2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Хүүхэд бол гэр бүлийн тусгал. Эцэг эхийн гэр бүлийн хүмүүжил хүүхдэд “өвлөгддөг”. Тиймээс ч хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг. Тэгвэл нийгэм бол төрийн бодлогын тусгал. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэж үгтэй.
УИХ-ын чуулганы индэр дээрээс хараал зүхэл урсгаж, парламентын гишүүд нь ёс зүйгээ “бөгсөндөө” чихэх тусам нийгэм улам зэрлэгших нь ойлгомжтой. Өсвөр үеийнхэнд томчуудын үг-үйлдэл болгон эерэг, сөрөг нөлөөтэй. Захын хүүхдээс асуухад л Монголын улстөрчдийн ёс суртахууныг жигшиж буйгаа хэлнэ. Гэр бүлийн хэрүүлээ хавиар нэг зарлаж, нийтийн “хэлэлцүүлэг” болгож байгаа лайвчид ч үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлдэг. Тэдний ёс бус авирыг харсан хүүхдүүд "ингэж болдог юм байна" гэсэн бодолтой үлддэг. Тэгвэл олон дагагчтай болно гэж эндүүрдэг.
Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр тархаад байгаа үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгүүдийг шейр хийхээсээ өмнө нээрээ би хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг билээ. Миний хүүхдийн сэтгэлзүй ямар байгаа бол гэж өөрөөсөө асуусан нь хэд бол?
Нэг хэсэг нь дээрэлхсэн хүүхдийг үзэн ядаж, нөгөө хэсэг дээрэлхүүлсэн хүүхдийг өрөвдөөд өнгөрөх нь шийдэл биш.
Олон нийтийн сүлжээнд орилж хашгирсан, үзэн ядсан, бусдыг дээрэлхсэн томчуудын бичлэг дүүрэн байхад тэднийг “буруутгах” нь учир дутагдалтай.
2025 онд Монголд 550 хүн амиа хорлосноос 120-130 нь өсвөр насныхан байсан гэх статистик байна. Эдгээр хүүхдүүд өөрөө өөрийгөө хөнөөхөд хүрсэн гол шалтгаан юу байв аа?. Эндээс бид шийдлээ хийх ёстой юм.
Хүүхэд хамгааллын тухай хуульд “4.1.8 "үе тэнгийн дээрэлхэлт" гэж нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг;” гэж тодорхойлжээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлд дээрэлхэлтийн эсрэг авах арга хэмжээний талаар тодорхой заасан. Гэвч энэ хуулийг магадгүй сургуулийн нийгмийн ажилтан ч бүрэн уншдаггүй байх. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг ч заасан. Эрүүгийн хууль эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хуулийн хүрээнд хүлээнэ. Гэтэл хүн бүр л хувийн үзэл бодлоороо яллах гээд зүтгээд байдаг.
Дэлхийн улс орнууд ч энэ асуудалтай тулгарсан, тулгарч байгаа. Хүний эрхийг хүндэлдэг, дээдэлдэг Европын орнууд болоод АНУ-д үүнийг шийдвэрлэх гэж толгой гашилгаж суугаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Австри улсад амьдарч байхдаа есхөн настай Монгол охин хэрхэн үеийнхээ хүүхдүүдээс дээрэлхүүлэх, гадуурхагдах мэдрэмж авч байснаа телевизийн эфирт нээлттэй ярьсан. Дээрэлхэлт гэдэг Монголд өнөөдөр гараад ирсэн зүйл огт биш. Тиймээс бидэнд шууд хуулбарлахаасаа өмнө судлах туршлага олон байна.
“Үе тэнгийн дээрэлхэлт”-тэй холбоотой зөрчил, гэмт хэргийг амжилттай бууруулж чадсан улс орнуудын хувьд, гэрчийг идэвхжүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, технологийн хяналтын системүүд нэвтрүүлэх, сэтгэлзүйн боловсрол олгох гэх зэрэг нийтлэг арга хэмжээ авсан байдаг.
Түүнээс манай дарга нарын хүсээд байгаа шиг “хувийн хэрэг дээр нь тэмдэглээд, их сургуульд элсэх эрх болон бусад ирээдүйн боломжийг хааж боох” нь хүүхэд хүмүүжүүлэх, хариуцлагыг мэдрүүлэх оновчтой арга байж чадах уу?
Олон улсад хамгийн үр дүнтэй хөтөлбөрийг Норвеги, Финланд улс хэрэгжүүлсэн гэж үздэг. Норвегийн сэтгэл судлаач Дан Ольвеус 1980-аад оны дундуур дээрэлхэлтийг зөвхөн хүүхдийн асуудал гэж харалгүй сургуулийн орчин, соёлыг өөрчлөх цогц арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй гэж дүгнэжээ. Ингээд дээрэлхэлтийн эсрэг хамгийн анхны хөтөлбөрийг боловсруулсан аж. Сургуулийн түвшинд бүх нийтийн оролцоог хангаж “Бид бусдыг дээрэлхэхгүй”, “Дээрэлхүүлж буй хүүхдэд тусална”, “Дээрэлхэлттэй таарвал багшдаа хэлнэ” гэсэн тодорхой дүрмийг бүгд мөрддөг болсон байна. Мөн дээрэлхэлт хамгийн их гардаг бие засах газар, шатны хонгил, тоглоомын талбайд илүү хяналт тогтоожээ. Гэрчүүдийг идэвхжүүлэх, дээрэлхдэг болон түүнд өртсөн хүүхэд бүртэй тулж ажиллах, эцэг эхийг таны хүүхдэд ямар зан төлөв илэрвэл илүү анхаарал тавих ёстой вэ гэх зэрэг сургалтад хамруулдаг болсноор богино хугацаанд энэ төрлийн хэргийг 30-50 хувиар бууруулсан байдаг. Сэтгэлзүйч Ольвеусын хөтөлбөрийн гол зарчим нь “Дээрэлхэлт бол хүүхдийн буруу биш. Харин насанд хүрэгчдийн хяналт сул байгаагийн илрэл”.
Тэгвэл Финландын хөтөлбөр нь “хөндлөнгийн гэрч”-д чиглэсэн байна. Дээрэлхэлтийг өдөөдөг зүйл бол харж байгаа хүүхдүүд. Тиймээс хүүхдүүдэд гэрч болсон тохиолдолд хохирогчийг хэрхэн хамгаалах, дээрэлхэлтийг эсэргүүцэх арга барилыг виртуал тоглоом болон сургалтын хөтөлбөрөөр олгодог. Манай улсын хувьд энэ аргыг илүүд үзсэн бололтой. Боловсролын сайд П.Наранбаяр Финландын мэргэжилтнүүдтэй хамтарна гэдгээ илэрхийлсэн байсан.
Дарга нарын жишээ татаад байгаа Солонгосын их дээд сургуульд элсэх эрхийг хаах боох тухай хуулийн хувьд эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ хамт сэтгэлзүйн сургалтад хамрагдах, хохирогч хүүхдийн сэтгэлзүй болоод эмчилгээний зардлын нэхэмжлэлийг барагдуулах, ажил албан тушаалаас огцрох зэрэг хариуцлага хүлээдэг. Тиймээс эцэг эхчүүд харилцан шүүхэд хандах маргаан ихэссэн, дээрэлхэлт цахим хэлбэрт шилжсэн гэх мэт сөрөг үр дагаврууд ч гарах болжээ. Тэгэхээр юуг хэрхэн хуулбарлах вэ , монгол хүний сэтгэлзүйд тохирох уу, бид энэ хуулийг хүлээн авахад бэлэн үү гэх зэрэг олон асуулт байна.
Гэхдээ, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуульд “хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, нууцыг хамгаалах” үүргийг томчууд бид хүлээсэн байдаг.
Дээрэлхэлтэд өртсөн хүүхэд яагаад нуух арга замыг сонгодог вэ. Маргааш хэн ч биш болж харагдахаас, өрөвдүүлэхээс айдаг. Зөвхөн хохирогч хүүхэд гэлтгүй дээрэлхсэн хүүхдэд ч ирээдүйн нэр төрийг нь үлдээх нь томчуудын хариуцлагын нэг хэлбэр баймаар.
Хүүхдийн төлөөх шийдвэр томчуудын үзэн ядалтад дөрөөлөх учиргүй юмсан.
Харамсалтай нь, бидний үзэн ядалт маргаашийг нь баллах сонголтыг хуульчлахаар улайрч байна. “Хүүхдийн дээрэлхэлт хамгийн түрүүнд эцэг эхээс ирдэг” гэх мэргэжилтний үгийг сануулья.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27