2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9


Өнгөрсөн долоо хоногт Монголын нийслэлд зохион байгуулагдсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI хурал болон энэ өдрүүдэд Хойд Солонгост айлчилж байгаа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпины айлчлалын үеэр ойрд сонсогдоогүй нэгэн сэдэв хөндөгдсөн нь Түмэн голын төсөл юм.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд БНСУ-ыг төлөөлөн оролцсон Нэгдлийн сайд Жон Дун Ён бага хуралд хийсэн мэдэгдэлдээ Хойд Солонгосыг Түмэн голын төсөлд эргэн орохыг уриалж байгаагаа мэдэгдэхийн сацуу хоёр Солонгосын хооронд итгэлцэл бий болгох дөрвөн талт яриа хэлэлцээг эхлүүлэхийг санал болгосныг Азийн улс орнуудын, тэр дундаа Хятад, Япон, Солонгосын хэвлэлүүд өргөн мэдээллээ.
Улаанбаатараас Сөүлд буцаж очоод сайд Жон Дун Ён сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Хоёр Солонгосын хооронд итгэлцлийг сэргээе, Солонгосын хойг дээр энх тайвныг тогтоох дөрвөн талт буюу Өмнөд Солонгос, Хойд Солонгос, АНУ, БНХАУ-ын оролцоотой яриа хэлэлцээг эхлүүлье, мөн энэ яриа хэлэлцээнд Зүүн хойд Азийн орнууд, тухайлбал, Япон, ОХУ, Монголыг оролцуулан өргөжүүлье. Хойд Солонгосыг Түмэн голын төсөлд эргэн нэгдэхийг уриалж байна” хэмээн мэдэгджээ.
Greater Tumen Initiative (GTI) буюу “Их Түмэн санаачилга” нь Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх зорилготой 2005 онд байгуулагдсан. Анхны санаачилга нь 1992 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гарч, тус хөтөлбөрийн ивээл дор боловсрогдсон. Санаачилгад Хойд болон Өмнөд Солонгос, Хятад, Монгол, ОХУ албан ёсоор нэгдсэн боловч барууныхны цөмийн хөтөлбөрийнх нь эсрэг тавьсан хоригийн дараа Хойд Солонгос 2009 онд энэ санаачилгаас гарсан.
Өмнөд Солонгосын сайд Жон Дун Ён “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-д оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан бөгөөд энэ үеэрээ Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван тогтоох үйл явцад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа хэлсэн. “Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг Солонгосын тал тууштай дэмжиж, өндөр түвшинд оролцож байгаад баяртай байна” хэмээн сайд Жон Дун Ён хэлжээ.
Хоёр өдрийн айлчлал хийхээр Даваа гаригт Пеньянд очсон Хятадын дарга Ши Жиньпины хэлэлцэх асуудлын дотор Түмэн голын төсөл яригдана гэсэн таамаг яригдаж байна. Өнгөрсөн 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчлах үеэр Ши Жиньпин болон Владимир Путин нар 1991 оны хилийн гэрээнд тулгуурлан 3 улсыг дамжин өнгөрөх Түмэн голын далайн гарцын асуудлыг хөндсөн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Үүний хүрээнд Хятадын зүгээс Хойд Солонгостой боомт, тээвэр, тусгай бүсийн төслүүд яригдах магадлалтай юм.
ТҮМЭН ГОЛЫН ТӨСӨЛ БА МОНГОЛ
Түмэн голын бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх тухай үзэл санааг анх АНУ-ын Гавай дахь Дорно-Өрнө төв болон БНХАУ-ын Ази, Номхон далайн хүрээлэн хамтран зохион байгуулсан Чанчуны бага хурлаар гаргаж, Түмэн голын сав газрын тусгайлан авч үзэж Зүүн хойд Хятад, Оросын Дорнод Сибирь болон Алс дорнод, Өмнөд болон Умард Солонгос, Япон, Монгол улсуудыг оруулж хамтын ажиллагааны механизмийг бий болгох эхлэл тавигдсан. Энэ үзэл санааг бүс нутгийн улс орнууд хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж, таатай хүлээн авч, 1991 оны 7-р сард Улаанбаатар хотод НҮБ-ын 20-р чуулганаас ивээн тэтгэсэн бүс нутгийн уулзалт болсон. Тус уулзалтад БНХАУ, БНСУ, БНАСАУ, Монголын төлөөлөгчид оролцож байсан. Харин 1991 оны 10-р сард БНАСАУ-ын нийслэл Пеньян хотод бүс нутгийн орнуудын уулзалт болж НҮБ-ын шинжээчдийн хийсэн судалгааны тайланг хэлэлцэж хөтөлбөрийн төслийн талаар тохиролцож гарын үсэг зурсан бөгөөд 1992 онд ЗХУ тус хөтөлбөрт нэгдсэн орсон. Уг хөтөлбөрийн гол санаа нь Түмэн голын сав газарт аж үйлдвэр, зам тээвэр, холбоо харилцаа, санхүүгийн үйл ажиллагааг явуулах шинэ төвийг бий болгоход чиглэж байсан. Тус төслийг “Түмэн голын хөгжлийн хөтөлбөр” гэж нэрлэсэн.
Тус төслийн хүрээнд тавьсан гол санаа нь Түмэн голын сав газарт аж үйлдвэр, зам, тээвэр, холбоо харилцаа, санхүүгийн үйл ажиллагааг явуулах шинэ төвийг бий болгоход оршиж байсан.

Монгол улсын хувьд дээрхи төсөлд эхнээс нь идэвхитэй оролцож ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 5-р сарын 24-ний хуралдаанаар Түмэн бүсийн хөтөлбөрт оролцох эсэх талаар авч хэлэлцэж баримтлах бодлого чиглэлээ тодорхойлж байсан. Монгол Улс Дорнод Монголыг Зүүн Хойд Хятадаар дамжуулан Түмэн голын хөтөлбөрт холбогдох, улмаар түүнийг Түмэн голын бүсгийн нэг төв болгон хөгжүүлэх чиглэлийг баримталж байсан.
Хөтөлбөрийн хүрээд хамтын ажиллагааны дагуу Монгол, Хятадаас эхтэй шар шороон шуурга Азийн бусад улсууд тэр дундаа БНАСАУ, БНСУ, Япон зэрэг улсуудын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсонтой холбогдуулж 2004 оноос Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр тус үйл явцыг зогсоох төслийг хэрэгжүүлснээс гадна ЗХА-ийн улсуудын эрчим хүчний хэрэглээг хангах хүрээнд ОХУ-ын зүүн бүсийн эрчим хүчний ихээхэн нөөцийг Монгол улсаар дамжуулан Зүүн хойд Азийн орнууд руу гаргах гарцыг бий болгоход Монгол улс болон бүс нутгийн орнууд идэвхитэй ажиллаж, 2001 онд эрчим хүчний экспертүүдийн уулзалтыг ОХУ-ын Хабаровск хотноо, 2003 онд Владивосток хотноо, 2004 онд Тайландын нийслэл Бангкок хотноо ЗХА орнуудын зөвлөлдөх уулзалтуудад идэвх санаачлагатай оролцож байсан. Мөн дэд бүтэц, авто зам, бүс нутгийн худалдаа болон чөлөөт бүс байгуулах санал санаачлагыг идэвхитэй дэмжин ажилласаар ирсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7-р сарын 9-ний өдрийн "Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн тухай” тогтоолоор тус хөтөлбөрт хандив төлөх $50000-ыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Улаанд даалгаж, "Улсын төсвөөс хандив төлөх олон улсын гэрээ, конвенцийн итгэмжит сангийн жагсаалт"-д “Их Түмэн санаачилга хөтөлбөр”-ийг нэмж байжээ.
Монгол Улс Түмэн гол санаачилгын жил бүрийн уулзалтад оролцсоор байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн 2025 12-р сард Улаанбаатар хотноо Түмэн гол санаачилгын Аялал жуулчлалын салбарын хурал болжээ.
Түмэн голын санаачилга нь Монголын далайд гарцгүй сөрөг талыг бууруулах, бүс нутгийн орнуудын боомтуудаар дамжуулан Ази, Номхон далайн бүсийн зах зээлд гарах, транзит тээврийн коридор бий болгох, худалдааг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэрэг стратегийн ач холбогдолтой.
Гэсэн ч 20 гаруй жил яригдаж буй Түмэн гол санаачилгын хүрээнд хэрэгжсэн том төсөл, бүтсэн ажил тун цөөн. Ялангуяа Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгаас хойш Түмэн голын хүрээнд яригдаж байсан төсөл, хөтөлбөрүүд Хятадын эрх ашигтай илүү уялдах болсон гэсэн шүүмжлэл гарах болжээ.
Түмэн гол санаачилгын хамрах бүсэд Хятадын зүүн хойд талын Жилинь, Хөх нуур, Ляонин мужууд болон Өвөр Монголын өөртөө засах орны зүүн хойд хэсэг, Монголын Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд, Оросын Приморийн хязгаар, Өмнөд Солонгосын Бусан, Похан, Ульсан, Сокчо боомтууд багтдаг.
Түмэн гол санаачилгыг АН-ын “Зүүн хойд Ази” фракцийнхан идэвхтэй сурталчилж, төлөөлдөг байсан. Нэгэн үе АН-ын нөлөө бүхий фракцад тооцогдож байсан энэ фракцид Б.Баабар, Батж.Батбаяр, Лу.Болд нар харъяалагддаг байсан.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9