

Үндэсний эвсэлийн дарга, Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр хэвлэлийнхэнд тодруулга өгөхдөө “Миний улс төрийн 18 жилийн цаг үе МАН-тай салшгүй холбоотой. Зөв зүйлийг нь дэмжээд, бурууг нь хэлээд л явдаг. Би гурван удаа МАН-аас хөөгдсөн. Энэ хугацаанд миний баримталдаг зарчим огт өөрчлөгдөөгүй. Буцаад намдаа орох тухай яриа бий. Гэхдээ албажаад ажил хэрэг болоогүй байна. Би гурван удаа хөөгдчихөөд хадаг барьж, МАН-ын цагаан байрны гадна очоогүй. Ер нь МАН-ын нөлөө бүхий улстөрчид 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш энэ асуудлыг ярьж байгаа. Надад албан ёсоор санал тавьбал бас эргэж харна” гэжээ. Товчхондоо, Н.Номтойбаяр МАН-д эргэн орох нь угаасаа цаг хугацааны асуудал байсан. Өнгөрсөн 2024 оны парламентын сонгуульд 4 суудал авсан. Тодруулбал, Үндэсний эвсэл нь 2024 оны УИХ-ын сонгуулиар намын жагсаалтаар нийт сонгогчдоос 75.196 санал авсан байна. Энэ нь нийт хүчинтэй саналын 5.17 хувь болсон юм. Тэгвэл Үндэсний эвсэлд өдгөө үүнээс цааш, түүнээс нааш явах зам бараг үлдсэнгүй бололтой. Маш товчоор дүгнэвэл улс төрийн хувьд тус эсвэл хэдийнэ үхдэл болсон гэхэд бодит үнэнээс нэг их зөрөхгүй.
УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө Н.Номтойбаяр анх “Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих, ноцтой үг үйлдэл гаргаж байсан. Улмаар зам мөрт нь садаа болох улстөрчдийг хилс хэрэгт гүтгэн, шоронд хэлмэгдүүлж байсныг хохирч явсан хүний хувьд өглөө бүр санадаг. Х.Баттулга энэ санаархлаа өнөөдөр хүртэл орхиогүй гэдэгт итгэдэг. Энэ хүнийг төрийн хутгуур гэж хардаг. Түүнтэй тэмцэнэ” гэж мэдээлэл хийж зогсоход нь олон хүн итгэсэн.
Тухайн үед түүний улс төрийн байр суурь, дүр төрх олон нийтээс багагүй дэмжлэг авч байв. Харин өнөөдөр тэрбээр МАН-даа буцаж орох тухай ярьж зогсоно. Магадгүй өчигдрийн дэмжлэгээ өнөөдөр алдсан шалтгаан нь ч үүнтэй холбоотой байж мэднэ. Эсвэл өчигдрийн дэмжлэггүйгээ ойлгоод төрхөмдөө буцахаар шийдсэн ч байж болно. Гэвч аль ч талаас нь харсан алим модноосоо, Ардын намаас Н.Номтойбаяр хол унахгүй гэдэг нь тов тодорхой болов. Өөрөө ч үүнийгээ тодоос тод илэрхийлсэн нь “Миний хар багаас зүтгэсэн нам” гэх үг. Үндсэндээ Н.Номтойбаяр МАН-тай том тохирч чадвал намдаа эргэж очих нь цаг хугацааны асуудал аж.
Том гэдэг нь 2028 оны сонгуулиар МАН-аас нэр дэвших, ингэхдээ жагсаалтын нэлээд дээгүүрт эрэмбэлэгдэх асуудлыг хөндөх болов уу. Мэдээж, хувь улстөрчийн хувьд түүний энэ сонголт хамгийн зөв шийдвэр байж болно. Харин түүний үгэнд хууртагдаж, Үндэсний эвсэлд саналаа өгсөн 75 мянган сонгогч залилуулсан мэдрэмжтэй сууж байгаа нь гашуун.
Хоёр жилийн өмнө Х.Баттулгатай, Л.Оюун-Эрдэнэтэй тэмцэнэ гэж хэлж явсан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр багаа тайлсанд баяр хүргэх үү, эмгэнэл илэрхийлэх үү!
Б.БАТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.