг цээжлэхийг хичээж байх хооронд Август тасралтгүй ярьсаар л байв. Дараагийн мөчид бид хоёр нүднийхээ дор алтан өнгөтэй сэргээгч наалт наачихсан сууж байв. Энэ нь бидний нүдний доорх уутыг зөөлрүүлэх зорилготой бөгөөд тус амралтын газар дахь Шанель (Chanel) брэндээр гангараагүй цорын ганц "уут" нь тэр байсан биз.
"Маажан бол яг л эмчилгээ (терапи) шиг” гэж Август хэлэв.
Энэ нь Gold Coast-ыг хамтран байгуулсан Далтоны хувьд ч утга учиртай байсан юм. Коннектикут руу нүүж ирснийхээ дараа дотогшоогоо зантай Далтон найз нөхөдтэй болох гэж нэлээд оролдсон бөгөөд маажан тоглож эхэлснээр бүх зүйл өөрчлөгджээ. "Энэ хотын талаарх миний бодол бүрэн өөрчлөгдсөн” гэж тэр хэлэв. Хоолой нь зангирсан тэрбээр нэмж "Би ээждээ энэ нийгэмлэгийн нэг хэсэг гэдгээ мэдрэхэд минь хэрэгтэй байсан зүйлийг орчлон ертөнц надад илгээсэн юм шиг байна' гэж хэлсэн” гэлээ.

Зохиолч (голд нь) ба зүүн талд “Gold Coast Mahjong Club”-ын үүсгэн байгуулагчид болох Жэйми Далтон болон Эмили Браун (баруун талд) нар.
Хоёр цагийн турш үргэлжилсэн гурван удаагийн сургалтын дараа тархи минь эргэж, би тоглоомын дөнгөж 30 орчим хувийг л ойлгосон мэт санагдаж байлаа. Би спортлог хувцастай нэгэн эмэгтэйд энэ "карт"-ыг уншихаас Морзын цагаан толгойг тайлах нь хамаагүй амар байх гэж гомдоллоход тэрээр тэвчээртэй байхыг зөвлөж "Маажан бол яг л пилатес шиг. Энэ хэзээ ч хялбар биш, харин чиний техник, хэлбэр чинь л сайжирдаг юм” гэлээ.
ТАНСАГ ШОО БА СОЁЛЫН МАРГААН
Хүмүүсээс маажаны талаарх орчин үеийн соёлын жишээг асуувал, Сингапурын хамгийн баян 0.1%-ийн амьдралыг харуулсан 2018 оны "Crazy Rich Asians" (Галзуу баян Азиуд) киног дурдах нь гарцаагүй. Киноны хамгийн оргил хэсэгт гэр бүлийн тэргүүн Элеанор Янг (Мишель Йео) хүүгийнхээ найз бүсгүй Рэйчел Чутай (Констанс Ву) маажаны ширээний ард нүүр тулдаг билээ.

Кинонд үлдсэн алдартай маажантай хэсэг болох Мишель Йеогийн бүтээсэн Элеонор Янгийн үзэгдлийн зураг авалтыг үнэн зөв, алдаагүй хийхийн тулд маажаны гурван мэргэжилтний хамт олон удаа хийсэн гэж гүйцэтгэх продюсер Кевин Кван хэлэв.
Энэхүү өндөр зэрэглэлийн жишээг эс тооцвол маажан нь угаасаа хүн бүрт хүртээмжтэй тоглоом юм. "Энд оролцоход ямар ч саад тотгор байхгүй” гэж Gold Coast-ыг хамтран байгуулагч 40 настай Эмили Браун хэллээ. “$60-аар худалдаж авч болох моднууд, магадгүй нэг дэвсгэрээс өөр танд өөр юу ч хэрэггүй" гэж тэр нэмж хэлэв.
Гэхдээ амралтын газарт байсан зарим эмэгтэй үүнтэй эелдэгээр маргаж, үнэн хэрэгтээ танд яст мэлхийн хуяган хээтэй тансаг тавиур, шампан дарсны мөстэй сав суулгах зориулалтын нүхтэй $4,100-ын үнэтэй Center & Spring ширээ, мөн гөлгөр голын чулуу мэт мэдрэгдэх $25-ын үнэтэй "тансаг даалуу" хэрэгтэй гэж үзэж байлаа.
Gold Coast-д ажилладаг 36 настай Клэйр Мохамед "Нөхрийнхөө гольфын цохиур ямар үнэтэй болохыг харах хүртлээ би өндөр үнэтэй маажаны багц авсандаа гэмшиж байсан” гэлээ.

Маажан тоглоомд бүх хүний нүд гар дээр төвлөрч байдаг.
АНУ-ын хэд хэдэн брэнд маажаны энэхүү шинэ нэр хүндийг ашиглан маш үнэтэй багцуудыг зах зээлд гаргасан нь шүүмжлэгчдийн зүгээс уг тоглоомыг уламжлал гэхээсээ илүү арилжааны загварын тренд мэтээр хандаж байна гэх маргааныг дагуулсан. Цагаан арьст эзэнтэй Далласын “The Mahjong Line” болон “Oh My Mahjong” брэндүүд $300 хавьцаа үнэтэй багцууддаа Хятадын уламжлалт бэлгэдлүүдийг барууны бэлгэдлээр сольсон нь соёлын өмчид халдсан хэрэг хэмээн буруутгагджээ. “The Mahjong Line”-ийн хамтран үүсгэн байгуулагч Кэйт ЛаЖер "Бид өөрсдийн бүтээлч байдал, инновацийг ичиж зоволгүйгээр ашигладаг. Энэ тоглоомыг хүсэл тэмүүлэлтэйгээр тоглодог хүмүүсийн нийгэмлэгийг бид маш их хүндэтгэдэг” хэмээн өмөөрчээ. “Oh My Mahjong”-ийн үүсгэн байгуулагч Меган Троттиер мөн өөрсдийн 30 багцын "дийлэнх буюу 99.9% нь Хятад дүрслэл дээр суурилсан" гэж мэдэгдсэн байна.
Тоглогчдын дунд энэ асуудлаарх санал бодол цахим орчин дахь шүүмжлэлээс илүү холимог байдаг. Нью Жерсид өсөж торнихдоо гэр бүлээсээ өөр маажан тоглодог хүн огт мэддэггүй байсан Луо "Брэндүүд багцаа хэт өндөр үнээр зарж, шуугианыг далимдуулж байгаа нь тийм ч таатай биш. Гэхдээ миний хувьд тоглоом улам өргөжиж, хүмүүс үүнд дуртай болж байгаа нь сөрөг талуудаасаа давж гарч байна" гэж хэлэв.
Сюгийн хувьд өөрийнх нь хүрээлэл дунд "Ерөнхийдөө манай зүгээс ямар нэгэн өшөө хорсол байхгүй. Маажаны хувилбар бүр өөрийн гэсэн соёлтой. Хүн бүр өөрийнхөөрөө л байг гэж боддог” гэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн "Гэхдээ хурцадмал байдал үүсгэж буй гол зүйл нь уг тоглоомд хүндэтгэлтэй хандахыг хүссэн мэдрэмжтэй холбоотой байх. Бидний хувьд маажан бол зүгээр нэг тренд биш, манай соёлын салшгүй нэг хэсэг."

Нью Йорк хотын “Mahjong Palace”-ийг удирддаг Субхас Ким Кандасами
Зарим хүмүүс бэлгэдлийг өөрчлөхийг цэвэр практик шалтгаанаар эсэргүүцдэг. “Mahjong Palace”-ийг удирддаг Кандасами маажанд "мэдрэлийн холбоос"-ын элемент байдаг бөгөөд хэрэв тоглогч "Hello Kitty ямар нэгэн зүйл барьсан шинэ дүрслэлийг тайлах гэж 3 секунд зарцуулбал" энэ нь маш үнэтэй цагаа алдаж байна гэсэн үг юм хэмээв.
ШИНЭ ҮЕИЙН ШӨНИЙН АМЬДРАЛ
Green Tile клубийн Баасан гаригийн шөнийн "After Hours" арга хэмжээний цаг боллоо. Би хамгийн сүүлд Бруклин дахь Бушвик дүүргийн ойролцоох агуулахад савхиар гоёсон шөнийн цэнгээнд л очиж байж. Харин энэ удаад хүмүүсийн хувцаслалт хамаагүй чөлөөтэй, дэгжин байв сул жинс, хойш нь харуулж өмссөн саравчтай малгайнууд. Бөмбөрийн хэмнэл нүргэлж, гэрэл анивчиж, 200 орчим залуус маргад ногоон өнгийн моднуудыг солилцон тоглоно. $25-ын тасалбарт сожу коктэйл багтжээ.

“Green Tile Social Club”-ын арга хэмжээ.
Хүмүүс хоёр тойрог тутамд ширээ сэлгэн тоглож байсан бөгөөд энэ нь яг л хурдан болзоо (speed-dating) шиг эрч хүчтэй уур амьсгалыг бүрдүүлж байв. Миний тааралдсан хүмүүсийн ихэнх нь Ази хувилбараар тоглож сурсан хүмүүс байсан бөгөөд моднуудыг үнэхээр атаархмаар хурдан бөгөөд хөнгөн шидэлцэнэ. 30 эргэм насны хөрөнгө оруулалтын банкир сингапур залуу надад хандаж, хэрэв миний эгнүүлсэн моднууд дунд зай гарвал "миний аз зугтчихна" гэж зөвлөв. Би британичуудын шүднээс ч илүү сийрэг зайтай өөрийнхөө хасаа руу хараад, яаран сандран тэдгээрийг нийлүүлж шахав.
Green Tile-ийн хамтран үүсгэн байгуулагч 29 настай Эрнест Чан бидэнд ердөө 20-хон минут үлдсэн болохыг зарлах үед би түүнийг тоглож байна л гэж бодсон. Цаг хугацаа үнэхээр харвасан сум шиг л өнгөрчээ. Миний хажууд сууж байсан залуу хожсон гараагаа зурагт буулгахаар утсаа гаргаж ирэхэд, сүүлийн гурван цаг орчим хугацаанд би тэрхүү аймшигтай цэнхэр гэрлийг (утасны дэлгэц) анх удаа харж байгаагаа, мөн энэхүү ховсдом тоглоомоос өөр юу ч бодоогүйгээ сая нэг анзаарсан юм.
"Дахиад ганцхан тойрог тоглох уу?" гэж би түүнээс асуулаа.
ТОЙМЧИЙН ДҮГНЭЛТ:
Цахим ертөнц, ухаалаг утасны донтолт (дээр дурдсан doom-scrolling) газар авсан өнөө үед хүмүүс "амьд харилцаа"-гаар маш их цангаж байна. Америкчууд маажан тоглохын тулд тусгайлан клуб байгуулж, хэдэн мянган долларын төлбөртэй амралтын газар цугларч байгаа нь үүний баталгаа. Монголд ч мөн хүмүүс нүүр тулан уулзаж, шинэ ур чадварт суралцах, эсвэл ижил сонирхлоороо нэгдэх сайн дурын клубууд бий болох нь цаг хугацааны асуудал биз ээ. Энэ нь орчин үеийн нийгмийн стрессийг тайлах нэгэн шийдэл ч байж болох...

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 22